Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 182/2020/00055/И |
Дугаар | 182/ШЗ2020/00591 |
Огноо | 2020-03-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 182/ШЗ2020/00591
2020 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 182/ШЗ2020/00591 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух, Ц овгийн А.М/РД:УХ90/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт оршин суух, А овгийн Б.Б/РД:ХГ80/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 2.880.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.А , хариуцагч Б.Б , шүүх хуралдааны нарийн даргаар С.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Б.Б д өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,Вива сити 314 дүгээр байр, 4.1 тоот, нэг өрөө орон сууцаа Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан бөгөөд 2019.12.17-ны өдөр Чингэлтэй дүүргийн нотариат дээр уг зээлийн гэрээг дуусгавар болгох гэрээг байгуулах үед: Уг байрыг Б.Б ийн нэр рүү шилжүүлж өгье гэхэд тэрээр энэ байрыг би нэг хөгшиндөө авч өгч байгаа юмаа. Тэгсэн чинь хамт байгаа залуу нь архи уух зэргээр найдваргүй загнаад, утсаа ч авахгүй, эргэлзээ төрүүлээд байгаа учир тэдэнд биш өөр хүний нэр рүү шилжүүлэх болж магадгүй болоод байна. Тэгэхээр надад энэ байраа итгэмжлэлээр өгчих, тэгвэл та нарт төвөг чирэгдэл багатай, надад ч бас амар, гэж гуйсан учир 1 жилийн хугацаатайгаар итгэмжлэл хийлгэж өгөхөөр болоод, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгийн 2 хувь буюу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар болох 880.000 төгрөгийг хэн нэгний өмчлөлд шилжүүлэх үедээ А.М ын нэрийн өмнөөс татварын албанд төлье, ингэх ч ёстой, худлаа гэвэл Татвараас асуу, та аваад одоо төлчихвөл би давхар төлж хохирох гээд байна гэх мэтээр бас гуйгаад, зовлон тоочоод өгөхгүй гээд маргаад байхаар нь итгэмжлэлийн гэрээнд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварыг хариуцах гэсэн өгүүлбэр нэмж оруулаад суутган авч үлдэхийг зөвшөөрсөн юм. Ерөөсөө л гэрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу 880.000 төгрөгийг энэ хүний гачигдал болон гуйлтаас үл хамааран, татварын албанд бид өөрсдөө төлөх нь зүйтэй юм байна. Мөн одоо гараад үлдэгдэл төлбөрийг дансаар шилжүүлж гэрээг дуусгавар болгъё. Манай эхнэр 20 саяас дээшийг шилжүүлэх гэсэн чинь банк лимит тавьчихаад боломжгүй байна гэхэд нь нотариатч тэгвэл 2 хуваагаад шилжүүлчихээч гэж зөвлөхөд манай эхнэр хичээл заагаад завгүй байна. Би ч тун зав багатай, одоо бас яараад байна гэж дахин дахин гуйгаад, шалаад байхаар нь үүрэг дуусгавар болсон тухай гэрээний эхний хуудасны доод зайнд Б.Б өөр гуйлтыг нь нэмж бичүүлэх үед 21.120.000 гэж 2 сая төгрөг дутуу бичихэд нь хажууд нь харж байсан мөртлөө анзааралгүй, нотариатчийн зөвлөснөөр Худалдах, худалдан авах гэрээ, Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ, Итгэмжлэлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дөрвийг өөртөө авч, Хаан банкин дээр хамт очин, төлбөр хийх үедээ түрүүн бичсэн нөгөө тооныхоо дагуу 2 сая төгрөг дутуу шилжүүлэхэд, үнийн дүнг нь шалгаж үзэлгүйгээр болчихлоо гээд гэрээнүүд болон гэрчилгээгээ Б.Б д өгөөд явуулсан маань миний маш том алдаа болжээ. Энэ тухай маргааш нь мэдмэгцээ Б.Б рүү утсаар нь ярьж, хэлэхэд Хэрэв би гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол 25 хувийн торгууль төлөх байсан (энэ уг нь худлаа) юм чинь үүргээ хугацаандаа биелүүлсэн учир 2 сая төгрөгийг авсан, та чаддаг юм бол шүүхээр заргалдаад аваарай гэж басамжилсан хариу өглөө. Одоо бодоход, бас өөрийнх нь анх гэрээ байгуулах үед Би 40 байр зарсан туршлагатай гэж ярьж байсныг нь санахад, иймэрхүү аргаар ашиг, хонжоо олдог сайн сэтгэл зүйч, жүжигчин Б.Б гэдэг байрны ченжийн тавьсан урхинд нь гэнэдээд орчихжээ. Иймд Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.1-д заасан 44 сая төгрөгөөс төлөлгүй дутуу үлдээсэн, нийт 2.880.000 (хоёр сая найман зуун наян мянган) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Харин уг нэхэмжлэлээс үл хөдлөх хөрөнгийн татварт төлсөн 400.000 төгрөг, байранд байсан угаалгын машины үнэд тооцож 500.000 төгрөг, нийт 900.000 төгрөгийг хасч тооцон 1.980.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б миний бие 2019 оны 10 сарын 18 өдрөөс эхлэн Хан Уул дүүрэгт 1 өрөө байр худалдан авахаар зар сонин болон зарын мэдээллийн сайтуудаас үзэж байгаад Хан-Уул дүүргийн хорооны В ситигийн 3/14 байр 4-1 тоот байрны эзэн гэх эмэгтэйтээ утсаар ярилцсан. Улмаар тухайн байрыг үзэж хараад худалдан авахаар гэрээ байгуулсан. Ингээд худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүрэгт хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болго, мөнгөө төл гэж удаа дараа шаардаж гэрээний үүргээ зөрчиж байсан. Харин иргэн Б.Б би худалдагч талын гэрээгээр зөрчиж хугацаанаасаа өмнө мөнгөө нэхсэн олон удаагийн шаардпагын дагуу гэрээгээр хүлээсэн үүрэгт хугацаанаасаа өмнө төлөлтийг хийж гэрээг биелүүлэн тус байрыг хууль ёсны дагуу шилжүүлэн авсан болно. Худалдан авагч тал болох миний бие Б.Б гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн худалдан авч, Мандахын олгосон итгэмжлэлээр өөр этгээдийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Би Мандахын төлөх ёстой 2 хувийн татвар 400.000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн. Уг орон сууцыг би 44 сая төгрөгөөр бус 2 сарын дотор төлбөрөө бүрэн төлөх юм бол 42 сая төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байсны дагуу тооцоогоо дуусгаж, татварын 880.000 төгрөгийг би төлөхөөр ярилцаад, үүрэг дуусгавар болгох тухай гэрээг байгуулсан. Мөн надад уг байрны тавилга болох гал тогооны тавилга, хөргөгч, угаалгын машин зэргийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон атлаа бүх тавилгаа аваад явсан байсан. Харин би уг байрыг бүртгүүлэхдээ үл хөдлөх хөрөнгийн татварт 400.000 төгрөг төлсөн тул 480.000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах юмгүй, бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.М ын нэхэмжлэлтэйхариуцагч Б.Б д холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэгдэлд 2.880.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч А.М аас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 3/14 дүгээр байр, 04-01 тоот хаягт байршилтай, Ү-2206026390 гэрчилгээний дугаартай, 30.3 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019.10.24-ний өдөр 44 сая төгрөгөөр худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулж, 20 сая төгрөгийг өгч, үлдэх 24 сая төгрөгийг2019.12.24-ний дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээ, 20 сая төгрөгийг шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.
Талууд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулж, 2019.10.24-ний өдрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр бүрэн төлсөн талаар уг гэрээний 2.1.2, 2.1.3-т зааж, үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул үүргийг дуусгавар болгож, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх мөн дуусгавар болгосон гэж 3.1-д тохиролцжээ.
Уг гэрээний Зургаа. бусад нөхцөл гэсний дараа А.М ын 5021256475 тоот Хаан банкны дансанд Б.Б ийн Хаан банкны данснаас 21.120.000 төгрөг орсноор дуусгавар болно гэж гараар нэмж бичсэн байх бөгөөд уг бичвэрийг талууд нотариатч дээр байхдаа харилцан тохиролцож үйлдсэн талаар маргаагүй.
Харин уг гараар бичсэн бичвэр дээрх 21.120.000 төгрөг гэсэн тооцооллыг тухайн үедээ анзааралгүй, буруу тооцоо хийсэн байснаас 2 сая төгрөгийг дутуу авсан байна, мөн үл хөдлөх эд хөрөнгийн татварыг 44 сая төгрөгөөр тооцож 880.000 төгрөгийг 24 сая төгрөгөөс хасч тооцож байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан.
Хариуцагч нь дээрх гэрээг нэхэмжлэгчийн төлөөлөгч О.А ын эхнэр буюу худалдагч А.М ын ээжтэй тохиролцон байгуулсан бөгөөд намайг 2 сарын дотор төлбөрөө бүрэн төлөх юм бол 2 сая төгрөгийг хасна гэж тохиролцсон байсны дагуу үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулахдаа уг 2 сая төгрөгийг хасч тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн татварыг А.М ын нэрээр төлөөрэй гэж 880.000 төгрөгийг хасч тооцон, 21.120.000 төгрөгийг А.М ад шилжүүлэн өгч уг үүрэг дуусгавар болсон гэрээг А.М бид 2 үйлдсэн нь уг гэрээ болон Мандахын хаан банкны дансны байрны төлбөрийн төгсгөл гэсэн гүйлгээний утга бүхий 21.120.000 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдоно гэж маргаж байна.
Мөн хариуцагч Б.Б дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөртөө худалдан авах зорилгогүй байсан бөгөөд өөрийн мөнгөөр ах дүүдээ уг байрыг авч өгөх зорилготой байсан тул тэр хүнийхээ нэр дээр шууд шилжүүлэх үүднээс худалдагч А.М аас үүрэг дуусгавар болсон тухай гэрээг байгуулсан 2019.12.17-ны өдөр уг хөрөнгийг бусдад худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварыг хариуцах, улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрх бүхий итгэмжлэл авч, 2019.12.19-ний өдөр уг орон сууцыг Ө.Бямбасүрэнгийн нэр дээр шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн татварт 400.000 төгрөг төлсөн гэсэн нь хариуцагчийн тайлбар, Нийслэлийн Хан уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн холбогдох баримтуудаар тогтоогдлоо.
Хариуцагч тал орон сууцны төлбөрийг 2 сарын дотор орон сууцны төлбөрийг бүрэн төлбөл 42 сая төгрөгөөр худалдахаар нэхэмжлэгч А.М тай харилцан талаар баримтгүй байх боловч 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай гэрээ-гээр төлбөрийг бүрэн төлсөн, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн үндэслэлээр 21.120.000 төгрөгийг хариуцагч Б.Б өгснөөр үүрэг дуусгавар болсон гэж тохиролцсон, мөн нэхэмжлэгч А.М ын Хаан банкны 5021256475 дугаартай хугацаагүй хадгаламжийн дансанд 2019.12.17-ны өдөр 21.120.000 төгрөгийг байрны төлбөрийн төгсгөл гэсэн гүйлгээний утга бүхий шилжүүлэг хийсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр өмнөх 2019.10.24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д заасан үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох тухай хуулийн зохицуулалтаас үзвэл хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.
Харин талууд үл хөдлөх эд хөрөнгийн татварыг 44 сая төгрөгөөр тооцож 880.000 төгрөгийг орон сууцны үнээс хасч тооцсон гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Б.Б уг татварт 400.000 төгрөгийг төлсөн болох нь Улаанбаатар хотын банкны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Мемориалын баримтын хуулбараар тогтоогдож байх тул түүний татвар нэрээр суутгаж авч үлдсэн 480.000 төгрөгийн хэмжээнд хариуцагч Б.Б ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж уг мөнгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 2.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Б.Б худалдсан орон сууцанд байсан буйдан, гал тогооны тавилга, хөргөгч, угаалгын машин зэргийг хамтад нь худалдан авсан боловч нэхэмжлэгч тал уг тавилгуудыг аваад явсан байсан гэх тайлбарыг хийж байх боловч уг тайлбар нь нотлох баримтгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад холбогдохгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.А ын 2019.10.24-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ хийх үед өөрийн гар утсан дээр бичиж авсан гэх Ярианы бичлэгийн СД, түүний текстэнд хөрвүүлсэн баримтууд нь нотлох баримт бүрдүүлэх цуглуулах талаарх хуульд заасан шаардлагыг хангахгүй, өөрөөр хэлбэл хууль зөрчиж хариуцагч талд мэдэгдэлгүй, нууцаар хийж авсан бичлэг болохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн үндэслэлүүдээр нотлох баримтаар үнэлэх боломжгүй болохыг тэмдэглэж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Б өөс 480.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.М ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.М аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.030 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б өөс 15.050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.М ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ