Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 392

 

Ж.О-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Ж.О-, түүний өмгөөлөгч Ц.Ихбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ж.О-ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2008003950111 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Ж.О-, 1980 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,

            Ж.О- нь 2020 оны 1 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 44 дүгээр байрны 27 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.Ононтой хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгой, цээж хэсэгт гар, хөлөөрөө болон модон сандлаар цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.О-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ гэмшиж байна. Цаашид өөрийн хувийн байдалдаа дүгнэлт хийж, зан ааш, сэтгэл санааны уур бухимдлаа тэвчиж сурах, сэтгэцийн хэвийн байдлаа тогтвортой байлгах, болчимгүй гэмт үйлдэл дахин гаргахгүй байх асуудал дээр онцгойлон анхаарч гэр бүлдээ илүү их цагийг зориулах болно. Иймд хувийн байдлыг маань харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, эсхүл торгох ялаар сольж өгөхийг хүсье.” гэв.

Шүүгдэгч Ж.О-ы өмгөөлөгч Ц.Ихбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.О-ы гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхэд 2 сар гаруй хугацаа шаардагдана. Гэтэл Ж.О-ы бага насны гурван хүүхэд нь харах хүнгүй тул асран хамгаалалт зайлшгүй шаардлагатай байгаа. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж орсон. Нэг талаас вирус тархсан хэцүү нөхцөлд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биш торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Т.Ононг толгой болон нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиж, газар унахад нь цээжний хэсэгт хөлөөрөө 5-6 удаа дэвсэх, мөн босгоод хана руу шахаж “үх чи” гэх зэргээр онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан. Хохирогч хажуу айлынхаа цонхыг цохиж тусламж дуудсанаар уг гэмт үйлдэл таслан зогсоогдсон байдаг. Шүүгдэгчийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед санхүүгийн эх үүсвэр болон орлоготой эсэх нь тогтоогдоогүй. Шүүгдэгчийн зүгээс энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.О-д оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор  уршигт нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ж.О- нь 2020 оны 1 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 44 дүгээр байрны 27 тоотод өөрийн гэртээ эхнэр Т.Ононг “Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэлээ” гэх шалтгаанаар түүний толгой, цээж хэсэгт гараараа болон модон сандлаар цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Т.Онон нь “...2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр ажил дээрээ байхад нөхөр О- намайг хардаад “Чи тэрэнтэй зайлаарай” гэж мессеж бичээд байсан. Орой 23 цагийн үед гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд уурлах гээд байгаа юм шиг том том дуугараад унтахгүй байсан. Шөнө 02 цагийн үед миний нойр хүрэхгүй байсан тул хүмүүстэй чат бичиж байсан. Тэгсэн чинь нөхөр гэнэт босч ирээд юм хэлэлгүй миний толгой руу гараараа 1 удаа, толгой болон нүүр лүү модон сандлаар 2-3 удаа цохиод би газар унахад цээж хэсэг рүү хөлөөрөө 5-6 удаа дэвссэн. Тэгээд би босоход хана руу шахаад “Ингэж байхаар үх чи” гэж уурлаад тагт руу түлхэж гаргасан. Тэгэхээр нь би хажууд айлын цонхыг цохиж тусламж дуудсан. Нөхөр намайг зодоход бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Манай гурван хүүхэд нөгөө талын өрөөнд унтаж байсан. ...” /хх 9, 31-32/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, маргаан үүссэн шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- шүүгдэгч Ж.О-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...эхнэр Онон өөр хүнтэй асуудал үүсгэж гэр бүлээс гадуур харилцаатай байгаад байхаар нь уурлаад 1 удаа алгадаж авсан. Би согтуу байсан учир зарим үйлдлээ санахгүй байна. Эхнэр маань надад зодуулахаас өмнө биед нь ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. ...” /хх 49-52/ гэсэн мэдүүлэг,

- цагдаагийн байгууллагад гэр бүлийн маргааны талаар дуудлага мэдээлэл өгсөн лавлагааны хуудас /хх 7/,

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1245 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 38-39/ зэргээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хохирогч Т.Ононгийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1245 дугаартай шинжээчийн дүгнэлтийг түүний биеийн хэсэг газарт хийсэн үзлэгийн үр дүнд үндэслэн гаргасан байх бөгөөд уг дүгнэлтэд “...тархи доргилт, дагзны хуйх, баруун нүдний доод зовхи, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн булангийн шарх, баруун хацар, баруун бугалга, тохой, шуу, зүүн суганы доод хэсгийн цус хуралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах...” болохыг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Т.Ононгийн биед учирсан олон тооны шарх, гэмтлүүд бүхэлдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх ба эдгээр нь шүүгдэгч Ж.О-ы гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилсан.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” гэх шинжийг тодорхойлохдоо хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлаас гадна, гэмт этгээдийн уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлаах, зовоож шаналгах зорилгоор эрүүл мэндэд нь аюултай үйлдлээ удтал үргэлжлүүлсэн зэргийг харгалзан үздэг. 

 Шүүгдэгч Ж.О-ы гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээнээс үзвэл түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн хэмээн дүгнэх үндэслэлтэй.

Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн байх боловч үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхдөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн ойлголт, шинжийг буруу тайлбарлан гэмт хэргийн шинжийг хангаагүй үйлдэлд буюу тухайн гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Ж.О- нь гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан эхнэрээ байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Харин хохирогч Т.Онон “...өдрөөс хойш намайг чатаар бусадтай хардаад, “чи тэрэнтэй зайлаарай” гэх мессеж бичээд байсан. Шөнө 02 цагийн үед намайг бусадтай чатаар харилцаж байхад гэнэт босч ирээд зодсон. Урьд өмнө нь зодож гар хүрч байгаагүй...” гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч Ж.О- нь эхнэр Т.Ононг тухайн өдөр бусадтай хардсаны улмаас зодсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж эсхүл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймээс шүүгдэгч Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн хэмээн буруутгах үндэслэлгүй тул тухайн хүндрүүлэх шинжийг хүчингүй болгох нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх ба түүний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзлээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.О-ы үйлдсэн гэмт хэргийн зарим хүндрүүлэх шинжийг хүчингүй болгосонтой холбогдуулан түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг багасгах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Ж.О-ы “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэснийг хүчингүй болгосугай.

2.   Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...350 /гурван зуун тавь/ цаг...” гэснийг “...250 /хоёр зуун тавь/ цаг...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Ж.О-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН