Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М р э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч: “М р э” ХХК

Хариуцагч: Орхон аймгийн Татварын газар 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 119/ШШ2025/0027 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 119/2024/0047/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М р э” ХХК-аас Орхон аймгийн Татварын газарт холбогдуулан ""Орхон аймгийн Татварын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр "М р э" ХХК-ийг Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл, 1231003875317 дугаар бүхий нэхэмжлэлээр 296,246,239,00 төгрөг нэхэмжилснийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 119/ШШ2025/0027 дугаар шийдвэрээр:  Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 47 дугаар зүйлийн 47.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.7, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан "М р э" ХХК-ийн Орхон аймгийн Татварын газарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн Татварын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр "М р э" ХХК-ийг Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл, 1231003875317 дугаар бүхий нэхэмжлэлээр 296,246,239,00 төгрөг нэхэмжилснийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

3.1. “...Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан байх бөгөөд Захиргааны хэргийн шүүхээс "М р э" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон тул захиргааны байгууллагыг дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 "Татварын хуулиар татвар төлөх, эсхүл татвар суутгах үүрэг бүхий этгээд нь татвар төлөгчөөр бүртгүүлнэ" гэж зааснаас үзвэл энэ үүрэг нь татвар төлөгчид байхаар хуулиар зохицуулсан дагуу "М р э" ХХК үүрэг ээ биелүүлсэн бөгөөд татварын газрын зүгээс ямар нэг акт гаргаагүйг хэрэгт цугласан нотлох баримтуудаас харж болохоор байхад шүүх маргааныг тал бүрээс харж шийдээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 зүйлийн 34.1 "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасанг болон энд дурдсан холбогдох хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж болохоор байна.

3.2. Захиргааны байгууллагын зүгээс бодитоор ямар нэг акт шийдвэр гаргаагүй 2 талаас татварын ерөнхий хуульд эрхийг хэрэгжүүлж үүргийг биелүүлэх харилцаа явагдах ёстой. Шүүхийн шийдвэрийн дагуу эрх зүйн ямар хэлбэрээр дахин шинэ акт гаргах гэсэн нь тодорхойгүй байна. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001/XT2024/0092 тогтоолоор 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 зүйлийн 14.1 "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл хуульд заасан хугацаанд гомдол гаргах эрх ээ эдлээгүй байна гэж үзэж шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Энэ агуулга, үндэслэлээр гомдлыг хянасан Улсын дээд шүүхийн тогтоолыг харгалзан үзэх шаардлагатай байхад хэрэглэвэл зохих хуулийг эс хэрэглэн Монгол улсын үндсэн хуулийн 14- т заасан эрхийг үндэслэл болгон хэрэглэж байгааг шууд утгаар буруутгахгүй ч тусгайлсан хуулиар зохицуулсан хуулийн зохицуулалт байсаар байхад хэрэглэхгүй байгаа нь учир дутагдалтай шийдвэрлэлт болсон. Учир нь 2023 оны бүртгэлийн асуудал байхад хуулийн хүлээсэн албан татвар төлөх үүргээ биелүүлэхгүй байгаад хүргүүлсэн нэхэмжлэлийн дараагаар татвар төлөгч эрх зөрчсөн байна гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч байгаа нь шүүх хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзэхэд эргэлзээг төрүүлж байна.

3.3. Нэхэмжлэгч өөрийн үндсэн үйл ажиллагаа, олсон орлого, гадагш гаргасан экпортлосон бүтээгдэхүүнийг шүүх хурал хуралд тайлбарлахдаа зэсийн тэгж мэдүүлсэн гэж баяжмал биш өөр ангилал байхгүй болохоор тайлбарладаг. Гэтэл хэрэгт цугласан нотлох баримтууд тухайлбал гаалийн лабораторийн дүгнэлт, татварын газарт гарган хүргүүлсэн албан татварын тайлан, татварын ерөнхий газрын албан тоот зэрэг нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийгээгүй нь шийдвэрээс харагдаж байна. Нэхэмжлэгч болон шүүхийн шийдвэрт эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэл бүхий тайлбар байхгүй болно. Шүүх шийдвэртээ Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар "ашигт малтмал экпортлосон этгээд" дүгнэх боломжгүй гэж үзсэн нь хуулийн дагуу нотлох баримтуудыг бүрэн гүйцэт тал бүрээс нь үнэлэх ажиллагааг хийгээгүйг илтгэнэ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудад байх гаалийн мэдүүлэгт тодорхой тусгасан, экспорт хийж борлуулалтын орлого олсон тухай албан татварын тайланг огт үнэлсэнгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 "доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна", 47.1.2-т "ашигт малтмал экспортолсон этгээд" гэж тодорхой заасан бөгөөд экспорт хийсэн тухай нотлох баримт хэрэгт байдаг. Энэ хууль болон эдгээр баримтыг үнэлэх судлах нь үнэн зөв үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарахад шууд хамааралтай гэж үзэж байна. Шүүх хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны шат явц бүрд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүндрэл, доголдол "М р э" ХХК-ийн хууль ёсны эрх ашиг талаас нь хэрэгт хандсан гэж үзэж байгаа бөгөөд хариуцагчийн хууль ёсны эрхийг дордуулан гагцхүү хууль дээдлэх, хууль хэрэглэх, нотлох баримт үнэлэн судлах зарчмыг барин шийдвэр гаргаагүйд гомдолтой байна.

3.4. Иймд түдгэлзүүлсэн шийдвэрийг өөрчлөх хуульд нийцүүлэх, анхан шатны шүүхийн 119/ШШ2025/0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгон хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

1. Орхон аймгийн Татварын газраас М р э ХХК-ийг “Чёрновын мёдь гэх бүтээгдэхүүнийг гаалийн лабораторийн дүгнэлтээр зэсийн баяжмал гэж тодорхойлж экспортлосон үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгч буюу зөвшөөрөлгүй татвар төлөгчөөр бүртгэж, 1231003875317 дугаартай нэхэмжлэлээр 296,246,239.00 төгрөгийг нэхэмжилсэн байна.

2. Нэхэмжлэгч М р э ХХК нь Орхон аймгийн Татварын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монрос эко ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл, 1231003875317 дугаар нэхэмжлэлээр 296,246,239.00 төгрөг нэхэмжилснийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж маргасан.

3. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 47 дугаар зүйлийн 47.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.7, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймгийн татварын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр М р э ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл, 1231003875317 дугаартай нэхэмжлэлээр 296.246,239.00 төгрөг нэхэмжилсэнийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: ...Татварын газрын зүгээс ямар нэг акт гаргаагүйг хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харж болохоор байхад шүүх маргааныг тал бүрээс нь харж шийдээгүй..., шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг болон холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн..., шүүхийн шийдвэрийн дагуу эрх зүйн ямар хэлбэрээр дахин шинэ акт гаргах гэсэн нь тодорхойгүй..., нэхэмжлэгчийг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн ... хуулийн заалтуудаас  үзвэл хуульд заасан хугацаанд гомдол гаргах эрхээ эдлээгүй байна гэж шийдвэрлэх үндэслэлтэй байсан ..., нэхэмжлэгч өөрийн үйл ажиллагаа, олсон орлого, гадагш гаргасан эксплортлосон бүтээгдэхүүнийг шүүх хуралд тайлбарлахдаа зэсийн баяжмал биш өөр ангилал байхгүй болохоор тэгэж мэдүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайлбал гаалийн лабораторын дүгнэлт, татварын газарт хүргүүлсэн албан татварын тайлан, татварын ерөнхий газрын албан тоот зэрэг нотлох баримтуудад шүүх дүгнлт хийгээгүй байна..., нэхэмжлэгч болон шүүхийн шийдвэрт эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэл бүхий тайлбар байхгүй байна... иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэж маргасан байна.

5. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ: “...нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн Чёрновый мёдь буюу хаягдал хүчиллэг уснаас гарган авсан бүтээгдэхүүн нь ашигт малтмал эсэх, уул уурхайн ямар бүтээгдэхүүний ангилалд орох талаар хуульд тусгайлан заагаагүй. Бүтээгдэхүүний нэршил тодорхой бусаас шалтгаалж гэрээний дагуу Орхон аймгийн Татварын газраас ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөх шаардлага тавьж ашигт малтмалын ямар ч тусгай зөвшөөрөл  эзэмшдэггүй аж ахуйн нэгжийг тухайн татвар төлөгчөөр бүртгэсэн нь үндэслэлгүй гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй ... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасныг үндэслэн М р э ХХК-ийг ашигт малтмал эксплортлосон этгээд гэж үзэн энэ төрлийн татвар төлөгчөөр бүртгэж, 296,246,239.00 төгрөгийг нэхэмжлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна ... шүүхээс М р э ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар ашигт малтмал экспортлосон этгээд гэж дүгнэх боломжгүй байх тул .... актын биелэлтийг түдгэлзүүлж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь Монрос эко ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ил уурхайн гүний болон исэлдсэн хүдрийн овоолгоос ялгарах тунасан хүчиллэг усыг саармагжуулан цэвэршүүлэх явцад хүнд металлыг ялган авч байгаа бүтээгдэхүүнийг ашигт малтмал буюу зэсийн баяжмал гэж үзэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул захиргааны байгууллага уг маргааныг өөрөө шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6. Учир нь анхан шатны шүүх захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн, холбогдох хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

7. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7-д “ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хяагдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг, 47 дугаар зүйлийн 47.1 “доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2-т “ ашигт малтмал экспортлосон этгээд, Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнах журам-ын 2 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу “экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно”  гэж хууль болон журамд зохицуулжээ.

8. Дээрх хуулийн зохицуулалтаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын олборлон гаргасан хүдрийн овоолго нь геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу болон түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмал мөн.

9. Мөн нэхэмжлэгч М р э ХХК-ний БНХАУ-д экспортолж байгаа бүтээгдэхүүн нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын олборлон гаргасан хүдрийн овоолго, хаягдал бөгөөд байгалийн  уснаас орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан ялган авч баяжуулан олборлож ашигт агуулгыг нэмэгдүүлэн зэсийн баяжмал болгон борлуулах буюу экспортоор гаргаж байгаа үйл явц бөгөөд үүнийг ашигт малтмал ашиглах гэж хуульд тодорхой заасан.

10. Хэрэгт цугларсан нотлох баримт болох Гаалийн төв лабораторийн 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн № 0123007787  дугаар магдлан шинжилгээний дүгнэлтээр “ М р э ХХК-ний экспортолж буй бараа нь 5.65 хувийн чийглэгтэй зэсийн баяжмал байна. Хуурай жинд тооцсоноор тус баяжмалд Зэс 72.9 хувь, Төмөр 3.52 хувь, алт 0.6мг/кг, ... тус тус агуулагдаж байна” / хх-н 103-105-р хуудас/ гэсэн дүгнэлт,

10.1. Мөн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, /хх-н 100-р хуудас/

10.2. 2023 оны 3 дугаар сарын ТТ-15-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, /хх-н 133-134-р хуудас/ Зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч "М р э" ХХК-ний экспортлосон бүтээгдэхүүн гэх Чёрновый мёдь нь зэсийн баяжмал байх бөгөөд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын олборлосон овоолгоос байгалийн усны үйлчлэлээр хүчиллэг ногоон ус болон хуримтлагдсаныг дээр дурдсан аргаар боловсруулан зэсийн баяжмал гарган авч БНХАУ-д экспортлосон болох нь тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх дээрх үйл баримт болон нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж дүгнэхээр байна.

11. Анхан шатны шүүхээс уг маргааныг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 1063.11- т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

12. Учир нь нэхэмжлэгч М р э ХХК болон Орхон аймгийн Татварын газрын хооронд үүсэн маргааны хувьд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагагүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн Чёрновый мёдь гэх бүтээгдэхүүн нь Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр зэсийн баяжмал буюу ашигт малтмалын зэс, зэсийн баяжмалын төрөлд хамаарч байх бөгөөд түүнийг БНХАУ-руу экпортолсоныг үндэслэн нэхэмжлэгч компанийг ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгчөөр бүртгэж татвар төлүүлэхээр нэхэмжилсэн нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтрээгүй, шинжлэх ухааны тооцоо, судалгаа шаардлагагүй байх тул дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх шаардлагагүй байна.

13. Нэхэмжлэгч нь Орхон аймгийн татварын газраас ашигт малтмалын нөөц ашигласны зөвшөөрөлгүй татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл болон АМНАТ-ын 296,246,239.00 төгрөгийн нэхэмжлэхийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж маргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

14. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “ашигт малтмал экспортлосон этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч байхаар хуульд заасан бөгөөд нэхэмжлэгч компани нь ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулж ашигт малтмал экспортлосон нь хариуцагч Татварын байгууллагаас Гаалийн байгууллагын мэдээг үндэслэн татвар төлөгчөөр бүртгэснийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож төлөх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 119/ШШ2025/0027 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.7,  47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М р э ХХК-ний Орхон аймгийн Татварын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр М р э ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл, 1231003875317 дугаар бүхий нэхэмжлэлээр 296,246,239.00 төгрөг нэхэмжилсэнийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугайгэж, 2 дахь заалтыгЗахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж,  бүхэлд нь өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                 Л.ОДБААТАР