Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0108

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0108

Улаанбаатар хот

 

 

“Н*** БЗГ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагч “Н*** БЗГ” ХХК-ийн төлөөлөгч С.Ж

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч: “Н*** БЗГ” ХХК

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.О

Гуравдагч этгээд: Ц.Ц***

Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0943148 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0772 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***, Б.Г***,

Хариуцагч улсын байцаагч Ж.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч***

Хэргийн индекс: 128/2025/0562/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гомдол гаргагч “Н*** БЗГ” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.От холбогдуулан “2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0943148 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0772 дугаар шийдвэрээр: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н*** БЗГ” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.От холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0943148 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

    1. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлгүй дүгнэсэн, хэргийн бодит байдлыг нотолж тогтоогоогүй.
    2. Зээлдэгч Ц.Ц*** нь 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт 39 хоногийн хугацаа хэтрүүлсэн байсан.
    3. Маас 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2,685,600 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт олгосноос 1,235,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаж, үлдэгдэл 1,450,600 төгрөгийг харилцагчийн дансанд 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Энэ нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.13, 4.25 дахь заалтад заасны дагуу хийгдсэн суутгал байсан.
    4. Бидний хувьд ашигласан хугацааны зээлийн хүүг зээлдэгчээс суутгаж авсан байхад шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн үнэлж дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

   4. Хариуцагч тал гомдол гаргагчаас гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.  Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,

3.1. Иргэн Ц.Ц*** 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Lexus IS300 автомашин худалдан авах зорилгоор “Н*** БЗГ” ХХК-тай 32,000,000 төгрөгийн зээл авахаар харилцан тохиролцож, 302231030701 дугаар зээлийн гэрээг байгуулж, гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон.

Улмаар, тогтоосон хугацаа болох 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр болон 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тус бүр 1,233,646.32 төгрөгийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан боловч хуваарьт төлөлтийг хийлгүй, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээл, зээлийн хүү, хугацаа хожимдуулсны алданги нийт 2,710,719.96 төгрөгийг төлсөн.

3.2. Иргэн Ц.Ц*** нь 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслээ жолоодож байхдаа зам тээврийн осолд орсон тул “М” ХК-иас 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр даатгалын нөхөн төлбөрт 2,685,600 төгрөгийн зээлдүүлэгч буюу авто машины эзэмшигч “Н*** БЗГ” ХХК-д шилжүүлсэн.

3.3. “Н*** БЗГ” ХХК нь тус даатгалын нөхөн төлбөрөөс 1,235,000.0 төгрөгийг мөн өдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр суутган авч, үлдэх 1,450,600 төгрөгийг иргэн Ц.Ц***д шилжүүлснийг Ц.Ц***аас эс зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хандан “... 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Гранд плаза салбар Н*** ХХК-иас IS300 Lexus автомашины 32,000,000 төгрөгийн зээл авсан ба 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр автомашин осол болж Мын тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр болох 2,984,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагын ХХБ 453*** дансанд 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр орсон ба уг байгууллага нь хуулийн дагуу байгууллага хооронд шимтгэл 10 хувь аваад үлдэгдэл төлбөрийг миний дансанд олгох ёстой байтал ямар ч хууль, гэрээний үндэслэлгүй 6 сарын төлөлт 1,335,000 төгрөгийг суутгасанд гомдолтой байна” гэх агуулга бүхий гомдол гаргасан.

3.4. Гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Ж.О зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0943148 дугаар шийтгэлийн хуудсаар “Н*** БЗГ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

3.2. “Н*** БЗГ” ХХК-иас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гомдол гаргасныг анхан шатны шүүх Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдлын шаардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон.

4. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 11.34 дүгээр зүйлийн 1-д “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь:” 1.9-д “зээлийн хүүг урьдчилан авсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн,

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд зээлийн хүүг урьдчилан авахыг хориглоно” гэж тус тус заасан.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээд нь өөрийн үйл ажиллагаандаа Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийг баримтлах үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

5. Тухайн тохиолдолд, гомдол гаргагч “Н*** БЗГ” ХХК нь иргэн Ц.Ц***тай 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 302231030701 дугаар зээлийн гэрээг байгуулж, гэрээний хавсралтаар зээлийг эргэн төлөх хуваарийг харилцан тохиролцсон.

Улмаар, зээлдэгчээс 4 болон 5 дугаар сарын зээлийн ээлжит төлөлт, хугацаа хожимдуулсан алдангийн хамт 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлж, дараачийн ээлжит төлөлт хийх хуваарьт өдөр нь 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байхад “Н*** БЗГ” ХХК нь М” ХК-иас 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн даатгалын нөхөн төлбөр 2,685,600 төгрөгөөс 1,235,000.0 төгрөгийг иргэний зээл төлөлтөд суутган авч, үлдэх 1,450,600 төгрөгийг мөн өдөр иргэн Ц.Ц***д шилжүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн  1.9, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт тус тус заасан “зээлийн хүүг урьдчилан авсан” зөрчил мөн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн “...гуравдагч этгээд Ц.Ц*** нь хугацаа хэтэрсэн зээл, хуримтлагдсан хүүгийн төлбөргүй байсан байх бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1,233,646.32 төгрөгийн зээл төлөхөөр байхад гомдол гаргагч “Н*** БЗГ” ХХК нь 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр даатгалын нөхөн төлбөрөөс гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр зээлийн төлбөр, зээлийн хүүг суутгасан нь зээлийн хүүг урьдчилан авсан” гэх дүгнэлт үндэслэлтэй.

Гомдол гаргагчаас “...Бидний хувьд ашигласан хугацааны зээлийн хүүг зээлдэгчээс суутгаж авсан байхад шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн үнэлж дүгнээгүй”, “талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.13, 4.25 дахь заалтад заасны дагуу хийгдсэн” гэх давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

   

     ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ

  

     ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

   

     ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА