Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0106

 

 

 

 

 

 

 

 

 

 

“П” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга 

Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Э.Эболон П.Н-энар

Гомдол гаргагч: “П” ХХК

Хариуцагч: Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э, 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0019 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, Г.Н

Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.З

Хариуцагч Э.Э 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0906/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагчийн “П” ХХК-аас Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагчид холбогдуулан Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э-н гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0002305 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргажээ.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0016 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1-д заасныг тус тус баримтлан Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э-н гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0002305 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар /90 хоног/ түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Э.Э болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-э нар гомдол гаргажээ. Үүнд:

3.1. “...Тус шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7-д "Хариуцагч нь тухайн шийтгэлийн хуудсыг гаргахын өмнө 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр "Бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга" үйлдсэн, уг танилцуулгын "График-4 АИ-92 автобензиний импорт нийт 38 аж ахуй эрхлэгч..."П" ХХК 14.1 хувийг эзэлж байна", "График-5 нийт 15 аж ахуй аж ахуй эрхлэгч АИ-92 К5 автобензин импортолсон гэх ба "П" ХХК-ийн эзлэх хувийг тусгаагүй, "График-6 АИ-95 К5 автобензиний импорт нийт 11 эрхлэгч..."П" ХХК 4 хувийг эзэлж байна" гэж дурдсан боловч тус компани ямар төрлийн шатахууныг хэдий хэмжээгээр импортолж байгааг болон тус компанийн шатахууны жижиглэн худалдааны тоо хэмжээг алдаатай гаргасан байна." гэж дүгнэсэн тухайд:

Тус хяналт шалгалтын ажилд аж ахуй эрхлэгчдийн импортын мэдээг 2024 оны 05 сараас 2025 оны 05 сар хүртэлх мэдээг Ашигт малтмал, газрын тосноос гаргуулж авч, бараа бүтээгдэхүүний оруулж хэмжээгээр зах зээлд дэх хэдэн хувийг эзэлж байгааг тогтоох зорилгоор хийсэн болно. Мөн график-5 "П" ХХК-ийн хувийг "46.7 хувийг "П" ХХК байна" гэж бичсэн. Түүнчлэн тус компанийн шатахууны жижиглэн худалдааны тоо хэмжээг ажлын хэсэг алдаатай гаргаагүй бөгөөд Ашигт малтмал, газрын тосноос гаргуулж авсан мэдээлэлд үндэслэн хийсэн.

3.2. Тус шийдвэрийн 8-т "... тус компани АИ-92 автобензиний үнийг 2590 төг, АИ-92 К5 автобензиний үнийг 2720 төгрөгөөр тус тус тогтоосон байхад дээрхи танилцуулгад компанийн АИ-92 К5 автобензин импортолсон хэмжээг огт оруулаагүй, тус компани АИ-95 К5 автобензин импортолдог нь тогтоогдохгүй байхад 4 хувь гэж дүгнэсэн нь тус тус илт үндэслэлгүй, буруу бичсэний дээр тухайн танилцуулга нь зөвхөн "үнэ нэмсэн" үйлдлийг нотлох, нөгөө талаар бүтээгдэхүүний борлуулалтын тоо хэмжээг харуулсан баримт гэж үзэхээр байна." гэж үзсэн тухайд:

3.3. Хяналт шалгалтаар бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч "П" ХХК болон бусад холбогдох 20 аж ахуй эрхлэгч Аи-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно" гэж, 11.1.1-д "бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;" гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

3.4. Тус зөрчлийн хэрэгт бүх төрлийн шатахууны импортын хэмжээг зах зээл дэх эзэлж буй хувиар тооцон шийтгэл оногдуулаагүйг анхаарч үзээгүй бөгөөд хэрэв дэлгэрүүлж задгайгаар оруулж хэмжээг бичлээ гэхэд энэ нь хэрэгт ач холбогдолгүй.

3.5. Тус шийдвэрийн 9-д "Өрсөлдөөний хуулийн 11.1-д "Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно", 11.1.1-д "бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох" гэж заасан ба хариуцагч захиргаа гомдол гаргагчийг энэ төрлийн зөрчил гаргасан гэж үзсэн атлаа тухайн бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох үйлдлийг хэнтэй, хэзээ, хэрхэн, ямар байдлаар үйлдсэн болохыг тогтоох ажиллагааг дээрх байдлаар гүйцэд хийгээгүй, уг үйлдлийг нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй, зөвхөн бараа бүтээгдэхүүний үнийг нэмсэн талаарх баримтуудыг цуглуулж дүгнэлт өгснөөр шийтгэлийн хуудсыг гаргасан нь учир дутагдалтай гэж шүүх дүгнэв." гэж үзсэн тухайд:

3.6. Тус газраас 2502000468 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 21 аж ахуй эрхлэгчид холбогдуулан явуулсан. Тус зөрчлийн хэрэгт авагдсан холбогдогч аж ахуй эрхлэгч "НИК" ХХК үнээ нэм гэж шаардсан тул бид нар нэмсэн гэж мэдүүлсэн байдаг.

3.7. Түүнчлэн картель хийж буй аж ахуй эрхлэгчдийн үнээ нэмсэн өдөр, гаргасан тушаал, үйлдэл зэргээр тухайн аж ахуй эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон болох нь тогтоогдсон байхыг шүүгч харгалзаж үзээгүй.

3.8. Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр жижиглэнгийн худалдаа эрхлэгч "П" ХХК болон бусад холбогдох 10 аж ахуй эрхлэгч Аи-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон аж ахуй эрхлэгчдийн хэргийг нэгтгэж /П ХХК-аас бусад 10 аж ахуй эрхлэгч/ захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно.

3.9. "П" ХХК-ийн захиргааны хэргийг харилцан хамааралтай "НИК" ХХК-тай болон бусад аж ахуй эрхлэгчийн хэргийг нэгтгэж шийдвэрлэх шаардлагатай. Учир нь картель буюу үгсэн тохиролцох ажиллагааг хэзээ ч нэг аж ахуй эрхлэгч хийх боломжгүй бөгөөд бусад 9 холбогдогч аж ахуй эрхлэгчийн захиргааны хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

3.10. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0019 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
  2. Эрх бүхий албан тушаалтан болох Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002305 дугаар шийтгэлийн хуудсаар “П” ХХК нь... Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1, 11.3 дахь хэсгийг зөрчин, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүн үнийн хэлцэл тогтоож, гэрээ хэлцэл байгуулсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна” гэсэн үндэслэлээр “холбогдогч “П” ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу “тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3%”-тай тэнцэх хэмжээний буюу 8,812,102,911.81 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
  3. Анхан шатны шүүх “...Өрсөлдөөний тухай хуулийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно”, 11.1.1-д ““бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасан ба хариуцагч захиргаа гомдол гаргагчийг энэ төрлийн зөрчил гаргасан” гэж үзсэн атлаа тухайн бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох үйлдлийг хэнтэй, хэзээ, хэрхэн, ямар байдлаар үйлдсэн болохыг тогтоох ажиллагааг дээрх байдлаар гүйцэд хийгээгүй, уг үйлдлийг нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй, зөвхөн бараа бүтээгдэхүүний үнийг нэмсэн талаарх баримтыг цуглуулж дүгнэлт өгсөн... “үнэ хэлцэн тогтоосон”-д хамаарах нотлох баримтуудыг огт цуглуулаагүй хариуцагчаас “АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтоосон” зөрчил гаргасан талаарх нотлох баримтыг бүрэн дүүрэн, хангалттай цуглуулсны үндсэн дээр хариуцагч нь дахин шинэ акт гаргах шаардлагатай, уг нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэсэн дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар маргаан бүхий актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
  4. Хавтас хэрэгт авагдсан баримтууд болон Зөрчлийн хэргийн материалаас үзвэл дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Маргааны үйл баримтын талаар;

4.1. Эрх бүхий албан тушаалтан болох Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Энь 2025 оны 07 дүгээр сарын 09-ний өдөр “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл”-ээр “П” ХХК болон нэр бүхий 20 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4 дэх хэсгийн 4.7-д заасан зөрчил үйлдсэнийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 56 минутад илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон тэмдэглэл үйлджээ.

4.2. Хариуцагч Монополын эсрэг газрын улсын байцаагч Э.Энь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2502000468 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол гарган “П” ХХК болон бусад 20 нэр бүхий шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийг холбогдогчоор татаж, энэ талаар мэдэгдсэн байна.

4.3. Үүний дараа дээрх 21 хуулийн этгээдүүдэд холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлттэй холбоотой болон уг зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг Удирдах албан тушаалтны 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор 2025 оны 08 дугаар сарын 05-18-ны өдөр хүртэл 14 хоног, Нийслэлийн Прокурорын газар прокурорын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №193, 8 дугаар сарын 02-ны өдрийн №193-1 дугаар тогтоолуудаар хянаж, сунгасан байх бөгөөд 9 дүгээр сарын 17-ны өдөр зөрчилд холбогдогч “П” ХХК-д шийтгэл оногдуулжээ.

4.4. Дээрх 21 хуулийн этгээдэд нэг тогтоолоор зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтын дагуу зөрчлийн шинжийг шалган тогтоохдоо оролцогч тус бүрийн үйлдлийг хэрхэн яаж үнэлсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил хамтран үйлдэгдэхэд оролцоогүй, эсхүл тухайн үйлдлийг гаргаагүй гэж үзсэн эсэх зэргийг зөрчлийн хэрэг бүртгэлтээр түүний шинж, оролцоог нотлох ажиллагаа хэрхэн явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

4.5. Хариуцагчаас Зөрчлийн хэрэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бичсэн “Бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга”-ыг хавсаргасан байх ба уг танилцуулгын 6 дугаар хуудаст “...АИ-92 автобензиний үнэ 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл өөрчлөлт ороогүй 2390 төгрөг байсан бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдэж 2590 төгрөг болсон байна..., АИ-95 автобензиний үнэ ... 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс литр тутамд 200 төгрөгөөр буурч 3510 төгрөг болсон, Дизель түлшний үнэ... 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 6 удаа өөрчлөлт орж литр тутамдаа 200 төгрөгөөр буурч одоогоор 2940 төгрөгөөр худалдаалагдаж байна” гэж бичсэн байна.

4.6. Дээрх шалгалтын танилцуулгаас /1-р хх-ийн 36-49 тал/ үзэхэд, АИ-95 автобензин болон Дизель түлшний үнэ тус тус 200 төгрөгөөр бууруулсан нь АИ-92 автобензиний үнийг 200 төгрөгөөр нэмэхэд нөлөөлсөн эсэх, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, хэлцэн тохирсон эсэх, хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлсөн, зах зээлийн бодит үнэд нөлөөлсөн эсэх талаар огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн “АИ-92 автобезиний үнийг хэлцэн тогтоосон” гэж буруутгаж байгаа нь хууль үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Хариуцагч Монополын эсрэг газрын улсын байцаагч 3 төрлийн нефть бүтээгдэхүүний үнээс 1 бүтээгдэхүүн болох АИ-92 автобензиний үнээ 200 төгрөгөөр нэмсэн, харин бусад 2 бүтээгдэхүүн болох АИ-95, Дизель түлшний үнийг 200 төгрөгөөр бууруулсан үйл баримтыг илрүүлсэн атлаа зөвхөн үнэ нэмсэн асуудлыг Зөрчил гэж үзсэн нь ойлгомжгүй, зөрчлийн талаар нотолбол зохих байдлуудыг /үүнд зөрчил гарсан байдал, зөрчлийг хэн үйлдсэн, зөрчлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчил үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хамааруулж болох юм/ баталсан нотлох баримтууд хангалттай цуглуулаагүй, шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.14, 4.15-д заасантай нийцээгүй байна.

Хууль хэрэглээний талаар;

5. Маргаан бүхий акт нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасантай нийцээгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

5.1. Маргаан бүхий Монополын эсрэг газрын улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002305 дугаартай шийтгэлийн хуудсыг “хууль тогтоомжид нийцсэн” эсэхийг шүүх дүгнэнэ. Үүнд:

5.2. Зөрчлийн хэргийн холбогдогч гаргасан гэх зөрчил нь материаллаг хэм хэмжээ тогтоосон хууль болох “Өрсөлдөөний тухай хууль”-ийн үйлчлэх хүрээнд хамаарч байгаа эсэх, хэрэв Өрсөлдөөний тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах бол тухай хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн эсэхийг зөв тодорхойлсон байх ёстой. Тухайлбал;

а/ зөрчлийн хэрэг нээж холбогдогчоор татсан “П” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрхэн яаж зөрчсөн болох,

б/ Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөнөөр өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулсан болох,

в/ “П” ХХК бусад аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн үгсэн тохирсон, гэрээ хэлцэл байгуулсан болон өрсөлдөгч нарын өрсөлдөх боломжийг хэрхэн яаж хязгаарласан,

г/ Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөнөөр уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан ““өрсөлдөгч” гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг ойлгоно” гэж тодорхойлсон өрсөлдөгч аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдсөн болохыг нотлох баримттайгаар тогтоосон байх ёстой.

5.3. Гэтэл хариуцагчийн маргаан бүхий шийтгэлийн хуудсанд баримталсан Өрсөлдөөний тухай хуулийн заалт, түүнийг тайлбарласан үндэслэл нь зөрүүтэй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, өөрийнх нь хийсэн шалгалтын танилцуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

5.4. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл “Өрсөлдөөний тухай хууль зөрчих” хэсэгт заасан зөрчлүүдээс хариуцагчаас зөрчилд холбогдогчийг энэ зүйлийн 1. Аж ахуйн эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэсэн хэсгийн 1.1-д заасан “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” зөрчил гаргасан хэмээн үзэж шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь хэсэгт “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэж тодорхойлсон атлаа Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель) -ийг дэмжиж оролцохыг хориглоно.” гэснийг зөрчсөн хэмээн үзэж шийтгэх хуудастаа үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тогтоолоор “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан Зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг баталж байгуулсан байна.

7. Тогтоол гаргахад үндэслэл болгосон дээрх хуулийн заалтууд нь газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтоох, хязгаарлахад чиглэсэн зохицуулалт биш байх бөгөөд уг Зөвлөл нь Зөвлөмж гаргадаг бөгөөд ...шатахууны үнэ нэмэх, хасах асуудлыг тогтоодоггүй байна.

8. Засгийн газрын 2025 оны 140 дүгээр тогтоолоор байгуулагдсан Зөвлөл нь 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж бензин импортлогч, жижиглэнгээр худалдагч компаниудаас дотоодын зах зээл дээрх валютын ханшийн өсөлт, цахилгаан дулаан, түрээс, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлтийн улмаас АИ-92 автобезиний үнийг нэмэх шаардлагатай болсон асуудлыг Төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэлэлцэж Зөвлөмж гаргасан байна. /1-р хх-ийн 69 тал/

9. Дээр дурдсан Зөвлөмжийн 1 дэх заалтаар Монголбанк, Зам тээврийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монополын эсрэг газарт “...АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн эсэх талаар үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж дахин танилцуулах,” цаашид АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлого баримтлан ажиллахыг зөвлөсөн байна.

10. Засгийн газрын 2025 оны 140 дүгээр тогтоолоор байгуулсан Зөвлөлөөс хариуцагч Монополын эсрэг газарт Зөвлөмж болгосны дагуу АИ-92 автобензиний үнийг зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлогын хүрээнд Зөвлөмж гарсны дараа тухайн газрын тосны бүтээгдэхүүний үнийг 200 төгрөгөөр нэмснийг Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:”, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэсэн заалтыг зөрчсөн зөрчил гаргасан үндэслэлээр шийтгэх хуудас бичсэн хууль зүйн үндэслэлгүй, аж ахуйн нэгжүүд үнэ нэмэх асуудлаа төрийн эрх бүхий байгууллагад танилцуулж, зөвлөлдсөний үндсэн дээр Зөвлөмж гаргуулж нэмсэн. Төрийн захиргааны эрх бүхий байгууллагууд /Монополын эсрэг газрын дарга нь Зөвлөлийн гишүүн/-тай үнэ нэмэх асуудлаа хэлэлцэн Зөвлөмж гаргах замаар үнээ нэмснийг зөвхөн аж ахуйн нэгжүүд хэлцэн тохирч үнэ нэмсэн мэтээр хуулийг буруу тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

11. “П” ХХК болон зөрчилд холбогдогч аж ахуйн нэгжүүд 2022 оны 8 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд АИ-92 автобензиний үнийг 2390 төгрөгөөр нэг хэмжээнд барьж байсан байх ба энэ нь үнэ нэмэх зайлшгүй нөхцөл болсон эсэх талаар хариуцагч дүгнэлт хийгээгүй шийтгэлийн хуудас бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.”, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т “бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн;” үйл ажиллагаа явуулахыг Төрийн захиргааны байгууллагад хориглосон заалттай нийцэхгүй байна.

12. Маргаан бүхий АИ-92 автобензинийг Монгол Улс үйлдвэрлэдэггүй 100 хувь гадаад улсаас импортоор валют /705 ам.доллар/-аар худалдан авдаг.

Хариуцагчийн шалгалт хийж бэлтгэсэн танилцуулга /хавтаст хэргийн 48-р хуудас/-ын 25 дугаар хуудасны дүгнэлт хэсэгт “... төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2024 оны 5 дугаар сард 3380-3381төгрөг байсан бол 2025 оны 5 дугаар сарын байдлаар 3573 болж өссөн байна гэж дүгнэснээс үзэхэд зөвхөн валютын ханшийн зөрүү 192-193 төгрөгөөр өссөн нь АИ-92 автобензиний үнийг 200 төгрөгөөр нэмэхэд нөлөөлсөн эсэх талаар хариуцагч огт дүгнэлт хийгээгүй байна.

13. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалт, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;”, гэж Засгийн газрын бүрэн эрхийг, 5.2.3-т “газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын асуудалтай холбогдсон дүрэм, журам, нормыг баталж, мөрдүүлэх;” гэж Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг хуульчилсан байх тул хариуцагч Зөрчлийн хэрэгтэй холбогдуулан дээрх байгууллагуудаас нэхэмжлэгчийн АИ-92 автобезиний үнийг нэмсэн нь хууль зөрчсөн эсэх талаар тайлбар, тодруулга аваагүй байна.

14. Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Монополын эсрэг газар нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.” гэж зааснаас үзэхэд, Монополын эсрэг газар нь хуулиар хүлээсэн энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй Зөрчлийн хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цуглуулах, үнэлэх, дүгнэх ажлаа дутуу хийсэн энэ ажиллагааг шүүхийн шатанд нөхөн хийх боломжгүй.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийг шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж зааснаар хэргийг нэгтгэх, хянан шийдвэрлэх эсэх нь тухайн хэрэг маргааныг хэрэг шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчийн эрх хэмжээний асуудал /сонгох/ бөгөөд уг захиргааны хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

16. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагч Монополын эсрэг газрын улсын байцаагч Э.Эболон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-энарын давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, харин анхан шатны шүүх маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн 58 хоног болгон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0019 дүгээр шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтын “...3 сарын хугацаагаар /90 хоног/“ гэснийг “...58 хоногийн хугацаагаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                        ШҮҮГЧ                                              Т.ЭНХМАА

                        ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА    

                        ШҮҮГЧ                                              Л.ОДБААТАР