| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0167/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/194 |
| Огноо | 2023-11-23 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/194
2023 10 23 2023/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул
улсын яллагч Э.Гантулга,
хохирогч Д.Шижирбаатар,
хохирогчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
шүүгдэгч Ш.*******, Б.*******
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, М.Даваасүрэн нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2315000000116 дугаартай, 163/2023/0167/Э индекстэй хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******овогтой Шагдарын *******, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 1974 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Булган аймаг ******* сум 4 дүгээр баг Арлагхайрхан гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг,
урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 5 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, эрэгтэй, 49 настай, РД:*******.
Монгол Улсын иргэн, *******овогтой *******ын *******, Булган аймгийн ******* суманд 1999 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймаг ******* сум 4 дүгээр баг Арлагхайрхан гэх газарт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Булган аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн багш, Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн малын эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, эрэгтэй, 23 настай, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ш.*******, Б.******* нар нь бүлэглэн Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Ц*******” гэх газарт 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр урьдын харьцааны явцад бий болсон маргаанд өс санаж, мөн тухайн цаг хугацаанд үүссэн маргаан болох (худгийн түлхүүр авсан, аваагүй) гэх шалтгааны улмаас Д.Шижирбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнэээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000116 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ш.*******, Б.******* нар нь бүлэглэн Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг "Ц*******" гэх газарт 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр урьдын харьцааны явцад бий болсон маргаанд өс санаж, мөн тухайн цаг хугацаанд үүссэн маргаан болох (худгийн түлхүүр авсан, аваагүй) гэх шалтгааны улмаас Д.Шижирбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******ын өгсөн: Өглөө ахын хүргэн Д.Шижирбаатар намайг гэрээсээ ямаа самнах гэж гарахад ирээд худгийн түлхүүр өг гэхээр нь байхгүй гэсэн. Тэгсэн чи худгийн түлхүүр харамлалаа гээд ар нугаснаас цохисон. Тэгээд би босож ирээд ноцолдоод нүүр лүү нь цохиод хазахаар нь өшиглөсөн. Тэгээд хүү ирээд салгасан мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: 2023 оны хавар Улаанбаатар хотод ажиллаж байсан. Тэгээд аав хүрээд ир гэж дуудсан. Тэгээд самнах ямаагаа барьж уяад адуугаа хужирлачихаад ирээд самная гээд явсан. Тэгэхэд Д.Шижирбаатар манайд ирж байсан. Адуугаа гэр лүүгээ туугаад явж байхад аав, Д.Шижирбаатар хоёр хоорондоо маргалдаж ноцолдоод байхаар нь очсон. Барьцалдаж авсан болохоор нь очиж салгасан. Салгаад та хоёр яав, ийм гэсэн. Тэр үед Д.Шижирбаатарын хамраас цус гарсан байхаар нь машиныхаа шар алчуураар арчсан чинь тогтоогүй. Тэгээд мотоцикль дээрээ суусан байхаар нь та цусаа тогтоо гээд түлхүүрийг нь авсан. Тэгээд айл саахалт байж боль гэж хэлсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Шижирбаатарын өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 28-ны өглөө хонио бэлчээгээд Баянаа ахынхаас худгийн түлхүүр авах гэж очсон. Манайх тэр үед гаднаа 3-4 тэжээлийн адуутай байсан. Ш.*******ын хүү нь асаргаатай байдаг тул мотоциклоо хол зогсоосон. Баянаа ах гэрийнхээ зуун урд талын хавтсанд гаднаа суусан байсан. Гэрт нь ороогүй. Та худгийнхаа түлхүүрийг өгчих гэсэн чинь ноднин намар чи авсан биз дээ гэхээр нь би таньд өгсөн биз дээ гэсэн. Тэр үед ******* адуугаа тууж ирж байгаад намайг заамдаж унагаад хавирч унагаад шаасан. Тэгэхэд нь би ах нь чамтай зодоон хийхгүй гэсэн. Намайг шаагаад цээжин дээр дарж байхад Ш.******* ирээд толгой руу өшиглөсөн. Ухаан балартаад байж байхад эд нар салсан. Яаж салсныг санахгүй байна. Явах гэсэн чинь яавны түлхүүрийг авсан. Буугаад өөдөөс нь алхархаар цаашаа яваад, яаван дээрээ ирэхээр түлхүүр зоогоод байсан. Тэгээд шар алчуур авч ирээд пизда минь цусаа арч гэсэн. Тэгээд та новширно гэхээр нь новшрохгүй гээд явсан. Яаж харьснаа санахгүй байгаа. Гэртээ хариад гэрт ороод хэвтсэн мал дээр байдаг эгч уйлж энээ тэрээ болоод хүргэн ахынх руу яриад шүүх цагдаа болоод явсан мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
1. Хохирогч Д.Шижирбаатарын "...Би 2023 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн орчим саахалт айлын ******* гэх айлд худгийн түлхүүр авахаар очсон юм. Тэгсэн чинь Буяндулам ах юу яриад байгаа юм надад яахаараа худгийн түлхүүр байдаг юм гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм танд ноднин намар өгсөн шүү дээ гээд яриад байж байтал ******* ахын том хүү болох ******* адуугаа тууж явж байгаад бид 2 дээр ирээд мотоциклоосоо бууж ирээд намайг хараад чи муу пизда миний аавыг яахаараа дандаа дарамталж байдаг юм бэ давраад байгаарай гэж хэлээд намайг хавсарч унагаагаад миний зүүн талын шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгсэн чинь ******* ах цаанаас нь миний нүүр хэсэг рүү хөлөөрөө нэлээн хэдэн удаа өшиглөж дэвссэн. Би яг хэдэн удаа дэвссэнийг нь хэлж мэдэхгүй байна. Миний ухаан балартаад нэг мэдсэн чинь л цус нежтэйгөө холилдчихсон нүүр ам аймар болчихсон байсан. Тэгээд би явах гэсэн чинь ******* ахын том хүү болон ******* миний мотоциклийн түлхүүрийг аваад зугтаагаад байсан. Чи пизда эндээс явах юм бол новширно гээд байсан тэгэхээр нь би "би новшрохгүй ээ" гээд гуйсаар байгаад түлхүүрээ аваад гэртээ харьж цагдаагийн байгууллагад хандсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8 дахь тал/
2. Гэрч С.Цэрэндэжидийн өгсөн: “...Шижирбаатар мотоциклтой хүрч ирээд худгийн түлхүүр яриад маргалдаад байсан. Тэгээд гэнэтхэн барьцалдаад авсан юм. Тухайн үед манай том хүү ******* урдаас адуугаа туугаад ирж байсан юм. Тэгээд *******, Шижирбаатар хоёрыг салгах гээд л байх шиг байсан нөгөө хоёр нь зууралдаад салж өгөхгүй байсан. Худгийн түлхүүр өгөхгүй л гээд байгаа бололтой байсан. Би наад хоёр оо салгаач ээ хүн аллаа гээд орилсон. Тэгээд манай хүү салгасан. Тэгэхэд Шижирбаатар эвхэрээд хэвтчихсэн байсан. Малынхаа хашаан дотроос харахад Шижирбаатарын нүүр ам бөөн цус болсон байсан..." гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 13-15 дахь тал/
3. Гэрч Б.Жавзандагвын өгсөн: "...Өглөө 10 цагийн орчимд ирж үзүүлсэн. Д.Шижирбаатарын биеийн амин үзүүлэлт тогтвортой, баруун талын нүд огт нээгдэхгүй хавдартай, баруун талын нүүр, шанаа битүү хавдартай, зүүн талын нээгдэж байсан боловч хавдар ихтэй, уруул нь битүү хавдартай, шүдээ зууж ярина, хамар амнаас цус гарсан байдалтай байсан. Мөн хэвлий хэсгээрээ эмзэглэл ихтэй, дээд доод уруулын дотор тал язарсан байсан, биеийн дээд, доод мөчид ил харагдах хугарал, шарх байхгүй байсан..." гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 24 дэх тал/
4. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №4411 дугаартай ...Д.Шижирбаатарын биед 2 нүдний ухархайн дотор, доод, ар хана, хоншоор, хамар ясны хугарал, нүүрэнд тархмал цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 43-44 дэх тал/, зэрэг нотлох баримтууд цугларчээ.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,
Шүүгдэгч Ш.*******, Ш.Доржнамжин нар нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг "Ц*******" гэх газарт 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Д.Шижирбаатартай худгийн түлхүүр авсан, аваагүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар бүлэглэн Д.Шижирбаатарыг зодож эрүүл мэндэд нь 2 нүдний ухархайн дотор, доод, ар хана, хоншоор, хамар ясны хугарал, нүүрэнд тархмал цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.
Дээрх үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Д.Шижирбаатарын мэдүүлэг, гэрч С.Цэрэндэжид, Б.Жавзандагва нарын мэдүүлэг болон шинжээчийн 4411 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.
Шүүгдэгч Ш.*******, Б.******* нарын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч Ш.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгч Ш.*******ын өмгөөлөгч Э.Цэнгүүн: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй гэж,
Шүүгдэгч Б.Доржнамжингийн өмгөөлөгч М.Даваасүрэн: Миний үйлчлүүлэгч болж буй нөхцөл байдалд харамсаж байгаа, залуу хүн одоо Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажиллаж байна, төрийн албанд ажиллах боломжгүй боллоо гээд цохисноо хүлээн зөвшөөрөхгүй байна, миний үйлчлүүлэгчийн хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг хангасан гэж үзэж байгаа тул гэм буруугийн тал дээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс дүгнэлт хэлж байна гэж,
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.*******, Б.Доржнамжин нарын үйлдэл нотлогдон тогтоогдсон хохирогч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортойгоор мэдүүлгээ өгсөн тул гэм буруутай гэх дүгнэлтийг,
Хохирогч Д.Шижирбаатар: Би бүх зүйлийг үнэнгээр нь хэлж мэдүүлсэн, гэм буруутай, намайг зодчихоод нэг ч удаа уучлалт гуйгаагүй гэж талууд дүгнэлт, тайлбараа шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Доржнамжин нь гэмт хэрэг үйлдээгүй, би салгасан, зодоогүй гэж маргадаг боловч,
Хохирогч Д.Шижирбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ш.*******ынд худгийн түлхүүр авах гэж очсон. Тэр үед Доржнамжин адуугаа тууж ирж байгаад намайг заамдаж унагаагаад цохисон, намайг цохиод цээжин дээр дарж байхад ******* ирээд толгой руу өшиглөсөн гэж мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж тогтвортойгоор мэдүүлсэн мэдүүлгээр үгүйсгэгдсэн бөгөөд шүүх хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч Б.Доржнамжийн өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлтэндээ “төрийн албанд ажиллах боломжгүй боллоо гээд цохисноо хүлээн зөвшөөрөхгүй байна, миний үйлчлүүлэгчийн хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг хангасан гэж үзэж байгаа тул гэм буруугийн тал дээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс дүгнэлт хэлж байна гэж өмгөөллийн дүгнэлтээ шүүхэд танилцуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх Ш.*******, Б.******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан бөгөөд уг үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Ш.*******, Б.******* нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан,хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Ш.*******, Б.Доржнамжин нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ш.*******, Б.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.Шижирбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримтыг гаргаж ирүүлээгүй,шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч Ш.*******, Б.Доржнамжин нар нь хохирогчийн дансанд 800.000 /найман зуун/ мянган төгрөгийг шилжүүлсэн гэж илэрхийлсэн бөгөөд нотлох баримтаар нэхэмжлэх зүйлгүй, харин цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа нэхэмжлэх талаараа хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ш.*******, Б.Доржнамжин нарыг бусдад төлөх төлбөргүйг дурдаж, харин хохирогч Д.Шижирбаатар нь эмчилгээ хийлгэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.*******, Б.******* нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Ш.*******ын хувийн байдлын талаар хавтаст хэргийн 69-85 дугаар талд авагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоол, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч Булган аймаг ******* сум 4 дүгээр баг Арлагхайрхан гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг урьд 2 удаагийн ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Мөн Б.*******ын хувьд хавтаст хэргийн 91-94 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа Булган аймаг ******* сум 4 дүгээр баг Арлагхайрхан гэх газарт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ш.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг,
Шүүгдэгч Ш.*******ын өмгөөлөгч Э.Цэнгүүн : Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан 6 сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн: Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзаж хамгийн бага буюу 2.700.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж, уг ялыг хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх саналыг,
Хохирогч болон түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал нар нь тусгайлан гаргах саналгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч Ш.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал, гэмт хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүхий л нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 / гурван сая/ төгрөгөөр оргох ял шийтгэх нь тэдний үйлдсэн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 1 жилийн хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******, Б.******* нарыг авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ш.******* нь 38 хоног цагдан хоригдсон, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******овогт Шагдарын *******, шүүгдэгч *******овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, Б.******* нарыг 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д заасныг баримтлан шүүгдэгч Ш,*******ын цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгж нийт 570 нэгж буюу 570.000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасан торгуулийн ялыг 2.430.000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянган/ төгрөгөөр тооцсугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулан 3.000.000 торгох торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд сар бүр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр, Ш.*******д оногдуулан 2.430.000 төгрөгийн торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд сар бүр 202.500 /хоёр зуун хорин хоёр мянга таван зуу/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан тогтоосон хугацаанд торгуулийн ялыг төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг торгуулийн ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, Ш.******* нь 38 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Ш.*******, Б.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Шижирбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ