Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2026/0086

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“З с” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн 

Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Нэхэмжлэгч: “З с” ХХК

Хариуцагч: Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Э, Т.С

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн НА- 2624000**** дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1-т заасан 115,218,181.82 төгрөгийн татвар, 46,087,272.73 төгрөгийн торгууль, 56,542,170.55 төгрөгийн алдангийг хүчингүй болгуулах, тэмдэглэх хэсгийн 2-т заасан 115,218,181.82 төгрөгийн татвар, 46,087,272.73 төгрөгийн торгууль, 58,113,746.55 төгрөгийн алданги ногдуулсныг 19,528,080.01 төгрөг болгон багасгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0848 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонцэцэг, Д.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагч Ч.Э, Т.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0182/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “З с” ХХК-аас Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн НА- 2624000**** дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1-т заасан 115,218,181.82 төгрөгийн татвар, 46,087,272.73 төгрөгийн торгууль, 56,542,170.55 төгрөгийн алдангийг хүчингүй болгуулах, тэмдэглэх хэсгийн 2-т заасан 115,218,181.82 төгрөгийн татвар, 46,087,272.73 төгрөгийн торгууль, 58,113,746.55 төгрөгийн алданги ногдуулсныг 19,528,080.01 төгрөг болгон багасгуулах”-аар  маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0848 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.5, 42 дугаар зүйлийн 42.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай /2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн/ хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан "З с" ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Э, Т. С нарт холбогдуулан гаргасан "татварын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн "Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай" №НА-262400**** дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1-т заасан 115,218,181.82 төгрөгийн татвар, 46,087,272.73 төгрөгийн торгууль, 56,542,170.55 төгрөгийн алдангийг хүчингүй болгуулах, тэмдэглэх хэсгийн 2-т заасан 115,218,181.82 төгрөгийн татвар, 46,087,272.73 төгрөгийн торгууль, 58,113,746.55 төгрөгийн алданги ногдуулсныг 19,528,080.01 төгрөг болгон багасгах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн актаар 1,152,181,818.19 төгрөгийн бодит бус худалдан авалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зардлаа өсгөсөн, мөн 1,152,181,818.19 төгрөгийн үнэ бүхий НӨАТ-ын хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийж төлөх татвараа бууруулсан гэж үзэж бүгд 230436363,64 төгрөгийн татвар, 92174545,46 төгрөгийн торгууль, 114655917,2 төгрөгийн алданги ногдуулсныг хэвээр үлдээхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүх шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

3.2. Актын тэмдэглэх хэсгийн 1-т 1,152,181,818.19 төгрөгийн бодит бус худалдан авалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зардлаа өсгөсөн гэж 115,218,181.82 төгрөгийн татвар, 46,087,272.73 төгрөгийн торгууль, 56,542,170.55 төгрөгийн алданги ногдуулсан, "З с" ХХК-ийн 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангаар 1,612,063,597.42 төгрөгийн борлуулалтын орлоготой, бусдаас 1,260,563,798.32 төгрөгийн худалдан авалттай болох нь татварын цахим систем дэх и баримтын дүн болон тус компанийн харилцах дансны хуулга зэрэг анхан шатны баримтуудаар нотлогдож байгаа нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзээгүй байна. Үүнийг үндэслэн ААНОАТ-ын орлого зардлыг бодитоор тооцоолоход 1,612,063,597,42 төгрөгийн борлуулалтын орлогоос бусдаас худалдан авсан 1,260,563,798.32 төгрөгийн бараа үйлчилгээний зардал, 110,470,000 төгрөгийн цалингийн зардал, 5,924,000 төгрөгийн НДШ-ийн зардал, 269,146,139.17 төгрөгийн зээлийн хүүгийн зардал, нийт 1,646,103,937.49 төгрөгийн баримтаар нотлогдох зардлыг хасан тооцоход 34,040,340.07 төгрөгийн нотлогдох зардлыг хасан тооцоход алдагдалтай болох нь нотлогдож, орлогын албан татвар ногдохооргүй байхад актааp 115,218,181.82 төгрөгийн орлогын албан татвар, 46,087,272.73 төгрөгийн торгууль, 56,542,170.55 төгрөгийн алданги ногдуулсныг шүүх анхаарч үзээгүй байна.

3.2. Анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 2-д заасан 1,152,181,818.19 төгрөгийн үнэ бүхий НӨАТ-ын хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийж 115,218,181,82 төгрөгөөр НӨАТ-аа бууруулсан" гэж 115,218,181.82 төгрөгийн татвар, 46,087,272.73 төгрөгийн торгууль, 58,113,746.55 төгрөгийн алданги ногдуулсныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 2020 онд нийтдээ 1,612,063,597.42 НӨАТ ногдох орлоготой болох нь татварын цахим систем дэх нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан болон и-баримт, ня-бо бүртгэл, харилцахын хуулга зэрэг баримтаар нотлогдож буйг шүүх анхаарч үзээгүй.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.15-д заасан "соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ"-г албан татвараас чөлөөлөхөөр заасны дагуу 714,140,282.00 төгрөгийн орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж, 897,923,315.42 төгрөгийн орлогод НӨАТ ногдох нь тайлан бусад баримтаар нотлогдож буй талаар амаар болон бичгээр тайлбар гаргасан байдаг. Анхан шатны шүүх хасагдах зардлын хувьд татварын цахим систем дэх и-баримтаар (хий бичилттэй гэх 1,152,181,818.19 төгрөгийн падааны дүн оруулахгүй тооцоход) 1,260,563,798.32 төгрөгийн худалдан авалттай байсанд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байсан.

3.4. НӨАТ-ын тухай хуулийн 14.9-д "...албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход эсхүл албан татвар ногдох орлогод хамааралгүй үйлдвэрлэл үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд ногдох албан татварыг хасаж тооцно" гэсний дагуу дээрх орлогоос чөлөөлөгдөх борлуулалтад ногдох 558,429,762.65 төгрөгийн худалдан авалтыг хасахад 702,134,035.66 төгрөгийн хасалт хийгдэх худалдан авалттай нь нотлогдож байхад тооцоололд дүн шинжилгээ хийж үнэлэлт өгөөгүй гэж үзэхээр байна.

3.5. Нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцоход 2020 онд 897,923,315.42 төгрөгийн орлогод 89,741,491.57 төгрөгийн НӨАТ-аас хасалт хийгдвэл зохих 702,134,035.66 төгрөгийн худалдан авалтад ногдох 70,213,403.56 ΗΘАТ-ыг хасан тооцоход 19,528,080.01 төгрөгийн НӨАТ төлөх тооцоог гаргаж өгсөн” гэжээ.

ХЯНАВАЛ

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Э, Т.С нар нь "З с" ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалтыг хийж гүйцэтгээд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-262400**** дугаартай нөхөн ногдуулалтын актаар Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтыг үндэслэн 230,436,363.64 төгрөгийн нөхөн татвар, 92,174,545.46 төгрөгийн торгууль, 114,655,917.1 төгрөгийн алданги, нийт 437,266,545.2 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

2. “З с” ХХК-иас 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 55 дугаартай тогтоолоор маргаан бүхий 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №НА262400**** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж баталсан байна.

3. “З с” ХХК-иас 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Э, Т.С нарт холбогдуулан нарт холбогдуулан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ч.Э, Т.С нарын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №НА262400**** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1-т заасан 115,218,181.82 төгрөгийн татвар, 46,087,272.73 төгрөгийн торгууль, 58,113,746.55 төгрөгийн алдангийг хүчингүй болгуулах, тэмдэглэх хэсгийн 2-т заасан 115,218,181.82 төгрөгийн татвар, 46,087,272.73 төгрөгийн торгууль, 58,113,746,55 төгрөгийн алданги ногдуулсныг 19,528,080.01 төгрөг болгон багасгах гэж өөрчилжээ.

5. Анхан шатны шүүх шийдвэртээ:

1/ Бодит бус худалдан авалттай холбоотой зөрчлийн талаар : Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 2020 оны 3, 4 дүгээр сарын тайлангаар 5948606 дугаар регистртэй, “А ф” ХХК-аас 1,152,181,818,19 төгрөгийн 37 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар бодит бус худалдан авалт хийж зардлаа өсгөж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдох орлогоо бууруулсан. Нэхэмжлэгч талаас хэдийгээр нэмэгдсэн өртгийн баримтгүй боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.1-13.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13-д заасан нөхцөлийг бүрэн хангасан байхад зардалд тооцоогүй нь буруу, хууль зүйн үндэслэлгүй, татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр зүйлд заасныг зөрчиж, торгууль алданги ногдуулж байгаа нь хууль бус гэх үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2020 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 1,676,134,618.34 төгрөгийн борлуулалтын орлоготой, 1,361,639,896.31 төгрөгийн албан татвар ногдох бусад орлоготой, нийт 3,037,774,514.65 төгрөгийн нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлоготой, 3,027,142,833.85 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 10,631,680.80 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 1,063,168.08 төгрөгийн албан татвар төлөхөөр тайлагнасан нь хэрэгт авагдсан ба энэ талаар татвар төлөгч, татварын албаны хооронд маргаангүй, тайлант хугацаанд худалдан авалтын нийт 2,537,100,810.38 төгрөгийн баримт бүртгэгдсэн байгаагаас бодитоор худалдан авалт хийгээгүй “А ф” ХХК-аас 1,152,181,818,.19 төгрөгийн баримтыг хасаж тооцоход үлдсэн нь төлбөрийн баримтаар нотлогдсон зардал болж байна ... үйл баримтыг ... хуулийн зохицуулалтын хүрээнд авч үзвэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу 13.1.1-13.1.4-д заасныг нэгэн зэрэг хангасан зардлыг л албан татвар ногдох орлогоос хасаж тооцохоор, тэр дундаа зардал бодитой гарсан байх, борлуулалт хийх тухайн тохиолдол бүрд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт гарч баталгаажсан байх тийм зардлын дүнг өсгөж татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэж нөхөн ногдуулалтын актаар төлбөр тогтоосон нь хуулийн хүрээнд байна...

2/ Нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчлийн талаар: Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 2020 оны 3-4 дүгээр сарын тайлангаар 5948606 тоо регистрийн дугаартай “А ф” ХХК ХХК-аас 37 ширхэг падаанаар нийт 1,152,181,818.19 төгрөгийн үнэ бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийж төлөх татвараа бууруулсан гэх энэ зөрчлийг татварын маргаан таслах зөвлөл дээр маргахгүйгээр нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн ...Маргаан бүхий энэ тохиолдолд хий бичилт бүхий худалдан авалтын талаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа залруулга хийхийг анхааруулсан боловч залруулга хийж ирүүлээгүй нь эрсдэлээр тооцож, татвар ногдуулалт, төлөлт, тайлагналттай холбоотойгоор шалгалт хийх нөхцөл болсон хяналт шалгалтаар “А ф” ХХК ХХК-аас шивсэн НӨАТ-ын баримт хуурамч байхад албан зохицуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн хариуцагч нарын үндэслэлийг буруутгах үндэслэлгүй, нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах боломжгүй байна.

3/ Хууль тогтоогчоос 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн болон 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг батлан мөрдүүлэхдээ буюу татварын алданги, торгуулийг чөлөөлөх харилцааг зохицуулахдаа “албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх”-өөр хуульчилсан нь маргаан бүхий тохиолдолд үйлчлэх үндэслэлгүй, торгууль, алдангид тооцсон 206,830,452.55 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвараар төлөхөөр татварын тайлангаар тайлагнаагүй болох нь тогтоогдож байх тул дээрх хуулийн дагуу чөлөөлөгдөх үндэслэл биш болно. гэж маргааны үйл баримт холбогдох хуулийн заалтуудад дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдсонгүй.

     6.   Тухайлбал:

    1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж,  хуулиар тогтоосон хугацаанд өсөвт төлнө”, 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын албан хянан шалгана, 42 дугаар зүйлийн 42.1-т “Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт , эсхүл илтгэх хуудас үйлдэх...”
    2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, 16 дугаар зүйлийн 16.1-т “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй”, 16.1.1-т “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл хязгаарыг хангаагүй зардал,
    3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно” 14.5-т “ Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”гэх хуулийн заалтуудыг зөрчсөний улмаас татварын байгууллагаас хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь хуульд нийцсэн, татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл :

7. Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэгч "З с" ХХК-ийн 2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар тус компани нь 2020 онд 1,152,181,818.19 төгрөгийн бодит бус худалдан авалтаар зардлаа өсгөж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлогоо бууруулсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 2020 оны 3-4-р сарын тайлангаар “А ф” ХХК-иас 37 ширхэг падаанаар нийт 1,152,181,818.19 төгрөгийн үнэ бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийж төлөх татвараа бууруулсан болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон нь дээрх татварын хуулиудыг зөрчсөн, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

8. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн болон 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч компанид дээрх хуулийн зохицуулалт үйлчлэх үндэслэлгүй бөгөөд торгууль, алдангид тооцсон 206,830,452.55 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвараар төлөхөөр татварын тайлангаар тайлагнаагүй тул чөлөөлөгдөх үндэслэл биш гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

9. Нэхэмжлэгч З с ХХК давж заалдах гомдолдоо “... Анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн актаар 1,152,181,818.19 төгрөгийн бодит бус худалдан авалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зардлаа өсгөсөн, мөн 1,152,181,818.19 төгрөгийн үнэ бүхий НӨАТ-ын хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийж хийж төлөх татвараа бууруулсан гэж үзэж ... татавар...алданги...торгууль ногдуулсныг хэвээр үлдээхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэ бүхий болж чадаагүй..., “Зэнэдмэнэ суварга ХХК-ийн 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангаар 1,612,063,597.32 төгрөгийн борлуулалтын орлоготой бусдаас 1,260,563,798.32 төгрөгийн худалдан авалттай болох нь татварын цахим систем дэх и-баримтын дүн болон тус компанийн харилцах дансны хуулга зэрэг анхан шатны баримтуудаар нотлогдож байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээгүй..., 2020 онд нийтдээ 1,612,063,597.42 НӨАТ ногдох орлоготой болох нь татварын цахим систем дэх нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан болон и-баримт, ня-бо бүртгэл, харилцахын хуулга зэрэг баримтаар нотлогдож буйг анхаарч үзээгүй..., анхан шатны шүүх хасагдах зардлын хувьд татварын цахим систем дэх и-баримтаар /хий бичилттэй гэх 1,152,181,818.19 төгрөгийн падааны пүн оруулахгүй тооцоход / 1,260,563,798,32 төгрөгийн худалдан авалттай байсанд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байсан... гэх гомдлыг гаргасан бөгөөд дээрх үйл баримтууд болон хуулийн зохицуулалтууд, хэрэгт авагдсан нотлох баримтуудад анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч З с ХХК-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 848 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                    Т.ЭНХМАА

          ШҮҮГЧ                                    Б.АДЪЯАСҮРЭН

    ШҮҮГЧ                                    Л.ОДБААТАР