Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/400

 

 

 

 

 

 

 

 


  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагч Э.Уянга,

шүүгдэгч У.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.МУ.Мт холбогдох эрүүгийн ____дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

 

                                        Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч У.М нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 34 дүгээр гудамж 3 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "манай аав Лхүндэвийг боож унагаалаа" гэх шалтгаанаар иргэн С.Уын нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, заазуураар хоолойн тус газарт нь тулгаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт: 

Шүүгдэгч У.М:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлдэг.

 

Үйл баримт:

Эрүүгийн ____дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч У.М нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 34 дүгээр гудамж 3 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "манай аав Лхүндэвийг боож унагаалаа" гэх шалтгаанаар иргэн С.Уын нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, заазуураар хоолойн тус газарт нь тулгаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Хохирогч С.Уын ...Би Төв аймгийн Сэргэлэн суманд үйл ажиллагаа явуулдаг Monbeef ХХК-д 24 цагийн жижүүртэй хоноод өглөө 09 цагийн үед буугаад Төв аймгийн Зуунмод сумын 3- р баг 34-3 тоотод Даваасүрэн ахын гэрт ирээд хүү Цолмонбаярыг аваад Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р баг Чулуут зөрлөг гэх газраас 2 тооны морийг Даваасүрэн ахын хүү Цолмонбаяраас унуулаад нэгийг нь хөтлүүлээд би өөрөө мотоциклтэй дагаад 16 цагийн үед ирээд байж байсан юмаа. Цолмонбаяр намайг Анхаа ахын гэрт эмээлийн гөлөм байгаа та эмээлэндээ хийчих гэж өнөөдөр морь авч ирэхдээ хэлж байсан. Тэгээд Даваасүрэн ахын гэрт ирээд байж байтал Даваасүрэн ахын охин Нарантуяа намайг дэлгүүр яваад архи аваад ирээч гэж гуйхаар нь би Нарантуяа хүү Цолмонбаатартай хамт дэлгүүр яваад 0,5 хэмжээтэй арвай 2,5 хэмжээтэй нийслэл нэртэй том пиво, нэг тамхи нэг тараг авч ирж өгсөн. Тэгээд тэр архи пивыг Даваасүрэн ах Төнтөв, хоёр архийг нь уугаад Нарантуяа, У.М, Оюунчимэг нар пивыг нь уугаад дууссан. Төнтөв анхаагийн гэрээс эмээлийн гөлөм аваад ороод ирсэн. Тэгэхээр нь би Цолмонбаярт чиний намайг ав гэсэн эмээлийн гөлөм энэ юм биш үү би авна гэж хэлсэн чинь Төнтов “чи муу хазгар доголон пизда минь чи хэзээ ийм болчихсон юм би энэ гөлөмийг авна” гэж хэлэхээр нь би уурласан чинь Төнтөв намайг заамдаад би бас Төнтөвтэй барилцаад байж байтал гаднаас Төнтөвийн охин болох У.М орж ирээд чи миний аавыг зоддог хэн бэ гээд миний зүүн нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Намайг Төнтөв заамдчихсан би салгах гээд чадахгүй байсан би 2004 харвачихсан миний баруун гар саажилттай чанга атгаж чадахгүй хөдөлгөөн хязгаарлагдмал болохоор У.М Төнтөв хоёрыг дийлэхгүй заамдсан гарыг нь тавиулж чадахгүй байсан. Тэгээд зууралдаад байж байтал У.М хаанаас юм нэг шар ичтэй заазуур намайг ална гээд миний хүзүүг бас зүсчихсэн. Төнтөвийн охин У.Мийн хүү нь бас намайг ташуураар зодсон. Тэгээд би ухаан алдаад сэрсэн чинь Нарантуяа та нар ингэж зодолдох юм бол би гэрээ буулган гээд уурласан чинь Төнтөв У.М хоёр намайг зодохоо больсон. Даваасүрэн ах урд нь Төнтөвд эмээлийн гөлөм ав гээд хэлчихсэн юм байна лээ би тэрийг нь мэдэхгүй Цолмонбаяр намайг ав гэсэн гээд л хэрүүл болоод зодоон болсон. Даваасүрэн ахын охин Нарантуяа өөр хашаанд байж байгаад нүүж ирсэн юм шиг байна лээ гэрийг нь Төнтөв нь барьж өгсөн юм байна лээ Би 2004 онд харвасан тэрнээс хойш архи уухаа больсон... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Лхүндэвийн ...Тухайн Баянхошуунд байх Нараагийн гэрийг нь барих гээд тэднийд очоод гэрийг нь барьж өгөхөд Нараа нь бид нарт 2 шил 1 нь 0.75, 1 нь 0,5 граммын архи авч өгөөд түүнийг нь бид нар ууж дуусгачхаад Нараагийн хажуу талын айлд орж эмээлийн гөлөм аваад буцаж Нараагийн гэрт ороод Борын хажуу талд сууж байхад У нь Бороос миний барьж байсан гөлмийг өгчих гэхээр нь Бор нь наад гөлмийг чинь Лхүндэв ахад өгчихсөн гэхэд У босож намайг “чи юу гээд байгаа юм” гээд намайг заамдаж аваад доороо оруулаад байж байтал Нараагийн гэрт гаднаас манай У.М орж ирээд Уаа аавын дээрээс бос гэж хэлсэн боловч босохгүй байсан цааш юу болсон талаар сайн мэдэхгүй байна би тухайн үед архи уучихсан байсан болохоор нэг л мэдэхэд манай охин намайг босгоод гэр лүү аваад явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч М.Наранцэцэгийн ...Тухайн өдөр би Баянхошуунд байх ээжийн хашаанд өөрийн гэрээ барьсан. Тэгэх үед Лхүндэв, Бор, ээж Оюунчимэг нарын хамтаар гэрээ барьж дуусгачхаад бид нар хоёр шил архи хувааж ууж дуусгаад Лхүндэв нь хажуу талын айлаас эмээлийн гөлөм авч орж ирээд сууж байхад нь У орж ирээд Лхүндэвт байгаа гөлмийг Бор ах надад өгсөн гэж хоорондоо маргалдаад У нь дээр нь гарчихсан Лхүндэв ах доор нь орчихсон манай охиныг дууд гэх үед гэр гаднаас У.М орж ирээд Уын нүд хэсэгт өшиглөөд, заазуураар хоолойнд нь тулгачихсан байж байсан. Тэгээд У.М нь аавыгаа аваад яваад өгсний дараа Уын дүү нь ирээд цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 447 дугаартай ...С.У биед эрүүний доорх зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн эрүүний доорх зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "Хөнгөн" зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаартай ...2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ № 447 дүгнэлтээр С.Уын биед эрүүний доорх зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт гэмтлүүд тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүдийн эрүүний доорх зүсэгдсэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт тус тус хамаарна. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 459 дугаартай ...Б.Лхүндэвийн биед баруун даланд зулгаралт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 449 дугаартай ...У.Мийн биед баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүгдэгч У.Мийн яллагдагчаар өгсөн ...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Уянга:

...Шүүгдэгч У.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай ... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч У.М:

...Гэм буруу дээр маргаагүй. Өөр хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч У.М гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч У.М дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Шүүгдэгч У.Мийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдий, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Шүүгдэгч У.М хохирогч С.Уыг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч У.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг:

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч У.Мийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Уын эрүүл мэндэд эрүүний доорх зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.У нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардал баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч У.Мийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

  Эрүүгийн хариуцлага:  

  Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч Э.Уянга:

   ...Шүүгдэгч У.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч У.М:

  ...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг гаргадаг.

 

  Шүүх шүүгдэгч У.Мт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.

 

         Шүүгдэгч У.Мт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал:

Эрүүгийн ____дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч У.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт 29 см, ажлын хэсгийн урт 17 см, бариул хэсгийн урт 8 см урт хар өнгийн иштэй заазуур нэг ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж тус тус шийдвэрлэсэн болно.    

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,

    36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                 хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч У.МУ.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч У.МУ.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.МУ.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч У.МУ.Мт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

5. Эрүүгийн ____дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч У.МУ.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт 29 см, ажлын хэсгийн урт 17 см, бариул хэсгийн урт 8 см урт хар өнгийн иштэй заазуур нэг ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.МУ.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.МУ.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН