Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/195

 

 

2023           10            23                                  2023/ШЦТ/195

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Э.Энэрэл, шүүгч С.Ёндонсамбуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

иргэдийн төлөөлөгч Р.Оюунчимэг,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******од холбогдох эрүүгийн 2315000000170 дугаартай, 163/2022/0186/Э индекстэй хэргийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******овогт Мягмарсүрэнгийн *******, *******хотод 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын ******* 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, 37 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 03-ны шөнө цуг архи ууж байсан Л.*******гын толгой хэсэгт гараараа цохиж, цээж, хэвлий хэсэгт нь хөлөөрөө удаа дараа өшиглөж зодсоны улмаас амь хохирогч нь баруун талын 1-9 дүгээр хавирганы хугарал, зүүн талын 1-5 дугаар хавирганы шууд хугарал, элэгний язарсан урагдал, элэгний дэлбэнгийн цус хуралт гэмтэл буюу цээж хэвлийн битүү гэмтлийн улмаас нас барсан буюу “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000170 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 03-ны шөнө цуг архи ууж байсан Л.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгой хэсэгт гараараа цохиж, цээж, хэвлий хэсэгт нь хөлөөрөө удаа дараа өшиглөж зодсоны улмаас амь хохирогч нь баруун талын 1-9 дүгээр хавирганы хугарал, зүүн талын 1-5 дугаар хавирганы шууд хугарал, элэгний язарсан урагдал, элэгний дэлбэнгийн цус хуралт гэмтэл буюу цээж хэвлийн битүү гэмтлийн улмаас нас барсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

          1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

          2.Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.*******ын өгсөн: Би өөрөө саяхан хамрын хагалгаанд орсон болохоор чанга ярьж болохгүй байна. Гэхдээ чанга ярихыг хичээнэ гээд миний дүү 53 настай ид ажил хийдэг насан дээрээ байсан. Түүнээс гадна тэтгэвэрт байдаг миний нэг ах, 93 настай ээж Цэвэлмаагийн хамт *******ад ээжийгээ асраад амьдарч байсан. Дүү маань золгүй явдлаар амь насаа алдсан. Ажил явдлын зардал 3 зүйл дээр нэхэмжилнэ. Оршуулгын зардал, буяны зан үйл хийлгэсэн зардал, 2 дүү гадаадаас ирсэн зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхдээ тухайн бүс нутгийн амьжиргааны түвшинг харгалзахаар журамт заасан ч гэсэн би хүнд байдалд орсон ээжийгээ эмчилгээ хийлгэж сайн асаргаа сувилгаанд явуулах зорилгоор нийт 15.000.000 төгрөг нэхэмжилсэн гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.*******ын өгсөн: "...Би уг хэргийн талаар ойлголт тааруу байгаа бөгөөд манай төрөл садангийн хүмүүс болохоор ямартай ч хамт байсан хүндээ зодуулаад улмаар ухаангүй байдалтай сумын эмнэлэгт хүргэгдэн ирээд эмчилгээ хийлгэж байгаад амьсгал хураасан гэж хэлж байсан. Түүний дараа болохоор манай төрсөн ах Чимэддолгорын хүү нь ******* гэх залуутай цагдаагийн гадна талд уулзаад юу болсон талаар асуухад ******* гэх залуу нь үнэхээр муухай юм боллоо уучлаарай би болсон явдлын талаар санахгүй байна гэж хэлсэн байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

4. Гэрч Л.ын өгсөн: “...Би Дархан-Уул аймгаас Булган аймгийн ******* суманд ээж Д.Цэвэлмааг гэрт нь хүргэж ирсэн юм. 2023 оны 07 сарын 04-нд ******* сумын Балгийн гол гэдэг газарт Жаргал гэдэг айлд байсан чинь Эяр гэдэг хүн мотоцикльтой ирээд "Сайхнаа та нарыг яаралтай сумын төв ороод ир гэж байна Пунцагийн бие муу байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөр хүүхдүүдтэйгээ сумын төвийн эмнэлэг дээр ирсэн чинь манай дүү Л.******* ухаангүй, бүх бие хөхрөлт үүссэн, өөрөөрөө амьсгалж чадахгүй учраас уушгины аппарат залгасан байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 41 дэх тал/,

5. Гэрч Г.ын өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Л. ******* ах манай гэрт ирээд танай гэрт 2 хоног Рашаан уугаад амаръя гэхээр нь би зөвшөөрсөн" юм. 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр М.******* 0.5 литрийн Хараа архи авч ирэхээр нь бид 3 хувааж уугаад унтсан. Маргааш буюу 07 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн орчим М.******* нэг 0.5 литрийн Хараа архи авч ирээд бид гурав хуваагаад ууж байсан чинь М.******* агсан тавих шинжтэй өндөр дуугаар яриад байхаар нь би унт гэсэн чинь М.******* орон дээр хэвтсэн. Тэгээд би 21 цагийн орчим ертөнцийн зүгээр урд зүгт 100 метр орчим газарт байдаг "Багш” амралтын газар очиж унтсан юм. Тэгээд маргааш өглөө нь 06 цагт миний гар утас руу М.******* залгаад "Би Пунцагаа ахыг зодсон юм шиг байна гэхээр" нь би гэртээ ирсэн чинь М.******* гэрийн хойд орон дээр, Лувсан-Ёндон гээд М.Аринболдын ах зүүн талын орон дээр. Л.******* ах газарт хэвтэж байсан. Л.******* ах их сонин хурхираад нүүр, цээж, гар нь хөхөрсөн байхаар нь би сумын эмнэлэг дуудсан ... 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр М.******* Л.******* нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед 0.5 литрийн Хараа гэх нэртэй архийг ууж байхад Л.*******, М.******* нар нь хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Шалтгаан нь болохоор урьд өмнө хоорондоо зодоон хийж байсан буюу ******* нь та намайг хүрзээр урьд өмнө толгой руу цохиж байсан гэж хэлснээс хэрүүл маргаан үүсэж М.******* нь Л.*******гийн зүүн нүдэнд нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Улмаар нэг нэгнээсээ уучлалт гуйгаад эвлэрсэн. Тэгээд 2023 оны 07 дугаар  сарын 03-ны өдрийн өглөө босоод би гэртээ юм хийж байхад ойролцоогоор 14 цагийн орчимд М.******* архи авчирч ирсэн. Тухайн архийг талийгаач Л.*******, М.******* бид гурав хувааж уусан. Түүний дараа М.******* нь дахиад нэг шил архи авчирч бид гурав хамт ууж байсан бөгөөд би тухайн архийг талд нь ортол ууж байсан бөгөөд М.******* нь над руу агсраад байхаар нь би аргадаад орон дээр нь хэвтүүлээд унтаж амар гэж хэлсэн. Харин Л.******* нь болохоор гэрийн баруун талын орон дээр унтаж амарч байсан. Тэгээд би Л.*******, М.******* нарыг унтаж амраг гэж бодоод өөрөө цуг хонолгүй Багш амралтын газар гэх нэртэй газарт очиж унтаж амарсан. Тэгээд өглөө үүрээр буюу 06 цагт унтаж байтал миний гар утас дуугарахаар нь автал М.******* өөрөө залгасан бөгөөд Л.******* ахыг би зодчихсон юм шиг байна ухаан алдчихсан юм шиг байна та ирээд үзээд өгөөч гэхээр нь би яваад очтол М.******* гэрийн хойд талын орон дээр унтаж байсан ах нь болох Лувсан-Ёндон нь гэрийн зүүн талын ор нь дээр унтаж байсан. Харин талийгаач баруун талын орноос хөнжилтэйгөө унасан болов уу гэлтэй орны урд талд хэвтэж байсан. Тэгэхээр нь би М.*******ын гар утсаар түргэн тусламжид дуудлага өгсөн. Улмаар түргэний эмч ирээд Л.Пунцаг-Ендонд тариа хийгээд ухаан орохгүй байхаар нь ******* сумын төв рүү авч явсан. Харин М.*******, Лувсан- Ёндон нар нь гэрт унтсан чигээрээ үлдсэн. Улмаар сумын төвийн эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэсэн боловч ухаан орохгүй байж байгаад амьсгал хураасан байсан. Ширээн дээр нь байсан тавагтай идээг маань шалан дээр асгасан байсан. Мөн талийгаач Л.*******гын нөмөрч байсан хөнжил цусаар бохирлогдсон байсан. Тухайн үед талийгаач Л.*******гийн уруул хавдсан амандаа цустай байсан, мөн толгой нь хавдсан байсан. Эмч ирээд цээжийг нь сөхөж үзэхэд улаан эрээн болсон байсан. Намайг гэртээ ирэх үед бол хутга, заазуур ил байгаагүй шүүгээндээ байхаар нь аваад шүүгээнийхээ ар луу нь шидчихсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46, 49 дэх тал/,

6. Гэрч Г.Лувсан-Ёндонгийн өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн орчимд би хөдөө гэрээсээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ын гэрт ороход талийгаач Л.******* нь гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан бөгөөд унтаж байгаа болов уу гэлтэй хурхираад байсан. Харин М.******* болохоор тухайн залуугийн урд талд сууж байсан өөр хүн байгаагүй. Тэгээд надтай мэнд ус мэдээд би энэ хэвтэж байгаа Л.*******той муудалцчихсан гэж хэлсэн бөгөөд М.******* нь ахдаа нэг юм олоод ирье гээд гэрээс гараад явсан бөгөөд удалгүй тал шил архи олж ирсэн. Тухайн шил архийг М.******* бид хоёр уучихаад унтаж амарсан. Тэгээд өглөө 06 цагийн орчимд унтаж байхад М.******* сэрээгээд Л.******* маань ухаангүй байна яах уу гэхээр нь би өндийгөөд хартал орноосоо урагш унасан юм уу? Өөрөө буусан юм уу шалан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би түргэн дуудаж хэлчихээд хэвтэж байтал эргээд унтчихсан байсан бөгөөд нэг сэртэл түргэний эмч ирчихсэн үзэж байсан бөгөөд талийгаач Л.*******г хамт өргөлцөөд машинд оруулж өгсөн. Би болохоор эргэж гэртээ ороод М.*******ыг сэрээгээд түргэн аваад явчихлаа цуг явчихсан гэж хэлэхэд М.******* нь орноосоо босоод гэртээ үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

7. Гэрч Ч.ы өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 цаг 48 минутад М.*******ын 91360316 дугаараас залгаад танай ах Л.*******гийн бие тааруу сонин болоод хурхираад байна түргэн тусламж дуудмаар байна гэхээр нь би болсон явдлын талаар мэдэхгүй учир чи өөрөө дуудлагаа өг гээд түргэнийгэсэн дугаарыг өгсөн. Үүний дараа дуудлагад очсон эмч нь 06 цаг 47 минутад өөрийнхөө 94744530 утсаар яриад ******* ахын бие тааруу байна зодоон болсон сурагтай байна, тэгээд бид нар маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон тул зөөвөрлөх боломжгүй байх тул зөөлөн хэвтүүлээд явчих машин олоод ирээч гэж хэлэхээр нь би за тэгье гээд утсаа салгасан. Удалгүй эмч 07 цаг 00 минутад залгаад эндээс унаа олчихлоо эмнэлэг дээр очоод байж бай гэж хэлэхээр нь сумын эмнэлэг дээр хүлээж байтал 07 цаг 46 минутад эмнэлэг дээр Л.******* ах хүргэгдэж ирсэн бөгөөд ухаангүй байдалтай нүүр хэсэг нь цусаар бохирлогдож, хавдсан, цус хуралт үүссэн байсан. Улмаар манай ах эмчилгээ хийлгэж байгаад 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн шилжих шөнийн 01 цагийн орчимд амьсгал хураасан. Би тай уулзаад юу болсон талаар асуухад уг асуудлаас 3 хоногийн өмнө М.******* болон Л.******* нар нь хоорондоо хэрүүл маргаан хийж М.******* нь зодож байх үед би дундуур нь орж салгасан. Тухайн үед Л.*******гийн нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр М.*******, Л.******* бид нар байж байтал М.******* согтуу агсраад байхаар нь би өөр амралтын газар луу очиж хоноод маргааш өглөө нь үүрээр очтол гэрийн хоймрын орон дээр М.******* унтаж байсан зүүн талын орон дээр Лувсан-Ёндон ах унтаж байсан. Баруун орны урд талд шал нь дээр Л.******* ах их эвгүй болчихсон хурхирсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь М.*******оос асуутал архи уугаад тасраад унтаж байгаа гэж хэлэхээр нь түргэн тусламжид дуудлага өгсөн. Түүнээс би зодоон хийх үед нь бол байгаагүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

8. Д.Гэрч А.ын өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 04-ний үүрээр 04 цаг 52 минутад манай эрүүл мэндийн төвийн дуудлага хүлээн авах утсанд 91360316 дугаарын утаснаас ухаангүй ******* рашаан амралтын газарт хурхираад хүн унтаад байна  гээд залгасан тэгээд би жижүүрийн эмч ийг та энэ хүнтэй ярьдаа би ойлгохгүй байна гэж хэлээд эмчид утсаа өгсөн. Тэгээд эмч тухайн хүнтэй утсаар яриад эмнэлгийн жолоочтой яриад манай түргэний жолооч ирээд эмч бид хоёр ******* рашаан руу дуудлагад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

9. Гэрч Г.ийн өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 04 цаг 52 минутад дуудлага ирсэн Улмаар дуудлагын дагуу жолооч Пүрэв-очир ахын хамтаар маркийн тээврийн хэрэгслээр хөдөлсөн. Тэгээд дуудлага өгсөн гэх газарт анх очиход гэх ах тосож аваад гэрт оруулсан. Тухайн гэрт хоймрын орон дээр М.******* гэх залуу унтаж байсан. Харин зүүн талын орон  дээр болохоор настай ах унтаж байсан. Харин баруун орны урд талд шалан дээр талийгаач Л.******* хэвтэж байсан ба ухаангүй хурхирсан байдалтай байсан. Тэгээд тухайн хүнд анхан шатны тусламж болох даралт үзэх, зүрхний хэм үзэж, амин үзүүлэлтүүдийг тогтворжуулах арга хэмжээ авч Нэгдсэн эмнэлгийн гэмтэл мэс заслын эмч Бат-Эрдэнэ гэх хүнээс зааварчилга авч өвчтөнийг сумын эмнэлэг рүү тээвэрлэсэн. Талийгаач Л.*******г машин луу зөөвөрлөх үед М.******* болон настай ах нар орон дээрээ унтаж байгаад настай ах сүүлд сэрсэн. Тухайн үед М.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болов уу гэлтэй ихээр үнэртүүлчихсэн хэвтэж байсан. Тэгээд сумын эмнэлэгт ирээд эмчилгээ хийж байтал аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Бат-Эрдэнэ 10 цагийн орчимд ирсэн бөгөөд улмаар эмчилгээ хийж байгаад 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө амьсгал хураасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,

10. Гэрч Д.ын өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 05 цагийн орчимд ******* рашаан дээр хүн ухаангүй байна гэсэн дуудлага ирсний дагуу эмч ийн хамтаар очсон. Тухайн газарт очиход монгол гэр байсан ба гэр лүү эмч орсон. Тэгээд удалгүй гэх залуу гэрээс гарч ирээд намайг дуудаад хамт талийгаач Л.*******г өргөе гэхээр нь би гэр лүү орсон. Тухайн үед гэр доторх эд зүйлс эмх цэгцтэй байсан бөгөөд хоймрын орон дээр М.******* унтаж байсан. Харин зүүн талын орон дээр Лувсан-Ёндон гэх хүн унтаж байсан. Харин талийгаач Л.******* нь болохоор гэрийн баруун орны урд талд шал нь дээр унасан ухаангүй байдалтай байсан бөгөөд ын хамт өргөөд орон дээр тавьсан. Тухайн үед бол талийгаач Л.*******гийн биед ил харагдах гэмтэл бэртэл гэвэл амнаас нь цус гарсан байдалтай, нүүрэнд цус хуралт үүссэн, уруул нь хавдсан байдалтай. Тухайн хүнийг эмч үзэж анхан шатны тусламж үзүүлээд улмаар сумын эмнэлэг рүү тээвэрлэхэд Лувсан-Ёндон нь босож ирээд талийгаач Л.*******г өргөлцөөд машинд оруулж өгсөн. Харин М.******* нь унтаж байсан бөгөөд сэрээгүй тэг чигээрээ үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,

11. Ж.гийн өгсөн: “...Би нөхөр, охины хамт 2023 оны 07 дугаар сарын 01-ний орой ******* сумын ******* рашаан дээр амрах гэж ирсэн юм. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө манай шовгор байшингийн баруун талд байрлах гэрийн ойролцоо хүн агсам тавиад байгаа бололтой байсан. Нөхөр, охин бид 3-г шовгор байшинд оруулсан 40 гаруй насны бор залуугийн гэр байх гэж би бодсон. Шовгор байшинд оруулж өгсөн залуугаас арай нас нь залуу нэг эрэгтэй хүн бас байсан. Зодоон хийсэн дуу чимээг сонсоогүй. Харин нэг эрэгтэй агсам тавиад, орилж, чарлаад байгаа дуу чимээ сонссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/,

12. В.Згийн өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой манай шовгорын ертөнцийн зүгээр зүүн урд зүгт ойролцоогоор 70 орчим метр зайд байх монгол гэрт хүмүүс архи уусан юм шиг хашхиралдаад байгаа дуу чимээ шөнийн 23 цагийн үед дуугарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/,

13. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээч Б.Этын 61 дугаартай дүгнэлтэд: “... Талийгаач Л.Пунцаг-Ендонгийн цогцост Цээж ба хэвлийн битүү гэмтэл: Баруун талдаа 1-9-р хавирга, зүүн талд 1-5-р хавирганы шууд дан хугарал. Элэгний язарсан урагдал, элэгний цус хуралт. Дээд, доод уруулын дотор дунд язарсан шарх. Зүүн нүдний гадна дээд, уруулын зүүн дээд, зүүн гарын шуунд. улаан ягаан өнгийн зулгаралт. Баруун нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун эгэмний доор, өвчүүний баруун доор, зүүн эгэмний доор, цээжний баруун тал, аюулхай мөгөөрсний баруун талд, зүүн хөхнөөс зүүн суганы дунд шугам, баруун гарын бугалгын гадна дунд, урд доод, баруун гарын тохой, баруун гарын шуу, гарын сарвуу, зүүн хөхнөөс зүүн суганы дунд шугам, зүүн гарын тохой, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Баруун талын 1-9-р хугарал, зүүн талд 1-5-р хавирганы шууд хугарал, элэгний язарсан урагдал, элэгний дээд дэлбэнд цус хуралт гэмтлүүд нь үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дээд доод уруулын дотор дунд язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун эгэмний доор, өвчүүний баруун доор, цээжний баруун тал, аюулхай мөгөөрсний баруун талд, баруун гарын бугалгын гадна дунд, урд доод  баруун гарын тохой, баруун гарын шуу, баруун гарын сарвуу, зүүн эгэмний доор, зүүн хөхнөөс зүүн суганы дунд шугам, зүүн гарын тохой, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Баруун талын 1-9-р хугарал, зүүн талд 1-5-р хавирганы шууд хугарал, элэгний язарсан урагдал, элэгний дээд дэлбэнд цус хуралт гэмтлүүдийн улмаас нас баржээ. Нас бараад 24 цагаас дээш болсон байна. Талийгаачид анхан шатны тусламжийг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Амь насыг аврах боломжгүй. Этил үзүүлэх 3243 дугаартай шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 144-153 дахь тал/,

14. Яллагдагч М.*******ын өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой ын гэрт , Л.*******, бид гурав архи уусан улмаар би согтоод гэрийн зүүн орон дээр унтсан. Унтаж байтал баруун мөрнөөс хүн татаж сэрээсэн хартал Л.******* нь баруун гартаа хутга барьчихсан муу гөлгийг ална, хоолойг нь хэрчинэ гэхээр нь би баруун гараараа нэг цохитол хойш шалан дээр унасан. Тэгээд орноос босож очоод баруун чих орчимд 2 удаа гараараа цохисон. Гэдэс хэвлий орчимд 2 удаа өшиглөсөн санагдаж байна. Түүнээс хойш хэсэг ухаан балартаад сэртэл гэрийн гадна талд байсан. Тэгээд эргэж гэрт ортол Л.******* нь зодуулсан газартаа хэвтэж байсан. Тэгэхээр нь би өргөөд гэрийн баруун талын орон дээр хэвтүүлсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,  болон хэрэгт хэргийн газрын үзлэгийн явц дахин хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргийг бэхжүүлж авсан дуу дүрсний бичлэгтэй СД 1 ширхэг зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Р.Оюунчимэг гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч М.*******ыг гэм буруутай  гэжээ.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,

Шүүгдэгч М.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 03-ны шөнө цуг архи ууж байсан Л.*******гийн толгой хэсэгт гараараа цохиж, цээж, хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас амь хохирогч нь баруун талын 1-9 дүгээр хавирганы хугарал, зүүн талын 1-5 дугаар хавирганы шууд хугарал, элэгний язарсан урагдал, элэгний дэлбэнгийн цус хуралт гэмтэл буюу цээж хэвлийн битүү гэмтлийн улмаас нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан гэрч Л., Г., Ч.Сайханчулуу, А., Г., Д., Ж., В.З нарын мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтүүд, шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх нотлох баримтууд нь  агуулгын хувьд зөрүүгүй,  үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгааны эх сурвалж, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч М.******* амь хохирогч Л.*******гийн толгой хэсэгт гараараа цохиж, цээж, хэвлий хэсэгт нь хөлөөрөө  өшиглөж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд баруун талын 1-9 дүгээр хавирганы хугарал, зүүн талын 1-5 дугаар хавирганы шууд хугарал, элэгний язарсан урагдал, элэгний дэлбэнгийн цус хуралт гэмтэл буюу цээж хэвлийн битүү гэмтэл бүхий хүнд гэмтлийг учруулсан бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.******* нь амь хохирогчийн бие махбодод гар болон хөлөөрөө олон удаагийн үйлдлээр халдахад үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл болсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Хүн амьд явах эрхтэй гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж Монгол Улсын иргэний эрхийг хуулиар хамгаалсан байна.

 

Шүүгдэгч М.******* нь хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь нас хохирсон хор уршгаараа хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна гэж тус тус шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

 

Шүүгдэгч болон түүний  өмгөөлөгч нар хэрэгт  цугларсан нотлох баримтуудаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  тогтоогдсон учир гэм буруугийн тал дээр маргахгүй хөнгөрүүлэх байр суурьнаас оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь Л.*******гийн амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлогдсон, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргээс дүгнэлт хийхэд иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруутай гэх дүгнэлт үндэслэлтэй, шүүхийн дүгнэлттэй тохирч байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.*******ын гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* нь талийгаачийг оршуулах зан үйлтэй холбоотойгоор баримттайгаар 7.584.920 төгрөг, шашны зан үйлтэй холбоотойгоор баримтгүй 5.300.000 төгрөг, талийгаачийн төрсөн эгч /5.758.082/ болон нагац дүү /3.009.195/ нарын ирж очих нислэгийн зардал болох 8.767.277 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 1.684.800 төгрөг нийт 23.336.997 төгрөгийн, сэтгэл санааны хохиролд  20.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа багасган 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Оршуулгын зардал, замын зардал, сэтгэл санааны хохирол гээд 22.570.920 төгрөгийн, нислэгийн зардалд 9.685.100 төгрөг, шинээр 1.684.000 төгрөг нэхэмжилсэн. Сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн ч баримт авагдаагүй тул уг мөнгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хохирлын баримтаас үзэхэд 2 дугаар хавтаст хэргийн 6 дахь талд 6.800 төгрөг, 9 дүгээр талд нэг баримт тоогүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас баримттай 7.565.125 төгрөг, оршуулгын зан үйлтэй холбоотой гарсан баримтгүй 5.300.000 төгрөг мөн тийзний үнийг төлсөн, тухайн тийзний зардал шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 1.648.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байх тул М.*******оос нийт 23.300.997 төгрөгийг гаргуулж, төлөгдсөн 8.000.000 төгрөгийг хасаж үлдэх төлбөрийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогч 71 ширхэг баримтаар 22.570.029 төгрөг нэхэмжилсэн.Өнөөдрийн байдлаар 8.000.000 төгрөг төлсөн байгаа. 5.300.000 хэдийгээр баримтгүй байгаа ч талийгаачийн хойдын буянд зарцуулсан гэсэн тул төлөхийг зөвшөөрч байна. Дээрээс нь тийз 9.685.100 төгрөг болж байна. Үүнээс 8.000.000 төгрөгөө хасахаар 14.570.029 төгрөг, үүн дээр шинээр гаргаж өгсөн баримтыг төлөх нь зүйтэй байна. Харин сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа боловч сэтгэл санааны хохирол гаргах тухай тогтоолтой танилцахаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гаргахаар байгаа. Хууль ёсны төлөөлөгч болон өндөр настай ээжийн сэтгэцийн дүгнэлт авагдаагүй тул 15 сая төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэх саналыг талууд тус тус шүүхэд илэрхийлсэн болно.

 

Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсний дагуу хохирлыг дараах байдлаар тооцов.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* нь 1 дүгээр хавтаст хэргийн 233-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-19 дугаар хуудсанд хохирлын баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар оршуулах зан үйлтэй холбоотойгоор 7.584.920 төгрөгийн баримтуудаас давхардсан, е-баримтын дүн зөрүүтэй 226.559 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 7.358.361 төгрөгийг хангаж, мөн оршуулах зан үйлтэй холбоотой баримтгүй нэхэмжилсэн 5.300.000 төгрөг, тийзний зардалд нэхэмжилсэн 8.767.277 / 3.009.195+5.758.082/ төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан 1.684.800 төгрөг нийт 23.110.438 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн 8.000.000 төгрөгийг хасаж 15.110.438 төгрөгийг шүүгдэгч М.*******оос гаргуулахаар шийдвэрлэв.

 

Харин сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.*******ын үйлдсэн хүнийг алах гэмт хэрэг нотлогдож, шүүх гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 208-220 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь хэрэгт холбогдохын өмнө Булган аймгийн ******* сумын ******* 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдарч байсан, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 108 /нэг зуун найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналыг,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэгт гарахад 3 шил архи уусан Хохирогч хутга барьж дайрсан гэх *******ын удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүд байсан. Гэмт хэрэг гарахад амь хохирогч талийгаачтай байсан тул гэрчлэх хүн нь *******. Иймд хохирогчийн зүйл бус үйлдэл байсан гэж үзэж болохоор байна. Үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна. ******* тогтвортой мэдүүлж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн. Үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд биеэ авч яваа байдал, мэдүүлж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан прокурорын хэлсэн хорих ялын доогуур хэмжээгээр ял оноож өгнө үү. Цагдан хоригдсон хоногийг  эдлэх ялд оруулан тооцож өгнө үү гэх саналыг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Тусгайлан гаргах саналгүй гэх саналыг  тус тус гаргасан байна.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******од 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч М.*******ыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг 20 минутанд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоол үйлдэн прокурор баталж, тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутанд танилцуулж, сэжигтнээр баривчилж,  2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 109 /зуун ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч М.******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураан авсан СД нэг ширхэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******овогт Мягмарсүрэнгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******од оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******ын цагдан хоригдсон 109 /нэг зуун ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч М.*******оос 15.110.438 /арван таван сая нэг зуун арван мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 3-65 тоотод оршин суух, *******овогт Лхагвадоржийн ******* /РД:/-д олгож, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. М.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураан авсан СД-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

        8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СУВД-ЭРДЭНЭ

 

                         ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Э.ЭНЭРЭЛ

 

                                             ШҮҮГЧ                                С.ЁНДОНСАМБУУ