| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 162/2017/0264/Э |
| Дугаар | 235 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Ш.Эрдэнэбилэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 235
Б.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 264 дүгээр цагаатгах тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар магадлалтай, 1714000000094 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Л овогт Б-ын Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн нэн ховор ургамлыг хууль бусаар түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Т-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалд: “Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 115 дугаар тогтоолоор Б.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татаж уг тогтоолыг түүнд танилцуулахыг даалган шийдвэрлэсэн байхад тогтоолыг яллагдагчид танилцуулж мэдүүлэг аваагүй, хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл Б.Т-г уг зүйл, хэсгээр яллагдагчаар татаж мэдүүлэг авсан. Прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 191 тоот яллах дүгнэлтэд яллагдагч Б.Т-г байгалийн ургамлыг хууль бусаар түүсэн, бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ялласан ба анхан шатны шүүх хурал прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсан.
Эрүүгийн 20170500000194 тоот хэргээс хуулбарласан зарим нотлох баримт баримтууд гаргац муутай, баталгаажуулсан гэх тэмдэг нь эрх бүхий ямар байгууллагын тэмдэг болох нь мэдэгдэхгүй байх тул эдгээр баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзсэн боловч Э.Б нарт холбогдох 20170500000194 тоот хэргээс хуулбарласан тэдгээр баримтыг яллах дүгнэлт болон анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгийн үед нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэлт хийгээгүй байдаг. Мөн гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй, иргэний нэхэмжлэгч М.Б-д шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаахад хууль зөрчсөн гэх үндэслэлүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэмжээний зөрчил биш гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох болох шүүгдэгч Б.Т-гийн 88358806 дугаарын утасны биллийг “Юнител” ХХК-иас ирүүлсэн байдаг. Энэ биллд дурдагдсан цаг хугацааг нарийвчлан тогтоосон шинжлэх ухаан, техникийн үндэслэлтэй нотлох баримтаар Б.Т-гийн хувьд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон багийн Засаг даргатай 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчимд утсаар ярьж, улмаар биеэр очиж уулзаж, байгалийн ургамал болох цагаан гоёог түүсэн этгээдүүд зугтсан, ямар арга хэмжээ авах талаар ярилцсан болох нь тогтоогдсон байна. Үүнээс хоёр цаг гарангийн дараа буюу 17 цагийн өнгөрч байхад Б.Т-гийн гэрээс түүний 88358806 дугаарын утас руу ярьж байгаль орчны улсын байцаагч эмэгтэй, цагаан гоёог хураана гэж байна гэдгийг хэлсэн болох нь бүрэн тогтоогдсон байдаг.
Б.Т-гийн цагаан гоёог тээвэрлэж гэртээ аваачиж хадгалсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, ашиг хонжоо олох гэсэн шунахай сэдэлттэй биш харин байгаль орчин, оршин суугаа газраа хамгаалах хүсэл зорилготой үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн субъектив талын шинж болох гэм буруугийн шууд санаатай, ашиг хонжоо олох гэсэн шунахай сэдэлттэй эсэхийг тогтоосны үндсэн дээр гэм буруутай эсэхийг тогтоох шаардлагатай. Б.Т-г идэвхтэн байгаль хамгаалагчаар Баянлиг сумын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Орчны бүсийн зөвлөл”-ийн хурлаас томилж, байгаль орчноо хамгаалах чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгсөн байх тул шүүгдэгч өөрийгөө идэвхтэн байгаль хамгаалагч, өөрийн амьдарч байгаа газрын байгалийн зөрчлийн талаар холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх, хамгаалах, мэдээлэл өгөх үүрэгтэй гэдгээ ойлгож, итгэл үнэмшилтэй болсон байна. Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн нэн ховор ургамлыг хууль бусаар түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай шалгагдаж тогтоогдсон байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар буруу дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Б.Т-г цагаатгаж шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Байгалийн нэн ховор ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Т гэм буруутай эсэх талаар агуулга зөрүүтэй нотлох баримтууд хэрэгт авагдаж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй байдлаар тогтооход хангалттай бус байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа нотлох баримтыг үнэлэх талаар дараах алдааг гаргасан гэж үзэв. Үүнд хэрэгт цугласан харилцан зөрүүтэй нотлох баримтуудын заримыг авч бусдыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байна. Тухайлбал, хэргийн газар очсон иргэний нэхэмжлэгч М.Б, гэрч Б.Г, Х.В, Т.Г нарын мэдүүлгүүд буюу шүүгдэгчийг яллах баримтуудыг няцаан үгүйсгэсэн болон цагаатгах талын баримт болох Б.Т, П.Д нарын Б.Т-гаас сонссон гэх зүйлээ мэдүүлснийг ач холбогдолтой гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Баянлиг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Т, мөн сумын 4 дүгээр багийн Засаг дарга П.Д нарын мэдүүлэгт дурдсан мэдээллийн эх сурвалж нь дамжмал нотлох баримт болохыг анхаарч бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах, боломжтой бол шинэ нотлох баримт цуглуулах байдлаар шалгаж тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянасны үндсэн дээр хэргийн үйл баримтыг бодитой тогтоох шаардлагатай болно.
Харилцан зөрүүтэй баримтууд хэрэгт авагдсаны улмаас тэдгээрийн аль нь ч шүүгдэгчийг яллах эсхүл цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадахгүй буюу нотлох баримт нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй ба хангалттай байх зарчим хангагдахгүй байх тул хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авах нь зүйтэй.
Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй байх учиртай.
Мөн мөрдөн байцаалтын шатанд Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн атлаа уг тогтоолыг сэжигтэнд танилцуулаагүй учир ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан тогтоолтой танилцах, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй.
Яллагдагч Э.Б нарт холбогдох эрүүгийн 201705000194 дугаартай хэргээс Б.Т-д холбогдох хэргийг тусгаарлан хуулбарласан зарим нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлээгүй тул уг баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүйгээс гадна шүүгдэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Эдгээр зөрчилд дүгнэлт хийлгэхээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий боловч Б.Т-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй гэж үзэж хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай” гэснийг “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН