Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 336

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                              

            прокурор С.Солонго,

            хохирогч П.Ц,

            шүүгдэгч Б.Б.Э,

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Э-д холбогдох 1911 03226 0030 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Б овгийн Б-н Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;

  Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр .................тоотод өөрийн гэртээ гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч П.Ц-тай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг, нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... ажиллагааг ямар хугацаанд... хийх”-ийг тусгахаар хуульчилсан байхад торгох ял биелүүлэх хугацааны талаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт дурдалгүй шийдвэрлэсэн байна.

Хэрэв шүүхээс ялтанд оногдуулсан торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 болон 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй юм. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг дэмжиж байна. Эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч П.Ц тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв. 

Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

  Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ............. тоотод өөрийн гэртээ гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч П.Ц-тай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Ц-ийн “... Би утсаа авах гээд Э-тэй зууралдаад бид хоёр гэрийн хаалгаар гадагшаа унасан. Б.Э босож ирээд хөлөөрөө миний нүүр орчим нэг удаа өшиглөөд бас миний дээр унасан байхдаа миний гар утсаар нүүрний баруун шанаа орчим нэг удаа цохиод авсан. Би босоод гэртээ ороход Н эгч орж ирсэн ба түүнийг орж ирэхэд миний үснээс зулгаасан. Миний нүүрийг гэрэлд харчихаад гэрээс гараад явсан. ...” /хх 11-12/,

гэрч Н.Н-н “... Би ачийгаа хараад кино үзээд сууж байтал хашаанд хүн орилох чимээ гарсан. Би Ц-ийн гэрт ортол Ц-ийн үс нь сэгсийчихсэн, нүүр нь шалбарч улайгаад чинэрчихсэн байсан ба нөхөр нь болох Б.Э нь Ц-г “чам шиг юмыг алчихсан ч яадаг юм” гэж хэлээд үснээс нь зулгаагаад газарт түлхэж унагаасан. Тэгээд намайг зайл гэж хэлээд удалгүй Б.Э гараад явчихсан. ...” /хх 15-16/,

шинжээч Ж.Ганцэнгэлийн “... П.Ц-ийн биед учирсан баруун шанаа, зовхи, дух, хамрын шуу, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шанаа, хамрын нуруу, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 22/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... П.Ц-ийн биед баруун шанаа, зовхи, шуу, баруун, зүүн нүдний бугалганы цус хуралт, дух, хамрын нуруу, доод уруул, шилбэний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 20-21/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин шүүхээс торгох ялыг ямар хугацаанд биелүүлэх талаар заагаагүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй байна.  

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан байхад анхан шатны шүүх торгох ял биелүүлэх хугацааг тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.