Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0481/З/ |
Дугаар | 331 |
Огноо | 2017-09-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 331
Н.Н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, гуравдагч этгээд “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, өмгөөлөгч Г.Ч нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0362 дугаар магадлалтай, Н.Н-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013633, Ү-2206013635 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блю скай” хотхоны 44Б байрны 02, 04 тоотод байрлах 2 орон сууцны өмчлөгчөөр иргэн Н.Н-ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууцыг иргэн Н.Н-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд “К банк” ХХК-ийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0362 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Н-ын ““М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013633, Ү-2206013635 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блю скай” хотхоны 44Б байрны 02, 04 тоотод байрлах 2 орон сууцны өмчлөгчөөр иргэн Н.Н-ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууцыг иргэн Н.Нын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээд “К” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “Гуравдагч этгээд “Мфикскапитал” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс... 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 дугаартай “зээлийн барьцааны гэрээ”-гээр 55 хувийн гүйцэтгэлтэй..., 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 дугаартай “зээлийн барьцааны гэрээ”-гээр 90 хувийн гүйцэтгэлтэй байрыг тус тус “К банк” ХХК-д барьцаалж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ”, мөн ...Н.Н нь дээрх барьцааны гэрээнүүд байгуулагдсанаас хойш буюу 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “М” ХХК-тай гэрээ байгуулж, тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Тодруулбал, иргэн Н.Н-ыг “М” ХХК-тай гэрээ байгуулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулах үед зөвхөн 2007 оны “зээлийн барьцааны гэрээ” бүртгэлтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг билээ. Харин орон сууцнуудын үнийг бүрэн төлөгдсөний дараа буюу 2010 онд барьцааны бүртгэл хийгдсэн. Гэтэл шүүхээс “дээрх барьцааны гэрээнүүд байгуулагдсанаас хойш” гэж 2010 оны “зээлийн барьцааны гэрээ”-ний бүртгэл 2008 онд хийгдсэн байсан мэт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.
Давж заалдах шатны шүүхээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “...орон сууцнуудын өмчлөгчийн эрхийн бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас барьцааны эрх нь хөндөгдөх “Кбанк” ХХК-ийн зөвшөөрлийг заавал авах шаардлагатай байна” гэж дүгнэсэн. Хуулийн 19.2 дахь заалтын дагуу нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл авахад дараах урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой. Үүнд, “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд байх, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1-д заасан гурван тохиолдлын аль нэгт нь хамаарч байх” гэх мэт.
Дараах үндэслэлээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2 дахь заалтад заасанчлан Капитрон банкны барьцааны эрх хөндөгдөж болох нөхцөл байдал үүсэх боломж хууль зүйн хувьд байхгүй юм. Үүнд, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28.1, 28.4 дэх заалтуудад барьцааны эрхийн бүртгэл бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжсэн тохиолдолд барьцааны эрх хэвээр хадгалагдахаар заасан. Мөн хуулийн 4.3-т “барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно”, 5.1-д “барьцаа нь хуульд заасан үндэслэлээр үүснэ” гэж барьцаалуулагч нь гуравдагч этгээд байж болно гээд барьцаа хуульд заасан үндэслэлээр үүснэ хэмээн зохицуулсан.
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар дүгнэлт, мөн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор ипотекийн зүйлийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх нь тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөхгүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 171.1-д “ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.1, 19.1.3-т заасан тохиолдол үүсээгүй гэдэг нь тодорхой байгаа бөгөөд барьцаалуулагч “М” ХХК нь орон сууцнуудын өмчлөх эрхийг Н.Н-т шилжүүлэх хүсэлт /мэдүүлэг/-ийг гаргаагүй, харин барьцаалагдсан эд хөрөнгө шүүхийн шийдвэрийн дагуу бусдын өмчлөлд шилжиж байгаа билээ. Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөж буй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.2-т заасан “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэдэгт хамаарахгүй.
Тус хуулийн 19.1.2 дахь заалтад заагдсан “эрх бүхий байгууллага” гэдэгт эд хөрөнгийн өмчлөгч этгээдийг хамруулан ойлгох нь зүйтэй, тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан этгээдүүдийг ойлгож болно. Шүүх онцгой бүрэн эрхийн дагуу хэн нь өмчлөгч болох, өөрчлөгдөх асуудлыг шийдвэрлэж буй боловч шүүх нь маргаанд өртөж буй эд хөрөнгийн өмчлөгч биш юм. Иймд шүүх нь хуулийн 19.1.2-т заасан эрх бүхий байгууллага гэдэгт хамаарахгүй, энэ тохиолдолд барьцаалагчийн зөвшөөрлийг авах шаардлага байхгүй, харин шүүхийн шийдвэрийг мэдүүлэгтээ хавсаргахаар байна. Иймээс нэхэмжлэгчид хуулийн 19.2 дахь заалтаар “К банк ХХК-иас зөвшөөрөл авах үүргийг ногдуулаагүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.2, 19.2 дахь заалтаас мөн хуулийн 24.4 дэх заалт нь энэ тохиолдолд тохирсон, илүү нарийвчилсан зохицуулалт юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалт буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг хэрэглэх ёстой бөгөөд 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр өмчлөх эрх шилжих бол өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж мөн хуулийн 24.8-т заасан тул “М” ХХК-д олгогдсон 2 гэрчилгээг хүчингүй болгож, орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон.
Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл байхгүй байгааг анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Мөн хуулийн 24.8-д заасны дагуу “М” ХХК-д олгогдсон 2 гэрчилгээг хүчингүй болгож, орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Н.Нын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олох нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасан хориглох зүйлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг 2 этгээдэд давхардуулан олгохоор анхан шатны шүүхээс шийдвэрлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэн Н.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтэст холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue Sky” хотхоны 44Б байрны 02, 04 тоотын 2 орон сууцыг “М” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, уг орон сууцуудыг Н.Нын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчийн эрхийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Н “М” ХХК-тай 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 125, 127дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” байгуулж тус компанийн барьж буй 44Б байрны 2 тоотын 4 өрөө сууц, 4 тоотын 4 өрөө сууцыг худалдан авахаар тохиролцож, гэрээний дагуух төлбөрийг 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хийж дуусгасан, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/08063 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.Н-ын гаргасан “маргаан бүхий 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг өөрт нь шилжүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Мфикскапитал” ХХК хүлээн зөвшөөрсөнийг баталсан байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага нь дээрх 2 орон сууц өмчлөх эрхийг иргэн Н.Н-ын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзахдаа тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг “М” ХХК, “Си Эс Эл” ХХК-иуд болон К банкны хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан, уг барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн, иймээс барьцаалагч Капитрон банкны зөвшөөрөлгүйгээр “өмчлөгч” өөрчлөгдсөнийг бүртгэх боломжгүй гэж үзжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 44Б байрны 2 тоотын 4 өрөө /90 хувийн гүйцэтгэлтэй/, 4 тоотын 4 өрөө /90 хувийн гүйцэтгэлтэй/ 2 орон сууц өмчлөх эрхийг “М” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр тус тус бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, дээр дурдагдсан зээлийн барьцааны гэрээний дагуу Капитрон банкинд барьцаалуулсан, уг барьцааны бүртгэл хүчинтэй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар урьд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийг “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээрх бусдын өмчлөлд шилжих, эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх, үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдөх” тохиолдолд уг бүртгэлд нэмэлт оруулах, эсхүл өөрчлөн бүртгэхээр заажээ.
Нэхэмжлэгч Н.Н-ын 44Б байрны 2 болон 4 тоотын 2 орон сууц өмчлөх эрхийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаатай хэргийн оролцогчид маргаагүй ба Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага нь шүүхийн уг шийдвэрийн үндсэн дээр урьд буюу “М” ХХК-ийн өмчлөх эрхийг бүртгэсэн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Ү-2206013633, Ү-2206013635 дугаар бүртгэлүүдэд өөрчлөлт оруулах нь зүй ёсны юм.
Харин дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий 2 орон сууц өмчлөх эрхийг Н.Н-ын нэр дээрх өөрчлөн бүртгэхэд уг орон сууцуудыг барьцаалсан Капитрон банкны зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай, нэхэмжлэгч уг зөвшөөрлийг аваагүй байсан нь тогтоогджээ.
Иймд, иргэн Н.Н-ын “өмчлөх эрхээ бүртгүүлэх”-ээр гаргасан 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлгийг буцаасан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн эрхийн улсын бүртгэгчийн шийдвэр, уг шийдвэрт гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэсэн тус хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 319 дугаартай албан бичиг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө гэж заасанд нийцсэн байна.
Анхан шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй болсон байна. Уг хуулийн 19.2-т заасны дагуу “зөвшөөрөл авах” зохицуулалтыг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэсэн заалтад холбогдуулан тайлбарлахдаа эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд уг “зөвшөөрөл шаардагдахгүй” гэсэн нь эрхийн улсын бүртгэлийн талаарх хуульд заасан хэм хэмжээг үгүйсгэж, буруу тайлбарлажээ. Үүний зэрэгцээ барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдах талаарх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн зохицуулалт “эрхийн бүртгэл” хийхтэй холбоотой энэ маргаанд хамааралгүй байхад “өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаа хүчинтэй хэвээр байх тул Н.Н-ын өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгосноор К банкны эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй” гэж дүгнэн, хэрэглэх ёсгүй уг хуулийг хэрэглэсэн нь буруу байна.
Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн, харин “...Н.Н-ыг өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамж /шүүхийн шийдвэр/ гарсан хэдий ч энэ нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр “М” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж агуулгын хувьд буруу дүгнэлт хийсэн боловч уг дүгнэлт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт нөлөөлөхгүй.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...бүртгэлийг хийснээр барьцааны эрх хэвээр хадгалагдах тул гуравдагч этгээд К банкны эрх хөндөгдөх нөхцөл байдал үүсэх хууль зүйн боломж байхгүй, ...илүү нарийвчилсан зохицуулалт болох Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг хэрэглээгүй, ...орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг 2 этгээдэд давхардуулан олгохоор анхан шатны шүүх шийдвэрлээгүй, Улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.8-д заасанд хамаарахгүй” гэсэн агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Тодруулбал, шүүх барьцааны бүртгэлтэй холбогдох маргаан шийдвэрлээгүй, “өмчлөгч” өөрчлөгдсөнийг бүртгэх тохиолдолд эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн зөвшөөрлийг заавал авахыг эрхийн улсын бүртгэлийн харилцааг зохицуулсан хуульд тусгайлан шаардсан, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд “эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тохиолдол, “бүртгэл”-ийг хийхэд тавигдах шаардлагыг, 24 дүгээр зүйлд “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт” буюу энэ тохиолдлоор эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах журмыг нарийвчлан зохицуулсан, эдгээр зүйл, заалтаар өөр өөр харилцааг зохицуулаагүй болно.
Түүнчлэн иргэн Н.Н нь захиалсан 2 орон сууцны төлбөрийг 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж, өмчлөх эрх үүссэнээс хойш “М” ХХК 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр түүнд мэдэгдэлгүйгээр уг 2 орон сууцыг К банкинд барьцаалсан гэх асуудал нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул “давж заалдах шатны шүүх... барьцааны гэрээнүүд байгуулагдсанаас хойш буюу 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ...гэрээ байгуулсан гэж бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0362 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ