| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2020/01008/И |
| Дугаар | 182/ШШ2020/01133 |
| Огноо | 2020-05-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2020/01133
| 2020 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 182/ШШ2020/01133 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот оршин суух, Ш овогт Ц.М /РД:ПЮ68/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг байрлах, НЗД д холбогдох,
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс ажилд томилсон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 16 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,585,072 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.
Ингээд миний бие хариуцагч НЗД д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тус иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02110 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 21-ний өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 05 сарын 09-ны өдрийн тогтоолоор тус тус хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэрүүдийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 сарын 05-ны өдрийн Б/10 тоот захирамжаар биелүүлж Хан-уул дүүргийн 118 дугаар сургуулийн захирлын ажилд томилсон.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 10 сарын 24-ний өдрөөс ажилд томилсон 2020 оны 02 сарын 10-ний өдрийг хүртэлх 16 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,585,072 төгрөгийг хариуцагч НЗД ас гаргуулахаар нэхэмжилж байна. Нэг сарын цалин хөлстэй тэнцэх олговорт шүүхийн шийдвэрт тогтоогдсон нэг сарын цалин хөлс болох 1,036,567 төгрөгөөр тооцож байгаа. Мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх хүсэлтэй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 10 сарын 24-ний өдрөөс ажилд томилсон 2020 оны 02 сарын 10-ний өдрийг хүртэлх 16 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,585,072 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.М нэхэмжлэлтэй НЗД д холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д "Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхэд аль алинд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа хамаарахаар байна. Нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч НЗД д холбогдуулан Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс ажилд томилсон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 16 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,585,072 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02110 дугаартай шийдвэрээр Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,146,232 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 9-13 дугаар тал/
Дээрх шийдвэрийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02110 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2019/00656 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 9-13, 14-18, 19-22 дугаар тал/
Шүүх Ц.М ийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин 4,146,232 төгрөгийн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн дээрх шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.
Ажил олгогч НЗД нь нэхэмжлэгч Ц.М ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон шийдвэрийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02110 дугаар шийдвэрийг биелүүлж Ц.М ийг Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн захирлаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилсон болох нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дүгээр захирамж зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.
Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан учир Ц.М ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч НЗД ас шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гараагүй, эсхүл давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гараагүй, эсхүл давж заалдах шатны шүүхийн магадлалд гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог байна. Энэ утгаар ажил олгогч хууль бус шийдвэр гаргасны үр дагаврыг ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд, түүний дотор гурван шатны шүүхээр тухайн эрх зүйн маргаан хянан шийдвэрлэгдэх хугацааг багтаан хариуцах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шаардлагад нийцнэ.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаагүй бол ажилтан шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах үндэслэл үүсэхгүй байсны адил эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ажил олгогч хүндэтгэн биелүүлэх, эсхүл эс зөвшөөрч, гомдол гаргах нь түүний эрхийн асуудал тул гомдол гаргасны үр дагаврыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой боловч өөр үндэслэлтэй өөр шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд шүүхийн урьд гарсан шийдвэр саад болох учиргүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.М ажлаас үндэслэлгүй халагдсан үйл баримтын талаар тухайн хэргийн оролцогчид дахин маргах эрхгүйгээс гадна түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг олгох зэрэг асуудлаар шүүх дахин шийдвэр гаргахгүй боловч шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговрын асуудлаар ажилтан шүүхэд хандах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно. гэж заасан байх тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.
Хариуцагч НЗД нь шүүхийн шийдвэрийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр биелүүлсэн тул нэхэмжлэгч Ц.М ийг дээрх хугацаа хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч Ц.М нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэснээс хойш ажилд эгүүлэн томилсон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 15 сар, ажлын 10 хоног ажилгүй байсан байна.
Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана.
НЗД нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02110 дугаар шийдвэрийн заалтыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ц.М 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Ц.М ийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгч Ц.М ийн сарын дундаж цалинг 1,036,567 төгрөг буюу нэг өдрийн 48,212 төгрөг гэж тооцсон болно.
Нэхэмжлэгч Ц.М ийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нь 16,030,625 төгрөг болж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 16,030,625 төгрөг гаргуулан Ц.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 554,447 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нэхэмжлэгч Ц.М ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцож, нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 16,030,625 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Ц.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 554,447 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухайн бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 238,103 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.М д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС