Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/350

 

 

 

 

 

 

 


 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Б.Д даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн ___дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

 

 Холбогдсон хэргийн талаар:

 /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь фэйсбүүк чат болон 89070952 дугаарын утсаар иргэн Б.Дтэй холбогдон "идэшний үхэр зарна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 5009901089 дугаартай дансаар 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны өдрийн хооронд 350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт :

Шүүгдэгч Д.Б: Прокурорын уншсан яллах дүгнэлтийг сонслоо. Зохиомол байдлыг бий болгож фейсбүүк чатаар гэж байна, ийм ийм утасны дугаар явуулсан гэж байна. Энэ бүгд бол худлаа. Би Б.Д гэж хүнийг огт танихгүй, О.Диваасамбууг танина. Дансны хуулгыг нотлох баримт гэж хэлж байх шиг байна. Тухайн шилжүүлсэн 350.000 төгрөгийг би биш О.Диваасамбуу гэж хүн Улаанбаатар хотод ирэнгүүтээ гоо сайхны бараа материалын мөнгө гэж хийж байхад нь буцаагаад материалын мөнгийг нь гоо сайхны газар луу нь шилжүүлж өгсөн байдаг. Энэ юун мөнгө юм бэ гээд асуунгуут манай эгчийн мөнгө байгаа юм аа, надаар бараа захиалуулдаг юм, гоо сайхны газар байдаг юм гэж хэлсэн. Түүнээс би Б.Д гэж хүнийг танихгүй. О.Диваасамбуугийн Д.Бтай хоёр удаа Улаанбаатар хотод уулзсан гэх мэдүүлэг байдаг. Зохиомол байдал гэж байхгүй зүйлийг бий болгож ашиглаж байгааг хэлнэ. Гэтэл үүн дээр 350.000 төгрөгөөр үхэр авна гэсэн гэдэг. Үхэр гэдгийг нь прокурор яг юугаар нотлоод байгаа юм бэ гэдгийг гайхаад байна. Хавтас хэргийн материалтай танилцаад үзэхээр фейсбүүк чатаар авагдсан нотлох баримт байдаггүй. О.Диваасамбуу үхэр өгнө гээд ийм үхэр зураг өгсөн гэдэг, гэтэл О.Диваасамбуу надаас авсан гэх баримтууд байдаггүй болохоор гайхаад, эргэлзээд байна. Б.Д гэх хүний дансыг би мэдэхгүй. Эхлээд 200.000 төгрөг орж ирэхээр нь би О.Диваасамбуугийн гоо сайхны мөнгө гээд 3 лангуу руу шилжүүлж өгсөн байдаг. Дараа өдөр нь зүгээр Мөрөн гэсэн утгатай 150.000 төгрөг орж ирэхээр нь энэ юун мөнгө орж ирээд байгаа юм бэ гээд тухайн үед гэрчээс асуухад гэрч манай эгч үсчин хийдэг юм, манай ангийн хүүхдийн ээж нь байгаа юм, тийм болохоор би гоо сайхны бараа тэдний ажлынханд зардаг юм, тэр мөнгөө над руу шилжүүлж байгаа юм гэсэн ойлголтыг өгсөн. Тухайн үед би тийм л ойлголт аваад мөнгийг нь шилжүүлсэн. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд яригдах байх гэж бодож байна. Прокурор намайг үхэр зарна гээд 350.000 төгрөг авсан гэж яриад байгаа. Үхэр зарна гэсэн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй болохоор үхэр зарна гэж хэлснийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хохирогч талаас нотлох баримтыг 100 хувь гаргаж өгдөг. Тийм баримт гаргаад өгөөд, хавтас хэрэгт авагдаад, намайг шүүх рүү шилжүүлчихлээ гэх юм бол би ингэж, ингэж мэдүүлэг өгөх ёстой юм байна гэж бодоод орно. Хохирогч гомдолдоо зөвхөн утасны дугаар бичсэн байдаг. Фейсбүүкээр үхэр зарна гэсэн баримт хавтас хэрэгт байдаггүй. Үхэр нь гэдэг нь арай л биш юм болов уу гэж би бодож байна. Хүн гүтгэж байна гэж бодож байна. 350.000 төгрөг миний дансанд орсон гэдгийг хүлээн зөвшөөрнө. Прокурорын үхэр зарна гэсэн гэж ярьж, хөөж байгааг давхар шалгуулах хүсэлтэй байна. Прокурор мэдээж яллах дүгнэлт үйлдэхдээ хавтас хэргийн материалтай танилцана. Д.Б хавтас хэргийн материалтай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгийг өмгөөлөгчид яагаад бичиж өгсөн бэ гэхээр хохирогчийн мэдүүлэг дутуу байна, нотлох баримт нь дутуу байна. Би дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэмээр байна гэж хүсэлтийг нь бичээд өгье гэсэн чинь чи араас хүсэлтээ явуулаарай гээд намайг орхисон байдаг. Би өөрийнхөө өмгөөлөгчөөр хүсэлт гаргасан боловч манай өмгөөлөгч явуулсан гэсэн боловч Л.Наранхүү прокурор хүсэлт ирээгүй гэдэг, би хуучин өмгөөлөгч рүүгээ ярихаар өгсөн л гэдэг. Ийм болохоор би үхэр гэдэг зүйлийг дахиж шалгуулмаар байгаа юм. Яг Д.Б үхэр зарна гэсэн нотлох баримт байгаа эсэхийг шалгуулмаар байна. Тэгэхгүй бол надад бас их хохиролтой, эрх зүйн байдал дордож байна. Би энэ хэргийг нэгтгүүлчихье гээд аль 2020 оноос хойш 3 жил явлаа. Одоо бараг хөөн хэлэлцэх хугацаа нь дууслаа. Энэ хэргийг шалгуулъя гэсэн боловч намайг мөрдөгч нь ч, прокурор нь ч хүлээж авч хэлэлцээгүй. Хүмүүст аягүй муухай сонсогдоно шүү дээ. Нөгөө Д.Б чинь 350.000 төгрөгийн үхэр залилаад авчихсан гэсэн гээд. Үхэр гэдгийг нь шүүх өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд нотлох баримтаар судлах байх. Би мөнгө авснаа хүлээн зөвшөөрнө. Үхэр зарна гээд хохирогчоос мөнгө авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл нотлох баримтгүй байгаа гэж мэдүүлдэг,

 

Үйл баримт:

Эрүүгийн ___дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Б нь фэйсбүүк чат болон 89070952 дугаарын утсаар иргэн Б.Дтэй холбогдон “идэшний үхэр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 5009901089 дугаартай дансаар 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны өдрийн хооронд 350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Хохирогч Б.Дгийн өгсөн ...2020 оны 9 дүгээр сарын сүүлээр Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг Цахиурт дэлгүүр дотор байрлалтай Хадагтай үсчин гээд нэртэй манай ажлыг гадаа миний таньдаг болох хүн Диваасамбуу тараад бид хоёр юм ярьж зогсож байгаад би идэшний үхэр сонирхоод явж байна гэхэд Диваасамбуу “надад нэг сайн таньдаг хүн байгаа” би тэр хүнээсээ асууж үзээд танд эргээд хариу хэлнэ гэж хэлсэн. Тэгээд удалгүй 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай ажил дээр Диваасамбуу ирээд надад гоо сайхны бараа өгөнгөө надад хандаж “би нөгөө хүнээсээ асуусан шүдлэн үхэр зарна” гэж байна гээд Даваасамбуу миний хажууд нөгөө үхэр зарж байгаа хүнтэйгээ холбогдоод шууд чатаар үхрийн зураг аваад надад харуулаад байхаар нь би нөхрөөсөө асуугаад хариу хэлье би бол өөрөө хараад сайн мэдэхгүй байна гэж хэлээд тэр өдрийн оройн нь өөрийн нөхөртэйгөө уулзаад үзэхэд манай нөхөр найдвартай бол аваа гэхдээ ийм хямдхан үхэр зарж байгаад сонин юм дага гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нөгөө үхэр зарах хүн над руу 89070952, 96052272, 95749876 дугаарын утсаар залгаад зөндөө юм ярьж байснаа эгчээ та надад 200.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 5009901089 гэсэн дугаарын данс руу шилжүүлсэн тэгээд маргааш нь бас нөгөө үхэр зарах хүн холбогдоод эгч та мөнгөтэй бол дахиад 150.000 төгрөг шилжүүлээч би малын гарал үүслийн бичиг авах гэсэн юм гээд хэлэхээр 5009901089 данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд үхэр авчирч өгөөгүй нөгөө хүний утасны дугаар нь холбогдохгүй байгаад байна... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32, 34-35 дугаар хуудас/,

Гэрч О.Диваасамбуугийн өгсөн ...Би эрх үүрэгтэйгээ танилцлаа, асууж тодруулах зүйл байхгүй. 2020 оны 8 дугаар сарын сүүлээр би фейсбүүк хаягаар ******* гэх хүнтэй танилцсан юм. ******* надад хандаж үхэр зарж байгаа үхэр авах хүн байвал мэдэж байгаарай гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гоо сайхны бараа өгөх гээд би Б.Д эгчийн ажилладаг үсчин ороод би *******ын дугаар луу залгаад манай ажлын эгч үхэр авах гээд байна гэсэн чинь ******* үхрийн зургийг нь миний фейсбүүк чат руу явуулахаар нь би Б.Д эгчид үзүүлсэн чинь Б.Д эгч нөхрөөсөө асуугаад эргээд хариу хэлье гэсэн тэгээд удалгүй Б.Д эгч үхэр авахаар болохоор нь би *******ын дугаарын өгч хооронд нь холбуулж өгсөн. Удалгүй Б.Д эгч надад хандаж нөгөө ******* гээд хүн чинь үхрээ өгсөнгүй одоо дугаар нь холбогдохгүй байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 36, 43-44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Бын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 68-78, 123-137 дугаар хуудас/,

Гэрч О.Диваасамбуугийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 107-122 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

Яллагдагч Д.Бын өгсөн ...Би мэдүүлэг өгөхгүй гарын үсэг зурахгүй гомдолтой байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 105 дугаар хуудас/ хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

... Шүүгдэгч Д.Б нь фэйсбүүк чат болон 89070952 дугаарын утсаар иргэн Б.Дтэй холбогдон "идэшний үхэр зарна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 5009901089 дугаартай дансаар 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны өдрийн хооронд 350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Д.Бын дансны хуулга зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Б нь Төв аймгийн Зуунмод сумын Номт нэгдүгээр багт оршин суух иргэн Б.Дд фейсбүүк чатаар үхрийн зураг харуулж, идэшний үхэр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн Хаан банкны 5009244743 дугаартай дансаар 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 200.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 150.000 төгрөг, нийт 350.000 төгрөгийг залилж авсан үйл баримт тогтоогдсон байна. Д.Б нь хохирогчид идэшний үхэр зарах, хариу төлбөр, үйлчилгээ үзүүлэхгүйгээр мөнгийг авч байгаа нь шунахайн сэдэлт, санаа зорилготой байсан гэж үзнэ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан шинжийг хангасан байна. Дээрх тогтоогдсон үйл баримтаар Д.Б нь залилах гэмт хэргийг шинжийг хангасан гэж дүгнэв. Иймд Д.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид учирсан 350.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа тул шүүгдэгч Д.Баас 350.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Дд олгуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Б:

... Миний бие хохирогч гэх Б.Дөөс 350.000 төгрөгийг дансаар  авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Зохиомол байдлыг бий болгосон, үхрийн идэш зарна гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул прокурорын гаргасан дүгнэлтийг эсэргүүцэж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Д.Бын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Залилах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.

Өөрөөр хэлбэл хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг байна.

Харин шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмшиж, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэ гэмт хэргийн шинж хангагддаг.

 

Үүний адил шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны өдрийн хооронд иргэн Б.Дтэй холбогдон “идэшний үхэр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 5009901089 тоот дансаар 350.000 шилжүүлэн авч залилсан байна.

 

Дээрх залилсан үйлдэл нь “нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж зааснаар хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа төгсдөг.

 

Тэрээр шүүгдэгч Д.Б бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Б.Дд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь “прокурорын яллах дүгнэлтэнд бичснээр “үхэр зарна” гэж залилсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэж мэтгэлцэж байгаа хэдийн ч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан байх тул шүүгдэгчийн гаргасан хүсэлт нь үндэслэлгүй байна гэж үзсэн.    

 

Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Д.Бын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Дд 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. 

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдэж олж авсан 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Иймд дээрх хохирлыг шүүгдэгч Д.Баас гаргуулж хохирогч Б.Дд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Баас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:    

  Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч Л.Наранхүү:

... Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна Энэ оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 4 жил, 4 сар, 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 жил, 10 сар, 16 хоногийн хугацаагаар тогтоолгож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч Д.Б:

  ...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

  Шүүх шүүгдэгч Д.Бд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг болон хувийн байдлыг харгалзан  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 6 /зургаа/ сарын хорих ял тохирно гэж,   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Б энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Өвөрхангай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 10 /арав/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн ___дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б энэ хэрэгтээ 18 /арван найм/ хоногийн цагдан хоригдсон хоногтойг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

      шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                           заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Быг “зохимол байдлыг зориудаар бий болгож, бусдыг хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Б энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Өвөрхангай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 10 /арав/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жил 10 /арав/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн ___дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон нийт 18 /арван найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ФВ94101019 дугаарын регистртэй, Д.Баас нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ХЗ67042006 дугаарын регистртэй, Баа овгийн Бат-Очирын Б.Дд олгосугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.Б.Д