| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0306/Э/223/2023/0068 |
| Дугаар | 2023/ШЦТ/336 |
| Огноо | 2023-08-23 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
улсын яллагч Э.Уянга,
шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Х.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Ц.Дхолбогдох эрүүгийн __________ дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Алтанбулаг суманд 1969 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, мэргэжилтэй, Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн англи хэлний багш дээд боловсролтой, багш ажилтай, ам бүл 1. Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 5 гудамж 5 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгэлгүй, ЧП69051160 дугаарын регистртэй, Ц.Д.
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Д нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургуулийг Монгол-Англи хэлний багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2012 онд төгссөн гэх D201215707 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Д:
...Би 2005-2006 онд Боловсрол соёл шинжлэн ухааны оронд нутаг Англи хэлний багш бэлтгэх курс төгссөн. 2012 оноос эхлэн Англи хэлний багш бакалавртай байх ёстой гээд хуурамч диплом авсан нь үнэн энэ миний буруу... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.Д нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургуулийг Монгол-Англи хэлний багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2012 онд төгссөн гэх D201215707 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багшаар ажилд орохдоо ашигласан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн __________ дугаартай хэрэгт авагдсан
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга / хх-ийн 5-59 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Энх-Амгалангийн ...БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан. Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах. Багш нарын дипломыг pdf файлаар татаж авах, архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул Мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь хоёр болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын Мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээр хүмүүс 2022 оны 3 сараас эхэлж 8 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөл, хангаж мэдээллийг цэгцлэх цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн хоёр программ ашиглагддаг юм. Тухайн НЕМІЅ программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин ЕЅІЅ программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕЅІЅ систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 63-66 дугаар хуудас/,
Гэрч Я.Номинцэцэгийн ... Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим капбарээр хүлээн авч, бүртгэлцүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. Манай ажлын хэсгийн шалгалтаар 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн, багш, удирдах ажилтны боловсролын баримт бичиг, /диплом/ мэдээллийн сангийн бүртгэл /Esis програм/ бүртгэл, pdf файлаар ирүүлсэн материалд тулгалт хийж үзэхэд 1. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчдын дипломын дугаар давхардсан /овог нэр, регистрийн дугаар, гарын үсэг, тамга тэмдгийг скайнердсан/ зөрчил нь 458 боловсролын баримт бичиг /диплом/ илэрсэн. 2. Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил нь 145 боловсролын баримт бичиг /диплом/ илэрсэн. 3. Их, дээд сургуультай холбоотой /алдаатай бичилт хийгдсэн, төгсөгчдийн дугаарыг давхардуулсан, дээд боловсролын мэдээнд байхгүй төгсөлт хийсэн, архивын бүрдлийг өгөөгүй/ 13 зөрчил илэрсэн. 4. Боловсролын салбарт удирдах дээд байгууллагатай холбоотой /дугаар давхардуулж олгосон, архивын бүрдэл бүрэн хангаагүй, боловсролын мэдээллийн системд алдаатай оруулсан/ илэрсэн 1 зөрчил. 5. Өмнөх шатны боловсролын зөрчилтэй 108 зөрчил илэрсэн нийт 725 зөрчил тус тус илрээд байна. Үүнээс эхний хоёр ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан нь 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэж үзэж байна. Шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтээ мэдэгдэхүйц засварласан, тамга тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан. Мөн тухайн төгсөгчдийн мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан. Төгсөгчдийн бүртгэлийг давхардуулж олгосон, алдаатай бичсэн зөрчил 13 байсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд алдаатай шивэлт хийсэн 1 зөрчил байна... гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,
Гэрч А.Танан-Эрдэнийн ...Тухайн үед БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Номинцэцэг, Доржхуяг, Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан юм. Тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх мөн тэр болгоныг нарийн сайн санахгүй маш олон багш нарын мэргэжлийн диплом, баримт бичгийг шалгасан юм. Үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, E818 программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн. Яг системийн хувьд бол би сайн мэдэхгүй үүнийг бол яамны мэргэжилтэн Доржхуягаас дэлгэрэнгүй тодруулсан нь дээр харин миний хувьд бол өөрийн ажил юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. ESIS систем бол багш нарын боловсролын баримт бичгийн бүртгэл мэдээллийн систем, Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөө Монгол Улсад их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем, Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний /PDF/ ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом олгосон тайлан буюу жил бүр их, дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн pdf өргөтгөлтэй файл юм. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Би энэ талаар бол сайн мэдэхгүй байна. Бодлого боловсруулж гаргадаг эрх бүхий байгууллага буюу Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулах нь зүйтэй байх. Огт тэгээгүй. Энэ асуултад дээр хариулсан байгаа. ЕЅІЅ бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, Төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн юм. Ерөнхийдөө зөрчлөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн. 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,
Гэрч Н.Батбилэгийн ...Манай салбарын сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсгийн даргаар хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ч.Энх- Амгалан ахалж нарын бичгээр тус газрын ахлах шинжээч Б.Доржхуяг, хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Жавзанжаргал, ерөнхий боловсролын салбарын хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээч Д.Наранзул, сургалтын байгууллагын хөгжил, орчин, хэрэглэгдэхүүний бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Бадамжав, Цахим бодлого статистикийн хэлтэст шинжээч Д.Анхзаяа, Боловсролын ерөнхий газраас ахлах мэргэжилтэн Л.Батхангай, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч А.Танан-Эрдэнэ, Я.Номинцэцэг нарын хамт ажилласан. Боловсролын салбарт /Esis буюу боловсролын салбарын мэдээллийн систем/ болон /Hemis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем/ гэсэн хоёр мэдээллийн системийг ашигладаг. Esis системийг 2013 оноос хойш Боловсрол шинжлэх ухааны яам ашиглаад хөгжүүлээд явж байгаа Hemis системийг 2018 оноос хөгжүүлээд явж байна. Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг.
Еѕіѕ систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь hemis буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахилцуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний PDF, ДБ гэсэн үг нь Их дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 дүгээр хуудас/,
Гэрч Д.Анхзаяагийн ...Манай салбарын сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсгийн даргаар хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ч.Энх-Амгалан ахалж нарын бичгээр тус газрын ахлах шинжээч Б.Доржхуяг, хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Жавзанжаргал, ерөнхий боловсролын салбарын хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээч Д.Наранзул, сургалтын байгууллагын хөгжил, орчин, хэрэглэгдэхүүний бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Бадамжав, боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батбилэг, Боловсролын ерөнхий газраас ахлах мэргэжилтэн Л.Батхангай, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч А.Танан-Эрдэнэ, Я.Номинцэцэг нарын хамт ажилласан. Боловсролын салбарт /Esis буюу боловсролын салбарын мэдээллийн систем/ болон /Hemis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем/ гэсэн хоёр мэдээллийн системийг ашигладаг. Уг системийг ашиглах болсон шалтгаан 2018 оноос өмнө мэдээллийн нэгдсэн системгүй байсан энэ нь статистикийн мэдээ тайланг цасаар буюу еxcel хүснэгтээр авдаг байсан нь статистикийн мэдээний хамралт дутуу алдаатай буруу мэдээлэл цуглуулагдах зэрэг дутагдалтай байдлыг үүсгэж байсан болохоор 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарын хооронд нийт 18 сарын хугацаанд дээд боловсролын шинэчлэлтийн төслийн хүрээнд дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг боловсруулж ажилласан ба 2020 оны 12 дугаар сард системийг яам хүлээн авсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлэх үндсэн зорилго нь дээд боловсролын хөдөлгөөн үйл ажиллагааг цахимжуулах ялангуяа салбарын статистикийн мэдээг цахимжуулах нь уг системийн гол зорилго байсан. Тиймээс энэ ажлуудыг уг төслийн ажлын даалгаварт тусгаж хэрэгжүүлсэн. Үүний нэг нь дээд боловсролын төгсөлтийн үйл ажиллагааг цахимжуулах модуль боловсруулагдсан. Мэдээллийн санг бүрдүүлэхдээ тухайн нэгж байгууллага буюу их, дээд сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн мэдээллийг тусгай бэлтгэсэн нэг загвартай эхсэл файлын дагуу он тус бүрээр төгсөгчдийн мэдээллийг авч төгсөгчдийн статистик мэдээлэлтэй тулган системд дата импортоор оруулах зарчмаар мэдээллийн санг баяжуулан ажиллаж байна. Мэдээллийг бүрдүүлэхдээ статистикийн тухай хуулийн 9, 6 дугаар заалтын дагуу нэгж байгууллага буюу сургууль мэдээллийн үнэн зөвийг өөрөө бүрэн хариуцахаар хуулиар зохицуулж өгсөн байдаг мөн боловсрол шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын диплом олгох журмын 4.1, 4,3 дугаар заалтын дагуу диплом олгох уйл ажиллагааг тухайн сургуулийн захирал үнэн зөвийг хариуцна гэсэн заалттай байдаг. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.29, 3.2, 3.3, 3.4. 3.10 1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуултлаа байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 111-114 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Дгийн яллагдагчаар...Би уг тогтоолыг уншиж танилцсан. Миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2005 онд БСШУЯ-ны зөвшөөрлөөр Аймгийн боловсролын газрын дэргэдэх Англи хэлний багш бэлтгэх Америк багштай курс суралцаж 2006 онд төгсөөд Англи хэлний багшлах эрхийн Сертификат авсан. Миний суралцаж төгсөөд авсан Сертификат дээр Бага анги, Дунд анги, Ахлах ангид заана гэж ялгасан зүйл байхгүй бүх ангиудад Англи хэл заах эрхтэй байгаа. Тийм болохоор би 2013 оноос Төв аймгийн Алтанбулаг сумын Дунд сургуульд Англи хэлний багшаар ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш би одоо 2023 он хүртэл Англи багшаар ажиллаж байна. Би одоо Бага анги, Дунд анги, Ахлах ангиудад багшилж байна. Надад хэрэг үүсгээд байгаа Англи хэлний багш, бакалаврын зэргийг 2012 онд авч байсан. Гэхдээ энэ бакалаврын Диплом хамаагүй, би 2005-2006 онд суралцаж төгссөн. Англи хэлний багшийн Сертификатаар 2006-2008 онд Англи хэлний багшаар ажиллаж байсан. Тийм болохоор би энэ Бакалаврын дипломыг ашигласан зүйл байхгүй. Би Төв аймгийн Алтанбулаг суманд 1969 онд Д.Цэндсүрэнгийн том охин болж мэндэлсэн. Би эхээс 6 хүүхэдтэй айлын том охин байгаа юм. Би 1977- 1987 оны хооронд Алтанбулаг сумын дунд сургуулийг онц сайн дүнтэй төгсөж Анагаах ухааны дунд сургуульд 1987 онд Эм найруулагчийн ангид элсэн орсон. 1989-1993 он хүртэл Төв аймгийн Бүрэн, Алтанбулаг суманд эм найруулагч мэргэжлээр ажилласан. Би ажиллахын хажуугаар хүүхэд залуучууд, Олон нийтийн ажилд идэвхитэй оролцож, Алтанбулаг сумын Залуучуудын холбооны нарийн бичгээр 7 жил ажилласан. Мөн сумын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр 7 жил ажилласан. 2002-2004 онд Улаанбаатар хотын Удирдлагын Академид суралцаж Төрийн захиргаа Удирдлага мэргэжлээр төгссөн. Одоо 2006 оноос хойш Алтанбулаг сумын ЕБС-ын Бүрэн дунд сургуульд Англи хэлний багш, Нийгмийн ажилтнаар ажиллаж байна. Би ажиллах хугацаандаа Аймгийн Тэргүүний сурагчдын өөрөө удирдах байгууллагаар шалгарсан, Аймгийн гэмт хэрэг хэв журмын зөрчилгүй сургууль болж байсан. Би Удирдлагын Академид 2002-2004 оны хооронд 2,5 жилээр суралцаж төгсөөд Төрийн захиргаа удирдлага мэргэжил эзэмшсэн, 2005-2006 оны хооронд БСШУЯ-ны зөвшөөрлөөр Төв аймгийн Боловсролын газрын дэргэдэх Америк багштай Англи хэлний 1 жилийн сургалтад сууж Англи хэлний багшлах эрхийн Сертификат авсан. 2012 онд байх зараар явж байсан шиг санаж байна. Төлбөр төлбөл Англи хэлний бакалаврын зэрэгтэй диплом олгож өгнө гэсэн зарын дагуу 1 эмэгтэй хүнтэй танилцаад тэр хүнд 500.000/таван зуун мянган/ төгрөг өгөөд Англи хэлний бакалаврын диплом авч байсан санаж байна. Би энэ дипломыг авахдаа мөнгийг нь өгөөд авч байсан сургалтанд сууж байгаагүй. Би өмнө мэдүүлэг өгөхдөө Гантулга гэж хүн яриагүй, би ийм хүн байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Л.Л.Оын ...Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр 2021 оноос одоог хүртэл ажиллаж байна. Тухайн сургуулийн захирлын албан бичгийн дагуу энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа болно. Би Төв аймгийн Цагдаагийн газраас дээрх хэрэгт иргэний нэхэмжлэгч томилуулах албан бичиг ирсний дагуу Ц.Дг хуурамч баримт бичиг ашиглан ажиллаж байсныг мэдсэн. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 27 дахь заалтад заасан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, албан тушаалтанд тавих нийтлэг шаардлага, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах гэж заасны дагуу их, дээд сургууль төгсөж бакалаврын зэрэгтэй байх зайлшгүй шаардлагатай байдаг. Тухайн үед буюу 2006 анх Төв аймгийн Алтанбулаг сумын сургуульд ажлаар орох үед өөр албан тушаалтан байж томилсон ба одоог хүртэл ажиллаж байна. Тухайн Ц.Д нь ажилд томилогдон ажилласан цагаас хойш одоог хүртэл ажлын байрны чиг үүргийн зохих ёсны ажлыг хариуцлагатай гүйцэтгэн ажилсаныхаа хүрээнд хохирол болох 86,133,862 төгрөгийг авч байсан тул иргэний нэхэмжлэгчийн зүгээс хохирлын мөнгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Харин хуурамч диплом ашигласан үйлдлийг зохих журмын дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 153 дугаар хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 154 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Э.Уянга:
...Шүүгдэгч Ц.Д нь Монгол улсын боловсролын их сургуулийн боловсрол судлалын сургуульд Монгол Англи хэлний багш мэргэжлээр сурч төгсөөгүй байж Д201215707 дугаартай дипломыг хуурамч гэдгийг мэдсээр 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Дг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Мөн шүүгдэгч Ц.Дгийн 2013 оноос эхлэн Төв аймгийн Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд хуурамч диплом ашиглаж 86.136.862 төгрөгийн хохирол учирсныг нөхөн төлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энх-Амгалан:
...Шүүгдэгчийн гэм буруу дээр маргахгүй. Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн гол нь миний үйлчлүүлэгчид хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Өөрийн үйлдэл эс үйлдлийн хууль бус шинжтэй болохийг ухамсарлаж түүний улмаас бусдад хор хохирол учрахыг мэдэж түүнийг гаргахгүй байна чадна гэсний үндсэн дээр энэ хэргийг хийсэн байна гэж харж байна. Нотлох баримтаар гаргаж өгсөн гэрчилгээ, сертипикад байсан учраас багшилж байсан. Хамгийн гол нь диплом худалдаж аваад хувийн хэрэгтээ хийсэн. Тэрнээс биш тухайн диплом цалин хөлс авахад нөлөөлөөгүй. Сургуулийн захирал, менежер хохирлын 86.000.000 төгрөг нэхэмжлэхгүй гэж мэдэгдсэн. Тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, төрийн байгууллага, засгийн газрын тогтоолоор албан бусаар сураад явсан. Олон сургалтад сууж байсан. Бакалаврын зэрэггүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Д:
... Хуурам диплом авсан нь миний буруу. Надтай хамт сургалтад сууж байсан хүмүүс одоо ч багшилдаг зарим нь тэтгэвэртэй гарсан. Би хуурамч диллом авснаараа буруутайд байна. Миний багшлах эрх үүссэн. Би өөрийгөө бакалавр авсан аваагүй багшлах эрхтэй гэж бодож байна...гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ц.Д гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Д нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Ц.Дд холбогдсон тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн хорин гуравдугаар бүлэг “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т хамааруулсан байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглах үйлдлийн хувьд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг нь агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Д нь боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ц.Д нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй болно.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Ц.Дгийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд 86.133.862 /наян зургаан сая нэг зуун гучин гурван мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж олж авсан 86.133.862 /наян зургаан сая нэг зуун гучин гурван мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд түүнээс дээрх хохирлыг гаргуулж Төв аймгийн Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын сургуульд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Дгаас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Э.Уянга:
...Шүүгдэгч Ц.Дг эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар ял оногдуулах санал гаргаж байна. Уг хязгаарлалтын бүсийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээр тогтоох санал гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энх-Амгалан:
... Шүүхээс нэгэнт хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Төрд олон жил ажилласан байдал, гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөлж нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Д:
... Хугацаа багасгаж өгнө үү ...гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Ц.Дд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Дг эрх бүхий байгууллагын хяналтад Төв аймаг, Алтанбулаг сум 1 дүгээр баг 5 дугаар гудамжны 5 тоот оршин суух хаягаас явахыг, шүүхээс тогтоосон Алтанбулаг сумын нутаг дэвсгэр дотор чиглэлээр, мөн Төв аймаг Зуунмод сум руу тус тус зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэх арга хэмжээ авч,
оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн __________ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D201215707 дугаартай диплом нэг ширхийг устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж тус тус шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус
тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Д “...боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Д эрх бүхий байгууллагын хяналтад Төв аймаг, Алтанбулаг сум 1 дүгээр баг 5 дугаар гудамжны 5 тоот оршин суух хаягаас явахыг, шүүхээс тогтоосон Алтанбулаг сумын нутаг дэвсгэр дотор чиглэлээр, мөн Төв аймаг Зуунмод сум руу тус тус зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн __________ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ЧП69051160 дугаарын регистртэй, Ц.Дгаас 86.133.862 /наян зургаан сая нэг зуун гучин гурван мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Л.Л.Од олгож, Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D201215707 дугаартай диплом нэг ширхийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН