Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1457

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Б- ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: М Н Т ,

 

Хариуцагч: Д.Э нарт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Т.Б

Орхон аймгийн тойргийн нотариатч Д.Э-ын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гарын үсгийн 434 дүгээрт бүртгэсэн И.Бадамын өв хүлээн авах хүсэлтийг хүчингүй болгуулах, М Н Т ын өвийн нэгдсэн бүртгэлээс Т.Б ын өв хүлээн авах тухай хүсэлтийг хасахыг М Н Т д даалгах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч М Н Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, гуравдагч этгээд Т.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Бат-Эрдэнэ нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр эхнэр Т.Цэрмаа, хүү Б.Баярманлай, Б.Хишигтогтох нарын хамт Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 4-7 дугаар гудамж, 1319 тоот хаягтай гэртээ унтаж байгаад угаартаж, М.Бат-Эрдэнэ нь гүн хордлогод орж, хүү Б.Баярманлай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, хүү Б.Хишигтогтох 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, эхнэр Т.Цэрмаа 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан.

М.Бат-Эрдэнэ нь эмчийн хяналтад орж, хүний байнгын асаргаа сувилгаанд орсон. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын актаар М.Бат-Эрдэнэ хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдаж, биеэ даан амьдрах чадваргүй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай болсон тул 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/159 дугаар захирамжаар төрсөн дүү Боржигон овогт Минжүүрийн Батгэрэлийг харгалзан дэмжигчээр тогтоосон.

М.Бат-Эрдэнэ эхнэр Т.Цэрмаатайгаа 1996 онд гэр бүл болж, 1999 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэгсдийн 114 дугаар гэрчилгээтэй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасны дагуу Т.Цэрмаагийн хууль ёсны өвлөгч нь М.Бат-Эрдэнэ юм. Өвийг нээлгүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч П.Гэрэлмаад хүсэлт гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өв залгамжлах эрхийн гэрчилгээ авахаар Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ц.Батчимэг дээр очиход Т.Цэрмаагийн төрсөн эгч Т.Б  гэх хүн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өв хүлээн авах хүсэлт гаргасан байна гээд өв залгамжлах эрхийн гэрчилгээ бичиж өгөөгүй.

Өв хүлээн авах хүсэлтийг Орхон аймгийн тойргийн нотариатч Д.Э 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэж аваад М Н Т ын өв залгамжлах, өвийн нэгдсэн санд бүртгэгдсэн байсан.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэсэн байх ба хууль ёсны өвлөгч М.Бат-Эрдэнэ нь өв хүлээн авахаас татгалзсан тухай хүсэлт гаргаж байгаагүй тул өв хүлээн авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Т.Цэрмаагийн төрсөн эгч болох Т.Б  нь Т.Цэрмаа, М.Бат-Эрдэнэ нартай хамт амьдарч байгаагүй.

Т.Цэрмаа нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан ба түүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хууль ёсны өвлөгч М.Бат-Эрдэнээс өөр өв хүлээн авах тухай хүсэлт гаргасан хүн байгаагүй. Харин Т.Цэрмааг нас барснаас хойш 1 жил 04 хоногийн дараа Орхон аймгийн нотариатч Д.Э нь Т.Б  гэх хүний хүсэлтийг бүртгэж, өвийн нэгдсэн бүртгэлд авсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл болсон.

2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайдын 171 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.9-д өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч, нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна гэсэн заалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-д заасныг үндэслэн Орхон аймгийн тойргийн нотариатч Д.Энхжаргалын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гарын үсгийн 434 дүгээрт бүртгэсэн Т.Б ын өв хүлээн авах хүсэлтийг хүчингүй болгуулах, М Н Т ын өвийн нэгдсэн бүртгэлээс Т.Б ын өв хүлээн авах тухай хүсэлтийг хасахыг М Н Т д даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч М Н Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эд хөрөнгө өвлөх, өвлүүлэхтэй холбоотой харилцааг Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хуулиар тус тус нарийвчлан зохицуулдаг.

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Нотариатын үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна”, 4.2 дахь хэсэгт “Нотариатчийн чиг үүргийг зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, ... ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ”, 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэгт “нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх зэргийг тус тус зааж өгсөн бөгөөд хувь нотариатч зөвшөөрлийн үндсэн дээр өөрөө бие даан нотариатын үйлчилгээг үзүүлдэг. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор ... нотариат ...-д өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасны дагуу өв хүлээн авахтай холбоотой хүсэлтийг тухайн нотариатч өөрөө бүртгэн гэрчилж, холбогдох мэдээллийг Танхимын өвийн нэгдсэн санд шивж оруулдаг болно.

Харин М Н Т  нь Нотариатын тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасны дагуу нотариатын үйл ажиллагаатай холбогдох цахим санг бүрдүүлж холбогдох байгууллага, иргэнтэй мэдээлэл солилцдог.

Нотариатч Д.Э нь М Н Т д хандан “Т.Б  нь өв хүлээн авах тухай удаа ирж асууж байсан, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай бол өв хүлээн авах хугацааг сунгаж болно” гэх агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ. Эсрэг тохиолдолд иргэн Т.Б  нь өөрийн хүндэтгэн үзэх шалтгааныг шүүхэд нотолж чадахгүй тохиолдолд тэрээр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасны дагуу өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдох боломжтой юм.

Харин нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль ёсны өвлөгч мөн эсэх, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.2-т заасан өвлөгчдийн эрэмбэ дараалал, өвлөгч нь нас барагчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан эсэх, тус хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасанчлан өв хүлээн авах хүсэлт гаргасан байдал зэргийг нь харгалзан зохих этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлд дурьдсанчлан иргэн М.Бат-Эрдэнэ нь Т.Б ын өв хүлээн авах тухай хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран тэргүүн ээлжинд өвлөх эрхийн гэрчилгээ авах боломжтой байна.

Нас барсан иргэн Т.Цэрмаа нь нэхэмжлэлд дурьдсанчлан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж байсан бөгөөд түүний нөхөр М.Бат-Эрдэнэ нь Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1, 531 дүгээр зүйлийн 531.1-т тус тус заасны дагуу өв нээгдсэн газар буюу Баянзүрх дүүргийн нотариатчид хандсан боловч тухайн хандсан нотариатчийн тайлбарлаж, өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсанаар хуулийг ойлгож, хэрэгжүүлнэ гэх агуулга харагдахгүй байна.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нотариатын тойрогт 28 нотариатч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ба иргэн М.Бат-Эрдэнэ нь тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа өөр нотариатчид, эсхүл М Н Т аар дамжуулан уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байна” гэв.

 

Хариуцагч нотариатч Д.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие М.Б ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн тойргийн нотариатч Д.Энхжаргалд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Нэхэмжлэгч М.Б  нь “Орхон аймгийн тойргийн нотариатч Д.Энхжаргалын 2019 оны 12 дугаар сарын 06 ны өдөр ‘өв хүлээн авах хүсэлт’ -ийг баталсан үйлдпийг хүчингүй болгох нэхэмжпэл гаргасан байна. Хариуцагчийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 -д “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат ... -д гаргана” мөн 2011 оны 10 дугаар сарын 07- ны өдрийн Хууль зүйн дотоод хэргийн сайдын 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар” -ын 8 дугаар зүйлийн 8.9 -д “Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна” гэж зааснаас үзвэл нотариатч өв хүлээн авахыг хүссэн хууль ёсны өвлөгчийн хүсэлтийг батлах үүрэгтэй байна. Өв хүлээн авах хүсэлт гаргасан Т.Б  нь талийгаач Т.Цэрмаагийн төрсөн эгч учир Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан хууль ёсны өвлөгч мөн. Иймд нотариатч Д.Э нь хуульд заасан үүргийн дагуу хууль ёсны өвлөгч болох Т.Б ын өв хүлээн авах хүсэлтийг бүртгэсэн.

Нэхэмжпэгч М.Б  нь нотариатч Д.Э нь өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг өнгөрсөн байхад Т.Б ын гаргасан өв хүлээн авах хүсэлтийг бүртгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэжээ. Гэвч Т.Б  нь хэрхэн өв хүлээн авах, өв хүлээн авах тухай хүсэлт гаргахад ямар материал бүрдүүлэх зэргийг удаа дараа ирж асууж байсан. Улмаар өв хүлээн авах хүсэлтэд шаардлагатай материалуудыг бүрдүүлж явсаар иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 -т өвлөгч өв хүлээн авах тухай хүсэлтийг хугацаа хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байвал хугацааг сунгаж болохоор заасан. Иймд Т.Б ын дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 -д заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах, нотариатч би өв хүлээн авах хүсэлтийг бүртгэхдээ иргэний хууль болон нотариатын тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлан шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлэн бүртгэсэн учир Т.Б ын өв хүлээн авах хүсэлтийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний дүү угаартаж бүх хувийн эмнэлгээр явж байсан. Учир нь нөхрийнх нь тал 2 өвчтэй хүнийг цуг байлгахгүй гэж байсан. Манай дүү 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Манай хүргэн М.Бат-Эрдэнийн том эгч н.Чимгээ гэх хүн 2 өрөө байрны мөнгө нэхсэн. Би М.Бат-Эрдэнийн санхүү, эдийн засгийн талаар юу ч мэдэхгүй. Би тэр мөнгөний талаар мэдэхгүй гэдгээ хэлсэн. М.Бат-Эрдэнийг эргэж очиход надаас 2 өрөө байрны мөнгө нэхэж сүрдүүлсэн. Хэрэв надаас М.Бат-Эрдэнийг эмчлүүлэх гэж байгаа мөнгө хэрэгтэй гэсэн бол би чадлаараа туслах байсан.

Надаас байнга мөнгө нэхдэг байсан учраас би юу байгааг нь мэдэхийн тулд Орхон аймгийн нотариатч Д.Энхжаргалд хандсан. Би хуулийн дагуу бүх бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. М.Бат-Эрдэнийн том эгч 2 өрөө байрны мөнгө байсан гэдгийг нь яаж мэдээд байгаа юм. Миний дүүг эмнэлэгт хэвтэж байхад нэг ч удаа эргэж байгаагүй.

Манай хүргэний бие нь сайжрахгүй улам муудаад байгаа. Манай хүргэнийг эмчлүүлэхгүй өв хөрөнгийг нь хувааж авах гэж байгаа бол би ч гэсэн хохирсон. Би дүүгээ хүүхэдтэй нь оршуулахын тулд маш их хэмжээний мөнгө зарцуулсан. Хүргэний эмчилгээний зардал болон хүүхдүүдийнх нь эмчилгээний зардлын ихэнхийг би төлсөн. Хэрэв хүргэнийг маань эмчлүүлэхгүй хөрөнгийг нь хувааж авах гэж байгаа бол би хагасыг нь авах эрхтэй гэж бодсон” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр   шинжлэн судлаад                              

                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б  нь хариуцагч Монгол Нотариатчдын танхим, нотариатч Д.Э нарт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Т.Б ын өв хүлээн авах хүсэлтийг бүртгэсэн үйлдийг хүчингүй болгож, Т.Б ын өв хүлээн авах тухай хүсэлтийг хасахыг М Н Т д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М Н Т  нь өв хүлээн авах хүсэлтийн бүртгэсэн нотариатч өвийн нэгдсэн бүртгэлд өөрөө оруулдаг, манай танхим оруулдаггүй, Т.Б  бүртгэлтэй байсан эсэхээс үл хамааран М.Бат-Эрдэнэ нь тэргүүн зэргийн өв залгамжлагч тул өвлөх эрхийн гэрчилгээ авах боломжтой тул манай танхим холбогдох шаардлага үндэслэлгүй гэж, хариуцагч нотариатч Д.Э өв хүлээн авах хүсэлтийг бүртгэхдээ Нотариатын тухай хууль, Иргэний хуулийг баримтлан бүртгэсэн гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Б  нь хариуцагч нотариатч Д.Энхжаргалын тайлбар, татгалзлыг дэмжиж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 4-7 дугаар гудамж, 1319 тоот хаягт байрлах гэртээ эхнэр Т.Цэрмаа, хүү Б.Баярмагнай, Б.Хишигтогтох нарын хамт угаартаж, эхнэр Т.Цэрмаа нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, хүү Б.Баярманлай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, хүү Б.Хишигтогтох 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан, М.Бат-Эрдэнэ 79 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь баримтаар нотлогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/159 тоот захирамжийн 1 дэх заалтаар “Минжүүрийн Бат-Эрдэнэ /РД: ХН 66031419/ нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ гэр бүлийн хамтаар угаартсанаас хөдөлмөрийн чадвар алдалт 79 хувьтай байнгын асаргаанд байдгийн улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон тул төрсөн дүү Минжүүрийн Батгэрэл /РД: ХН720722080/-г харгалзан дэмжигчээр томилсугай” гэж дурьдсан бөгөөд Б.Бат-Эрдэнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэв.

 

Хариуцагч нотариатч Д.Э нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Т.Б ын өв хүлээн авах тухай хүсэлтийг бүртгэж, гэрчилсэн  болох талуудын тайлбар, М Н Т ийн 21 дугаартай “Лавлагааны хариу”-аар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар М.Бат-Эрдэнэ нь тэргүүн ээлжинд өвлөх эрх үүснэ, Т.Б  нь мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-д заасан өвлөгчид хамаарна.

 

Өв хүлээн авах хүсэлтийг Т.Б  нь нотариатад гаргах эрхтэй бөгөөд нотариатч Д.Э нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч байгаа эсэхийг шалгах, мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвийг хүлээн авах тухай хүсэлт гаргаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй.

 

Хариуцагч нотариатч Д.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Т.Б  нь өв хүлээн авах хүсэлтэд шаардлагатай баримтыг бүрдүүлж явсаар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д заасан хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-д зааснаар өв хүлээн авах хүсэлтийг хугацаа хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байвал  хугацааг сунгаж болохоор заасан” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-д “хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно.” гэж заасан бөгөөд өв хүлээн авах хүсэлт бүртгэх хугацааг нотариатч өөрөө сунгасан нь хуульд нийцэхгүй байна.

Гуравдагч этгээд Т.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би дүүгээ хүүхэдтэй нь оршуулахын тулд маш их хэмжээний мөнгө зарцуулсан. Хүргэний эмчилгээний зардал болон хүүхдүүдийнх нь эмчилгээний зардлын ихэнхийг би төлсөн. Хэрэв хүргэнийг маань эмчлүүлэхгүй хөрөнгийг нь хувааж авах гэж байгаа бол би хагасыг нь авах эрхтэй гэж бодсон” гэх тайлбарласан бөгөөд уг үндэслэлээр Талийгаач Т.Цэрмаагийн төрсөн эгч Т.Б д өвийг тэргүүн ээлжинд хүлээн авах эрх үүсэхгүй юм.

 

Иймд дээрхи үндэслэлээр нотариатч Д.Энхжаргалын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гарын үсгийн 434 дүгээрт бүртгэгдсэн Т.Б  /РД: ИЦ58032864/-ын өв хүлээн авах хүсэлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгож, өвийн нэгдсэн бүртгэлээс Т.Б ын өв хүлээн авах хүсэлтийг хасахыг М Н Т д даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Энхжаргалын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гарын үсгийн 434 дүгээрт бүртгэгдсэн Т.Б  /РД: ИЦ58032864/-ын өв хүлээн авах хүсэлтийг бүртгэсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, өвийн нэгдсэн бүртгэлээс Т.Б ын өв хүлээн авах хүсэлтийг хасахыг М Н Т д даалгасугай.

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М Н Т , нотариатч Д.Э нараас 140,400 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.