| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 121/2025/0016/3 |
| Дугаар | 221/МА2026/0087 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0087
“С и” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч: “С и” ХХК
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нар
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 121/ШШ2025/0016 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Хариуцагч С.У, Ж.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 121/2025/0016/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С и” ХХК-аас Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1024000**** дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж өөрчилжээ.
2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 121/ШШ2025/0016 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.3, 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 83 дугаар зүйлийн 83.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч "С и" ХХК-ийн Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.У, Ж.А нарт холбогдуулан гаргасан "2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1024000**** дугаар актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
3.1. “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйн улмаас маргааны үйл баримтад буруу үнэлэлт өгч, улмаар энэ нөхцөл байдал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх үндэслэл болж, ийнхүү гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй…
3.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д "энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар" албан татвар ногдуулна хэмээн заасан.
3.3. "С и" ХХК-ийн хувьд жилийн борлуулалтын орлого 300 сая хүрэхгүй болох нь Өвөрхангай аймгийн татварын газрын Татварын улсын байцаагч С.У, Ж.А нарын татварын хяналт шалгалтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх дээр талууд үүн дээр маргаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дугаар зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж заасан нөхцөл байдалд хамаарч байна.
3.4. Гэтэл анхан шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалтыг мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1- 4 заасан зохицуулалттай харьцуулж, хэрэглэгдэх нөхцөл шаардлага ялгаатай гэх дүгнэлт хийсэн нь маргааны үйл баримтыг буруу үнэлсэнтэй холбоотой гэж үзэж байна.
3.5. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан орлогод ажил олгогч нь ажилтанд орлого шилжүүлэхдээ татвар суутган төлөхөөр заасан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан орлогод татвар төлөгч нь өөрөө тодорхойлж төлөхөөр ялгаатай зохицуулсан. Иймд татварын улсын байцаагч нар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны зааг ялгааг харгалзан үзэхгүйгээр хариуцлага хүлээлгэсэн үйлдлийг анхан шатны шүүх зөвтгөснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.6. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.6-т заасан "төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах" болгон өөрчилсөн нь С и ХХК-ийн хувьд татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдалд тохируулж хэрэглэх ёстой гэсэн байр суурийг баримталсантай холбоотой.
3.7. Гэтэл анхан шатны шүүх тухайн захиргааны актаар төлбөрийн хэмжээг тогтоохдоо хуульд заасан хэмжээг хязгаарыг хэтрүүлсэн, тооцооллын хувьд алдаа гаргасан, зөрчлийн шинж байдалд хууль заасан хэмжээ хязгаарыг зөв тохируулан хэрэглээгүй зэрэг алдаа гаргасан нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь маргааны үйл баримтыг буруу үнэлсэнтэй холбоотой гэж үзэж байна.
3.8. Нэхэмжлэгчийн төлөөгчийн зүгээс Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт татварын хууль тогтоомжоор тогтоосон аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хувь хэмжээгээр албан татвар ногдуулах боломжтой байхад түүнийг ашиглахгүйгээр хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байгаа болно.
3.9. Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 121/ШШ2025/0016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч С.У, Ж.А нар нь “С и” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгээд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн № НА-1024000**** дугаар нөхөн ногдуулалтын актаар Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 83 дугаар зүйлийн 83.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 13,551,664.23 төгрөгийн нөхөн татвар, 4,527,251.1 төгрөгийн торгууль, 5,334,339.98 төгрөгийн алданги нийт 23,413,255.31 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
2. “С и” ХХК нь нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1024000**** дугаар актаар тогтосон нийт төлбөрөөс 4,056,168.0 төгрөгийн төлбөрийг бууруулж, 19,357,087.22 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
3. “С и” ХХК анх шүүхэд “Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1024000**** дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж өөрчилжээ.
4. Анхан шатны шүүх шийдвэртээ: “... татвар төлөгч нь татварын тайлангаа илгээхдээ татварын ногдлыг тооцох хувь хэмжээг өөрөө тодорхойлох үүрэгтэй ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар ... гэж тус тус зааснаас үзэхэд дээрх зохицуулалтууд хэрэглэгдэх нөхцөл шаардлага нь ялгаатай байх тул улсын байцаагч нарыг 1 хувиар татварын ногдлыг тооцох боломжтой байсан гэж маргаж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна ... мөн татвар төлөгч нь үйл ажиллагааны орлогоос татвар ногдох орлогоо тодорхойлох, тайлагнах, татварын албанд гаргаж өгөх, тухайн хяналт шалгалттай холбоотойгоор өөрт байгаа баримтаа татварын улсын байцаагч нарын шаардсанаар гаргаж өгөх нь нэхэмжлэгч компанийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д зааснаар төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах шийдвэр нь тухайн захиргааны актаар төлбөрийн хэмжээг тогтоохдоо хуульд заасан хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн, тооцооллын хувьд алдаа гаргасан, зөрчлийн шинж байдалд хуульд заасан хэмжээ хязгаарыг зөв тохируулан хэрэглээгүй зэрэг алдааг гаргасан нь тогтоогдсон, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд хэрэглэгдэх учиртай гэвч хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
5. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын орлогоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана”, Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ, 29.1.1-д анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хаталж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх”, 29.1.3-д “суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах”, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан” Татварын тайлан үйлдэх, хүлээн авах,, боловсруулах, тайланд залруулга хийх журмын 2.2-т “Татварын төлөгч нь төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, батлагдсан маягтаар татварын тайланг үйлдэнэ”, 2.3-т “ Татварын тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг татвар төлөгч өөрөө хариуцна” гэж заажээ.
6. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актын хууль зүйн үндэслэлд маргаагүй бөгөөд төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгах талаар маргасан байна.
7. Татвар төлөгч татварын орлогоо тодорхойлох, тайлагнах, татвар төлөхтэй холбоотой харилцааг дээрх хууль болон журамд тодорхой зохицуулсан байх бөгөөд татвар төлөгч буюу нэхэмжлэгч “С и” ХХК нь холбогдох хуулиар төлбөл зохих татварын орлогоо өөрөө тодорхойлж тайлангаа цахим болон цаасан хэлбэрээр батлагдсан маягтаар хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй байна.
8. Өөрөөр хэлбэл хууль болон журамд зааснаар татвар төлөгч “С и” ХХК нь татварын орлогоо тодорхойлж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “ Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан тативар ногдуулах ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар нэмж албан татвар ногдуулна” , гэх сонголтыг хийж албан татвар ногдуулах хувь хэмжээг өөрөө тодорхойлж тайлангаа илгээсэн байх бөгөөд үүнд хариуцагч татварын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын акт тавьсныг буруутгах боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн.
9. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн жилд багтаан залруулж болно”, 31.2-т “Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ”, 31.4-т “татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй” гэж зааснаар татварын тайланд залруулга хийх боломжтой бөгөөд нэхэмжлэгч “С и” ХХК-ийн хувьд энэ боломжийг ашиглаагүй, татварын газраас хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулсны дараа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 10 хувиар биш 1 хувиар ногдуулах ёстой байсан тул төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгах талаар маргасан нь үндэслэлгүй байна.
10. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно.”, 31.2-т “Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ.”, Татварын ерөнхий газрын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 1.2-т “Татвар төлөгч нь татварын тайланг түүний дагалдах мэдээ, тодруулга, тооцоолол, бусад баримт бичиг /цаашид “хавсралт мэдээ” гэх/-ийн хамт цахимаар тушаах бөгөөд тайлан залруулах, хоцорсон тайлан тушаах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэн тооцох зэрэг татварын тайлагналтай холбоотой хүсэлтийг татварын албанд цахимаар тушаана.”, 1.4-т “Татвар төлөгч нь татварын тайлан, хавсралт мэдээг цаасаар, эсхүл баталгаат шуудангаар илгээж болно. Цаасаар тушаасан болон шуудангаар илгээсэн татварын тайланг татварын алба цахим хэлбэрт шилжүүлнэ.” гэж тус тус заажээ.
11. Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзэхэд, татвар төлөгч “С и” ХХК нь татварын тайланг залруулах хүсэлтийг татварын албанд цахимаар болон цаасаар /шуудангаар/ хуульд заасан хугацаанд илгээгээгүй, уг хүсэл зоригоо илэрхийлээгүй атлаа энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бын “...“С и” ХХК-ийн хувьд жилийн борлуулалтын орлого 300 сая хүрэхгүй болох нь Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч С.Уранцэцэнг, Ж.А нарын татварын хяналт шалгалтаар тогтоогдсон ... талууд үүнтэй маргаагүй... Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт татварын хууль тогтоомжоор тогтоосон аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хувь хэмжээгээр албан татвар ногдуулах боломжтой байхад түүнийг ашиглахгүйгээр хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байгаа болно...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
12. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасан төлбөр тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах шийдвэрийг гаргах нөхцөл нь хариуцагч албан тушаалтны зүгээс захиргааны актаар төлбөр ногдуулахдаа төлбөрийн хэмжээг хэтрүүлсэн, тооцооллын алдаа гаргасан, зөрчлийн шинж байдалд хуульд заасан хэмжээ хязгаарыг зөв тохируулан хэрэглээгүй зэрэг алдаа гаргасан нь тогтоогдсон, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдсон байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн шууд буруутай үйл ажиллагаатай холбоотой байх бөгөөд тийм үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
13. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 7.1-д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шиймтгэлийг хасна”, гэж хуульд зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “С и” ХХК-ийн хувьд ажил олгогчийн хувьд ажилтанд цалин олгосон боловч хувь хүний орлогын албан татвар суутгаагүй бол тухайн ажилтнаас төлбөрийн баримт авах төлбөрийн баримт өгөөгүй бол суутган төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тайланг гаргаж татварын албанд хүргүүлэх байтал тайландаа тусгаагүй нь хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 121/ШШ2025/0016 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР