Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 51

 

         Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож ,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Г.Энхбат,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Шарав,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч Л.Баясгаланбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барга бичээч овогт Лувсаншаравын Баясгаланбатад холбогдох эрүүгийн 201619000861 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1960 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, халх, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техник механикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн 20-1-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 157 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 23 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Барга бичээч овогт Лувсаншаравын Баясгаланбат /РД:УГ60070119/ гэв.

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Баясгаланбат нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багт байрлах 23 дугаар байрны хойд талд 17 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэж, хүнд зэргийн согтолттой байх үедээ Тоёота истима маркийн 41-46 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7.а, 7 дугаар бүлгийн 7.14 дэх заалтуудыг тус тус зөрчиж, ухрах үйлдэл хийсний улмаас иргэн Х.Эрдэнэхишигийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Шүүгдэгч Л.Баясгаланбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 12-нд сумын төвд идэш хоолоо бэлдэх болсон. Тэгээд идэшээ авч ирээд Ц.Мянганбаатартай тааралдаад идэш хоолоо янзалаад байж байгаад 0,5 граммын архи авч уусан. Үдээш хойш 17 цаг өнгөрч байхад Ц.Мянганбаатарын хүүхдийг нь цэцэрлэгээс авахаар явж байгаад талийгаач Х.Эрдэнэхишиг, Б.Алтандуулга хоёртой тааралдаад тэгээд Ц.Мянгабаатарын хүүхдийг цэцэрлэгээс аваад гэрт нь буулгачихаад буцаад бүгдээрээ манай гражид ирээд ганц шил архи хувааж уусан. Тэгээд бүгдээрээ явахаар болж машинтай ухрах үйлдэл хийхдээ талийгаачийг дайрсан. Би тэр үйлдлээ сайн мэдэхгүй байгаа үнхээр харамсалтай явдал болсон гэсэн мэдүүлэг.

           

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Шарав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би энэ хүний насыг бодоод манай ээж Л.Баясгаланбаттай хамт ажиллаж байсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Талийгаач цалингийн зээлтэй байсан тэрийг нь төлсөн. Оршуулгын зардалд баримттай, баримтгүй 6.900.000 төгрөг болсон. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 8 300 000 төгрөгийг бэлнээр хүлээн авч нийт хохиролд 14 600 000 төгрөгийг авсан гэсэн мэдүүлэг.

 

            МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Шарав нь мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Миний хувьд хэрэг болох үед Улаанбаатар хотод ажил төрлөө хийгээд байж байсан тул мэдэх зүйл алга. Аавыг зам тээврийн осолд орсон талаар оройдоо мэдсэн. Тухайн хэрэг согтуу жолооч Л.Баясгаланбатын буруугаас болсон гэж үзэж байна. Би Мянганбаатар, Алтандуулга нартай уулзаж болсон зүйлийн талаар сонссон. Миний хувьд ажил төрлөө хийгээд явж байсан эцэгээ алдсан тул гомдолтой байна. Л.Баясгаланбатын ар гэрээс 200 ширхэг 2 000 000 төгрөгний кофе авч өгсөн. Үүнээс гадна оршуулгын зардалд баримттай, баримтгүй 6 969 344 төгрөг зарцуулсан. Мөн талийгаас цалингийн зээл 4 000 000 төгрөг, он гараад тэтгэвэрт гарах байсан 2 400 000 төгрөгний тэтгэмж урамшуулал цалин авах ёстой байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/

Хохирогч Б.Алтандуулга мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 17 цаг 20 минутанд Төв аймгийн Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургууль дээр хуралд суух гээд хамт ажилладаг Х.Эрдэнэхишигийн хамт явж байгаад Л.Баясгаланбаттай таарсан. Л.Баясгаланбат өөрийн эзэмшлийн Тоёота истима маркийн тээврийн хэрэгсэлтэй Мянганбаатарыг суулгаад явж байсан. Мянганбаатарын гэрт Баясгаланбат 1 шил 750 гр Арвай архи аваад очсон. Тэр үед нэг том пиво задлаад уугаад дунд нь оруулсан байсан. Мянганбаатар архи пиво тойруулж аягалсан. Сумын төвд ирээд Баясгаланбат дахин 1 шил 750 граммын Хараа архи аваад 23 дугаар байрны зүүн хойд талд очоод машин дотроо Баясгаланбат, Мянганбаатар, Эрдэнэхишиг бид 4 уусан. Архиа ууж дуусгаад Мянганбаатар машинаас бууж бие зассаны дараа явах гээд Баясгаланбат машинтайгаа ухраад хөдөлтөл хойд талд чулуу тээгэлсэн. Би бууж чулууг аваад буцаад суутал Баясгаланбат ухраад машин огт явж байгаагүй цасан дээр гарах үед машины дугуй хий эргээд байсан. Машинаас буугаад талийгаач хойд талын голд ороод Мянганбаатар бид 2 хойд талын 2 захаас нь түлхсэн. Тэр үед урагшаа хойшоо машинаа заамчиж хөдөлгөж байтал гэнэт хойшоо машин ухраад би машинд мөргүүлээд баруун гар талруугаа унасан. Харин талийгаач машин доогуур ороод чирэгдээд явсан. Би Баясгаланбатыг зогссоных нь дараа "Чи хүн дайрчихлаа хөдөлж болохгүй шүү гэж хэлсэн. Зам тээврийн осол 18:40- 19:00 цагийн үед болсон байх гэж бодож байна гадаа үзэгдэх орчин харанхуй байсан. Тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн ажиллагаатай байсан. Ер нь бол бүгд нилээд согтуу байсан...гэсэн мэдүүлэгээс /хх-ийн 39-40/

 

Гэрч Ц.Мянганбаатар мөрдөн байцаалатад мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн хооронд байх би цагийг нь сайн санахгүй байна. Сумын клубын ойролцоо явж байсан чинь Л.Баясгаланбат, Ганбат ах нартай таарсан. Л.Баясгаланбат ахын 2 хонь, 2 ямааг идшинд авч ирснийг янзалж дуусаад байж байтал хүүхэд цэцэрлэгээс авах цаг болоод би таньтай хамт яваад хүүхдээ цэцэрлэгээс гэртээ хүргээд өгье гэж хэлээд Л.Баясгаланбат ахтай хамт явсан. Харин Л.Ганбат ах махаа эвдээд үлдсэн. Би хүүхдээ аваад гэртээ хүргэж өгөх замд Эрдэнэхишиг, Алтандуулга нартай таарсан. Л.Баясгаланбат ах тэр хоёрыг аваад би хүүхдүүдээ гэртээ оруулаад буцаж гарч ирээд машинд суугаад бид нар Л.Баясгаланбат ахын гражид очсон. Л.Баясгаланбат ахын гражид очоод Б.Алтандуулга, Х.Эрдэнэхишиг бид нар дөрвүүлээ нэг шил 0,75 граммын Хараа нэртэй архитай очоод хувааж уусан. Тэгээд Ганбат ахыг гэрт нь буулгаж өгөөд буцаад гражид ирсэн. Тэрнээс цаашаа би юм санахгүй байна нэг мэдсэн чинь гэртээ унтаж байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 42/

 

Гэрч Л.Ганбат мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Л.Баясгаланбат, Мянганбаатар, Алтандуулга, талийгаач Эрдэнэхишиг нар нэг шил 0,75 граммын Ерөөл нэртэй архитай орж ирсэн. Би махаа эвдэж дуусаад бид нар архиа ууж эхэлсэн. Архиа хувааж ууж дуусаад Мянганбаатар, Алтандуулга, Баясгаланбат, Эрдэнэхишиг нар намайг 3 дугаар байрны хооронд байрлах гэрт хүргэж өгсөн. Манай гэр рүү явж байх замд манай эхнэр гүүрэн дээр таараад гэртээ эхнэрийн хамт ирээд үлдсэн. Мянганбаатар, Алтандуулга, Баясгаланбат, талийгаач Эрдэнэхишиг нар явсан би гэрээс дахиж гараагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/

 

Гэрч С.Батсайхан мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Төв аймаг дахь Цагдаагийн газрын Баянчандмань сум дахь Цагдаагийн хэсгийн дарга ажилтай. Тухайн өдөр 18 цаг өнгөрөөд ажил тараад, харанхуй болсон үед иргэн Алтандуулга ирээд миний бугуйнаас бариад ийшээ авъя гэж хэлсэн. Очиход Л.Баясгаланбат өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Тоёота истима маркийн 41-46 ТӨВ улсын дугаартай автомашиныхаа хажууд нилээд согтуу байдалтай зогсож байсан. Би гар утасныхаа гэрлийг асаагаад машины хойд талаар үзэж шалгахад автомашины хойд талын хоёр дугуйны дунд хүн хэвтэж байсан. Би тухайн хүнийг дуудсан боловч ямар нэгэн дуу чимээ хариу үйлдэл гаргахгүй байсан. Машин доороос талийгаачийг гаргаж чадахгүй байсан. Би эмнэлэгт дуудлага өгч Л.Баясгаланбатаас цусыг нь авхуулсан. Тухайн үед мөн Цагдаагийн газарт дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг, /хх-ийн 45/

 

Жолоочийн согтуурлыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр багажаар шалгасан "Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Драйгер фирмийн согтуурал хэмжих багажаар Л.Баясгаланбатынг шалгахад 1.89% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоодсон" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-29/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11 тоотод 1. Х.Эрдэнэхишигийн биед нугас тарал, хүзүүний 1-р үеийн их биеийн хугарал, нүүрний баруун хэсэг нилэнхүйдээ, баруун чамархай, баруун хацар, хүзүүний баруун хэсэгт улаан хүрэн зулгаралт,  баруун эрүү баруун эгэмд язарсан ил шарх, хамар ясанд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, дээд уруулын салст шарх, баруун гуяны гадна дээд хэсэгт, баруун шилбэний гадна дээд хэсэгт зулгаралт, баруун тахимд, баруун гуяны дотор дунд хэсэгт зулгаралт, зүүн шилбэний гадна дээд хэсэгт зулгаралт, баруун гарын сарвуу, баруун гарын 3 дугаар хурууны 1 дүгээр үе, баруун гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.  Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаачийн хүзүүний 1 дүгээр үений их биеийн хугарал, нугас тасарсаны улмаас нас барсан. 4. Эмнэлгийн тусламж авч амь үлдэх боломжгүй гэмтэл байна. 5. Талийгаач 3 дугаар бүлгийн цустай байна. 6. Талийгаас нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 7. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. /хх-ийн 55-56 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Я.Гантуяагийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №05 тоотод 1.Х.Эрдэнэхишигийн цусанд 7,7% этилийн спирт илрэв. Согтолтын хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 57 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11 тоотод 1.Б.Алтандуулгын биед зүүн хөмсгөнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт, /хх-ийн 47 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Я.Гантуяагийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №02 тоотод 1.Л.Баясгаланбатын цусанд 3,9% этилийн спирт илрэв. Согтолтын хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 49 тал/

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандахын 2016 оны 12 сарын 16-ны өдрийн №00000142 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Тоёота истима маркийн 41-46 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Баясгаланбат нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Л.Баясгаланбат нь Замын хөдөлгөөний дүрмийн  2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Замын хөдөлгөөний дүрмийн  7 .17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв.

2. Зам тээврийн осол гаргах үед хэдэн км/ цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй гэж үзэв.

3. Л.Баясгаланбат нь Замын хөдөлгөөний дүрмийн  2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Замын хөдөлгөөний дүрмийн  7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. гэсэн заалтуудыг тус тус зөрчснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв.

            4. Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. /хх-ийн 51 тал/

 -хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3 тал/,

            -зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-4 тал/,

            -осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9 тал/,

            -автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 тал /

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-20/

-цогцосны хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-21-23 тал/,

            -эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 53 тал/,

-шүүгдэгч Л.Баясгаланбатын 01294516 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 89786 дугаар жолооны үнэмлэх зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-10 тал/,

            - Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Эрдэнэбилэгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-31 тал/,

            -эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-32 тал/,

            -хохирлын баримтууд /хх-ийн 77-105/,

            -хохирол төлсөн баримтууд /хх-ийн 118-119/,

            -шүүгдэгч Л.Баясгаланбатын ял шийтгэлийн хуудсыг шалгахад: “Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 157 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 23 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан” гэх лавлагаа /хх-ийн 68 тал/,

- шүүгдэгч Л.Баясгаланбатын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр /хх-64-65 тал/, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар /хх-66-67 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Баясгаланбат нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багт байрлах 23 дугаар байрны хойд талд 17 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэж, хүнд зэргийн согтолттой байх үедээ Тоёота истима маркийн 41-46 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7.а, 7 дугаар бүлгийн 7.14 дэх заалтуудыг тус тус зөрчиж, ухрах үйлдэл хийсний улмаас иргэн Х.Эрдэнэхишигийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Шаравын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/, хохирогч Б.Алтандуулгын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/, гэрч Ц.Мянганбаатар, Л.Ганбат, С.Батсайхан нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 42, 44-45/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 28-29, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3 тал/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-4 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9 тал/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 тал /, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-20/, цогцосны хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-21-23 тал/, эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 53 тал/, шүүгдэгч Л.Баясгаланбатын 01294516 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 89786 дугаар жолооны үнэмлэх зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-10 тал/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандахын 2016 оны 12 сарын 16-ны өдрийн №00000142 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Я.Гантуяагийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №02 тоотод 1.Л.Баясгаланбатын цусанд 3,9% этилийн спирт илрэв. Согтолтын хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 49 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Я.Гантуяагийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №05 тоотод 1.Х.Эрдэнэхишигийн цусанд 7,7% этилийн спирт илрэв. Согтолтын хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 57 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн Х.Эрдэнэхишигийн нас барсан шалтааныг тогтоох 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11 тоотод дүгнэлт /хх-ийн 55-56/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11 тоотод шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47/, Жолоочийн согтуурлыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр багажаар шалгасан "Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Драйгер фирмийн согтуурал хэмжих багажаар шалгахад 1.89% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоодсон" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-29/ болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Шаравын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Л.Батбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Баясгаланбатыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Л.Баясгаланбатад ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.3 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн”, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар “ согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

            Мөн Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн учир түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Алтандуулга нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйгүй гэх мэдүүлэг. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Шарав оршуулгын зардал болон бусад зардалд 14 600 000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Л.Баясгаланбат мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хохирлыг нөхөн төлсөн болох нь Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Шарав, шүүгдэгч Л.Баясгаланбатын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Эрдэнэбилэгийн 2016 оны 12 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Л.Баясгаланбатын эзэмшлийн Тоёота истима маркийн 41-46 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, 01294516 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус хууль ёсны эзэмшигч Л.Баясгаланбатад буцаан олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Л.Баясгаланбатын 89786 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Баясгаланбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Барга бичээч овогт Лувсаншаравын Баясгаланбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Л.Баясгаланбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Баясгаланбатад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Баясгаланбатын тээврийн хэрэгсэл жолоодох 3 жилийн хугацаагаар  эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Ялтан Л.Баясгаланбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Алтандуулга, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Шарав нарт хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Л.Баясгаланбатын 89786 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Цэндсүрэнд даалгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 16-ны өдрийн Тоёота истима маркийн 41-46 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, мөн 01294516 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг  эзэмшигч Л.Баясгаланбатад буцаан олгосугай.

 

8.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Баясгаланбатад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Баясгаланбатад хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Л.Баясгаланбат нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Л.Баясгаланбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА