| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 123/2025/0092/3 |
| Дугаар | 221/МА2026/0082 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0082
“Г а н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Нэхэмжлэгч: “Г а н” ХХК
Хариуцагч: Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 онд 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын “Сумын тусгай хэрэгцээнд авах газар” хүснэгтийн 2 дахь хүснэгтийн Сүжиг Ганц худаг нэртэй газрыг Отор саалийн бүр нутаг, бэлчээрийн хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан хэсгийг хууль болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 123/ШШ2025/0096 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 123/2025/0092/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г а н” ХХК-аас Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 онд 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын “Сумын тусгай хэрэгцээнд авах газар” хүснэгтийн 2 дахь хүснэгтийн Сүжиг Ганц худаг нэртэй газрыг Отор саалийн бүр нутаг, бэлчээрийн хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан хэсгийг хууль болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 115/ШШ2025/0096 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6, 16.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч "Г а н" ХХК-ийн "Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын "Сумын тусгай хэрэгцээнд авах газар" хүснэгтийн 2 дахь хүснэгтэд Сүжиг, Ганц худаг нэртэй газрыг "Отор саалийн бүс нутаг, бэлчээрийн хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан нь хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
3.1. “... Анхан шатны шүүх Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 32 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс маргаж буй Захиргааны акт гаргахдаа анхнаасаа хууль бус тухайлбал Газрын тухай хуулийн 31 дугаар зүйл 31.3-д заалтаар маргаж буй газарт газар өмчлөх, эзэмших хүсэлт иргэн хуулийн этгээдээс хүлээн авч газар олгосон байдаг бөгөөд, орон нутгийн захиргааны байгуулагд танил тал, эрх мэдэлгүй хүмүүст газар эзэмших ашиглах хүсэлт гаргахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолоор газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан тогтоолыг үзүүлдэг, харин өөрсдийн хамаарал бүхий иргэдэд энэ тогтоолтой газарт газар эзэмшүүлэх, өмчлөх захирамж гарган олгож байсан нөхцөл байдлыг тогтоох хэргийн газрын үзлэг хийсэнгүй.
3.2. Энэ талаар нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хүсэлт саналыг хүлээн аваагүй хэрэг хянан шийдвэрлэсэн нь Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг хамгаалсан шүүхийн шийдвэр гаргахад хүрэв.
3.3. Шүүхийн шийдвэрийг үндэслэх нь хэсгийн 3.2.-т “...Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар тус сумын газар нутгийн зарим хэсгийг газрыг орон нутгийн тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтад авах талаар хэлэлцэж, "Сүжиг ганц худаг" нэртэй газарт байрших 14616.4 га газрыг отор саалийн бүс нутаг, бэлчээрийг хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд 20 жил хугацаагаар авч шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16-д заалт, 16.2-д заалт, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3-д заалтуудад тус тус нийцсэн байна...” гэж үндэслэлгүй.
3.4. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “...Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, 16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно...” гэж заасан заалтыг буруу тайлбарлаж Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг Дарга өргөн мэдүүлсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоол... аймаг дундын отрын бэлчээр нутгийн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах... тогтоол хуульд нийцсэн гэж дүгнэсэн Монгол улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улсын Их Хурлаар тусгай хэрэгцээний газарт аваагүй газарт Отор саалийн бүс нутаг бэлчээрийн хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан нь орон нутгийн эрх баригчид эрх мэдлээ хэтрүүлэн хууль бусаар холбооны улсын эрх баригчид шиг аашлах бололцоог шүүхээр зөвтгөсөн ноцтой алдаатай шүүхийн шийдвэр гаргалаа.
3.5. Иймд Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолын "Сүжиг ганц худаг" нэртэй газрыг отор саалийн бүс нутаг бэлчээрийн хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож маргаж буй нэгж газарт, бусад хуулийн этгээд иргэдэд газар өмчлөх, эзэмших, захирамжууд гарган газар олгосон байхад манай компанийн хүсэлтэд татгалзан адил бус дабаль стандартаар хандан татгалзаж буйг ахан шатны шүүхээр дахин хянуулах хүсэлтэй байна.
3.6. Гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 4 дугаартай “Зарим газар, нутгийг сумын тусгай хэрэгцээ, хамгаалалтад авах тухай” тогтоолоор сумын газар нутгийн зарим хэсгийг сумын тусгай хэрэгцээ, хамгаалалтад авах тухай сумын Засаг даргын мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, түүнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, газрын бодлогын хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 16 дугаар зүйлийн 16.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтууд”-ыг үндэслэн сумын газар нутгийн 37372,26 га газрыг сумын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэж уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар сумын тусгай хэрэгцээнд авсан газрын нэр, байршил, солбилцлын цэг, тусгай хэрэгцээнд авах хугацаа зэргийг тогтоосон бөгөөд уг хавсралт хүснэгтийн 2 дах хүснэгтэд “Сүжиг, Ганц худаг нэртэй газарт байрших 14616,4 га газрыг отор саалийн бүс нутаг, бэлчээрийг хамгаалах зориулалтаар тусгай хэрэгцээнд авах хугацаа 20 жил” гэж заажээ.
2. “Г а н” ХХК 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан “...Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж 2017 онгы 10 дугаар сарын 24-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын ... Сүжиг, Ганц худаг нэртэй газарт 14616,26 га талбайг тусгай хэрэгцээнд авсан заалтыг хүчингүй болгож өгнө” гэсэн гомдлыг гаргасан бөгөөд тус хурлаас 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 04/40 тоот албан бичгээр уг тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж хүчингүй болгох үндэслэл болохгүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг "Г а н" ХХК-д өгчээ.
3. “Г а н” ХХК-иас Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтын “Сумын тусгай хэрэгцээнд авах газар” хүснэгтийн 2 дах хүснэгтэд Сүжиг, Ганц худаг нэртэй газрыг Отор саалийн бүс нутаг, бэлчээрийн хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4. Анхан шатны шүүх шийдвэртээ “...Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар тус сумын газар нутгийн зарим хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад авах талаар хэлэлцэж, Сүжиг, Ганц худаг нэртэй газарт байрших 14616,26 га газрыг отор саалийн бүс нутаг, бэлчээрийн хамгаалалт зориулалтаар тусгай хэрэгцээнд 20 жилийн хугацаагаар авч шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16 дах заалт 16.2 дах заалт, 20 дугаар зүйлийн 20.1.3 дах заалтуудад тус тус нийцсэн байна. Нэхэмжлэгч нь Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Сүжиг, Ганц худаг нэртэй газарт 147.6 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Төв аймгийн Засаг даргад 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан, харин үүнээс өмнө буюу 2017 онд тухай талбайг Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх тул уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв...” гэж дүгнэжээ.
5. Нэхэмжлэгч “Г а н” ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 32 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс маргаж буй захиргааны акт гаргахдаа анхнаасаа хууль бус тухайлбал Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтаар маргаж буй газарт газар өмчлөх, эзэмших хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдээс хүлээн авч газар олгосон байдаг бөгөөд орон нутгийн захиргааны байгууллагад танил тал, эрх мэдэлгүй хүмүүст газар эзэмших ашиглах хүсэлт гаргахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолоор газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан тогтоолыг үзүүлдэг, харин өөрсдийн хамаарал бүхий иргэдэд энэ тогтоолтой газарт газар эзэмшүүлэх, өмчлөх захирамж гарган олгож байсан нөхцөл байдлыг тогтоох хэргийн газрын үзлэг хийсэнгүй. ...Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг хамгаалсан шүүхийн шийдвэр гаргахад хүрэв. ...Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 ... заасан заалтыг буруу тайлбарлаж ... алдаатай шийдвэр гаргалаа. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэр дахин хянуулах хүсэлтэй байна гэжээ.
6. Анхан шатны шүүх үйл баримтад зөв дүгнэлт хийж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Тухайлбал:
6.1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол улс тусгай хэрэгцээний газартай байна”, Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна: 16.16-д “ аймаг дундын отрын бэлчээр”, 16.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, 16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, гэж зааснаар,
6.2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын харилцааны талаарх бүрэн эрхийг Газрын тухай хуульд нарийвчлан зохицуулснаас үзэхэд Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус сумын утаг дэвсгэрт байрлах Сүжиг, Ганц худаг нэртэй газарт отор саалийн бүс нутаг бэлчээрийг хамгаалах зориулалтаар 14616,26 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь дээрх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
7. Нэхэмжлэгч “Г а н” ХХК компани шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа маргаан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг Төв аймгийн Засаг даргад гаргаж байсан талаар дурдсан нь тухайн компани түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олж авах зорилготой байх бөгөөд үүний тулд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Ашигт малтмалын хуулиудад заасан шаардлагыг хангасан байх шаардлагыг бүрэн хангасан талбайд өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байна. Тодруулбал:
7.1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12, 13, 14 дүгээр зүйлүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага, өргөдөл гаргах журам, өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааны талаар зохицуулсан бөгөөд 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-17.3-т заасан шаардлагыг биелүүлнэ”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “ Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараахь шаардлагыг хангасан баына”, 17.5.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх”, гэж зааснаар,
7.2. “Г а н” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Алтанбулаг сумын нутаг Ганц худаг нэртэй газар байрлалтай 147.6 га газар нь Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 04 дугаар тогтоолоор сумын тусгай хэрэгцээний газарт авсан газартай давхцаж байх бөгөөд дээрх хуульд заасан тусгай хэрэгцээний газартай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэсэн шаардлагыг хангаагүй байна.
8. Мөн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн газрыг цаг хугацааны хувьд Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бүрэн эрхийн хүрээнд хуульд нийцүүлэн 2017 онд тусгай хэрэгцээнд авсан нь 2025 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл гаргасан нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болон маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Г а н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүдээр гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дүгээр сарын 01-ны өдрийн 123/ШШ2025/0096 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР