| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/00815/И |
| Дугаар | 102/ШШ2020/01501 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2020/01501
| 2020 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2020/01501 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СБД-ийн 0 дүгээр хороо Ю гудамж 00, Д таур 00 давхарт байрлах “М к” ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД-ийн 0 дугаар хороо, ******* гудамж Ж плаза төвийн 00 давхар 0000 тоотод байрлах “А ү к” ХХК /РД:0000000/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 39,375,000 төгрөг, алданги 19,700,000 төгрөг, нийт 59,075,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, гэрч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М к” ХХК нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороололд барьж байсан “Поларис апартмент 1” орон сууцны хотхоны гадна усны шугамын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Зүүн**************” ХХК-тай хамтран 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 17/1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг “А ү к” ХХК-тай байгуулсан. Уг гэрээнд зааснаар “М к” ХХК 39,375,000 төгрөг, “Зүүн**************” ХХК 39,375,000 төгрөгөөр санхүүжүүлж, уг ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон ба гэрээний дагуу “М к” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 39,375,000 төгрөгийг “А ү к” ХХК-ийн дансанд шилжүүлсэн.
“А ү к” ХХК нь гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэхгүй удсан ба захиалагчдын зүгээс гэрээгээр заасан ажлаа хийхийг удаа дараа шаардсан боловч хийгээгүй мөн сураг тасарсан. Иймд гэрээнд заасан ажлыг яаралтай хийх шаардлагатай байсан тул тус ажлыг нэмэлт санхүүжилтээр гуравдагч компаниар хийлгүүлсэн.
Иймд 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17/1 дугаартай гэрээний дагуу шилжүүлсэн 39,375,000 төгрөгийг “А ү к” ХХК-аас гаргуулж өгнө үү.
Мөн ажил гүйцэтгэх гэрээний 8.3-д заасны дагуу гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгч тал төлнө гэж заасныг үндэслэн тус компани нь гэрээнд заасан ажлаа хийгээгүй байх тул алдангийг бодох нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул үнийн дүнгээс давсан алданги болж байх тул 19,700,000 төгрөг, нийт 59,075,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий 75 метр шугам нь нийт 407 метр шугамын шинэ шугамын ажил байсан юм. Энэ 407 метр шугамын ажлын үндсэн захиалагч нар нь “Ноёд констракшн” ХХК, “Дехор” ХХК, “Актив групп” ХХК, иргэн н.Пүрэвхүү, Батлан хамгаалах яамны 300 айлын сууцны барилга, “А ү к” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрээ хийсэн байдаг. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын гадны бохир усны шугамыг Ф400 магистраль шугамын ажлыг 19 дүгээр гудмаар хотын төвийн 500 магистраль шугамд холбох ажлыг санхүүжүүлж хийх байсан. Энэ ажлын дагуу “А ү к” ХХК нь тухайн ажлыг 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлээд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийж дуусгасан. 75 метр шугамын ажлыг хийж дуусгаад 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 01 тогтоолоор барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын актаар хүлээж авсан. Энэ шугамын ажлын нийт урт нь 407 метр бөгөөд үүнд 75 метр шугамын ажил явж байгаа. 407 метрийн ажил нь “Түвшинжин” ХХК-ийн хийсэн зураг төслөөр хийгдсэн. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын нутаг дэвсгэрт буй аж ахуйн нэгж, барилгын компаниуд өөрсдийн барьж ашиглалтанд оруулсан бохир усны шугамыг холбох гол зорилготой байсан. “А ү к” ХХК нь үндсэн шугамын ажлыг хийж өгөх нөхцөлтэй байсан. Эхний цэгт “Ноёд констракшн” ХХК, “Дехор” ХХК, “М к” ХХК, “Зүүн**************” ХХК зэрэг эдгээр компаниуд өөрсдийн санхүүжилтээр шугамыг холбох үүрэгтэй байсан.
Манай компани 500 магистраль шугамд, 400 магистраль шугам холбож өгөх гэрээний үүрэгтэй байсан. Бусад захиалагч нартай ийм нөхцөлтэй гэрээ хийсэн ба “М к” ХХК, “Зүүн**************” ХХК-тэй энэ нөхцлөөр гэрээ хийсэн. “Зүүн**************” ХХК-ийн хувьд энэ шугамын ажилд өөрсдөө холболт хийсэн байгаа. “М к” ХХК яагаад холбогдоогүй вэ гэхээр энэ компанийн одоо байрлаж байгаа газарт энэ шугамыг холбоход өртөг нь өндөр тусаж байсан юм билээ. Энэ компанийн трасс гэж ярьж байгаа нь техникийн нөхцөл юм. Энэ техникийн нөхцөлийн Ус сувгийн удирдах газраас авдаг. 407 метр шугамын ажилд манайх бохир ус авмаар байна, техникийн нөхцөл буюу трасс олгооч гэдэг зүйл ярихад Ус сувгийн удирдах газраас боломжтой байсан. Тийм боломжтой байсан учраас энэ гэрээг байгуулагдахаас өмнө Ус сувгийн удирдах газартай талууд уулзалт зохион байгуулж байсан. Манай шугам ашиглалтанд орсны дараа нэхэмжлэгч талаас өөр шугамд холбох юм бол их өртөг орох юм байна гээд өөрсдийх нь тайлбарлаж буй тэр шугамд холбосон. Гэтэл танай гүйцэтгэсэн 407 метрийн шугамд холбогдох боломжгүй нөхцөл байдал үүссэн, бид өөр газраар холбуулсан, бид танайд техникийн нөхцөл олгоогүй гэж тайлбарлаж байна. Трасс буюу техникийн нөхцөл олгоогүй гэдгийг өнөөдөр нотлохгүй байна. Тавих боломжгүй байсан бол Ус сувгийн удирдах газраас хүлээн зөвшөөрөхгүй байх боломжтой байсан.
Манай компанийн хувьд гэрээгээр хүлээсэн ажлаа хийгээд дуусгасан байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэрээ цуцалсан учраас гэрээ цуцалсантай холбоотойгоор шилжүүлсэн мөнгөө авъя гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хийсэн ажил дээр маргаан байдаггүй. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ гэрээ цуцалсан гэж тайлбарладаг. Иргэний хуульд ажил гүйцэтгэх гэрээг ямар тохиолдолд цуцлах боломжтой вэ гэхээр “гүйцэтгэгч ажлыг гүйцэтгээгүй үед” цуцлах боломжтой байсан. Гэтэл гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн ажлыг хийж дуусгаад ашиглах бүрэн боломжтой болсон, үр дүнг бий болсон үед захиалагч гэрээнээс татгалзах эрхгүй. Уг зохицуулалтыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т тодорхой заасан байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний нэг захиалагч болох “Зүүн**************” ХХК-тай холбогдох бохир усны асуудлыг шийдээд явж байгаа. Бусад байгууллагатай холбогдсоноос үүссэн эрсдэл, гэрээ цуцалсантай холбоотойгоор гэрээний төлбөрийг буцаан өгөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “М к” ХХК нь хариуцагч “А ү к” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 39,375,000 төгрөг, алданги 19,700,000 төгрөг, нийт 59,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч “М к” ХХК нь хариуцагч “А ү к” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр “А ү к” ХХК нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын гадна бохир усны шугамын өргөтгөлийн ажил ф400 мм голчтой 75 метр шугамын ажлыг буюу БУХ-19 –ээс хотын ф500 мм гол магистрал шугамын холбох худаг хүртэлх шугам хоолойн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, “А ү к” ХХК хариу төлбөрт нь 39,375,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь бичгээр байгуулсан гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн зохицуулалтад нийцэж байна. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “А ү к” ХХК гэрээнд заасан ажлаа гүйцэтгэхгүй удсанаас гадна ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох бохирын шугамд холбох трасс, техникийн нөхцөл авах боломжгүйгээс ажлын үр дүнг хүртээгүй. Иймд “ТХ констракшн” ХХК-аар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд баригдаж байгаа “Polaris apartment” орон сууцны барилгын гадна бохир ус зайлуулах 96 м.кв шугам угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн үндэслэлээр гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасны дагуу алданги гаргуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
Гэрээнд заасны дагуу “М к” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 19,750,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 9,875,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 9,750,000 төгрөг, нийт 39,375,000 төгрөгийн хөлс төлөх үүргээ биелүүлсэн, “А ү к” ХХК Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын гадна бохир усны шугамын өргөтгөлийн ажил ф400 мм голчтой 75 метр шугамын ажлыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хийж гүйцэтгэсэн болох нь төлбөр төлсөн баримт /хэргийн 12-14 тал/, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын акт /хэргийн 68-69 тал/, “Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 12/707 дугаартай шугам сүлжээний тухай албан бичиг /хэргийн 70 тал/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Гэрээний 3.2.3-т “Захиалагч нь үлдэгдэл төлбөр болох 25 хувийн санхүүжилтийг угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэж, Улсын комисс хүлээн авч, хоёр тал гэрээг дүгнэсний дараа тооцоог барагдуулна” гэж заасны дагуу захиалагч “М к” ХХК ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу гүйцэтгэсэн ажлыг барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын актаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсаны дараа төлж барагдуулсан байдлаас үзэхэд захиалагч ажлын үр дүнг ажил гүйцэтгэгчээс хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч “А ү к” ХХК гэрээний үүргээ биелүүлж ажлын үр дүнг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасан захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн буюу ажлыг гүйцэтгэж дуусгасан байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлахаар шаардах эрхгүй байна.
Нөгөө талаар, гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын гадна бохир усны шугамын өргөтгөлийн ажил ф400 мм голчтой 75 метр шугам хоолойн угсралтын ажлыг хэрэгт авагдсан гадна бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан актаар “сайн” болсонд тооцсон /хэргийн 66-67 тал/, техникийн комисс ажиллаж ашиглалтад оруулсан /хэргийн 68 тал/, түүнчлэн өнөөдрийн байдлаар хэвийн ажиллаж байгаа болох нь “Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 12/707 дугаартай шугам сүлжээний тухай албан бичиг /хэргийн 70 тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Мөн гэрч Т.О-ын өгсөн “М к” ХХК-ийн “Поларис апартмент” орон сууцны барилгын бохир усны гадна системийг “А ү к” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн бохир усны 75 метр салбар шугамтай холболт хийхээр ярилцсан боловч үр дүнгүй гэж үзсэн. Учир нь, газар нь ойрхон боловч өндөрлөг бөгөөд бусдын эзэмшлийн газрыг дайрахаар байсан. Харин зай нь хол ч гэсэн нийтийн эзэмшлийн газраар бохир усны шугамаа холбох нь цаашид төлөвлөсөн олон төлөвлөлтөд ашигтай гэдэг үүднээс өөр бохир усны шугамд холбосон” гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч “М к” ХХК нь “А ү к” ХХК-ийн гүйцэтгэсэн бохир усны 75 метр шугамд өөрийн барьж буй барилгын бохир усны системийг холболт хийгээгүй явдалд “А ү к” ХХК-ийг буруутай буюу гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд “А ү к” ХХК гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул “М к” ХХК Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар гэрээг цуцлах шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч “М к” ХХК-ийн гаргасан хариуцагч “А ү к” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн ажлын хөлс 39,375,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд, зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т “гэрээт ажлын хугацаа гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 45 хоног байна”, 8.3-т “гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэж тус тус заасан байна.
Талуудын алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-д тус тус заасан шаардлагыг хангаж байна.
Хариуцагч гэрээнд заасан ажлыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийж гүйцэтгэж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан “Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 12/707 дугаартай албан бичиг, Гадна бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт /хэргийн 66-67 тал/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт зэргээр тогтоогдсон.
Хэдийгээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын комисс ажиллаж, барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байх боловч ажил гүйцэтгэгч “А ү к” ХХК нь ажлын 45 хоногийн дотор буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлыг гүйцэтгэсэн нь баримтаар тогтоогдож байх тул улсын комисс ажиллах хүртэл хугацаанд ажил гүйцэтгэгчийн буруугаас болж хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж зааснаар ажил гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Иймд хариуцагч “А ү к” ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар гэрээний үүргийг ажлын 45 хоногт буюу хугацаанд нь гүйцэтгэх үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгч “М к” ХХК алданги шаардах эрх үүсээгүй байна.
Мөн хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны өмнө хариу тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч талаас хариуцагчийн хариу тайлбартай танилцаж, түүнтэй холбоотой тайлбар, нотлох баримт гаргах эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлт гаргаагүй, харин хариуцагчийг хуульд заасан хугацаанд хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй гэж маргасан боловч хариуцагч шүүхэд ирж тайлбар өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр “А ү к” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 39,375,000 төгрөг, алданги 19,700,000 төгрөг, нийт 59,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “А ү к” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 39,375,000 төгрөг, алданги 19,700,000 төгрөг, нийт 59,075,000 төгрөг гаргуулах тухай “М к” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,325 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй̆.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ