Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2020/00668

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: оршин суух, М.А /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: тоотод оршин суух, Б.О /Регистрийн дугаар: /-т холбогдох

“Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.А, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.О-тай 2009 онд танилцаж, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч байнга уулздаг байсан. Ингэж явсаар 2012 оны 12 дугаар сард жирэмсэн болсон байсан. Энэ тухайгаа хэлэхэд хүлээн зөвшөөрөөгүй тул холбоогоо тасалсан. Хүүхэд гарснаас хойш яаралтай тохиолдолд жилдээ 200,000-300,000 төгрөг өгдөг болсон. Одоо хүүхэд минь аавтайгаа уулзах хүсэлт гаргахад цааргалсан хариу өгдөг. Иймээс эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүү А.Ө нь миний хүүхэд гэж баталсан тохиолдолд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Б.О-т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Б.О-тай 2009 онд танилцаж дотно харьцаатай болсон байх бөгөөд, хамт байх хугацаанд 2013 оны 09 дүгээр сарын 03-нд хүү А.Ө-ыг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь жирэмсэн болсон тухайгаа хариуцагчид хэлэхэд хариуцагч нь хүүхэдтэй болохыг зөвшөөрөөгүйн улмаас хоорондын харилцаагаа зогсоосон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Хариуцагч нь шаардлагатай тохиолдолд мөнгөн тусламж үзүүлдэг байх боловч, үр хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, уулздаггүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хүүхдүүдийн эцэг тогтоолгох шинжээч томилуулах хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШЗ2020/01714 дугаартай захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон бөгөөд шүүхээс томилогдсон шинжээч ирүүлсэн дүгнэлтдээ: Б.О нь А.Ө-ны биологийн эцэг байх боломжтой, магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай байна гэжээ.

Зохигчид нь гэрлэлтээ батлуулаагүй боловч 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.Ө-ны төрсөн эцэг нь хариуцагч Б.О мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч Б.О-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.Ө нь төрсөн цагаасаа эхлэн ээжийнхээ хамтаар амьдарч байгаа бөгөөд хүүхдийн өссөн орчин нөхцөл, хүүхдийн насны байдал, бага насны хүүхдүүдэд тавих анхаарал халамж, эхийн асаргаа, зохигчдын тайлбар мэдүүлэг зэргийг харгалзан хүү А.Ө-ны эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.Ө-ыг эх М.А /регистрийн дугаар: НЬ79050867/-ын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.Ө эцэг нь Б.О /Регистрийн дугаар: УК70110637/ мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.Ө 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Б.О-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1,63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102,729 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 102,729 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БЯМБАСҮРЭН