Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00557

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00103 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1049 дүгээр магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

У.Мд холбогдох

Худалдах-худалдан авах гэрээг цуцалснаас учирсан хохиролд 271,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “С” ХХК нь У.Мд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг цуцалснаас учирсан хохиролд 271,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00103 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Маас 271,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 531 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 531 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1049 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00103 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 232 дугаар зүйлийн 232.5” гэснийг хасаж “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1...” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 513 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа хяналтын гомдолдоо: ...Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд тус магадлалыг дараах байдлаар эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Мд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа миний бие хүндэтгэн үзэх шалтгаан болсон өрхийн эмнэлгийн актыг хавсарган нотлох баримттай шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч нотлох оаримтын шаардлага хангаагүй гэдэг нь “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 4.2 дахь хэсэгт заасан эмнэлгийн магадлагаанд ерөнхий эмч гарын үсэг зурсан, эмнэлгийн тамга дарсан байх шаардлагыг хангасан байх ёстой байтал “Учрахуй” өрхийн эрүүл мэндийн төвөөс 2020.01.09-ны өдөр Б.Цэцэгмаад олгосон магадлагаа дээр ерөнхий эмчийн гарын үсэг тамга байхгүй агуулга бүхий байдлаар нотлох баримтыг үнэлэхгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэтэл тус өрхийн эмнэлэгт ерөнхий эмч гэж байхгүй, зөвхөн тухайн өрхийн эмнэлэгт үзүүлэхэд ерөнхийлөн үзэж байгаа эмч үзлэг хийж акт бичиж өгч, эмчлэгч эмч нь гарын үсэг зурж, тамгаа дарсан байтал дээрх журмаар нотлох баримтыг үнэлэхгүй хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд магадлалыг хэрэгсэхгүй болгож, хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах, мэтгэлцэх боломжоор хангаж, хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил” эсэх хүрээнд хянаад, гомдлыг зарим хэсгийг хангаж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “С” ХХК, хариуцагч У.Мд холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээг цуцалсны хохиролд 271,200,000 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй, нотлох баримт шүүхэд ирүүлээгүй боловч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.щ

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 271,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна. Харин шүүх торгуулийг биелэгдээгүй үүргээс бус гэрээний нийт үнийн дүнгээс тооцсон нь буруу тул залруулж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

8. Талууд 2018.03.12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Асем виллаж цогцолбор, 13240 Дүнжингарав гудамж, 48 тоот хаягт байршилтай, 354 м.кв талбай бүхий амины орон сууцыг худалдах, худалдан авахаар тохирч, У.М нь 3,712,000,000 төгрөгийг төлөх, “С” ХХК сууцыг шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн, хариуцагч нь 2018.03.16-ны өдөр орон сууцыг эзэмшилдээ авч, үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөгийг төлсөн, хариуцагч үүргээ биелүүлээгүй тул “С” ХХК гэрээг цуцалж, 2018.03.16-ны өдөр хөрөнгөө буцаан авсан үйл баримт тогтоогджээ.

9. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч үүргээ зөрчснөөс гэрээг цуцалсан эрх зүйн асуудлыг хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байна.

10. Гэрээний 9.3-т “Худалдан авагч нь өөрийн санаачлагаар энэхүү гэрээг дангаар цуцлах хүсэлт гаргасан, амины орон сууцыг худалдаж авахаас татгалзсан, Худалдагч нь гэрээний 9.2 дах хэсэгт заасан үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд Худалдан авагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10% -тай тэнцэх хэмжээний торгууль төлөх хариуцлага хүлээнэ” гэж заасан, талуудын тохиролцоо хууль зөрчөөгүй, гэрээний уг нөхцөлийг хуульд нийцүүлэн тайлбарлах боломжтой ба шүүх гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан хохирлыг арилгуулах үндэслэлийг зөв дүгнэсэн боловч хариуцагчийн биелүүлээгүй үүргийн хэмжээг анхаараагүй байна. Гэрээнд торгуулийг гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувь байхыг заасан боловч торгууль нь гүйцэтгээгүй үүргээс тооцогддог хариуцлагын хэлбэр тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 3,612,000,000 төгрөгийн 10 хувь 361,200,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 100,000,000 төгрөгийг хасвал 261,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа анхан шатны шүүх нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй гэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх 2019.09.19-ний өдөр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, 2019.11.21-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан байхад хариуцагч тайлбараа хуулийн хугацаанд гаргаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 1 удаа 30 хоногоор сунгасан, зохигчийн мэтгэлцэх эрхийг хангасан, түүнчлэн хариуцагч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, эмнэлгийн магадлагаа ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан тул хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагааг ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй юм. Иймд хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар  сарын 13-ны өдрийн 1049 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00103 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч У.Маас 261,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,531,950 төгрөг гаргуулж гэснийг хариуцагчаас 1,463,950 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.16-ны өдөр төлсөн 1,513,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Б.МӨНХТУЯА

                                                                                                 Д.ЦОЛМОН