Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 360

 

 

 

 

 

 

 2020              03           26                                          2020/ДШМ/360                                      

 

 

Э.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                               

            прокурор Т.Болор-Эрдэнэ,

            шүүгдэгч Э.А-,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1908035881547 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-ын А, Улаанбаатар хотод 1994 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Мандал-Овоо 00 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 000 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: /

Э.А- нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянбулаг 1 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух Э.У-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Samsung” загварын зурагт, “Akira” загварын будаа агшаагч, 20 кг мах, 20 кг гурил, 3 кг цагаан будаа, хүүхдийн живх, 27,000 төгрөг зэрэг хөрөнгийг авч, 656,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 12-4 тоотод оршин суух Н.Л-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, 40 инчийн “Sky worth” загварын зурагтыг авч, 980,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Э.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.А-ийг бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг шилжүүлсэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.А-ээс 258,000 төгрөг гаргуулж хохирогч Э.У-т олгож, хохирогч Н.Л-, иргэний нэхэмжлэгч Э.Алимаа нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алх, цоож зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Э.У-т 258,000 төгрөг төлүүлэхээр шүүх шийдвэрлэснийг төлж барагдуулсан. Одоо бусдад төлөх төлбөргүй. Би хийсэн үйлдэлдээ гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байна. 01 нас 09 сартай хүүхэд болон настай ээжтэйгээ хамт амьдардаг. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Прокурор Т.Болор-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Э.А- нь хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хохирлоо төлж чадаагүй тул шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Одоо хүртэл хохирол төлбөр төлөгдсөн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Э.А- нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянбулаг 1 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух Э.У-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Samsung” загварын зурагт, “Akira” загварын будаа агшаагч, 20 кг мах, 20 кг гурил, 3 кг цагаан будаа, хүүхдийн живх, 27,000 төгрөг зэрэг хөрөнгийг авч, 656,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 12-4 тоотод оршин суух Н.Л-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, 40 инчийн “Sky worth” загварын зурагтыг авч, 980,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.У-ийн “... 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүү Мөнх-Эрдэнэ “та гэрээ түгжээгүй, зурагтаа аваад явсан юм уу” гэж утсаар залгахаар нь гэртээ ирэхэд 32 инчийн “Samsung” загварын зурагт, улаан өнгийн “Akira” загварын олон үйлдэлт будаа агшаагч, 20 кг орчим хонины мах, бэлэн 27,000 төгрөг, 3 кг цагаан будаа, 20 кг орчим гурил, хүүхдийн живх зэрэг эд зүйл алдагдсан байсан ...” /1-р хх 22/,

гэрч С.Амармөрөнгийн “... манай урд хашааны залуу “танай хоёр хүүхэд дуудаад гарч ирдэггүй, хаалга чинь онгорхой, зурагт чинь байхгүй байна” гэж утсаар хэлэхээр нь гэртээ ирэхэд хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан ...” /1-р хх 26/,

гэрч Г.Түвшинбаярын “... гудамжны өвсөн дундаас зурагтаа олчихлоо гэсэн ...” /1-р хх 28/,

эд зүйлийн үнэлгээ /1-р хх 37-39/, 

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 12-15/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 6-10/,

хохирогч Н.Л-ын “... 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэрээ цоожлоод гарсан. Нөхөр Ж.Мөнхтогтохыг орой ирэхэд хашааны болон гэрийн хаалга онгорхой, зурагт алга болсон байсан ...” /1-р хх 99/,

гэрч Ж.Мөнхтогтохын “... гэрийн хаалга онгорхой, зурагт байхгүй  байсан ...” /1-р хх 109/,

насанд хүрээгүй гэрч Э.Үүрийнтуяагийн “... манай гудамжинд архи уугаад явж байдаг “Ландага” гэдэг хочтой эмэгтэй “алх байвал өгөөч, гэрийнхээ хаалга онгойлгоод буцааж өгье” гэхээр нь модон иштэй алхаа өгсөн. Удаагүй алх гуйж авсан эгч хар өнгийн зурагт тэвэрчихсэн хашаанд орж ирээд “эгч нь энэ зурагтаа түр танай хашаанд тавиад явчихаад ирье” гэж хэлээд манай хашаанд зурагтаа тавиад явсан. Хэсэг хугацааны дараа жижиг машинтай ирээд нөгөө зурагтаа аваад явсан ...” гэх /1-р хх 124/, 

иргэний нэхэмжлэгч Э.Алимаагийн “... миний төрсөн дүү “Ландага” гэж дууддаг Э.А- “би нөхөртэйгөө хэрэлдсэн, өөрийнхөө зурагтыг аваад ирлээ, та хямдхан авах уу” гэхээр нь 200,000 төгрөгөөр авахаар болсон ...” гэх /1-р хх 105/ мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /1-р хх 135-137/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 80-92/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 72-76/, шүүгдэгч Э.А-ийн яллагдагчаар өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн /1-р хх 64-65, 150-151/ мэдүүлгүүд зэргээр нотлогдсон байна. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Э.А-ийн бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө авсан үйлдэл нь нотлогдож, тогтоогдсон талаар шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А-ийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хамгийн хөнгөн ял шийтгэжээ.

Шүүгдэгч “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн шийдвэрт заасан хохирлыг төлж барагдуулсан учраас бага насны хүүхэд, эхийн хамт амьдардаг байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулгаар давж заалдах гомдлоо гаргасны дагуу хэргийн нөхцөл байдлыг хянан үзэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх нөхцөл, шаардлагатай бөгөөд шүүхийн шийдвэрээр хохирогч Э.У-т төлүүлэхээр заасан хохирлын мөнгийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Э.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН         

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН