Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

- улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

- шүүгдэгч М.Анхбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхтөрийн Анхбаярт холбогдох эрүүгийн 201619000819 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, материал судлал мэргэжилтэй, Рекон ХХК-нд цахилгаанчин ажилтай, Төв аймгийн Угтаалцайдам сумын 1-р баг, Талын уулд хаягтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сумын 2-р баг 12-24 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Мөнхтөрийн Анхбаяр /РД:НГ85061571/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

   2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах 12-р гудамжны 24 тоотийн гадна орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн М.Анхбаярын цагаан өнгийн нохой иргэн Б.Мөнхзулыг хазаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Анхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхзул хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн үед ЗМС-ийн 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах 12-р гудамжны 24 тоотын хажуугаар явж байхад уг хашааны үүдэнд хэвтэж байсан цагаан зүсмийн нохой над руу дайраад хөл болон нуруунаас хазаж хашаа руугаа чирсэн болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм. Нохойны эзэн бид нар хоорондоо тохирсон учраас эвлэрсэн ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийг хааж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-15 тал/,

 

Гэрч Д.Батцэнгэл хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ...Манай баруун талын 24 тоот хашаанд оршин суудаг хүмүүс цагаан өнгийн нохойтой тэр нохогй тэжээгээд нилээд удаж байгаа... гэх мэдүүлэг /хх-18 тал/,

 

Шинжээч И.Ганболор хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ..Би Барааны Мөнхзул гэдэг 11 настай хүүхдийг үзсэн бичихдээ техникийн алдаа гаргасан байсан юм. Миний хувьп техникийн алдаа гаргасан Барааны Мөнхзул гэж бичих гэж байгаад Энхзул гээд бичсэн байсан... гэх мэдүүлэг /хх-66 тал/

 

Бусад баримт сэлт

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5 тал/,

- Нас тоолсон тэмдэглэл /хх-12 тал/,

- Төв аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 49/03-4859 тоот албан бичиг /хх-35 тал/,

- Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-41 тал/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-42 тал/,

- Төрөл садангийн тухай лавлагаа /хх-70 тал/,

                      

- Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 12-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №38 тоот актанд:

1. Б.Мөнхзулын биед нуруу, зүүн шилбэнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ..

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй.

5. Дээрх учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болох хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. /хх-63 тал/

 

-Шүүгдэгч Мөнхтөрийн Анхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: үгүй гэх лавлагаа /хх-34 тал/,

Шүүгдэгч М.Анхбаярыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-25 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-68 тал/  зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Анхбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах 12-р гудамжны 24 тоотийн гадна орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас М.Анхбаярын цагаан өнгийн нохой иргэн Б.Мөнхзулыг хазаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхзулын хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №38 акт М.Анхбаярын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Анхбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг  хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул шүүгдэгч М.Анхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар:

Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхзул, түүний хууль ёсны төлөөлөгч М.Бараан, шүүгдэгч М.Анхбаяртай сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

              

   Шүүгдэгч М.Анхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхтөрийн Анхбаярыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нэг хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бараан нь шүүгдэгч М.Анхбаяртай сайн дураараа эвлэрсэн байх тул М.Анхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

3. М.Анхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Анхбаярт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Анхбаярт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА