| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2020/00409/И |
| Дугаар | 182/ШШ2020/00608 |
| Огноо | 2020-03-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2020/00608
| 2020 03 26 | 182/ШШ2020/00608 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: С овгийн Ц.М /РД:ОР88/, Баянгол дүүрэг,
Нэхэмжлэгч: Т овгийн П.О /РД:ОР88/, Баянгол дүүрэг,
Хариуцагч: СО ХХК /РД:27/, Чингэлтэй дүүрэг,
орон сууцны м.кв-ийн зөрүү 4,920,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.М , П.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч Э.Т, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М , П.О бид 2018 оны 08 сарын 01-ний өдөр СО ХХК-ийн Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Өргөө-33 хаягт барьж байсан 12 давхар 154 айлын орон сууцны барилгаас 59,8 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв-ийг 2,000,000 төгрөгөөр, нийт 119,600,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож орон сууцны захиралгын гэрээ байгуулж, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлсөн. Орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцож 2018 оны 08 сарын 11-ний өдөр Баянгол дүүрэг, нүүж орсон. Орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 121,917,517 төгрөгийг СО ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Байрандаа орсноос хойш манайхаас 2-3 м.кв-аар бага талбайтай гэх айлын байртай харьцуулахад манай байр талбайн хэмжээ адилхан харагдаж байсан учир мэргэжлийн байгууллага-Өсөх-Оргил прожект ХХК-д хандаж 2019 оны 05 сарын 23-ны өдөр хэмжилт хийлгэхэд орон сууцны нийт талбайн хэмжээ 57,34 м.кв байсан ба гэрээнд заасан хэмжээнээс 2,46 м.кв-аар бага байсан. Энэ талаар СО ХХК-д мэдэгдэж, зөрүү мөнгө буцаан авах талаар хэлсэн боловч манайд хамаагүй, манайх батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэгч компаниар бариулсан тул наад асуудлыг чинь хариуцахгүй гэж хэлсэн. 2019 оны 11 сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан. СО ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тохиролцсон хэмжээндээ хүрэхгүй талбайтай орон сууц худалдсан тул илүү төлсөн 2,46 м.кв-ийн үнэ 4,920,000 төгрөгийг СО ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СО ХХК нь 2015 оны 04 сарын 30-ны өдрийн гэрээний дагуу Өргөө-33 байрын барилгын ажлыг Тэргүүн чансаа ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн. 2016 оны 07 сарын 28-ны өдрийн А/2016/299 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссийн актаар Улсын комисс хүлээн авсан. 2018 оны 08 сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ нь Өргөө-33 орон сууцыг улсын комисс хүлээн авч, ашиглалтанд оруулсны дараа байгуулагдсан гэрээ тул Худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж байна. Ц.М нар орон сууцыг өөрсдөө үзэж авахаар болж, 2018 оны 08 сарын 01-ний өдөр орон сууц хүлээлцэх актаар гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүйгээр хүлээлгэн өгсөн. 2019 оны 11 сарын 21-ний өдөр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгснөөр манай компани гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн болно. Нэхэмжлэгчийн Өсөх-Оргил прожект ХХК-аар орон сууцны талбайд хэмжилт хийлгүүлэхэд орон сууцны талбайн хэмжээнээс 2,46 м.кв-аар дутсан гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Магадлал хийгдсэн орон сууцны батлагдсан зураг төслийн дагуу Өргөө-33 байрны барилгын ажлыг Тэргүүн чансаа ХХК-аас хийж гүйцэтгүүлэн, Улсын комисст шалгуулан барилгыг ашиглалтанд оруулсан. Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээний дагуу Мөнх инж констракшн ХХК, МТ констракшн ХХК-иар техник хяналт шалгалтыг хийлгүүлж байсан.
2016 оны 08 сарын 14-ний өдөр Тэргүүн чансаа ХХК-аас орон сууцнуудыг хүлээн авсан ба гүйцэтгэгч компаниас хүлээн авсан актын дагуу Ц.М т орон сууц захиалгын гэрээний 1.2-т заасан аргачлалын дагуу тухайн орон сууцны талбайн хэмжээг ажлын зохион байгуулалтын зургийг баримтлан тогтоосон тухай, гэрээний 1.3-т талбайн хэмжээ нь засал чимэглэл болон бусад хүчин зүйлийн улмаас гэрээнд заасан хэмжээнээс 1 м.кв-аас ихгүй зөрүү байж болох тухай мэдэгдэн, харилцан тохиролцон хүлээн зөвшөөрсөн. Манай компани гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн, гэрээ бүрэн хэрэгжиж дуусгавар болсон тул орон сууцны талбайгаас дутсан гэх м.кв-ийн үнийг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэл, орон сууцны захиалгын гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтууд, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт, барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт хийх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Өсөх оргил прожект ХХК-ийн байрны м.кв-ийг тогтоосон үнэлгээ, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.М , П.О нар нь хариуцагч СО ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн м.кв-ын зөрүүд илүү төлсөн гэх 4,920,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ 59,8 м.кв талбайтай орон сууц худалдан авсан боловч Өсөх оргил прожект ХХК-ийн хэмжилтээр орон сууцны талбай 57,34 м.кв болсны зөрүүг нэхэмжилнэ, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээснийг хүлээн авсан бол худалдагч гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж заасан гэж үндэслэж байна.
Хариуцагч гэрээний дагуу орон сууцыг актаар хүлээлгэн өгсөн, доголдолтой гэж үзсэн бол тухайн үедээ мэдэх боломжтой байсан, шаардах эрхээ алдсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.М , П.О нар 2018 оны 08 сарын 01-ний өдөр СО ХХК-ийн Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Өргөө-33 хаягт барьж байгаа 12 давхар 154 айлын орон сууцны барилгаас 59,8 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв-ийг 2,000,000 төгрөгөөр, нийт 119,600,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эзэмшилдээ шилжүүлэн авсан нь гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. Орон сууцны үнийг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу 2019 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд төлж барагдуулан 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ц.М , П.О нар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авчээ.
Дээрх орон сууцны барилга 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтанд орсон нь барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нар орон сууцыг анхнаасаа захиалж бариулаагүй, бэлэн ашиглалтанд орсон орон сууцыг нүдээр үзэж худалдан авсан байна.
Ц.М , П.О нар орон сууцыг нүдээр үзэж худалдан авахаар тохиролцсон нь талбайн хэмжээнд гол ач өгөөгүйг илтгэх ба байрны талбайн хэмжээний талаар байрыг хүлээн авахдаа мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Түүнийг мэдэх боломжгүй нөхцөл байхгүй, үүсээгүй байна. Тэр байрыг хариуцагчаас 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн авсан ба байрны талбай зөрүүтэй байна гэдэг шаардлагыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргажээ. Иргэний хуулийн 255 дугаар зүйл 255.1.1.-д ..эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заажээ.
Ц.М , П.О нар хуулийн дээрх заалтын дагуу шаардлага гаргах эрхээ алдсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан Ц.М , П.О нарын хариуцагч СО ХХК-д холбогдуулан гаргасан 4,920,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 93,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С.БУД