| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0072/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/79 |
| Огноо | 2023-10-10 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2333000610083 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 19** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймаг Тэс суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *, ******* аймаг ***** сум *** ус **-р баг хөдөө оршин суух Б**** овогт Б. М (РД:**********).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн орчим ******* аймгийн ******* сумын *******- ** дүгээр багийн нутаг "Д******* хоолой" гэх газарт ***** улсын дугаартай Хонда Си Ар Ви загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс жолоодож явсан тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн орчим ******* аймгийн ******* сумын *******- 1 дүгээр багийн нутаг "******** хоолой" гэх газарт ***** улсын дугаартай Хонда Си Ар Ви загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс жолоодож явсан тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож амь насыг хохироосон гэх үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын өгсөн: “...07 дугаар сарын 29-ний өдөр нөхөр ажилтай машин тэрэг янзлах гээл би хүүхдүүдээ аваад ус түлээ авах гээд явсан. Зам уруудаж байгаад замын хажуу ховилтой байхаар нь хажуу тийшээ явах гэхэд машин эргэсэн. Жолооны үнэмлэхгүй машин барьж яваад энэ зүйл болсонд маш их харамсаж байна. Болгоомжгүйгээсээ болоод ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Дахиж энэ явдал гаргахгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн өгсөн:“... 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ ажилтай портер янзлаад, намаржаа руу нүүх болсон байсан тул машинаа янзлаад мал харах хүнгүй байсан. Тиймээс би эхнэрийгээ гал руу хийх мод, ус аваад ир гээд явуулсан. Манай гэрт настай хүн байдаг энэ хүн даарч хөрөөд байна гээд эхнэрийгээ явуулсан. Жоохон байж байгаад манай дүү яриад ах машин эргээд осол болсон байна гэсэн. Манай хамгийн том охин ухаангүй хэвтэж байсан. Тухайн үедээ эмнэлэг дуудаад 1 цаг болоод ирэхгүй байсан тул машин дуудаад эмнэлэг рүү явж байхад замд эмнэлэг таараад наад хүүхэд чинь өнгөрсөн байна гэсэн. Одоо нэгийг нь шороонд булаад нэгийг нь шоронд оруулах хэцүү байна. Иймд хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү...” гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтад:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би ******* аймгийн ******* сумын 0-р багийн нутаг *******-ус гэх газарт хөдөө зусландаа эхнэр , охин , , , хүү , ,нартай байсан. Тэгээд 12 цаг болох гэж байсан санагдаж байна. Манайх ундны ус, галын хөрзөнгүй болчихсон байсан учраас хөрзөн болон усанд явах шаардлага гарсан. Тэгээд хүн бүл байхгүй байсан учраас би малаа хараад мөн машинаа засаад хүү гийн хамт үлдээд эхнэр охин , , , бага хүү ,нарыг ус, түлээнд өөрийн эзэмшлийн улсын дугаартай Хондо Си Ар Ви маркийн машинтай өвөлжөө болон Дацангийн худаг руу явуулсан юм. Тэгээд тэд нар Дацангийн даваагаар даваад явсан. Удалгүй 10- 20 минутын дараа Амартүвшин утсаар яриад машин уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би араас нь мотоциклтой яваад очсон чинь Дацангийн давааны хойд тал руу бууж байгаад онхолдоод 4 дугуй нь дээшээ харсан байдалтай унасан байсан. Намайг очиход манай эхнэр г тэвэрчихсэн машины хажууд уйлаад сууж байсан. Бусад хүүхдүүд машинаас гарсан хажууд нь байж байсан. Тэр үед ямар ч хариу үйлдэлгүй ухаангүй хамраас нь их хэмжээгээр цус гараад тогтохгүй. тархи толгой нь хэлбэрээ алдсан байдалтай байсан. Бусад хүүхдүүдэд ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Тэгээд би хүргэн ах очиж тусламж хүсээд тэдний машинаар Рашаант тосгоны эмнэлэг рүү г аваад явж байхад өөдөөс эмнэлгийн машин ирээд үзлэг хийгээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд талийгаачийг гэрт авчирсан. Талийгаачид ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Эмнэлгийн хяналтад байгаагүй. ...Эхнэр эрхийн үнэмлэхгүй байсан. 2 жилийн өмнөөс ойр зуурдаа ус түлээнд явдаг байсан. Хөдөө хааяа намайг завгүй, хүн бүлгүй үед яваад ус түлээгээ дөхүүлээд байдаг байсан юм. Урьд нь ойр зуурдаа яваад байдаг байсан болохоор гайгүй байх гээд явуулчихсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай гэр бүлийн өмчийн тээе рийн хэрэгсэл юм. 2023 оны 02-р сард хотоос 7,8 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Техникийн үзлэгт 2023 оны 02 дугаар сард худалдаж авахдаа оношилгоонд оруулж авахад техникийн хувьд бүрэн бүтэн байдал хэвийн байсан. Тэрнээс хойш хэвийн ажиллагаатай хөдөлгөөнд оролцож байсан. 2024 оны 02 дугаар сард үзлэгт оруулах байсан. ...Ослын улмаас ,, , нарт ямар нэгэн гэмтэл учраагүй, одоогоор ямар нэгэн зовуурь үгүй биеийн байдал хэвийн сайн байгаа. П. нь миний хамгийн том охин байсан юм. Би эхнэр *******тай 2009 онд гэр бүл болоод 2010 онд төрсөн, миний төрсөн хүүхэд мөн. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. Би эхнэртээ машин өгч явуулсандаа маш их харамсаж байна. Одоо нэгэнт төрсөн охиноо алдлаа. Мөн эхнэрээ ял эдлүүлэхэд хэцүү байна. Манай эхнэр одоогоор маш хүнд шокийн байдалтай байна. Миний зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал алга. Хөнгөн шийтгэл оногдуулж өгсөхийг хүсэж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/
2.Гэрч өгсөн: “... 2023 оны 07 сарын 29-ний 12 цаг 24 минутад сувилагч утсаар яриад "шинэ төв" явах замд машин онхолдсон байна гэж хэлсэн. Тэгээд би дуудлага өгсөн утасны дугаараар залгасан чинь хөдөө гэх газар явах замд машин онхолдсон гэж хэлсэн. Тухайн ****** гэсэн дугаарыг эрэгтэй хүүхэд авсан. Тэр хүүхдээс чи барьж явсан юм уу гэж асуусан чинь үгүй эгч барьж явсан гэж хэлсэн. Нэг хүүхэд ухаан орохгүй байна. Машин дээшээ харчихсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад хэлээд цагдаагийн хамт очсон. Намайг очихоор явж байхад өөдөөс ухаан орохгүй байна гэсэн 13 настай гэх эмэгтэй хүүхдийг аваад ирж байсан. Тэгээд тухайн хүүхдэд үзлэг хийхэд амьсгал хураачихсан байсан. Тэр хүүхдийн толгойны хэлбэр ихээр алдагдсан, хамраас нь нэлээд их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Тэгээд нэгэнт хэргийн газраас хөдөлгөсөн байсан учраас гэрт нь аваачиж хэвтүүлсэн.Тэгээд бусад машинд явсан хүүхдүүдийг ажиглахад ямар нэг ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Би дуудлага дээр очоод нас барсан хүүхдийг хаана нь сууж явсан талаар асуухад арын суудал дээр суугаад цонхоор толгойгоо гаргачихсан явсан гэж тэр дуудлага өгсөн банди хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52-р хуудас/,
3.Гэрч өгсөн: “...******* нь манай төрсөн дүү тэй 2009 онд гэр бүл болж манайд ирсэн цагаас ойр дотно харилцаатай болсон. гийнх энэ машиныг 2023 оны өвөл худалдаж авсан. Манай хоёр гэр хоорондоо зайтай байдаг бөгөөд тэр болгон нэгнийхээрээ ороод байж чаддаггүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-р хуудас/,
4.Насанд хүрээгүй гэрч өгсөн: “... 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутын үед эгч намайг Рашаант тосгоны төв орж ахуйн газ шахуулаад ус аваад замаараа өвөлжөөнөөс хөрзөн /галын түлээ/ аваад ирье гэж хэлсэн. ах хамт явах байсан боловч ачааны машинаа засахаар үлдсэн юм. Тэгээд би бага хүүхдийг нь буюу г авах юм уу гэсэн чинь эгч талийгаач г цуг явна дүүгийнхээ 2 өмдийг авчих гэж хэлсэн. Тэгээд 2 өмдийг нь аваад машинд суусан чинь 2 дүү болох 4 настай, 5 настай 2 дүү машинд суучихсан юм. Тэгээд улсын дугаартай Хондо маркийн дунд оврын жид машиныг эгч жолоодоод би жолоочийн хажуугийн суудал дээр г тэврээд суусан. Арын суудалд жолоочийн арын суудалд голд миний ард талын суудалд суусан байсан. Тэгээд гэрээс буюу *******- гэх газраас хөдлөөд Дацангийн хоолой давдаг даваагаар даваа уруудаж байсан. Тэр үед машины 4 цонх бүгд онгорхой цонхоор толгойгоо хагас гаргаад юм хараад явж байсан. Мөнхзуп эгч уруу газар хурдаа хасаад зөөлөн явж байгаад нэг дугуй нь замын ховил руу гэнэт гараад машины бөгс шидэгдээд машин замаасаа баруун тал руугаа гараад зүүн тал руу бүтэн эргээд зогсохын даваан дээр хажуу тал руугаа бүтэн эргээд 4 дугуй нь дээшээ харчихсан. Тэгээд би тэвэрч явсан хүүхэдтэйгээ цонхоор мөлхөж гараад , 2-ыг цонхоор гаргаад байж байхад эгч орилсон. Тэгээд харсан чинь машины цонхоор цээжин бие нь гарчихсан хөл нь дотор байсан. Талийгаач гийн хамраас их хэмжээний цус гарч байсан. Тэгээд би утсаа аваад сүлжээтэй газар очиж ахад хэлээд ах ирж г аваад эмнэлэг явж байхад нь өөдөөс нь эмч нар ирээд г гэрт авчирсан. Надад болон тэнд явсан , , , эгч нарт ямар ч гэмтэл учраагүй, ил шалбархай байгаагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57-р хуудас/,
5.2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэмт хэргийн талаархи, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хавтаст хэргийн 03 хуудас/,
6.2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэх/хавтаст хэргийн 4-9 хуудас/,
7.2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хавтаст хэргийн 10 хуудас/,
8.2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 109 дугаартай ...ДҮГНЭЛТ 1.Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл: Гавын орой, суурийн яснууд олон тооны хэлтэрхийт, бяцарсан, шугаман хугарлууд, дагз ясны заадас салалт, дагз ясны шугаман хугарал, дух, зулай, 2 талын чамархай, дагзны хуйхны цус хуралт, хатуу хальсны урагдал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушигны эдийн цус хуралт, баруун, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун бугалганы дотор доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3.Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 4.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж илрээгүй байна...” гэх дүгнэлт/хавтаст хэргийн 14-16 хуудас/,
9.2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн талийгаачийн биед шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн гэрэл зургийн үзүүлэн, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/ хавтаст хэргийн 18-20, 21-22 хуудас/,
10.2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай ... улсын дугаартай Хонда Си Ар Ви загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13. "жолооч" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т заасныг ойлгоно гэж заасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т."жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хэлнэ гэж заасан байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг: 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арван хоёр дугаар бүлэг. Тээврийн хэрэгслийн хурд. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Шинжээч Ч.Үнэнмөнх... гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасны улмаас төрсөн охин 13 настай амь насыг хохирсон бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг түүнээс учирсан хор уршиг хоёрын хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Иймд Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “...Бидний охин нь авто ослын улмаас 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нас барсан юм. ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллагдагчаар татсан ба ******* намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон юм. Оршуулгын зардалд 4,696,522 төгрөг болсон. Үүнийг төлж барагдуулсан тул *******аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тул энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан болно...” гэх баримт /хавтаст хэргийн 49-р хуудас/ авагдсан байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэх хохиролгүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч *******ыг жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас иргэн гийн амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн газар үзлэг хийсэн 1 ширхэг хатуу хуурцгийг хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан болон эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөн байхгүй байна. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д зааснаар хохирол нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй. Энэ хэрэг нь хэдий болгоомжгүй үйлдсэн боловч эх хүний хувьд сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү байгаа. Нойр хоолоо хасан барин өсгөсөн хүүхдээ өөрийн болгоомжгүй, хэнэггүй зангаас болж үрэгдүүлнэ гэдэг ээж хүний хувьд үнэхээр хэцүү явдал болж байна. нь нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1-10 насны 4 хүүхэдтэй. Бага насны буюу 1 настай хүүхэд нь хөхнөөсөө гараагүй гадаа хүлээж байгаа. Амьдралын энэ байдлыг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал гомдолгүй хохироос өөр төрлийн ял оноож өгөөч гэсэн. Машинд сууж явсан 2 хүүхдэд ямар нэг байдлаар гэмтэл учраагүй. Прокуророос 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Миний хувьд ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, амьдралын байдал, өөрөө сумын төв дээр хүүхдүүдээ хардаг, цаашид хэдэн нялх хүүхдүүдээ сайн асран хамгаалж эх хүний үүргээ биелүүлээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөөч гэсэн саналтай байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд: “...Тэнсэж өгөөч гэж хүсэж байна. Нуруу, бие нь өвддөг одоо эмчилгээнд явуулмаар байна. цаашид биеийн байдалд нь анхаарахгүй бол болохгүй байна. Тиймээс тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг,1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас-/хавтаст хэргийн 75 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно “гэжээ.
Шүүгдэгч ******* нь ам бүл зургуулаа, 01-10 насны 4 хүүхэдтэй эмэгтэй байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Дээрх байдлыг дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,хэрэгтэй хамт ирүүлсэн СД-г хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***** овогт Б.М*** Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 01 жил 06 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь бусдад төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, СД-г хэргийн хамт хадгалсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА