Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 31

 

 

“******* *******”-ны Зүүнхараа салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 149/2018/00033/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          *******

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Нэхэмжлэгчийн төлөөлөгч      Г.Баасансүрэн

                           Хариуцагч                                  *******                       

                                   Хариуцагчийн өмгөөлөгч        Ж.Энхжаргал

                                   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 113 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор “******* *******”-ны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй *******т холбогдох “7.295.034 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжпэгч ХААН *******ны Зүүнхараа салбар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь тус *******ны Зүүнхараа салбараас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8499200 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор зээлсэн бөгөөд тус зээлийн барьцаанд тэтгэврийн орлогыг барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу тэтгэврийн зээлийн үндсэн зээлд 2699257 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9043 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 2078300 төгрөг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /285 хоног/, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд ******* зээлийн гэрээний 7 дугаар зүйлийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах:

1 .Үндсэн зээлийн үлдэгдэл 5799943 төгрөг

2.3ээлийн хүүгийн төлбөр 1305796 төгрөг

3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 173795 төгрөг

4.Нотариатын үйлчилгээний төлбөр 15500 төгрөг, нийт 7295034 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Монгол улсын ИХШХШ тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх/ хөдлөх эд хөрөнгө, түүний ******* дахь мөнгөн хөрөнгө, бусад зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хойд эцэг ******* ******* нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус *******наас 8499200 төгрөгийн тэтгэврийн зээлийг авахад би хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Ажил хийдэг хүн олж ир гэсэн гэхээр нь очоод гарын үсэг зурсан. Энэ зээлнээс би нэг ч төгрөг аваагүй. Иймд би энэ нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг  Мандал сум дахь Сум дундын шүүхийн  2018 оны 04 дүгээр сарын 24-ний  өдөр хэргийг   хянан хэлэлцээд 113 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт хариуцагч *******оос үндсэн зээл 5799943 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1305796 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 173795 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 15500 төгрөг, бүгд 7295034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН *******ны Зүүнхараа салбарт олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 131641 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 131671 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч ХААН *******ны Зүүнхараа салбарт олгохоор шийдвэрлэсэн байна.  

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хойд эцэг Ш.******* 2018.04.22-ны өдөр “******* *******”-ны Зүүнхараа салбараас тэтгэвэр барьцаалан 8,499,200 төгрөгний тэтгэврийн зээл авахдаа намайг гуйж хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан юм. ...Гэхдээ би эдгээр зээлүүдээс нэг ч төгрөг авч ашиглаж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа юм. Зээл авахад *******ны эдийн засагч эрсдэл гарвал зээлийг хариуцан төлнө гэсэн тодорхойлолтыг өөрөө хэлж надаар бичүүлэн авдаг байсан, мөн хойд эцгийг нас барсны дараа зээлийг би төлнө гэсэн тодорхойлолтыг надаар бичүүлсэн. Энэ дагуу ч ээж бид 2 боломж бололцоогоороо төлж ирсэн. Би гэртээ ганцаараа ажил эрхэлдэг. ******* ******* өргөдөл бичүүлж авахдаа зээлийг төлнө гэсэн утгатай гарын үсэг зуруулсан. Би нэг ч төгрөг авч байгаагүй. Давж заалдсан гомдлоо дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* овогтой ******* нь хойд эцэг Ш.*******г тэтгэврийн зээл авахад нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж оролцжээ.

1. Бодит амьдрал дээр өндөр настан тэтгэвэр барьцаалж зээл авахад цалин хөлстэй, тогтмол орлоготой ажил эрхлэгчийг хамтран зээлдэгчээр татан оролцуулж байж сая ******* зээл олгодог журамтайг хүн бүхэн мэднэ. Иймээс тэтгэврийн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцогч нь өөрийнхөө хүсэл зоригийн дагуу сайн дураар оролцдоггүй, ойр дотны хүмүүсийхээ гачигдал, зовлон дээр суурилсан хүсэлт гуйлт, *******ны дүрэм журамд шахагдан хамтран үүрэг гүйцэтгэгч болдог тул энэ талаар шүүхийн шийдвэрт дурьдсан дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Мөн түүнчлэн шийдвэрт дурьдсан зээлийг сар бүрийн 25-30-ны хооронд төлөх тухай болон зээлээ төлж чадахгүйд хүрвэл өөрөө төлж барагдуулах талаар гаргасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн бичмэл баримтууд нь ******* *******ны ажилтнуудын заавраар бичсэн баримтууд болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байгаа болно.

2. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн З.З-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийг авч ашиглах эрхгүй, өөрөөр хэлбэл гэрээгээр үндсэн зээлдэгч зээлийг авч ашиглах, захиран зарцуулахыг тодорхой заасан байна. Тэгвэл хамтран үүрэг гүйцэтгэгч ******* зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй тул бусдын авч хэрэглэсэн мөнгийг төлөх үндэслэлгүй, шудрага ёсны зарчимд ч нийцэхгүй гэж үзнэ.

3.Тэтгэврийн зээлийн гэрээнд зээлдэгч нас барснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Үүнд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтыг хэрэглэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно. Тэтгэврийн зээлийн гүйцэтгэл нь тэтгэвэр авагчийн хувийн байдалтай буюу түүний амьд явахтай салшгүй холбоотой, иймээс тэтгэвэр авагч буюу үндсэн зээлдэгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болохыг хуульд заасан. Энэхүү заалтыг баримталж хамтран зээлдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бодит амьдрал дээр ******* нь өөрөө гурван зээлтэй, тухайн зээлийг төлөх ямар ч боломжгүй тул хувийн байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна гэв.

 

“******* *******”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Хариуцагч ******* нь зээлийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан мэтээр ярьж байна. 2014 оны 08-р сарын 22-ны өдөр зээлийн гэрээ нь урьд байгуулсан зээлийн гэрээгээ сунгуулсан. Зээлдэгчийн хувьд 3 дахь удаагийн зээл байгаа юм. Хамтран зээлдэгчээр ******* анхнаасаа гарын үсэг зурсаар ирсэн байдаг.  Хариуцагч нь зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, тухайн гэрээг зээлдэгч Ш.*******тэй хамтран байгуулсанаар уг гэрээний хамтран зээлдэгч буюу зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг зөвшөөрсөн гэж үзнэ.

 Анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийж хууль зөв хэрэглэсэн гэж үзэж баина. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. 5 удаагийн зээлд хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан хүн нь ******* учраас *******ны зүгээс Б.Ботзориг нь зээлийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар өөрсдийн хүсэл, сонирхлын дагуу *******инд хүсэлт гаргаж зээлийг авдаг, ******* ямар нэгэн шахалт, шаардлага тавьдаггүй гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч “******* *******”-ны Зүүнхараа салбар нь хариуцагч *******т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7.295.034 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэжээ.

 

Хэргийг судлан үзвэл:  “******* *******”-ны Зүүнхараа салбар  2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг иргэн Ш.******* болон ******* нартай байгуулсан байгуулсан байх ба ******* нь 2016 оны 05 дугаар  сарын 04-ний өдөр ******* *******инд “”...Ш.*******гийн тэтгэвэрийн зээл авахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж байгаа тул ямар нэгэн эрсдэл гарахад бүрэн хариуцана” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасан бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон байна.

 Тус зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Ш.******* нь нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээг цуцлах, хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь “******* *******”-ны Зүүнхараа салбарт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүсжээ.  

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлээ Тэтгэврийн зээлийн гэрээнд зээлдэгч нас барснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй, тэтгэврийн зээлийн гүйцэтгэл нь тэтгэвэр авагчийн хувийн байдалтай буюу түүний амьд явахтай салшгүй холбоотой тул тэтгэвэр авагч буюу үндсэн зээлдэгч нас барсан тохиолдолд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж тайлбарласан байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний нөхцөл нь зээлдэгч Ш.******* нь “******* *******”-аар дамжуулан авдаг тэтгэврээ барьцаалан зээлийн гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэр авах эрх нь   Иргэний хууль,  Үндсэн хууль болон бусад хуульд заасан түүний хувийн байдалтай  салшгүй холбоотой эрх байх боловч Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг  олгож байгаа данс, түүгээр орж ирэх мөнгөө барьцаалан ”тэтгэврийн  зээл” авснаар иргэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаанд орсон бөгөөд зээлийг төлөх үүрэг нь зөвхөн тэтгэврийн санхүүжилтээр хязгаарлагдахгүй юм. Тэтгэвэрт олгож байгаа мөнгө нь гэрээний хугацаанд зөвхөн барьцаа болох  бөгөөд энэ талаар талууд гэрээндээ тохиролцсон.  Энэ барьцааны агуулга бүхий тохиролцоо нь Иргэний хуулийн 153, 154 дүгээр зүйлүүдэд заасантай нийцэж байна.

 

Тэтгэвэр авагч Ш.******* нь нас барснаар түүний нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх дуусгавар болсон боловч тэтгэвэр авах эрх дуусгавар болох, зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тохиролцоо гэрээнд байхгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй.

 

Банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нас барж түүнд олгож байсан тэтгэвэр зогссон бөгөөд энэ эрсдэлийг хариуцахаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан хариуцагч ******* нь гэрээний үүргийг гүйцэтгэх ёстой.

 

Зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг биелүүлэх нөхөх хариуцлага үүрэхээр хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь зээлийн гэрээнд оролцож байгаагүй, зээлийн мөнгийг авч ашиглаагүй, *******ны өмнө гүйцэтгэх  үүрэг нь тодорхой бус тусгагдсан гэдэг үндэслэлээр гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна  гэж үзлээ.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах  гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн  шүүхэд нотлох баримт гаргахтай холбоотой зардал болох  нотариатын үйлчилгээний төлбөр 15.500 төгрөгийг  шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох  талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт оруулан тооцсон нь үндэслэлгүй байх тул хууль хэрэглээний болон тооцооллын  зохих өөрчлөлт  шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  Мандал сум дахь Сум дундын шүүхийн  2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн  113 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн

1 дүгээр заалтыг:

“Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч *******оос тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 7.279.537 төгрөгийг гаргуулан ХААН *******ны Зүүнхараа салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дугаар  заалтыг:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 131.641 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 131.422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******”-ны Зүүнхараа салбарт олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.641 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн гэж үзвэл зохигч,  гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                       Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН