| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0283/Э/223/2023/0069 |
| Дугаар | 2023/ШЦТ/381 |
| Огноо | 2023-09-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Одгэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/381
2023 9 27 2023/ШЦТ/381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,
Хохирогч Г.Алтансолонго,
Иргэний нэхэмжлэгч О.Гэрэлт-Од,
Шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч М.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д- нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр "Тоёота приус-20" маркийн 38-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.", мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэсэн заалтуудыг зөрчиж замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийн зорчигч Г.Алтансолонгын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Мэндийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунжаргалын өгсөн: “Талийгаач Батсүхийн Мэнд нь миний нөхөр бөгөөд бид 2 хамт амьдраад 12 жил болж байна. Бид 2 дундаасаа 2014 онд хүү Есөнтөмөр, 2018 онд охин Есөнгоо нарыг төрүүлсэн. 2012 оноос 2018 оны 02 дугаар сар хүртэл Говь-Алтай аймагт амьдарч байгаад Баянхонгор аймаг руу шилжээд одоог хүртэл амьдарч байна. Талийгаач нөхөр маань Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг "Нормоунт ХХК-нд 2022 оны 01 сараас хойш ХАБЭА-н ажилтнаар ажиллаж байсан. Өмнө нь Дорноговь аймгийн Сайншандын уурхайд хөдөлмөр хамгааллын ажилтнаар 4 жил ажилласан. Талийгаач Б.Мэнд бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Гэхдээ бид 2 албан ёсоор хуримаа 2015 онд Говь-Алтай аймагт хийсэн. Би нөхрийгөө өмнө нь өөр эмэгтэйтэй харилцаатай байсан талаар сонсож байсан. Тэр эмэгтэйтэй гэрлэлтээ батлуулсан шалтгаанаа надад хэлэхдээ оюутан байхдаа 500 000 төгрөг авах гэж батлуулсан байсан гэж хэлсэн. Тэр эмэгтэйг нь би танихгүй, уулзаж байгаагүй. Тэр 2-ын дундаас бас нэг охин байдаг гэж сонсож байсан. Нөхөр бид 2-оос 2014 болон 2018 онд гарсан 2 хүүхдийг нөхрийн нэр дээр бүртгүүлэх гэхээр гэрлэлтийн баталгаа байхгүй гээд бүртгэдэггүй байсан болохоор би 2 хүүхдээ өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн байсан. Нөхөр маань ажлынхаа росторын амралтаараа ирж амарч байгаад буцаад 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орж унаанд сууж ажил руугаа явахаар зар дээрээс унаа хайгаад 38-40 АРХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад хот руу явсан. 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 15 цаг 57 минутад замдаа хоол идэж байна гээд видео колл хийж ярьсан. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад орой 19 цаг 30 минутын орчим найзаас нь дуудлага ирээд замдаа Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт осолд орсон байна гэж сонссон. Тэгээд маргааш нь цогцсыг нь аваад Баянхонгор аймагт ирэхэд нь л хараад итгэсэн. Би Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг тул энэ хэрэгт миний өмгөөлөгч талийгаачийн төрсөн эгч Б.Баярмааг оролцуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 19-20/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаагийн өгсөн: “....Би гомдолтой байна. Хохирлын баримтаа бүрэн цуглуулж байж гаргаж өгнө.” гэх мэдүүлэг /хх 25-26/,
Иргэний нэхэмжлэгч О.Гэрэлт-Одын өгсөн: “Миний танил найз Б.Д- нь миний эзэмшлийн 38-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт онхолдож улмаар миний тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Тиймээс би дээрх хэрэгт өөрийнхөө 38-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой учирсан хохирлыг нэхэмжлэхээр хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Миний дээрх тээврийн хэрэгсэлд хийсэн хөрөнгийн үнэлгээний байгууллагын дүгнэлтээр хохирлын үнэлгээ 8 919 4002 төгрөг, зах зээлийн үнэлгээ ашиглах боломжгүй болсон байх тул би өөрт учирсан хохирлоо 9 800 000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх 29/,
Гэрч Ш.Батболдын өгсөн: “Манай охин Б.Д- тухайн үед найзынх нь машин гэсэн цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Би тэр найзыг нь танихгүй анх ирэхдээ найз Алтансолонготой Улаанбаатар хотоос хамт ирсэн, буцаад явж байхдаа ч мөн Алтансолонго найзтайгаа хамт яваад бас зарын дагуу нэг хүн аваад явсан. Тэгээд тэр хүн нь ослын үед нас барсан гэж сүүлд надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 39-40/,
Хохирогч Г.Алтансолонгын өгсөн: “2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 9:30 цагийн орчим Баянхонгор аймгаас найз Д-, Б.Мэнд нарын хамт Улаанбаатар хотын чиглэлд Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан, тухайн үед Д-, Мэнд нар ээлжилж машин жолоодож байсан, тэгээд 15 цагийн орчим Д-, Б.Мэнд бид 3 Төв аймгийн Эрдэнэсант гэх газар хоол идчихээд хөдөлсөн, тухайн үед манай найз Д- тээврийн хэрэгслийг жолоодсон, урд талын суудалд би суучихсан, Б.Мэнд гэх хүн арын суудалд ганцаараа сууж явсан. Тэгээд 16 цагийн орчим Төв аймгийн нутаг дэвсгэрт явж байгаад Д- гэнэт эсрэг урсгал руу ороод хажуу талын дал руу осол гарсан. Тухайн осол нүд ирмэхийн зуур маш хурдан болж өнгөрсөн. Мөн тухайн үед хэд орчим км/цагийн хурдтай явж байсныг анзаараагүй, тэгээд машин хэд хэдэн удаа өнхөрсөн, тэгээд жолоочийн арын суудал дээр суусан Б.Мэнд гэх хүн машины гадна байсан, харин Д- бид хоёр суудлын бүсээ зүүчихсэн байсан болохоор машин дотор суудал дээр, машин доошоо харчихсан байсан:. Тэгээд би Д-гээр суудлын бүсээ тайлуулаад машины цонхоор мөлхөөд гарсан. Тэгээд нилээн удаж эмнэлгийн тусламж ирээд Төв аймгийн Өндөрширээт сум руу намайг авч явсан. Б.Мэнд гэх ах Эрдэнэсант гэх газар хоол идчихээд хот руу хөдлөх гэж байхад дэлгүүр ороод пиво аваад гараад ирсэн. Тэгээд замдаа пиво уусан. Тухайн үед надад пиво өгөхөөр нь би уухгүй гэж хэлээд буцаагаад өгсөн. Б.Мэнд гэх хүнийг хэдэн пиво уусныг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 110-111/,
Шүүгдэгч Б.Д-гийн өгсөн: “Би 1996 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд айлын 3 дахь хүүхэд болж мэндэлсэн. Хүүхэд ахуй насаа Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд буюу хөдөө амьдардаг байсан. 1-4 дүгээр ангиа хүртэл Дархан-Уул аймгийн цогцолбор сургуульд дүүргэсэн. Тэгээд 5-11 дүгээр анги хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургуулийг дүүргэсэн. Хүүхэд ахуй наснаас эхлээд биеэ дааж эхэлсэн. Эрдэнэмандал сургуулийг төгсөхдөө шилдэг төгсөгчөөр төгссөн. Ар гэрийн асуудлаас болоод оюутан болж хараахан чадаагүй. 2015 оны 2 сарын цэцэрлэгийн туслах багшийн сургалтад хамрагдаж төгсөөд хөдөө Баянхонгор аймаг руу явсан. 2016 онд охины аавтай танилцаад 2017 онд охин Хос-Уянга мэндэлсэн. 2018 оны 8 дугаар сарын охины аав Б.Өлзийнэмэхээс салаад 2018-2021 онд хөдөө аав, ээж дээрээ байж байгаад 2021 оны 9 дүгээр сараас эхлэн Баянхонгор аймгийн төв рүү "Өсөн дэвжих” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байгаад 2022 оны 9 дүгээр сард ажлаас гарсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод ирээд "Цэцэн бэсс" ХХК-д байцаагчаар ажиллаж байгаад сая 5 дугаар сард ажлаас гараад одоог хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу явах гэтэл найз Гэрэлт-Од нь миний машиныг аваад яваа гэхээр нь Гэрэлт-Одын тээврийн хэрэгслийг аваад найз Алтансолонготой нутгийнхаа 2 хүнийг аваад явсан. Тэгээд 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар луу найз Алтансолонготой гарах гэж байгаад Фэйсбүүк дээр Баянхонгор аймгийн нэгдсэн зар дээр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу явна гэх утгатай зар тавьсан уг зарын дагуу талийгаач Мэнд холбогдож Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу өглөө 09 цагийн үед найз Алтансолонго, талийгаач Мэнд нарын хамт хөдөлсөн. Би Баянхонгор аймгаас гараад Өвөрхангай аймаг хүртэл зогсолтгүй би өөрөө тээврийн хэрэгслийг барьж явсан. Өвөрхангай аймгаас Эрдэнэсант сум хүртэл талийгаач Мэнд тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Тэгээд талийгаач Эрдэнэсант сумын дэлгүүрээс 6 лааз пиво аваад суусан. Тэгэхээр нь би Эрдэнэсант сумаас өөрөө машинаа бариад явсан. Талийгаач Б.Мэнд нь ганцаараа уугаад явсан. Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэр дээр явж байхад урд явж байсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд хурдаа хасаад 90 орчим км/цагийн хурдтай явж байгаад зам дээр ховил байна гэж бодоод рулээ баруун гар тийшээ дараад замын хажуу руу орж онхолдсон. Тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхэд 120-130 км/цагийн хурдтай явж байсан. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 153-154/,
Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт: "Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота приус-20 маркийн 38-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баттулгын овогтой Д- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1."Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. 2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин, бусад хүн мал, амьтан нөлөөлөөгүй гэж үзэв. 3.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота приус-20 маркийн 38-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баттулгын Д- нь Монгол улсн замын хөдөлгөөний дүрмийн 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв. 4.Тоёота приус-20 маркийн 38-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д- нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болсон бөгөөд №1435039 үнэмлэхийн дугаартай хүчинтэй байв. 5.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв." /хх 99-100/,
Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн: “1.Амь хохирогч Б.Мэндийн цогцост хийсэн эмнэлгийн шинжилгээгээр Сээрний 11, 12 дугаар нугалмын түвшинд нугасны бүрэн бус тасрал. Сээрний 2 болон 3 дугаар нугалмын заагаар хөндлөн чиглэлээр салсан хугарал. Сээрний 11, 12 дугаар нугалмын заагаар нугалмын хөндлөн чиглэлээр салсан хугарал. Их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнг хамарсан аалзан бүрхүүл доорх цус харвалт. Зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэнг хамарсан аалзан бүрхүүл доорх цус харвалт. Бага тархины баруун тал бөмбөлгийн дээд гадаргыг нэлэнхийд нь хамарсан аалзан бүрхүүл доорх цус харвалт. Бүсэлхийн 5 дугаар нугалам ууцны 1 дүгээр нугалмын нугалмын их биеийн бяцарсан хугарал. Баруун 2, 4, 5, 6, 7 10, 11 дүгээр хавиргануудын зөрөөгүй хугарал. Баруун 8, 9 дүгээр хавиргануудын зөрөөтэй хугарал. Баруун уушгины доод дэлбэнгийн шарх. Зүүн талд 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавиргануудын зөрөөгүй хугарал. Зүүн бугалга ясны далд зөрөөтэй хугарал. Баруун дунд чөмөгний далд зөрөөтэй хугарал. Элэгний баруун дэлбэнгийн урд гадаргын няцрал. Дэлүүний няцрал задрал. Дотуур цус алдалт /хэвлийн хөндий дэх 300 мл орчим шингэн цус/, голтын эрхтний ар хананы цус хуралт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт зулгаралт, хоёр гарын зөөлөн эдийн зулгаралт, нурууны ар гадаргын зөөлөн эдийн зулгаралт. Зүрх судасны цочмог хямрал.” зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Амь хохирогчийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. 4.Амь хохирогч нь О(I) бүлгийн цусны харьяалалтай байна. 5.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр амь хохирогчид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.” гэх дүгнэлт /хх 56-60/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1816 дугаартай шинжээчийн: “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Б.Д- гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэх дүгнэлт /хх 90-91/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 194 дугаартай шинжээчийн: “1.Г.Алтансолонгын биед зүүн шууны ясны доод метафиз хэсгээр хөндлөн зөрүүтэй бороолоогүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 6.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 115-117/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06/128 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан: “О.Гэрэлт-Одын эзэмшлийн Приус-20 маркийн 38-40 АРХ улсын дугаартай автомашины хохирлын үнэлгээ нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 8 119 400 төгрөг болно.” гэх /хх 67-77/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-12/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 13/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 14/, цогцост үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 44-52-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 82-86-р хуудас/, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-н 144-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.Д- нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр "Тоёота приус-20" маркийн 38-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмт тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна". Мөн дүрмийн 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчиж замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийн зорчигч Г.Алтансолонгын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Мэндийн амь насыг хохироосон.
Шүүгдэгч Б.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэг Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарч Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж уг гэмт хэргийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний амь нас хохирсон нь уг зүйл хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг агуулсан гэж үзэв.
Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж,
Шүүгдэгч Б.Д- нь "Тоёота приус-20" маркийн 38-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмт тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна". Мөн дүрмийн 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж дээрх үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж энэ зүйл ангиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,
Хохирогчийн өмгөөлөгч прокурорын гаргасан саналыг дэмжихгүй байна гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү. Хүүхэд нь эрүүл мэндийн хувьд аймгийн төвд оношлогдох боломжгүй байгаа тул авч явж эмчлүүлэх шаардлагатай байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Б.Д- нь 1996 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс халх, ам бүл эцэг, эх, охины хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум 2-р баг “Хөх толгой” гэх газар оршин суудаг, өөрт ногдох хөдлөх болон үл хөдлөх байхгүй талаах улсын бүртгэлийн лавлагаа, урьд шийтгэгдэж байгааг талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 142, 144, 158-160/ авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.Д- нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолно." гэж заасан тул шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дуусааны дараа эхлэн тоолохыг дурдав.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас зорчигч Г.Алтансолонгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Мэндийн амь нас хохирч, иргэний нэхэмжлэгч О.Гэрэлт-Одын тээврийн хэрэгсэлд 9 800 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын хохиролд шатахууны зардалд 1 014 256 төгрөг, оршуулгын зардалд 11 622 910 төгрөг, цалингийн зээлийн хүү 597 000 төгрөг, 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны зөрүү гаргуулахаар нийт 13 234 166 төгрөг нэхэмжилснээс цалингийн зээлийн хүү гэх 597 000 төгрөгийг гэм хорын улмаас үүсэх хохирол гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож, 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хангалттай авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг, иргэний нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын тээврийн хэрэгсэлд учирсан 9 800 000 төгрөгийн хохирлыг тус тус хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогч Г.Алтансолонгод 1 сая төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунжаргалд 3 сая төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одод 2 сая төгрөг тус тус нөхөн төлсөн байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгчээс нийт 17 387 166 төгрөг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунжаргалын 12 587 166 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас нөхөн төлсөн 3 сая төгрөгийг хасаж үлдэх 9 587 166 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одод нөхөн төлсөн 2 сая төгрөгийг хасаж үлдэх 7 800 000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэснээс,
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд Д.Оюунжаргалд 5 087 166 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одод 2 800 000 төгрөг тус тус төлсөн байх тул шүүгдэгчээс 9 500 000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунжаргалд 4 500 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одод 5 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Г.Алтансолонго гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-гийн 6 настай охин асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоохыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гээс 9 500 000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-4-24 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон Болдмагнайгийн Оюунжаргал / /-д 4 500 000 /дөрвөн сая таван зуун таван зуун мянга/ төгрөг, Архангай аймгийн Эрдэнэбулаг сум 1-р баг Цагаан даваа 1-5 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Боржигон Оюунчимэгийн Гэрэлт-Од /АГ98080415/-д 5 000 000 /таван сая/ төгрөг тус тус олгосугай.
5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунжаргалын нэхэмжлэлийн шаардлагаас 597 000 /таван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.
7. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.Д- охинд асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоохыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргад даалгасугай.
8.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
381