Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 39

 

           Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

- улсын яллагчаар, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

- шүүгдэгч Ч.Ядамжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Чадраабалын Ядамжавд холбогдох Эрүүгийн 201719000004 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүн хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, үр тарианы тоног төхөөрөмжийн манаач ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн шандын 1-4  тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд нь:

- Төв аймгийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг  хорих ялыг 2002 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан.

- Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял оногдуулж, уг ялын 2011 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дууссан.

- Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 68 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Сартуул овогт Чадраабалын Ядамжав /РД: НМ70021218/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.Ядамжав нь Төв аймгийн жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн шандын 4-6 тоот хашаанаас 2016 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө иргэн М.Энхбаатарын 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Ядамжав нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн.

 

Хохирогч М.Энхбаатар хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 21 цаг 30 минутын үед 2 морио өвсний хашаанд оруулж тэжээсэн. Тэгээд 12 дугаар сарын 10-ны өглөө босоод харахад манай сартай хүрэн үрээ алга болчихсон байсан. Тэгээд хашааг нь очиж үзэхэд хашааны амыг миний уясанаас өөрөөр уячихсан байхаар нь би хулгайч аваад явсан байна гэж бодсон. Тэгээд тэр өдрөө тэр хавиар хайгаад хүн амьтнаас эрж сураад олоогүй. Харин тухай өдөр манай эхнэр Сүмбэр сум руу яваад хулгайд алдагдсан адуугаа Ч.Ядамжавыг авсан байж магадгүй талаар сураг сонсож ирсэн. Тэгээд би 12 дугаар сарын 11-ний өглөө Ч.Ядамжавын хөдөө газарт очиход хүнгүй байсан бөгөөд миний адууг үхрийн фермид оруулан уясан байсан. Түүнээс өмнө урд өдөр нь Ч.Ядамжав руу залгаж манай адууг авсан талаар асуухад Ч.Ядамжав нь гэрт ирээд би танай үрээг аваагүй мэдэхгүй гээд байсан. Тэгээд цагдаад мэдэгдээд очиж үрээгээ авсан. Би сартай хүрэн зүсмийн 4 настай адуу хулгайд алдсан гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Гүнчин хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 10-ны орой гэртээ байхад 18 цагийн үед манай хүргэн ах Ч.Ядамжав утсаар яриад нэг адуу байна. Увсын найз өгсөн юм хоёулаа янзлаад орхий унаа олоод хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь яма учиртай адуу юм бэ гэхэд манай найз өгсөн юм гаргаад хоёулаа идшиндээ хувааж идье гэж хэлсэн гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Н.Мөнхчимэг хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 10-ны өглөө босоод харахад манай хашаанд байсан сартай хүрэн үрээ алга болсон байсан. Тэгэхээр нь хааяа манай гэрээр орж ирээд байдаг урд нь малын гэмт хэрэг үйлдээд шоронд явж байсан Ч.Ядамжавыг хулгайлсан байж магадгүй гэж бодоод Ч.Ядамжавын дүүгийн эхнэр Батчимэг руу утсаар залгаж өчигдөр Ч.Ядамжав  ирэв үү гэж асуусан. Тэгэхэд Батчимэг өчигдөр шөнө 12 цагийн үед Ч.Ядамжав  манай гэрээс халамцуу гараад явсан гэсэн. Манай хүрэн үрээ өчигдөр шөнө алга болсон байна гэж хэлэхэд та өөрөөс нь асуу гээд утасны дугаарыг нь өгсөн. Би Ч.Ядамжавын утас руу залгаад үрээгээ асуухад аваагүй гэж хэлсэн. Тэгээд би Сүмбэр сум руу яваад  хүнээс Ч.Ядамжав манай адууг авсан талаар сонссон бөгөөд гэртээ ирээд нөхрийгөө Ядамжавын гэр рүү явуулахад манай адууг үхрийн фермд уячихсан байсан гэсэн мэдүүлэг.

            -2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ: Хүрэн зүсмийн үрээ, 3 настай эр, үнэлгээ 1 000 000 төгрөг гэх /хх-ийн 14/,

 

            -2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/

 

-Шүүгдэгч Ч.Ядамжавын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад 3 удаагийн ял шийтгэлтэй гэх лавлагаа /хх-43/,

 

-Эвлэрлийн гэрээ /хх-ийн 65/

 

-Шүүгдэгч Ч.Ядамжавыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-38-39 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-42 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Ядамжав нь Төв аймгийн жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн шандын 4-6 тоот хашаанаас 2016 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө иргэн М.Энхбаатарын 1 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Энхбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, 2016 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/, 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/, гэрч Э.Гүнчин, Н.Мөнхчимэг нарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Ядамжавын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.Ядамжавын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хулгайлсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Ч.Ядамжавд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана”  зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч М.Энхбаатар, шүүгдэгч Ч.Ядамжав нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч М.Энхбаатар нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Хохирлын талаар:

Хохирогч М.Энхбаатар, шүүгдэгч Ч.Ядамжав нар сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

             Шүүгдэгч Ч.Ядамжав нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Чадраабалын Ядамжавыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ядамжав нь хохирогч М.Энхбаатартай сайн дураараа эвлэрсэн байх тул Чадраабалын  Ядамжавд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Ч.Ядамжав нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Ч.Ядамжавд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Ядамжавд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  •                                     , ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА