Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 130/2020/00075/И |
Дугаар | 001/ХТ2022/00519 |
Огноо | 2022-04-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2022/00519
С.Нийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00176 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00033 дугаар магадлалтай,
С.Нийн нэхэмжлэлтэй
З.Нд холбогдох
Гэм хорын хохиролд 2,780,048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. С.Н нь З.Нд холбогдуулан гэм хорын хохиролд 2,780,048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00176 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 509 дүгээр зүйлийн 509.1-ийг тус тус баримтлан хариуцагч Ботахара сарик овогт Зулхарнайн З.Нгаас гэм хорын хохирол бүгд 2780048 (хоёр сая долоон зуун наян мянга дөчин найман) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ботахара харажан овогт Садигийн С.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00033 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хавтаст хэргийн 18 дахь талд авагдсан эмнэлгээс өвчтөн илгээх хуудсанд нэхэмжлэгчийг Улаанбаатар хот руу эмнэлэгт илгээх болсон үндэслэл шалтгааныг “картанд” гэж тэмдэглэсэн, хэргийн 22 дахь талд авагдсан Амбулаториор эмчлүүлэгсдийн картанд нэхэмжлэгчийн авто ослын улмаас гэмтэл авсан тухайг болон өвчтөний онош, эмчилгээг 2018.07.30-ны өдрийн байдлаар бичсэн байдаг. Түүнчлэн, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Health-Aid үүдэн эмнэлгийн 2018.10.09-ний өдрийн “Толгойн компьютерт томографын шинжилгээ” зэрэг нотлох баримтуудад нэхэмжлэгч С.Н нь зам тээврийн ослын улмаас хамрын таславч дунд хэсгээр зүүн тийш муруйсан гэмтэл авсан болохыг, хагалгаанд орох заалттай болохыг тэмдэглэсэн байдаг. Тухайн үед нэхэмжлэгч С.Нийн 4 хавирга хугаралттай байсны улмаас хамрын таславч засах хагалгаа хойшлогдож байсныг, дараа нь 2019.01 дүгээр сард уг хагалгааг хийлгэсэн болохыг нэхэмжлэгч тайлбарлаж хэлсэн. Энэ нь бусад байдлаар хэргийн 33 дахь талд авагдсан өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Гэтэл шүүхээс хэт нэг талыг барьж НӨАТ-ийн баримтуудад нэхэмжлэгчийн нэр байхгүй байна, нэхэмжлэгч З.С.Нийн нэхэмжилж буй зардлыг хариуцагч З.Нгийн гэм буруутай үйлдлээс учирсан, уг үйлдэлтэй шалтгаант холбоотой гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй хэмээн хийсвэрээр дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэлээр хянаад, хангах үндэслэлгүй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч З.Нд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2,780,048 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч маргаж, энэ хохирол нь зам тээврийн осолтой холбоогүй тул хариуцахгүй гэх үндэслэлийг заажээ.
7. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж тус тус заасан, эдгээр хэм хэмжээ нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болжээ. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь гэм буруутай байх, түүний үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх юм. Өөрөөр хэлбэл хохирогчид учирсан гэм хор гэм буруутай этгээдийн үйлдлээс хамаарсан, шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон урьдчилсан нөхцөл бүрдэж байж хохирогч гэм хорыг шаардах эрхтэй бөгөөд хуульд заасан энэ нөхцөл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх хариуцагч З.Нг гэм буруутай болохыг тогтоогдсон гэж үзсэн, харин нэхэмжлэгчид учирсан гэм хор түүний үйлдэлтэй холбоогүй гэж үзсэн юм. Нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдлээс шалтгаалсан гэм хорыг шаардахад энэ шийдвэр саад болохгүй.
9. Хэрэгт байгаа баримтын хүрээнд З.Н нь 2018.07.21-ний өдрийн 18 цагийн орчимд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ Тоёота виста маркийн 62-04 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас М.Ахсунхарын амь нас хохирч, хохирогч С.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.07-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогджээ.
Нэхэмжлэгч С.Нийн нэхэмжилж буй Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгэсэн зардал /бөөр уйланхайтай онош гарсан хх-18/, Улаанбаатар хот руу ирж, очсон зардал, Баян-Өлгий аймгийн Нур Алтай Мед эмнэлэгт хамрын таславчийг засах, хамрын хуучин муруйлтыг засах 2 шаттай мэс засал хийлгэсэн зардал, эмнэлэгт хэвтсэн зардал, Хараа нүдний эмнэлгээр харааны шил рамтай нь захиалан хийлгэсэн зэрэг хохирлыг хариуцагч З.Нгийн гэм буруутай үйлдлээс учирсан гэх үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг зөрчөөгүй байна.
Учир нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018.07.27-ны өдрийн 328 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1.Иргэн С.Нийн биед баруун талын гарын тохой, зүүн талын өвдөг, баруун талын өвдөг, баруун талын ташааны хэсэгт бор өнгийн тав тогтсон, зулгарсан зулгаралт, тархи доргисон, зүүн талын 8,9,10,11-р хавирга бага зэрэг зөрсөн далд хугарал, зүүн талын уушгины няцрал, цээжний хөндийд хий хурсан, аарцаг бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлдлээр үүссэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэж заасан байх ба нэхэмжлэгч С.Нийн хамарт гэмтэл учирсан, нүдний хараанд өөрчлөлт орсон талаар тусгагдаагүй байна. Тухайн үед дүгнэлт гаргахын тулд шинжээч нь бодит үзлэг, өвчний түүх, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасгийн тогтоосон онош зэрэг баримтуудыг үндэслэж, үзлэг хийсэн ба хамар хөндүүрлэсэн, хамарт гэмтэл учирсан байх магадлалтай шинж тэмдэгийг нэхэмжлэгч өөрөө мэдүүлээгүй, энэ талаар ямар ч баримт байхгүй тул шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь авто ослын улмаас бөөр, нүдний хараанд өөрчлөлт орсон, эсвэл үүнд осол нөлөөлсөн байж болох талаар нотлоогүй, энэ талаар эмчийн дүгнэлт, шинжилгээ байхгүй тул хохирлыг гаргуулах үндэслэлгүй байв.
10. Иймээс “шүүх нотлох баримтыг хуульд зааснаар дүгнэж чадаагүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00176 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр 30-ны өдрийн 212/МА2020/00033 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД