Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Э-д холбогдох

 

50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амаржаргал, гэрч Я.Батсүрэн,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “3 машин захиалаад 36,000,000 төгрөг, татварын бичиг баримт болон бусад зардал 14,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг Г.Э гээс нэхэмжилж байна. 

Ж.Б  Г.Э  гэх хүнтэй 1 сарын хугацаатай гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг өгсөн. Г.Э  гэх хүн рүү залгахаар утас нь холбогдохгүй, гэр рүү нь очихоор гэртээ амьдрахаа больсон гэж хэлдэг. Ингээд Г.Э  гэх хүнийг эрэн сурвалжлуулж олсон.

Ж.Б тэй Г.Э  гэх хүнийг таньдаг эсэх талаар асуусан. Гэтэл анх н.Мөнхгэрэл гээд хамт ажилладаг байсан ахтайгаа хамт Г.Э  гэх хүнтэй танилцаж байсан. Өндөр боловсролтой, нийгэмд их байр суурь эзэлсэн, яриа хөөр сайтай хамтарч ажиллахад итгэл төрч байсан гэж хэлсэн. 9 дүгээр сард Г.Э  нь Ж.Б тэй уулзаж мөнгө хэрэгтэй байгаа талаар хэлээд мөнгө олж өгөөч гэж хэлж байсан гэсэн. Манай найз машин оруулж ирдэг учраас асуудалгүй 1 сарын дотор оруулж ирнэ гээд 10 сард 3 машин оруулж ирэхээр гэрээ байгуулаад 50,000,000 төгрөг аваад холбоогүй болсон гэж хэлж байна лээ” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ж.Бямбажав нь Г.Э  надад холбогдуулж намайг 3 ширхэг автомашин авчирч өгнө гэж хэлээд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг бэлнээр авчихаад одоог хүртэл юг ч машин ирж өгөөгүй гэсэн нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй ба Ж.Бямбажавын гаргасан нэхэмжлэл нь ямар ч үндэсгүй гэж үзэж байна. Учир нь:

1. Иргэн Ж.Бямбажав гэдэг хүнийг би огт танихгүй, хэзээ ч уулзаж байгаагүй, хараагүй мөн энэ хүнээс нэг төгрөг ч авч байгаагүй юм. 2013 оны 8 дугаар сард Д.Даваасүрэн, С.Энхбаяр,О.Орхон нарын хамт миний бие иргэн С Хонгортой “Терра энержи” ХХК-ийн уурхайгаас Шивээ хүрэнгийн боомт хүртэл баригдах автозамын ажлын тендерийн сонгон шалгаруулалтанд оролцож хамтарч ажилахаар харилцан тохиролцсон юм. Тухайн үед хэн хэндээ итгэж цаашид ажиллах баталгаа болгож 100,000,000 төгрөгийн дэнчин авч дэнчингийн гэрээндээ “ажил бүтэхгүй бол үл маргалдах журмаар буцаан олгоно" гэсэн заалттайгаар гэрээ байгуулсан. Гэтэл тус ажлыг хариуцаж дайсан Рамиз Сидкон гэх гадаадын иргэн “танай монголчууд өөр компаниар хийлгэх боллоо” гэснээр бидний ажил бүтэхгүй болсон юм. Ингээд бидний С.Хонгортой хийсэн гэрээ маань талаар болсон ба гэрээнд заасны дагуу дэнчингийн мөнгийг буцааж өгөх гэж цаг хугацаа алдаж байсан. Гэтэл С.Хонгор бидэнд итгэхгүй, хүлээж чадахгүй Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн байсан. Ингээд Чингэлтэй дүүргийн прокурор 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан. Тогтоол гарсаны дараа Д.Даваасүрэн бид 2 энд тэндээс зээл авч, машин тэргээ зарж цуглуулсаар байгаад 100,000,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар cap гэхэд буцааж өгч дууссан.

Гэтэл С.Хонгор 100,000,000 төгрөгөө авчихаад дахин хүү нэхэж 50,000,000 төгрөг төл гэсэн. Бид тухайн үед мөнгө байхгүй байсан ба хэрэв боломжтой болвол хэдэн төгрөг өгөх нь зөв юмаа. Хэдий хүү төлөх үүргийг бид хүлээхгүй ч эр хүний замын хүзүү урт муудаж салаад яахав гэж ярилцаад ямар ч байсан ажил төрөлдөө ороодхоё, энэ асуудлаас болж ажлаасаа халагдах дээрээ тулаад ямар ч мөнгөний боломж байхгүй байна гэдгээ хэлж байсан.

Анх дээрх мөнгийг хүлээж авсан хүн нь Д.Даваасүрэн бид 2 байсан тул С.Хонгорын нэхсэн хүүг Д.Даваасүрэнтэй ярилцаж шийдье гэж хэлж байсан . Ингээд миний бие ажилдаа дөнгөж ороод ажилдаа тогтож үлдэх гээд цалин мөнгө ч байхгүй хүнд байдалтай байсаныг ашиглаж С.Хонгор надаас өдөр шөнөгүй мөнгө нэхэж, “мөнгөө хурдан өгөхгүй бол ажлаас чинь чамайг халуулна. Нөгөө газарт чинь буцааж хийлгэнэ” нэр хүндийг чинь унагана гэх мэтээр янз бүрээр дарамталж байсан.

Миний бие тухайн үед ажлын дарамт, С.Хонгорын дарамтаас болж стрессд орсон байх үед С.Хонгор надад чи мөнгө төлнө гэсэн бичиг хийгээд өг тэгвэл чамайг жоохон хүлээе гэсэн. Тэр үед би үг дуугүй зөвшөөрсөн юм. Гэтэл 2016 оны  10 дугаар сарын  25-нд надруу залгаад чи Сонгинохайрхан дүүргийн Саппоро төвийн нотариат дээр очоод мөнгө төлөх гэрээнд гарын үсэг зурчих гэсэн. Би тэр өдөр заасан нотариат дээр нь очоод гарын үсэг зурчихаад ажил руугаа явсан. Тэр үед нотариат дээр энэ гэрээн дээрх Ж.Бямбажав гэдэг хүн байгаагүй ба энэ хүнээс ямар ч бэлэн мөнгө аваагүй. Намайг очиход С.Хонгорын таньдаг нотариат байсан ба гэрээ аль хэдийн бэлэн болсон миний гарын үсэг л дутуу байсан. Би гэрээг уншаад С.Хонгороос  Ж.Бямбажав гэж юун хүн бэ гэхэд манай дүү чи зүгээр наанаа гарын үсэгээ зурчих гэсэн. Үүнээс хойш С.Хонгор надаас хааяа мөнгөө нэхэж байсан ба намайг ямар ч боломжгүй байгааг харж байгаа болхоор гайгүй байна даа гэж би ойлгосон. Ингээд би явц дунд Хонгорт хүү төлөх ёсгүй юм байна гэдгийг мэдэж авсан С.Хонгор ч мөнгөө нэхэхээ больсон.

Өнөөдрийг хүртэл би Ж.Бямбажав гэдэг хүнд ийм өртэй болсноо мэдээгүй. Хүнээс 50,000,000 төгрөг авчихаад мартдаг өгсөн хүнээ танихгүй байна гэдэг байж боломгүй явдал юм. Цагдаагийн байгууллагаар намайг эрэн сурвалжилж байна гэхэд юу, хаанаас ийм танихгүй хүнд би ямар хохирол учруулсанаа ойлгоогүй. Энэ хүн намайг нэг ч удаа хараагүй бид 2 уулзаж байгаагүй. Эцэст нь танай шуүхэд өгсөн нэхэмжлэлийг уншиж байж ямар учиртай болохыг ойлголоо.

Иймд энэхүү нэхэмжлэгч нь энэхүү гэрээг өөрөө хийсэн мэт надад 50,000,000 төгрөг өгсөн гэж гүжирдэж байгаа нь худал ба хууль бус юм. Өдийг хүртэл хугацаанд Ж.Бямбажав надтай холбогдож байгаагүй ба миний гэрийн хаяг хэвээрээ тус байранд миний гэр бүл одоог хүртэл амьдарч байгаа. Намайг хүн хайж явж байгаа талаар хэзээ ч сонсогдож байгаагүй. Цагдаагаар эрэн сурвалжлуулсан үйлдэл нь анхнаасаа санаатай, зохион байгуулттай хийсэн үйлдэл, Цагдаагийн хэсэг дээр Ж.Бямбажав анх намайг хараад танихгүй байсныг цагдаа нар нотолно. Ж.Бямбажавын энэхүү гэрээг С.Хонгор надад дарамт шахалт үзүүлж, бохир далд санаархал агуулж, эдийн засгийн чадавхи боломжоор сул талыг ашиглаж хийлгэсэн гэрээ юм.

Миний хууль зүйн мэдлэггүй, хөнгөн хайхрамжгүйгээр хийсэн энэ гэрээг ашиглаж худал мөнгийг надаас нэхэмжилж байгаа тул энэ нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн энэ Ж.Бямбажав гэдэг хүн надад 50,000,000 төгрөгийг надад өгөөгүй гэдгийг цагдаагийн байгууллагаар зайлшгүй шалгуулах шаардлагтай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэргийг хянан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б  нь хариуцагч Г.Э д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Э  нь Ж.Б  гэж хүнийг танихгүй, 50,000,000 төгрөг бэлнээр аваагүй, Хонгор гэж хүн намайг дарамтлаад байхаар нь гэрээнд гарын үсэг зурсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Автомашин нийлүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагч нь 2008 оноос хойш үйлдвэрлэсэн, өнгө үзэмж сайтай, будаг замаскгүй, хэвийн бүрэн ажиллагаатай, дагалдах хэрэгсэл бүрэн байх шаардлагад нийцсэн Тоёота приус 20 маркийн 3 ширхэг авто машиныг нэг бүрийг нь 12,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг, гаалийн татвар, тээврийн зардал, баримт бичиг бүрдүүлэх зардалд нийт 14,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгөөр нийлүүлэх, нэхэмжлэгч нь 50,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд Г.Э  нь  нэг приус 20 маркийн авто машиныг 16,666,666 төгрөгөөр тооцон Ж.Б гийн өмчлөлд шилжүүлэх, Ж.Б  нь 50,000,000 төгрөг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор автомашин нийлүүлэхээр тохиролцсон үеэс шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2671 дүгээр шийдвэрээр Г.Э г эрэн сурвалжлуулж, улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Г.Э гийн хаягийг тодруулсан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Автомашин нийлүүлэх гэрээ”-ний дагуу 50,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд автомашиныг нийлүүлээгүй. Ж.Б  Г.Э  нар бие биенийгээ таньдаг болоод л гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн. Хонгор гэж хүнийг танихгүй” гэж, хариуцагч нь “Ж.Б  гэж хүнийг танихгүй, Хонгор намайг дарамталж байгаад ийм гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний бие Япон улсаас машин оруулж ирдэггүй. Мөнгө аваагүй. Хонгор дарамталж байгаад зуруулсан. Хэрэв зурахгүй гэвэл эрүүгийн хэрэгт гомдол гаргана гэж сүрдүүлсэн. Одоо Хонгортой ямар нэгэн холбоо байхгүй” гэж тус тус тайлбарласан.

 

Талууд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Автомашин нийлүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурсан байдалд маргаагүй, мөн гэрээний 4.1-д “Захиалагч тал гэрээ байгуулсан өдөр гэрээний үнийн дүнг 100 хувь бэлнээр төлсөн” гэж дурьдаж, уг гэрээний заалтын ард талууд гарын үсэг зурсан үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Зохигчдын хоорондын маргааны зүйл нь Тоёота приус 20 маркийн 3 ширхэг авто машин нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, уг машины төлбөрт төлсөн 50,000,000 төгрөгийг гаргуулах бөгөөд нэхэмжлэгч нь 50,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн, Ж.Б  болон Г.Э  нар бие биенээ таньдаг, хариуцагч нь 50,000,000 төгрөг аваагүй, Ж.Б г танихгүй, Хонгороор дамжиж, Хонгорын таньдаг нотариат дээр бэлэн гэрээнд гарын үсэг зурсан гэж тус тус маргадаг.

 

Шүүх маргааны үйл баримтыг тодруулах зорилгоор Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Автомашин нийлүүлэх гэрээ”-г гэрчилсэн 219 дугаартай нотариатч Я.Батсүрэнг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь С.Хонгор гэж хүнийг танихгүй, хариуцагч нь С.Хонгорын хаяг болон бусад мэдээллийг мэдэхгүй гэж тайлбарласан тул гэрчээр оролцуулаагүй болно.

 

Гэрч Я.Батсүрэн нь “Миний бие Хонгорыг бол танина. Миний хажууд мөнгө бэлнээр өгч, авалцаагүй, харин мөнгө төлсөн эсэхийг нь тодруулж асуугаад төлсөн бол гэрээний тэр хэсэгт нь гарын үсгийг нь зуруулдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хонгорын менежер гээд бид нар байнга харьцдаг” гэж мэдүүлсэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “Хонгор гэж хүнийг таних уу, Хонгор гэж хүнтэй холбоотой юу гэж асуухад Танихгүй” гэж, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд “гэрч Я.Батсүрэн Хонгорын менежер гэж мэдүүлсний дараа Хонгорыг танина, түүнтэй хамт ажиллаж байгаа. Мөнгө аваад алга болсон учир ингэхээс өөр арга байгаагүй” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амаржаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар үнэн зөв тайлбар гаргаагүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д зааснаар үнэн зөв тайлбар гаргах талаар урьдчилан сануулсаар байхад шүүхэд худал тайлбар гаргах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, хэргийн бодит үнэнийг нуун дарагдуулах үйлдэл гэж үзэхээр байна.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...С.Хонгорын таньдаг нотариат дээр очсон, С.Хонгор Сонгинохайрхан дүүргийн Саппоро төвийн нотариат дээр очоод гэрээнд гарын үсэг зурчих гэсэн. Ж.Бямбажавыг танихгүй. Мөнгө бэлнээр аваагүй” гэх тайлбар нь нотариатч Я.Батсүрэнгийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д заалтын ард гарын үсэг зурсан боловч уг гэрээнд зурсан гарын үсгийг мөнгө шилжүүлсэн баримт гэж үзэхэд бусад баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг 50,000,000 төгрөгийн эх үүсвэр болон Ж.Б , Г.Э  нар хэзээ, хаана танилцсан, урьд бизнесийн хамтрагч байсан эсэх талаар тодруулахад “мэдэхгүй” гэж хариулсан, мөн уг үйл баримттай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, шүүхэд санаатай худал тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.Э гээс 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР