| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оролмаа |
| Хэргийн индекс | 151/2016/0029/э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2017-01-16 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 30
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,
- улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
- шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
- шүүгдэгч Д.Хишигжаргал нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уул овогт Дамдинсүрэнгийн Хишигжаргалд холбогдох эрүүгийн 201619000849 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын харъяат, 1969 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүү, бэр, зээ, хоёр ач нарын хамтаар Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн Илтийн 4-03 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Уул овогт Дамдинсүрэнгийн Хишигжаргал. /РД:НХ69122239/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Хишигжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутагт байрлах Шарын амны Есөн булгийн эх гэх газарт ойд зохих зөвшөөрөлгүйгээр 3.22 куб метр нойтон хус мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Киа Бонго маркийн 86-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, байгаль орчинд 540 960 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Хишигжаргал шүүхийн хэлэцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тиймээс нэмж мэдүүлэг өгөхгүй..” гэв.
Иргэний нэхэмжлэгч О.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлсэн: Миний хувьд уг хэрэгт албан ёсоор иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Хэргийн талаар мэдэх зүйл алга. Тус сумын иргэн Д.Хишигжаргал нь хууль бусаар хэрэглээний мод бэлтгэсэн асуудалд иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Шинжээчийн гаргасан дүгнэлтийн дагуу учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна ... хэргийн материалтай танилцана, шаардлагатай гэвэл шүүх хуралд сууна гэсэн мэдүүлэг /хх- 32-33/,
Гэрч С.Амархүү мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Би хэдэн үхэр малладаг. Манайх Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг Зүүн мухар гэх газарт өвөлжөөний газар, хороотой юм. Би өвөлжөөнөөсөө сумын төв рүү 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орсон. Тухайн үед энэ хэргийн талаар мэдээгүй, сүүлд байгаль хамгаалагч таараад танай өвөлжөөн дээр юун хус мод байсан юм бэ? гэж асууж байсан. Би тухайн үед мэдэхгүй тэр өвөлжөөнөөс манайх нүүгээд удаж байгаа талаар хэлсэн. Манай өвөлжөөний ойролцоо мод руу явдаг зам байдаг. Би энэ хэргийн талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх-37/,
Сэжигтэн, яллагдагчаар А.Ганбат мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би өөрийгөө буруугүй гэж үзэж байна. Би 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байхад Д.Хишигжаргал ах манайд ирээд хоёулаа түлээний мод бэлтгээд ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Шарын амны Есөн булаг гэх газарт очсон. Бид хоёр доошоо уруудаж байгаад овоолсон байсан нойтон хус мод байхаар нь машин дээрээ ачсан. Явж байтал машины хойд талын 2 дугуй буудаж хагарсан тул нутгийн айлын эзэнгүй өвөлжөөн дээр модоо буулгасан. Тэгээд дугуйгаа янзлаад хоосон сумын төв рүү орсон. Би тухайн үед Д.Хишигжаргал ахаас зөвшөөрөл авсан юм уу гэхэд авсан гэж хэлж байсан. Гэхдээ гарал үүслийн бичгийг үзээгүй. ... 86-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Хишигжаргал ах өөрөө барьж явсан ... гэсэн мэдүүлэг /Хх-ийн 57-58 хуудас/
Сэжигтэн, яллагдагчаар Д.Хишигжаргал мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Би Төв аймгийн Баянчандмань суманд төрснөөсөө хойш амьдарч байна. Би 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А.Ганбатыг гуйгаад ахдаа нэг түлээнд хамт яваад өгөөч гэж хэлээд түүнтэй хамт Шарын амны “Есөн булаг” гэх газарт очсон. Тухайн үед А.Ганбатыг хөрөөгөө буулгаад ир гэхэд цахилгаан хөрөөнийхөө гарыг нь хугалсан. Тэгээд бид 2 тэндээсээ жаахан дээшээ явахад хаягдсан мод байхаар нь машиндаа ачаад цааш явсан. Тэгээд цааш явж байтал машины хойд талын 2 дугуй буудаад цааш явахад хэцүү болсон тул модоо айлын өвөлжөөн дотор буулгасан. Тэгээд дугуйгаа солиод үлдсэн модоо мөн айлын эзэнгүй саравчинд буулгаад авах гэж байгаад хэсгийн төлөөлөгчид баригдсан. Миний буруу ямар нэгэн зөвшөөрлийн бичиг баримт аваагүй. А.Ганбат намайг зөвшөөрөлгүй мод бэлтгэхээр явж байгааг мэдээгүй. ... Би өөрийн эзэмшлийн бонго портер маркийн 86-83 ТӨА улсын дугаартай ачааны автомашинаар нэг удаа зөөсөн ... гэсэн мэдүүлэг /Хх-ийн 53-р хуудас/
Төв аймгийн Баянчандмань сумын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 19-04.334/02 акт:
Цагдаагийн байгууллагын шалгалтаар тус сумын 2 дугаар багийн иргэн Д.Хишигжаргал, А.Ганбат нар нь Ойн сангаас хууль бусаар бэлтгэсэн гэх 145 см урт, нарийн үзүүрийн голч 12-24 см, 94 ширхэг нойтон хусны модны нийт эзэлхүүнийг 3,22 м/куб, Ойн санд учруулсан экологи эдийн засгийн шууд хохирол 540 960 төгрөг болно. Гарсан хохирлыг Монгол улсын Ойн тухай хууль зөрчиж ойн санд хохирол учруулсан буруутай нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдвол Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8 дугаар бүлгийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн шууд хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1 622 880 төгрөгийг гаргуулж, Төв аймгийн Баянчандмань сумын Төрийн сангийн Ойн нөөцийн төлбөрийн 140100945 тоот дансанд олгуулах. /хх-ийн 40/
- Хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13/,
- Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-16/,
- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /Д.Хишигжаргалын эзэмшлийн Киа Бонго маркийн 86-83 ТӨА улсын дугаартай ачааны автомашин/, тэмдэглэл /хх-ийн 19-20/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / 3.22 куб метр нойтон хус мод нийт 94 ширхэг/, тэмдэглэл /хх-ийн 23-24/,
- Хураан авах тогтоол /цахилгаан хөрөө 1 ширхэг/, тэмдэглэл /хх-ийн 25-26/
- Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-28/,
-Эд зүйлийн үнэлгээ / Д.Хишигжаргалын эзэмшлийн Киа Бонго маркийн 86-83 ТӨА улсын дугаартай ачааны автомашин/ /хх-ийн 41-42/,
- Шүүгдэгч Д.Хишигжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: Үгүй гэх хуудас /хх-ийн 68/,
- Шүүгдэгч Д.Хишигжаргалыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-52-53/, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-54-55/ байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Хишигжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутагт байрлах Шарын амны “Есөн булгийн эх” гэх газарт ойд зохих зөвшөөрөлгүйгээр 3.22 куб метр нойтон хус мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Киа бонго маркийн 86-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, байгаль орчинд 540 960 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13/, модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-16/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18/, модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-4/, - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / 3.22 куб метр нойтон хус мод нийт 94 ширхэг/, тэмдэглэл /хх-ийн 23-24/, хураан авах тогтоол /цахилгаан хөрөө 1 ширхэг/, тэмдэглэл /хх-ийн 25-26/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-28/, иргэний нэхэмжлэгч О.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч С.Амархүү мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 37/, Төв аймгийн Баянчандмань сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 19-04-334/02 дугаартай дүгнэлт /хх-ийн 40/, сэжигтэн, яллагдагчаар А.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57/, яллагдагчаар Д.Хишигжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Хишигжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Хишигжаргалд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, мөн хуулийн 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Д.Хишигжаргал нь зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан 1 622 880 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь Байгаль хамгаалах сангийн 140100945 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч О.Оюунчимэг нь “... Тус сумын иргэн Д.Хишигжаргал нь ойн санд учруулсан шууд хохирол 1 622 880 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулсан байх тул нэхэмжлэх зүйлгүй” ... гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй болно.
Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:
Мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Д.Хишигжаргалын эзэмшлийн КИА БОНГО маркийн 86-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт үйлдлээ түргэсгэх, эд зүйлийг зөөж тээвэрлэхэд ашигласан болох нь шүүгдэгч Д.Хишигжаргалын ... Би 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр найз А.Ганбатыг гуйгаад ахдаа нэг түлээнд хамт явсан. ... Тухайн үед А.Ганбатыг хөрөөгөө буулгаад ир гэхэд цахилгаан хөрөөнийхөө гарыг нь хугалсан. ... Тэгээд цааш явж байтал машины хойд талын 2 дугуй буудаад цааш явахад хэцүү болсон тул модоо айлын өвөлжөөн дотор буулгасан. Тэгээд дугуйгаа солиод үлдсэн модоо мөн айлын эзэнгүй саравчинд буулгаад авах гэж байгаад хэсгийн төлөөлөгчид баригдсан. Миний буруу ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг баримт аваагүй. А.Ганбат намайг зөвшөөрөлгүй мод бэлтгэхээр явж байгааг мэдээгүй. ... Би өөрийн эзэмшлийн Киа Бонго маркийн 86-83 ТӨА улсын дугаартай ачааны автомашинаар нэг удаа зөөсөн ... гэх мэдүүлэг, мэдүүлэг болон Киа Бонго маркийн 86-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна. Иймд Киа Бонго маркийн 86-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн 3.22 метр куб нойтон хус мод болох 94 ширхэг мод , эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан гар хөрөө 1 ширхэг зэргийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Хишигжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Киа Бонго маркийн 86-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ0046492 дугаартай гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Төв аймаг дахь шүүхийн шийдвэр албанд хүргүүлэх болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Уул овогт Дамдинсүрэнгийн Хишигжаргалыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хишигжаргалыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Хишигжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Д.Хишигжаргалын эзэмшлийн Киа Бонго маркийн 86-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 3.22 куб метр буюу 94 ширхэг нойтон хус мод, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хөрөө зэргийг тус тус хурааж улсын орлого болгож, энэ хэрэгт хураагдан ирсэн Киа Бонго маркийн 86-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ0046492 дугаартай гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Төв аймаг дахь шүүхийн шийдвэр албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Цэндсүрэнд даалгасугай.
5. Д.Хишигжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Хишигжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Хишигжаргалын тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Хишигжаргал нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсан болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хишигжаргалд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Хишигжаргалд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОРОЛМАА