Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/346

 

 

 

 

 

 

 

                                 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Б,

хохирогч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч БД.Пд холбогдох эрүүгийн __дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1985 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Бласт автомотив” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн МСҮТ-ийн 1Б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ТЛ85121263 дугаарын регистртэй, БД.П.

 

                                   Холбогдсон хэргийн талаар:  

                                     /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.П:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэсэн байна... гэж,

 

Хохирогч Б:

...Би бие эрүүл мэндийн тухайд нэлээн хохирсон, дахиад цаашаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Гэхдээ эрүүл мэндтэй холбоотойгоор би нэхэмжлэл гаргаагүй. Төрийн албан хаагч хүн болохоор эрүүл мэндийн даатгалаараа төлөөд явсан. Төлбөртэй өрөөнд хэвтсэн хохирлууд бол гарсан, үүнийг би нэхэмжлээгүй. Шүүгдэгч бас машины мөнгө төгрөг төлөх гээд явж байгаа хүн. Би Дэндэв шиг явсан бол бараг 2, 3 сая төгрөг болох байсан байх, гэхдээ би нэхэмжлэхгүй. Харин машинтай холбоотой төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. 1.500.070 төгрөгийг нэхэмжилж байгаа... гэж,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Б:

... Байгууллагын машины мөнгийг нэхэмжилж байна. Иргэний хариуцагч болохын хувьд хэлэх зүйлгүй... гэж тус тус  мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн __дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.П нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Тоёота приүс 41 маркийн 79-84 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай автозамын 47 дахь километрийн орчим асфальтан зам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж УАЗ Пургон маркийн 12-40 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган иргэн Бын эрүүл мэндэд нь хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Э.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 5-24 дүгээр хуудас/,

Хохирогч Бын өгсөн ...2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос тэмцээнд орсон тамирчин хүүхдүүдийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ЕБС-ийн эзэмшлийн УАЗ Пургон маркийн 12-40 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл суулгаж аваад 14 цагийн орчим Спортын төв ордноос хөдөлсөн. Бид нар Дундговь аймаг явж байгаад 16 цагийн орчим Дундговь аймаг явах замтай Шинэ нисэх онгоцны буудал эргэх уулзвар чөлөөтэй байсан. Би уулзвараар гарч явтал баруун гар талаас цагаан машин гэнэт орж ирсэн. Би мөргөлдөхгүйн тулд бултах санаатай зүүн гар тал руугаа дартал нөгөө цагаан машин ирээд шууд мөргөсөн. Тэгээд тэрнээс цааш юу болсон талаар сайн санахгүй байна. Би нэг мэдсэн машиныхаа гадна хэвтэж байсан. Миний баруун талын дагзнаас их хэмжээний цус гараад нүд болон нүүр дагаад урсаад байхаар нь гараараа дарахад цус нь тогтохгүй байсан. Тэгээд даавуу авчраад боогоод байж байхад төв аймгийн эмнэлгийн машин ирээд бид нарыг аваад аймгийн эмнэлэг рүү явсан. Бид нар эмнэлэгт ирээд эмч намайг үзээд 120 гаран оёдол тавилаа гэж хэлсэн. Тэгээд дамнуурган дээр ачигдаад ахин Түргэний машинаар Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын эмнэлэг рүү хүргүүлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг /1-р  хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Хохирогч Р.Дэндэвийн өгсөн ...Б захирал жолоодож явсан. Миний биеийн баруун хөлийн шагай хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй, толгой орой дээрээ хагарсан, шанаа хэсэг хавдсан, хөлийн дотор тал нь хөхөрч хавдсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюумаагийн өгсөн ...Эмчилгээний зардлаа баримтаар нь нэхэмжилнэ. Багцаагаар 500.000-600.000 төгрөг болсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч О.Цэвэлмаагийн өгсөн ...Арын заалны гол хэсгийн урагш харсан суудлын голд нь сууж явсан. Миний хажууд талд нь Зүмбэрэлмаа, зүүн талд Энхжин сууж явсан. Захирал Буянтогтох жолоодож явсан. Хэдэн километрийн хурдтай явсныг би мэдэхгүй байна. Бид нар хөнгөн атлетикийн буухиа тэмцээнд оролцоод буцаж явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Ундармалын өгсөн ...2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Спортын төв ордны гаднаас сургуулийн машинд манай сурагчид болон би бид нар 13 цагийн орчим Дундговь аймаг Эрдэнэдалай сум явахаар явсан. Машиныг манай сургуулийн захирал Буянтогтох барьж явсан. Бид нар замд явж байгаад яармагийн орчим байх Оргил худалдааны төв орсон. Тэр үед бараг 15 цаг болж байсан байх. Бид нар тэндээс замдаа идэх хүнс аваад хөдөлсөн. Бид нар замдаа ахин зогсоог шууд явсан. Бид нар Шинэ нисэх онгоцны буудлын уулзвар дээр зогсож явж байхад захирал Буянтогтох нь хүүе наана чинь гэж орилтол манай машин хажуу, тийш эргэх шиг болсон. Өнхрөөд байх шиг байсан. Би машинаас буугаад гадна гарч харахад машины гадна захирал толгойноосоо шил түүж авч байсан. Тэгсэн тэр цаана зам дээр цагаан өнгийн приүс маркийн машин зам дээр зогсож байсан. Тэр машины жолооч бууж ирээгүй. Тэгээд түргэний машин ирээд бид нарыг аваад явсан. Төв аймгийн эмнэлэгт ирээд бид нар эмчид үзүүлээд эмчилгээ хийлгэсэн. Тэгээд ах эгч нартайгаа хамт Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганболорын өгсөн ...Баруун далны доор язарсан шархтай, ши орсон, баруун гар тал хэсэг нь тэр чигээрээ зулгаралт хөх эрээн болж хавдсан, зөөлөн эдийн гэмтэлтэй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Төмөрчөдөрийн өгсөн ...2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Спортын төв ордны гаднаас өдөр Эрдэнэдалай сумын ЕБС-ийн захирал Б нь Пургон маркийн машинаар бид нарыг авахаар ирсэн. Тэгээд би машины буруу талын хамгийн арын суудал дээр суусан. Уг машинд нийт 12 хүүхэд, 2 том хүн нийт 14 хүн сууж Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу явахаар болсон. Бид нар зам даа яармагийн тэнд байх Оргил худалдааны төв ороод тэндээс замдаа идэх хоол хүнс аваад явсан. Тэгээд явж байгаад би замдаа унтаад өгсөн. Тэгээд унтаад явж байтал нэг юм ирээд манай машиныг хүчтэй мөргөх шиг болсон. Тэгэхээр нь сэрээд хартал манай машин онхолдчихсон байсан. Би дотроос нь гарч чадахгүй, хөдөлж чадахгүй байсан. Тэгээд 1 хүүхдээр татуулаад Пургоноос гарсан. Машинаас гараад харахад бид нарын хувцас тарчихсан хүүхдүүд орилолдоод зогсож байсан. Бид нарын машинаас баруун урд зүгт зам дээр цагаан өнгийн приүс маркийн зам дээр зогсож байсан. Тэр үед миний баруун гар дээш өргөж болохгүй доош унжчихсан цус гарч байсан. Тэгсэн удалгүй түргэний машин ирээд намайг түргэний машин ирээд Төв аймаг руу эмнэлэг рүү аваад явсан. Төв аймгийн эмнэлэг дээр очоод шархаа цэвэрлүүлээд дотроос нь шил авхуулаад боолт хийлгүүлээд тэгээд Улаанбаатар хот руу ГССҮТ рүү хүргүүлээд дахин боолтоо цэвэрлүүлж ахин шил түүлгүүлээд оёдол тавиулсан. Рентгэн зураг авхуулаад биеийн байдлаа үзүүлээд гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаагийн өгсөн ...Баруун дал хэсэгт мах нь урагдаж хагархай шил зоогдож орсон байсан. Толгой нь хаван хавдартай, баруун мөр мултралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Би эмчилгээний зардалд нийт бараг 4.000.000-5.000.000 төгрөг орчим гарсан Зарим баримт нь байгаа. Бариачаар бариулсан тэр баримт байхгүй хэцүү байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Бийн өгсөн ...Манай Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуулийн нэр дээр бүртгэлтэй байдаг сургуулийн машин байгаа юм. Машинаа төлүүлж авмаар байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79 дүгээр хуудас/,

Гэрч Р.Дэндэвийн өгсөн ... Дундговь аймгийн замаар эргээд Жуулчны бааз өнгөрөөд засмал замаар уруудаад явж байтал Хөшигтийн онгоцны буудал эргэх 4 замын уулзвар дээр явж байтал миний сууж явсан талаас нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд би юу болсныг мэдэхгүй байна, ухаан алдсан байх шиг байсан. Нэг мэдэхэд Цэрэнтогтох гэх хүүхэд багшаа гээд намайг дуудахад нь сэрсэн. Тэр хүүхэд намайг машинаас татаж гаргасан. Би машинаас гараад хөл өвдөөд гишгэж чадахгүй зогсож байгаад юу болсон бэ? ямар машин байсан бэ гэхэд хүүхдүүд маань тэнд байна, тэр цагаан өнгийн машин мөргөсөн гэж хэлсэн. Тэгсэн удалгүй Төв аймгаас түргэний машин ирээд намайг, 3 хүүхдүүдийн хамт аваад явсан. Миний мэдэж байгаа зүйл энэ л байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Энхжингийн өгсөн ... Тэгээд цаашаа явж байгаад гэнэт захирал Буянтогтох нь яадаг муу хүүр вэ гэж орилсон тэгтэл машин онхолдож хоёр удаа өнхөрсөн. Тэгээд бүгдээрээ зүгээр үү гэж орилж ярилцаж байгаад машины хагарсан цонхоор бүгд машинаас гадагш гарсан. Машинаас гарсны дараа захирал Буянтогтохын толгойноос цус гарсан байсан. Тэгээд удалгүй баахан хүмүүс ирсэн байсан. Тэгээд эмнэлгийн машин ирээд бид нарыг аваад эмнэлэг явсан. Төв аймгийн эмнэлэгт ирэхэд эмч нь хүнд хүмүүсийг авч ороод, бусдыг нь гайгүй гэмтсэн бол гадаа байж бай гэж хэлсэн. Эмч нь намайг толгойн зураг авхуул гээд тэгээд орж зургаа авхуулсан. Тэгээд зургаа авхуулаад бүгдээрээ Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явсан. Ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Анужингийн өгсөн ...Би машины арын эгнээний урагш харсан сандал дээр сууж явсан. Миний хажууд Цэвэлмаа эгч байсан. Өөр хэн байсныг санахгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч О.Булгантамирын өгсөн ...Би голын суудлын захад сууж байсан. Миний хажууд Энхжин, Цэвэлмаа, Зүмбэрэлмаа нартай хамт сууж явсан. Захирал Буянтогтох жолоодож явсан. Би хэдэн километрийн цагийн хурдтай явж байсныг нь  мэдэхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай ...Өгөгдсөн материалаар Бын биед гавлын баруун талын дух ясны ар, доод хэсгээс чамархай, суурь ясны далавч хүртэл үргэлжилсэн урт шугаман хугарал, баруун хацар ясны нум зөрөөгүй хугарал, толгойн баруун зулай чамархай хэсгийг хамарсан хууларсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн компьютерт томограммын шинжилгээгээр оношлогдсон байна. Дээрх гэмтлүүдийн гавлын баруун талын дух ясны ар, доод хэсгээс чамархай, суурь ясны далавч хүртэл үргэлжилсэн урт шугаман хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун хацар ясны нум зөрөөгүй хугарал, толгойн баруун зулай чамархай хэсгийг хамарсан хууларсан шарх гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамаарна. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 109-111 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 262 дугаартай ...О.Цэвэлмаагийн биед бүсэлхийн 3-р нугалмын баруун хажуугийн сэртэнгийн зөрөөгүй хугарал, бүсэлхийн 2, 4-р нугалмын баруун хажуугийн сэртэнгийн цуурал, нуруунд зулгаралт, баруун шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 128-129 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 290 дугаартай ...Р.Дэндэвийн биед Баруун өвдөг болон шилбэний зөөлөн эдийн цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн цус хуралт, баруун шагайн зөөлөн эдийн гэмтэл гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үзлэг хийсэн тухайн цаг хугацаанаас 10-13 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 131-132 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаартай ...С.Зүмбэрэлмаагийн биед хүзүү, баруун мөр, чихний ард зулгаралт, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 134-135 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 264 дугаартай ...Г.Ундармалын биед баруун даланд шарх, баруун мөрний ард зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 137-138 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 263 дугаартай ...Б.Төмөрчөдөрийн биед баруун даланд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 256 дугаартай ...Д.Пгийн биед зүүн ташаа, зүүн тохой, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5 дугаар асуултад: Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 169-170 дугаар хуудас/,

“Вендо” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 43893 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 175-176 дугаар хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 06/147 дугаартай ...Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн Экологийн асуудал хариуцсан мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч цолтой Ч.Батбаатарын ирүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу үнэлгээчин Г.Амбасэлмаа шинжээч үнэлгээчин 12-40 ДУН улсын дугаартай УАЗ Пургон маркийн автомашины зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 39,423,300 /гучин есөн сая дөрвөн зуун хорин гурван мянга гурван зуу/ төгрөг, хохирлын үнэлгээ 29,986,000 /хорин есөн сая есөн зуун наян зургаан мянга / төгрөг гэж тус тус дүгнэлээ... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 183-193 дугаар хуудас/,

“Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 23/78 дугаартай ...Хэргийн материалтай танилцахад Toyota Prius маркийн 79-84 УБП улсын дугаартай автомашины жолооч Д.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. UAZ Purgon маркийн 12-40 ДУН улсын дугаартай автомашины жолооч Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.В дүгээр зүйл дэх.... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно", мөн дүрмийн 23.9.А дугаар зүйл дэх "Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцахад Toyota Prius маркийн 79-84 УБП, UAZ Purgon маркийн 12-40 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 210-211 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Пгийн яллагдагчаар өгсөн ...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 237 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

  Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

  Улсын яллагч Л.Наранхүү:

... шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Б 1.578.753 төгрөгийг автомашинтай холбоотой нэхэмжилсэн, хохирогч Төмөрчөдөр 143.300 төгрөгийн хохирол баримтаар нэхэмжилсэн нь төлөгдөөгүй байгаа тул шүүгдэгчээс 1.578.753 төгрөгийг гаргуулан хохирогч Бод, 143.300 төгрөгийг гаргуулан хохирогч Төмөрчөдөрт олгуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгчийн УАЗ фургон маркийн машинд 29.986.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б:

 ... Өмнө нь шүүхээр явж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Иргэний хариуцагч заавал томилж өгөх ёстой гэхээр нь томилсон болохоос биш зүв зүгээр байсан хүн яагаад мөнгө төлөх болчихдог юм бэ. Би эрүүл мэндийн хохирлоо нэхэмжлээгүй. Яагаад хувааж төлнө гээд байгааг ойлгохгүй байна... гэсэн дүгнэлтийг,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Б:

... Танай захирал хүнд гэмтсэн, хуралд оролцож чадахгүй бол та оролцох уу гэхээр нь ирсэн. Гэтэл намайг хариуцна гээд байгааг ойлгохгүй байна... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар:

... Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. УАЗ фургоны мөнгө 29.986.000 төгрөгийн хохиролд даатгалаас 5.000.000 төгрөг гаргаж өгье гэсэн. Үлдэх 24.986.000 төгрөгийг иргэний хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ”, мөн хуулийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг. Хохирогч Бын баримтаар гаргаж өгсөн 1.500.070 төгрөгийг маргаангүй төлнө... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч Д.П:

  ... Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

  Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Д.П болон түүний өмгөөлөгч маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.П нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

  Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.П нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.П тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд  гэмтлүүд учирсан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт ...“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”... мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”... гэснийг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

Тэрээр шүүгдэгч Д.П Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалт "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Пг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Л.Наранхүү болон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар нар нь УАЗ фургоны мөнгө 29.986.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай саналыг гаргасан байх ба 1 дүгээр хавтас хэргийн 209 дүгээр талд “Цагаан шохнорын жигүүр”-ийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 23/78 дугаартай дүгнэлтэнд...Toyota prius маркийн 79-84 УБП улсын дугаартай авто машины жолооч Д.П нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж, шинжээчид тавих асуултын 4 дэх асуултанд ...хэн гэдэг ямар хүн Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол болсон бэ асуултанд энэ дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан гэж үзэж байна гэсэн байх ба уг дүгнэлтээр зам тээврийн ослыг шүүгдэгч Д.Пг гаргасан байх бөгөөд үүнээс учирсан хохирол хор уршгийг харуцвал зохих этгээд болох нь тогтоогдож байх тул иргэний хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн болно.   

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Пгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Бын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан байна.  

 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эрүүл мэндэд учирсан хохирол болох 1.578.750 төгрөгийг,

Насанд хүрээгүй хохирогч Э.Цгийн эрүүл мэндэд учирсан хохирол 600.000 төгрөгийг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Төмөрчөдөрийн эрүүл мэндэд учирсан хохирол 143.300 төгрөгийг,

Мөн УАЗ пургон  маркийн 12-40 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 29.986.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Д.Пгээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзсэн.

шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх” талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

 

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Д.П нь шүүхээс гаргасан хохирлыг хохирогч Б 1.578.750 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Э.Цд 600.000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн байх ба насанд хүрээгүй хохирогч Б.Төмөрчөдөрт 143.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд төлөхөө илэрхийлсэн болно. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ТЛ85121263 дугаарын регистртэй, БД.Пгээс 143.300 /нэг зуун дөчин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Б.Төмөрчөдөрт, 29.986.000 төгрөгийг мөн шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Бөд тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

  Улсын яллагч Л.Наранхүү:

             ...Шүүхээс шүүгдэгч Д.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өмнө хэрэгт холбогдож байгаагүй, хохирогч Бын хохирол төлбөрийг төлсөн, насанд хүрээгүй хохирогч хууль ёсны төлөөлөгч Төмөрчөдөрийн 143.300 төгрөгийн хохирлыг төлөөгүй, эд хөрөнгийн хохирол 29.986.000 төгрөгийн хохирол учирсныг төлөөгүй байгаа зэргийг харгалзан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялын бүсийг Төв аймгийн Зуунмод сумаар тогтоолгох саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б:

  ...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Б:

  ...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар:

...Миний бие мөрдөн шалгах ажиллагаанаас өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг авч үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй, гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Иймд хувийн байдлыг нь харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар эрх зүйн байдал нь дордох гээд байна. Улаанбаатар хот руу ажилдаа явдаг учир Төв аймгаар хязгаарлалт тогтоовол ажилгүй болчихно. Хоёр хүүхдээ хардаг өрх толгойлсон эх тул тэнсэн харгалзаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

   Шүүгдэгч Д.П:

  ...Би хот руу ажилдаа явдаг учраас тэнсэж өгнө үү. Гэм буруугаа ойлгож байгаа, хохирлыг аль болох барагдуулна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

  Шүүх шүүгдэгч Д.Пд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг болон хувийн байдлыг харгалзан  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Д.Пгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

  Эрүүгийн __дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.П энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

        Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч БД.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч БД.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч БД.Пг шүүхээс тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч БД.Пг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн __дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.П энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч БД.Пгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ТЛ85121263 дугаарын регистртэй, БД.Пгээс 143.300 /нэг зуун дөчин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Б.Төмөрчөдөрт, 29.986.000 төгрөгийг мөн шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Бөд тус тус олгосугай.

 

8. Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч БД.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч БД.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ДЭЛГЭРМӨРӨН