Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/202

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

              Улсын яллагч Ц.Чингүүн,

              Хохирогч Б.Х,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

              Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нийн Эд холбогдох эрүүгийн 2238000000272 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, Б овогт Нийн Э, 1995 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 41-22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн РМ95092407 дугаартай.

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Н.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 25 дугаар гудамжны зүүн жигүүр орчимд байрлах задгай газарт 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед чулуу шидэн хохирогч Б.Хийн нүүр хэсэгт онож, биед нь тархи доргилт, дээд уруулд шарх, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000272 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 25 дугаар гудамжны зүүн жигүүр орчимд байрлах задгай газарт Б.Х рүү чулуу шидэн түүний нүүр хэсэгт онож улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулд шарх, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эын өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,  

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хийн өгсөн: “...Би тэр өдөр Мустанг-5 маркийн хөх өнгийн мотоцикльтойгоо, саарал дээлтэй хүүгийн хамт явж байсан. Туулын нөхөр нь урд талд нь явж байсан. Намайг харангуутаа чулуу аваад шидсэн. Тэр өдөр гэртээ хоол унд хийгээгүй байсан. Нөхөр нь ч мах ачаагүй байж байсан. Би дүү Цийг дуудаад намайг чулуугаар цохилоо гэж хэлээд дүүгээ дуудаад гэрт нь очсон. Тэгээд манай дүү “та яагаад манай ахыг цохиж байгаа юм бэ” гэсэн “чинь яадаг юм бэ” гээд над руу дайраад байсан. Тэгээд миний цус гоожоод тогтохгүй болохоор би эмнэлэг явсан...” гэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Хийн өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн үед өөрийн төрсөн хүүхэд Эдтой хамт мотоцикльтой явж байхад миний урд Туул гэдэг зүс таньдаг хүн явж байсан юм. Тэгээд намайг хараад Туул газраас чулуу аваад шууд над руу шидсэн. Тэгэхэд тэр шидсэн тэр чулуу нь миний уруул хэсгийг ирээд оносон. Тухайн үед манай хүүхэд миний урд банкин дээр сууж явсан болохоор бас Туулыг чулуу аваад шидэхийг нь харсан. ... 13 дугаар хороо луу очоод Туултай манай дүү уулзсан. Манай дүү Ць нь Туулаас та яагаад манай ахыг уруулыг чулуугаар сэт цохиж байгаа юм бэ гэж асуухад дургүй хүрээд чулуу шидсэн юм гэж хэлсэн. Бас тухайн үед Туул нь намайг дахиад зодно гээд над руу дайраад байсан. Тэгээд би дүүтэйгээ хамт эмнэлэг дээр очоод уруул дээрээ оёдол тавиулаад цагдаа дээр ирсэн. .. дүүтэйгээ очоод асуухад яадаг юм дургүй хүрээд шидсэн гэж хэлээд дахиад намайг цохих гээд дайраад байсан. Тэгж байснаа гэнэт л би цохиогүй болоод гүрийгээд унасан.... Би чулуугаар цохиулаад зогссон. Тэгээд чи яаж байгаа юм гэсэн чинь Э яадаг юм гээд буцаад урагшаа чигт явчихсан. .. Эынд очсон. Эынд очсон чинь хашаанаас Э хадам ээжтэйгээ гарч ирсэн. Э манай дүү нар руу би цохиогүй л гээд байсан. Би Эыг газраас чулуу энэ тэр авч шидэж байхыг бол анзаараагүй. Уруул руу нэг юм цохиод зогсоод харсан чинь чулуугаар цохичих шиг болсон. Тэр гудамжинд миний зүүн талд Э л явж байсан. Нөхөр Билгүүн нь ард талд нь зайтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 16, 147, 163 тал/,

              Гэрч Х.Цийн өгсөн: “...2022 оны 04 сарын 20-ны үдээс хойш 15 цаг болж байхад намайг гадуур явж байхад манай ах Х над руу залгаад уруулаа хүнд цохиулчихлаа танай ар талын гудамжинд байдаг Туул гэдэг хүнд чулуугаар цохиулчихлаа хоёулаа очъё гэж хэлсэн. .. Х ахыгаа аваад 13-р хороонд байдаг Туул гэдэг айлынд ирсэн. Тэгээд Туултай уулзаад та манай ахыг мотоциклтой явж байхад чулуу авч шидээд цохисон юм уу гэж асуухад тийн яадгийн дургүй хүргээд байсан юм гэж хэлсэн. Тэгэхэд манай ах таксинаас бууж ирэхэд Туул нь шархыг нь харсан юм уу яасан юм гэнэт л би цохиогүй гээд унасан. Тэгээд л хадам ээж нь гэсэн хүн цаанаас нь гарч ирээд Туул надтай цуг явж байсан хүн цохиогүй гээд дайраад унасан. Тэгээд бүүр ахын уруулаас нь цус гараад байхаар нь эмнэлэгт аваачиж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 155 тал/,

              Гэрч А.Бгийн өгсөн: “...Тиймээ оёулж байсан. Тухайн өдөр үдээс хойш байсан байх намайг гэмтэл мэс заслын тасагт ажилтай байх үед боолтын өрөөнөөс манай сувилагч дуудаад оёдол ирсэн байна ирээд хараад өгөөч гэсэн. Тэгээд намайг яваад очиход нэг эрэгтэй хүний дээд уруулын зүүн хэсэгт нь хөндлөн ил шархтай байсан. Ойролцоогоор 2 см шархтай байсан байх. Тухайн үед би тэр хүнээс асуумж асуугаад юунд цохиулсан юм бэ гэж асуухад юунд гэдгээ хэлээгүй нэг юмаар цохиулсан гээд байсан. Би зодоон цохион хийсэн юм уу гэж асуухад үгүй гэж хариулж байсан. Тэгээд би тэр хүнд оёдлоо тавиад ариун боолт хийж өгөөд зөвлөгөөгөө аваарай гэж хэлээд амбулаториос өрөө лүү ороод хэсэг байж байгаад буцаад гараад ирэхэд байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би зөвлөгөөгөө авсан юм бол уу гэж бодоод 103-ын өрөө лүү ороод асуухад уруулаа оёулсан хүн орж ирээгүй гэж байсан. Тэгээд үүний дараа би 18 цагийн үед санагдаж байна харих гээд ажлаасаа гараад яваад байж байгаад нөгөө уруулаа оёулдаг залуутай тааралдаж байсан. Тухайн үед тэр залуу 3 эмэгтэй хүүхэдтэй цуг явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

              Шинжээч Г.Алтайн өгсөн: “...251 дугаартай дүгнэлтийг уншиж танилцахад Б.Хийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчилсээр үүсгэгдэж болно. Мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй зүйлээс бусад зүйл хамаарагдана. Жишээ нь мод, чулуу, хүний гар, шүд гэх мэт зүйлүүд багтана....” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

              Гэрч А.Эийн өгсөн: “...Тухайн өдөр бол би гадуур ажилд яваагүй Э бид нар хүүхдүүдтэй хамт гэртээ өнжсөн. Манай хүү Б мах ачиж ажил гарлаа гээд хойно гудамжинд байдаг айл руу явсан. Э бид нар гэртээ байж байтал орой 17 цагийн үед манай урд талд байдаг Хишигжаргалын дүү гэх залуу /нэрийг нь мэдэхгүй/ манай хашааны үүдэнд ганцаараа ирсэн. Хашааны хаалга нүдээд байхаар нь би Э бид хоёр гарч уулзсан. Тэгсэн чинь тэр залуу танай бэр намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би яахаараа чамайг зоддог юм гэж хэлсэн чинь Эыг зодсон гээд байсан. Тэгээд тэр залуутай маргалдаад хашааны үүдэнд зогсож байтал цаанаас дүү нь гээд Хишигжаргалын хоёр охин ирж бид нартай хэрүүл хийсэн. .. Гарч уулзсан чинь Эыг зодсон гэх юм зүйл яриад байсан. Э тэр өдөр бол гэртээ өнжсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 151 тал/,

              Гэрч Э.Бийн өгсөн: “...Би тэр Х чулуугаар цохиулсан гээд байгаа өдөр нь айлд мах ачиж байсан. Туултай гадуур хамт яваагүй. Би тухайн хэрэг асуудал болсон гээд байгаа өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн 25 дугаар гудамжны зүүн талаасаа хоёр дахь хаалганд айлд мах ачих ажил хийж байсан. Би мах ачих ажил хийгээд тэр айлын хашаанд байж байхад манай эхнэр Э над дээр хүрч ирээд Х намайг чулуугаар цохчихлоо гэсээр манайд согтуу ирлээ. Намайг цохисон гээд гүтгээд дайраад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаад өгчих гэж хэлээд Эыг явуулсан. Тэгээд би мах ачиж дуусаад харихад Э гэртээ байж байсан бөгөөд би Х ирж хэрүүл хийгээд байна гэсэн юу болов уу гэж асуусан. Тэгэхэд Э “Х хэдэн дүү нартайгаа ирж хэрүүл маргаан хийж байгаад яваад өгсөн” гэж байсан. Би хэдэн цагаас мах ачиж эхэлснээ нарийн санахгүй байна. Х Этай ирж хэрүүл хийсэн гэдэг өдөр л мах ачсан юм. Тэр өдөр бол бид нар өдөрхөн мах ачих ажлаа эхлээд барагцаагаар 4 орчим тасралтгүй мах ачсан. Тэгээд ачиж дуусаад тарахад 17-18 цаг орчим болж байсан. Би тараад шууд гэртээ харьсан. Манайх урдхан талд нь ойрхон байдаг юм. .. Ачсаар байгаад ажлаа дуусаад л орой 17 цаг өнгөрч байхад харьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 153 тал/,

              Гэрч З.Бгийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын үед гэхдээ хэдний өдөр байсныг яг сайн санахгүй байна, манай хүү Б.Х хүү Эдынхоо хамт тухайн өдрийн өглөө 11 цагийн үед малаа бэлчээчхээд мотоциклиороо Мөрөн сум руу яваад оройхон буцаж ирэхдээ уруул ам нь хавдчихсан, шархтай байсан. Юм идэж чадахгүй 2-3 хоносон. Зовуурьтай, өвдөөд байна гэж байсан. Би яасан талаар асуухад надад хэлэхдээ 13-р хороонд Энхжаргал эгчийндээ оччихоод Сийнд очих гээд явж байхад нь нэг хүүхэн чулуу шидээд цохичихсон гэсэн. Х хүүгээ мотоциклийнхоо урдуур суулгаад явж байсан гэсэн. Миний хүүг яаж цохичхоогүй юм гэж ярьж байсан. Тэгээд эмнэлэг ороод оёдол тавиулчхаад ирлээ гэж надад ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 157 тал/,

              Гэрч Б.Сийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сард хэдний өдөр байсанг санахгүй байна, Х манайд мотоцикльтойгоо, хүүтэйгээ ирэхдээ цус нөж нь гоожчихсон ирсэн. Тэгээд яасан юм гэсэн чинь танайх руу ирж явсан чинь Туул гэл үү, Тунгаа ч гэлүү одоо нэрийг нь санахгүй байна, нэг хүний нэр хэлээд чулуугаар цохчихлоо гэж байсан. Тэгээд манай хашаанд мотоциклио орхиод эмнэлэг орно гээд явсан. Ць таксигаар эмнэлэг авч явж үзүүлнэ гээд аваад явсан. Би нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй. Тэр хүнээ таньдаг юм уу гэсэн чинь танина гээд эмэгтэй хүний нэр хэлж байсан. Би хэн гэж хэлж байсныг нь одоо сайн тодорхой санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 159 тал/,

              Хохирогч Б.Х, гэрч Э.Б нарыг хүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 166 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 251 дугаартай: “...Б.Хийн биед тархи доргилт, дээд уруулд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

              Шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 92-98 тал/,     

              Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 138-140 тал/,

              Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 141-143 тал/,

              Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 144-145 тал/

              Шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад намайг гэртээ байж байхад зүс таньдаг 13 дугаар хороонд амьдардаг архи уугаад явж байдаг нэг ах, 2 эмэгтэй дүү бололтой хүнтэй, нэг жоохон эрэгтэй хүүхэдтэй цуг ирсэн. Тэгээд манай гадаа ирээд тэр ах хүүхдээ энэ аниа нь аавыг нь цохисон биз дээ гээд хүүхдээ загнаад байсан. Тэгээд нөгөө хүүхэд нь толгойгоо дохиод байсан. Тухайн үед манай хадам ээж, хадам дүү, бас манай охин байсан. Тэгээд тэр зодуулсан гээд байгаа хүнд та цагдаа дууд гэсэн чинь дууд гэсэн чинь дуудахгүй байж байснаа надтай хэрэлдэж байгаад л яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/ зэргийг шинжлэн судалснаар  нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “..шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед чулуу шидэж нэг удаагийн үйлчлэлээр хохирогч Б.Хийн нүүр хэсэгт онож гурван гэмтэл буюу тархи доргилт, дээд уруулд шарх, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна” гэх,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан санал, дүгнэлтдээ: “..шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр сэдэл зорилгыг тогтоогоогүй байгаа асуудал бол миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэх субъектив шинж үгүйсгэгдэж байна... Н.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж байна гэж мэтгэлцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг “шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр сэдэл зорилгыг тогтоогоогүй байгаа асуудал бол миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэх субъектив шинж үгүйсгэгдэж байна.. Н.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогч Б.Хийн өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн үед өөрийн төрсөн хүүхэд Эдтой хамт мотоцикльтой явж байхад миний урд Туул гэдэг зүс таньдаг хүн явж байсан юм. Тэгээд намайг хараад Туул газраас чулуу аваад шууд над руу шидсэн. Тэгэхэд тэр шидсэн тэр чулуу нь миний уруул хэсгийг ирээд оносон. Тухайн үед манай хүүхэд миний урд банкин дээр сууж явсан болохоор бас Туулыг чулуу аваад шидэхийг нь харсан. ... 13 дугаар хороо луу очоод Туултай манай дүү уулзсан. Манай дүү Ць нь Туулаас та яагаад манай ахыг уруулыг чулуугаар сэт цохиж байгаа юм бэ гэж асуухад дургүй хүрээд чулуу шидсэн юм гэж хэлсэн. .. дүүтэйгээ очоод асуухад яадаг юм дургүй хүрээд шидсэн гэж хэлээд дахиад намайг цохих гээд дайраад байсан. Тэгж байснаа гэнэт л би цохиогүй болоод гүрийгээд унасан..” гэх мэдүүлэг, гэрч Х.Цийн өгсөн: “...2022 оны 04 сарын 20-ны үдээс хойш 15 цаг болж байхад намайг гадуур явж байхад манай ах Х над руу залгаад уруулаа хүнд цохиулчихлаа танай ар талын гудамжинд байдаг Туул гэдэг хүнд чулуугаар цохиулчихлаа хоёулаа очъё гэж хэлсэн...Тэгээд Туултай уулзаад та манай ахыг мотоциклтой явж байхад чулуу авч шидээд цохисон юм уу гэж асуухад тийн яадгийн дургүй хүргээд байсан юм гэж хэлсэн..” гэх мэдүүлэг, шинжээч Г.Алтайн өгсөн: “...251 дугаартай дүгнэлтийг уншиж танилцахад Б.Хийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчилсээр үүсгэгдэж болно. Мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй зүйлээс бусад зүйл хамаарагдана. Жишээ нь мод, чулуу, хүний гар, шүд гэх мэт зүйлүүд багтана....” гэх мэдүүлэг,  гэрч З.Бгийн өгсөн: “...Мөрөн сум руу яваад оройхон буцаж ирэхдээ уруул ам нь хавдчихсан, шархтай байсан. Юм идэж чадахгүй 2-3 хоносон. Зовуурьтай, өвдөөд байна гэж байсан. Би яасан талаар асуухад надад хэлэхдээ 13-р хороонд Энхжаргал эгчийндээ оччихоод Сийнд очих гээд явж байхад нь нэг хүүхэн чулуу шидээд цохичихсон гэсэн....” гэх мэдүүлэг, гэрч Б.Сийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сард хэдний өдөр байсныг санахгүй байна, Х манайд мотоцикльтойгоо, хүүтэйгээ ирэхдээ цус нөж нь гоожчихсон ирсэн. Тэгээд яасан юм гэсэн чинь танайх руу ирж явсан чинь Туул гэл үү, Тунгаа ч гэлүү одоо нэрийг нь санахгүй байна, нэг хүний нэр хэлээд чулуугаар цохчихлоо гэж байсан..” гэх мэдүүлэг, хохирогч Б.Х, гэрч Э.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 251 дугаартай: “...Б.Хийн биед тархи доргилт, дээд уруулд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаар гаргасан “шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр сэдэл зорилгыг тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэх субъектив шинж үгүйсгэгдэж байна” гэх дүгнэлт нь  хохирогч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагааны  шатанд  өгсөн “Манай дүү Ць нь Туулаас та яагаад манай ахыг уруулыг чулуугаар сэт цохиж байгаа юм бэ гэж асуухад дургүй хүрээд чулуу шидсэн юм гэж хэлсэн. .. дүүтэйгээ очоод асуухад яадаг юм дургүй хүрээд шидсэн гэж хэлээд дахиад намайг цохих гээд дайраад байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Цийн өгсөн: “..Туултай уулзаад та манай ахыг мотоциклтой явж байхад чулуу авч шидээд цохисон юм уу гэж асуухад тийн яадгийн дургүй хүргээд байсан юм гэж хэлсэн..” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн субьектив тал гэм буруугийн  санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.  Өөрөөр хэлбэл  гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг  хүсэж үйлдсэн байдаг. 

 Нийгэмд аюултай шинж гэдэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэн...-ний хуулиар  хамгаалагдсан эрх ашиг, сонирхолд хохирол учруулсан, эсхүл тийм хор уршиг  учрах бодит боломж  бий болгосон байх явдал юм.

Тодруулбал: Хүний эрүүл мэндийн халдашгүй  байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан үйлдэл юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар  зүйлд “хүн бүр амьд явах эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар  зүйлийн 13-д “халдашгүй чөлөөтэй  байх эрхтэй” гэж баталгаажуулж өгсөн.  Хэрэгт  авагдаж шүүх хуралдаанаар  шинжлэн судлагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.Э нь “дургүй хүрлээ” гэх  шалтгаанаар  газраас  чулуу авч  хохирогч руу шидэж байгаа  үйлдэл  нь  хүний амьд явах эрх, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан үйлдэл бөгөөд  чулууг шидсэнээр хүнд  хохирол учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдэн хөнгөн хохирол зориуд хүргэсэн байна. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах  гэмт хэргийн субьектив  шинжийн нэмэгдэл  шинж болох  гэмт хэрэг үйлдсэн  сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн сэтгэл санааны байдлыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлаагүй тул гэмт хэргийн зүйлчлэлд  нөлөөлөхгүй байхаар хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон. Өөрөөр хэлбэл  энэ  төрлийн гэмт хэрэг нь  өс хонзон танхайн болон хувийн ямар ч сэдэлтээр үйлдэгдэж болохоор заажээ.  Иймд  шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруутай эсэх талаарх дүгнэлтийг хүлээн авах  үндэслэлгүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Эийн “...Тухайн өдөр бол би гадуур ажилд яваагүй Э бид нар хүүхдүүдтэй хамт гэртээ өнжсөн. Манай хүү Б мах ачиж ажил гарлаа гээд хойно гудамжинд байдаг айл руу явсан. Э бид нар гэртээ байж байтал орой 17 цагийн үед манай урд талд байдаг Хишигжаргалын дүү гэх залуу /нэрийг нь мэдэхгүй/ манай хашааны үүдэнд ганцаараа ирсэн. Хашааны хаалга нүдээд байхаар нь би Э бид хоёр гарч уулзсан... Э тэр өдөр бол гэртээ өнжсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 151 тал/,  гэрч Бийн өгсөн “...Би мах ачих ажил хийгээд тэр айлын хашаанд байж байхад манай эхнэр Э над дээр хүрч ирээд Х намайг чулуугаар цохчихлоо гэсээр манайд согтуу ирлээ. Намайг цохисон гээд гүтгээд дайраад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаад өгчих гэж хэлээд Эыг явуулсан. Тэгээд би мах ачиж дуусаад харихад Э гэртээ байж байсан бөгөөд би Х ирж хэрүүл хийгээд байна гэсэн юу болов уу гэж асуусан. Тэгэхэд Э “Х хэдэн дүү нартайгаа ирж хэрүүл маргаан хийж байгаад яваад өгсөн” гэж байсан. Би хэдэн цагаас мах ачиж эхэлснээ нарийн санахгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 153 тал/, шүүгдэгч  Н.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ би нөхөртэйгээ хамт явж байгаагүй гэртээ байсан. .. би тухайн үед  хадам ээж, охин, хадам дүүтэйгээ дэлгүүр явж ирчихээд  гэртээ байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 96 дугаар тал/-үүд нь агуулгын хувьд  зөрүүтэй байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд Н.Э гэртээ байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Хийн мэдүүлэг, гэрч Х.Цийн мэдүүлэг, гэрч А.Бгийн мэдүүлэг, шинжээч Г.Алтайн мэдүүлэг, гэрч А.Эийн мэдүүлэг, гэрч Э.Бийн мэдүүлэг, гэрч З.Бгийн мэдүүлэг, гэрч Б.Сийн мэдүүлэг, хохирогч Б.Х, гэрч Э.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 251 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Н.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 25 дугаар гудамжны зүүн жигүүр орчимд байрлах задгай газарт Б.Х руу “дургүй хүрлээ” гэх шалтгаанаар чулуу шидэн түүний нүүр хэсэгт онож улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулд шарх, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Хийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Эын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Н.Эын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Н.Эын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд хохирогч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эаас хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Эыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Хавтаст хэргийн 45-48 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар шүүгдэгч Н.Э нь ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 41-22 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Н.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Б овогт Нийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нийн Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.   

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

              5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН