| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2020/0042/И |
| Дугаар | 182/ШШ2020/00662 |
| Огноо | 2020-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2020/00662
| 2020 04 02 | 182/ШШ2020/00662 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М овогт Ж.Л /РД:ЦД87/, Баянзүрх дүүрэг,
Хариуцагч: Х овогт Б.О /РД:ШЗ7/, Чингэлтэй дүүрэг,
зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 04 сарын 24-ний өдөр Б.Оюунаатай зээлийн гэрээ байгуулан Б.Оюунаад 6,000,000 төгрөгийг хүүгүйгээр 4 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээл буцаан төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад удахгүй өгнө, мөнгө орж ирэхээр өгнө гэх мэтчилэн шалтаг хэлсээр өдийг хүрлээ. 2019 оны 04 сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасан. Б.О зээл төлөлгүй нийт 163 хоног хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд алданги 4,890,000 төгрөг болж байна. Гэвч хуульд зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нийт алданги 3,000,000 төгрөг байна. Иймд Б.Оюунаагаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.О миний бие Ж.Л гаас 2019 оны 04 сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөг зээлдэн авсан нь үнэн болно. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 3,000,000 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй байгаа болно. Миний бие одоогоор хийсэн ажилгүй, санхүүгийн маш хүнд байдалд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын 3,000,000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн төлбөр болон алдангид 9,000,000 төгрөг нэхэмжилж байх ба хариуцагч үндсэн зээл 6,000,000 төгрөгийг төлнө, ажилгүй санхүүгийн хүнд байдалд байгаа тул алданги төлөхгүй гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна.
Талууд гэрээ байгуулж, 2019 оны 04 сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөгийг хүүгүй, 4 сарын хугацаатай, зээлийг буцаан төлөхгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлдэн авч өгөлцсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрээ, мөнгө өгсөн баримтаар нотлогдож байна.
2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдсэн мөнгийг буцаан төлөх үүргээ зээлдэгч биелүүлээгүй байна. Гэрээний 2.2-д тохиролцсон хугацаанд зээлийг буцаан төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөхөөр заасан байх тул үндсэн зээлийн 6,000,000 төгрөгийг алданги тооцон хариуцагчаас нэхэмжлэгчид төлүүлэх үндэслэлтэй байна. Тооцож буй алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх заалтаас давж байх тул 50 хувиар хязгаарлаж, алдангид 3,000,000 төгрөгийг, нийт 9,000,000 төгрөгийг хариуцагч Б.Оюунаагаас гаргуулан нэхэмжлэгч Ж.Л д олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч Б.О шүүх хуралдааны товыг мэдэж мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан Б.Оюунаагаас 9,000,000 төгрөгийг гаргуулж Ж.Л д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 158,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С.БУД