Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар Харах 128/ШШ2021/0772

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: НН ХХК 

 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 тоот тушаалын НН ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: НН ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/222-р тушаалаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг Богдхан уулын Дархан цаазат газрын Х*******ын аманд 6.0 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээ авсан бөгөөд эрх авсан цагаасаа Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Баянзүрх дүүргийн Засаг даргатай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гурвалсан гэрээ байгуулахаар хандсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д манай компанитай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан бөгөөд тухайн цаг үеэс эхлэн хандсан Баянзүрх дүүрэг рүү газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах асуудлаар олон удаа хандсан боловч Баянзүрх дүүргийн холбогдох албан тушаалтнууд тодорхой хариу өгөхгүй байсан тул дүүргийн Тамгын газрын дарга, Иргэдийн хурлын дарга нарт газар ашиглах гурвалсан гэрээг байгуулж өгөхийг хүссэн албан бичгүүдийг хүргүүлж байсан бөгөөд тухайн албан тушаалтнууд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гэрээг сум, дүүргийн засаг дарга эрх бүхий байгууллагатай хамтарч байгуулна гэж заасан байдаг, мөн дүүргийн засаг дарга албан ёсоор томилогдоогүй тул танай компанитай газар ашиглах гурвалсан гэрээг байгуулах боломжгүй байна гэсэн хариуг өгч ирсэн.

Баянзүрх дүүргийн засаг даргатай /манай компаниас үл хамаарах шалтгаанаар/ газар ашиглах гурвалсан гэрээ байгуулж чадахгүй байгаа талаараа компанийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа мэдэгдэж байсан төдийгүй хамгийн сүүлд тус газрын дарга Д.Б нэр дээр 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр уг асуудлаар албан бичиг хүргүүлж мэдэгдсэн. Ийнхүү бид Баянзүрх дүүргийн засаг даргатай газар ашиглах гурвалсан гэрээг байгуулж чадаагүйн улмаас тухайн газраа ашиглаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсаар манай компанийн Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/222 тоот тушаалаар олгогдсон газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссан тул бид бодит нөхцөл байдлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, Аялал жуулчлалын яаманд тайлбарлан хүргүүлж, компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хуульд заасан дүрэм, журмын дагуу сунгаж өгөх хүсэлтийг гаргаснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/159 тоот тушаалаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгасан.

Манай компанитай Баянзүрх дүүргийн засаг дарга газар ашиглах гурвалсан гэрээг байгуулаагүй тул газар ашиглах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй юм. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А/79 тоот тушаал гаргаж манай НН ХХК-ын газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гаргажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шийдвэр гаргахдаа хуульд заасан талуудын хооронд газар ашиглах гурвалсан гэрээ байгуулагдаагүй /манай компаниас үл хамаарах шалтгаанаар/ гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй нь тодорхой байхад Газрын тухай хуулийн /35 дугаар зүйлийн 35.3.1 Газар эзэмшигч гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй, 35.3.3 Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, 40.1.6 Гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг 2 жил дараалан ашиглаагүй/ гэсэн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хуулийн үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд маш тодорхой заагдсан захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах, нотлох баримт цуглуулах, оролцогчийн саналыг сонсох, сонсох ажиллагаа явуулах, оролцогчийг мэдээллээр хангах зэрэг хуулийн заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалын НН ХХК-д холбогдох хэсгийг эс хүлээн зөвшөөрч уг тушаалын НН ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээн шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бид газар ашиглахын тулд хөрсний шинжилгээ хийлгэж, зураг төслөө гаргуулсан. Барилгын үйл ажиллагаа эхлэхээр Барилгын хөгжлийн төвөөс барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах шаардлагатай болоход биднээс гурвалсан гэрээгээ авчрахыг шаардсан. Ингээд бид гацаанд орчхоод байгаа. Манай компани 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр уг газрыг авснаас хойш тэмдэгтийн хураамж гэх нэрээр газрын төлбөрөө төлдөг байсан. 2018 оноос хойш төлбөр төлөх асуудлаар Газрын албанаас удаа дараа асууж тодруулахад гэрээгээ авчирч байж төлбөрөө төлнө, кадастрын хэмжил зүй өөрчлөгдсөн учраас гурвалсан гэрээг үндэслэж байж тооцоолж, татварын алба руу албан тоот явж байж төлбөрөө төлөх ёстой гэх хариуг өгдөг байсан. Барилга байшингийн зураг төслөө боловсруулсан ч гурвалсан гэрээгүй учраас газраа ашиглах боломжгүй байсан.

Манай компани хуулийн дагуу тухайн газрыг авсан. 2018 оноос хойш Баянзүрх дүүргийн Засаг дарга томилогдохгүй байгаа асуудлаас болоод манай гурвалсан гэрээ шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн нь туйлын харамсалтай байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, судалж үзэх талаарх хүсэлтийг хүргүүлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас манай газар эзэмших эрхийн хугацааг сунгасан тушаал гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/519 тоот тушаалаар манай компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан тул манай газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр. Манайх төлбөрөө төлөхөд татгалзаад байх зүйл байхгүй. Төлбөрөө төлөөд үйл ажиллагаа эхлэх санхүү эдийн засгийн боломжтой, хийх хүсэл эрмэлзэлтэй.

Гэрээ байгуулахгүй байгаа талаар Засаг даргад удаа дараа гомдол гаргасан боловч шийдвэрлэх хүн нь байгаагүй, дандаа түр орлон гүйцэтгэгч нар байсан. Засаг дарга нь томилогдохоор гэрээгээ байгуулж төлбөрөө төлөөд явна гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Гэтэл газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гарсанд харамсаж байна. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах тухай А/79 дүгээр тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг үндэслэж гарсан. Н******* ХХК-ийн хувьд гэрээ байгуулах нөхцөл боломж байхгүй байсан. Гэрээ байгуулж байж газар ашиглах эрхийг олгох ёстой байтал манайд газар ашиглах эрхээ олгочхоод дараа нь гэрээ байгуулдаг практик тогтчихоод байна. Үндсэндээ төрийн захиргааны байгууллагуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/519 тоот тушаалаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан нөхцөл байдлыг хариуцагч тал судлаагүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах тухай А/79 дүгээр тушаал нь газар ашиглах эрхийг цуцалсан болохоос газар ашиглах эрхийн хугацааг сунгасан тушаалыг хүчингүй болгоогүй гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Гэрээ байгуулагдаагүй нөхцөл байдлыг харгалзан газар ашиглах эрхийг сунгасан байхад газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй юм. 1 дүгээр улирал дуусаагүй байхад газрын төлбөрийг төлөөгүй гэдэг нь хэр үндэслэлтэй вэ? Газраа ашиглаагүй гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн хувьд байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2.2, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасныг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах тухай А/79 дүгээр тушаалын Н******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын "НН" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Хүрэл тогоотын аманд байршилтай 6.0 га талбайг ашиглах зөвшөөрөл олгож, газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Нэхэмжлэгчийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай" 365 тоот алба бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш хуульд заасны дагуу газрын төлбөр төлж байгаагүй, зориулалтын дагуу газраа огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасныг тус тус зөрчиж байсан тул Тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаал нь зорилгодоо нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг үндэслэж гарсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд, дараах үндэслэлээр НН ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Х*******ын аманд 6.0 га талбайг Аялал жуулчлал-ын зориулалтаар НН ХХК-д ашиглуулахаар олгосон(хавтаст хэргийн 44,45 дахь талд),

- Нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2017/059 тоот Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ-нд тэмдэг дарж, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2018/149 тоот Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-нд тус тус гарын үсэг зурж хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн, 2018/149 тоот гэрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга гарын үсэг зурсан боловч тус гэрээнүүдэд Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд уг гэрээнүүд бүртгэгдээгүй, газрын төлбөр төлж байгаагүй (хавтаст хэргийн 85-93, 189 дэх талд),

- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/519 дугаартай тушаалаар НН ХХК-ийн газар ашиглах эрхийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар сунгасан(хавтаст хэргийн 96 дахь талд),

- Шүүхээс хийсэн үзлэг(хавтаст хэргийн 186-189 дэх талд)-ээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хуулийн этгээдийн гурвалсан гэрээ бүртгэгдээгүй, газрын төлбөр төлж байгаагүй нь тогтоогдов.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалаар 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хуулийн этгээд багтжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ газар ашиглах гэрээ нь газар ашиглагчаас үл хамаарах шалтгаанаар байгуулагдаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй талаарх хугацаа нь газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэснээс хойш тоологдох ёстой гэж тайлбарлан маргасан.

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т зааснаар газар ашиглагч газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх-ээр, 35.3.3-т зааснаар газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасан байна.

Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ...аж ахуйн нэгж, байгууллагын ..., ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна гэж зааснаас үзвэл, газрын төлбөр төлөх үүрэг нь уг газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гарсан өдрөөр тооцогдохоор байна.

Хэдийгээр захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ байгуулагдаагүй байх боловч энэ нь хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй байх нэхэмжлэгч гэрээ байгуулагдаагүй байхад төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх 2015 онд газар ашиглах эрх авсан атлаа журмын хүрээнд 6 сарын дотор гэрээ байгуулаагүй, улмаар 2017-2018 онд гэрээнд өөрсдөө гарын үсэг зурсан боловч эрх бүхий этгээдээс гэрээнд гарын үсэг зураагүй эс үйлдэхүйд гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүйгээс үзвэл, гэрээ байгуулагдаагүй нь нэхэмжлэгчээс өөрөөс нь хамаарсан гэж үзэхээр байхын зэрэгцээ гэрээ байгуулагдаагүй нь газар ашиглах эрхийг үгүйсгэхгүй тул газрын төлбөр төлөх үүргээс газар ашиглагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн НН ХХК-ийн тэмдгээ дарсан 2017/059 тоот, тус хуулийн этгээдийн захирлаас гарын үсэг зурж, тэмдгээ дарсан 2018/149 тоот гэрээнүүдийн 2.4-т газар ашиглагчаас төлбөл зохих газрын төлбөрийн хэмжээг тодорхойлж, төлөх дансыг бичсэн байх тул нэхэмжлэгч талын хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашиглалтын газар дээрээ ямар нэг үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба нэхэмжлэгчээс газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх үндэслэл гаргаж маргаагүй.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам/тухайн үеийн нэршлээр/-ны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 11/3357 тоот албан бичгээр тус яамны шинжээчээс гүйцэтгэсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хүргүүлж нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатайг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч хуулийн этгээдээс байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн талаар, мөн өөр бусад байдлаар газар өөрийн Бүрэнхайрхан аялал-жуулчлалын цогцолбор төсөл(хавтаст хэргийн 82 дахь талд)-өө хэрэгжүүлэхээр ажилласан талаарх баримт гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзнэ.

Хэдийгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 А/519 дугаартай тушаалаар НН ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэсэн байх боловч энэ нь газар ашиглах эрхийг шинээр үүсгэж байгаа шийдвэр биш, харин өмнө үүссэн эрхийн хугацааг сунгасан агуулгатай шийдвэр байх тул нэхэмжлэгч талын ... сунгаснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрөөгүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй талаарх хугацаа нь газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэснээс хойш тоологдох ёстой гэх агуулга бүхий тайлбарууд үндэслэлгүй.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 тоот тушаалаар Н******* ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1-д ...дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; гэж заасан хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н******* ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 тоот тушаалын НН ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ