Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2026/0091

 

                                                                                                   

 

 

 

 

 

 

                                            

                                                Ш.Ч, Т.Д нарын

                                          нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0780 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш.Ч, Т.Д

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Ч, Т.Д,

Нэхэмжлэгч Ш.Чгийн өмгөөлөгч Т.Ц,

Нэхэмжлэгч Т.Дгийн Ө.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эр

Хэргийн индекс: 128/2025/0588/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0780 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 30 дугаар зүйлийн 30.2, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 4.2.5 4.2.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ч, Т.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ххххх дугаартай 700 мкв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, сунгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалган” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохыг заасан бөгөөд тус хэргийн хувьд дээрх нөхцөл байдал бий болоогүй байна.

2.2. Анхан шатны шуух хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэж тайлбарлаагүй тухайд:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд "Т" СӨХ-ны нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүхээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн байсан тул нэхэмжлэгч нарыг газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах боломжгүй байсан, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай байна. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх үйлчлэл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ нь зөвхөн тухайн маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэлийг түр зогсоож байгаа хэрэг юм. Энэ нь газар эзэмшигч иргэний Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан "хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргах" гэсэн хуулиар хүлээсэн үндсэн үүргийг зогсоохгүй. Хүсэлт гаргах бодит боломж: Шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлсэн нь нэхэмжлэгч нарыг захиргааны байгууллагад хандаж "өргөдөл,;хүсэлт гаргах" эрхийг нь хязгаарлаагүй. Нэхэмжлэгч нар өөрсдийн эрх ашгаа хамгаалж, хуульд заасан хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаж, бүртгүүлсэн байх ёстой. Хэрэв захиргааны байгууллага "шүүхийн маргаантай" гэх шалтгаанаар хүсэлтийг шийдвэрлэхгүй байвал тэр нь захиргааны буруутай үйлдэл болох байсан. Гэтэл нэхэмжлэгч нар 10 жилийн турш ямар ч хүсэлт гаргаагүй нь тэдний өөрсдийнх нь эс үйлдэхүй юм.

2.3. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэлийн тухайд;

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д "газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно" гэж заасан.  Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2016 онд дууссан байхад 2025 оны 01 дүгээр сар хүртэл буюу 9-10 жилийн хугацаанд ямар ч хүсэлт гаргаагүй нь хуулийн энэхүү заалтаар газар эзэмших эрх нь шууд дуусгавар болсныг илтгэнэ. Анхан шатны шүүх "хүндэтгэн үзэх шалтгаан"-ыг хэт өргөн хүрээнд тайлбарлаж, хуулийн заавал биелүүлэх (императив) шинжтэй хэм хэмжээг үгүйсгэж байгаа нь төрийн өмчийн газрыг үр ашигтай, хууль ёсны дагуу эзэмшүүлэх зарчимд нийцэхгүй байна.

2.4. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдлын тухайд (Газрын тухай хуулийн 40.1.6):

Нэхэмжлэгч нар тухайн газрыг 2011 онд "Үйлчилгээтэй орон сууц" болгон зориулалт өөрчилснөөс хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн барилгын ажил хийгээгүй. Шүүхийн маргаан нь барилга барих ажил эхлүүлэхэд тодорхой хэмжээний саад болж болох ч, 14 жилийн хугацаанд нэг ч тоосго өрөөгүй, зөвхөн зураг төсөл боловсруулсан гэх тайлбар нь газрыг ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй" гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар (газар дээрх хяналт шалгалт) тогтоогдсон. Шүүхийн маргаан дууссанаас хойш буюу 2022 оноос хойш ч нэхэмжлэгч нар бодит ажил эхлүүлээгүй байна.

2.5. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийг зөрчөөгүй тухайд:

Захиргааны байгууллага 2025 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч нарын гаргасан хожуу хүсэлтийг хүлээн авч, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-өөр хэлэлцүүлсэн. Зөвлөл нь Газрын тухай хуулийн 37.1 болон 40.1.6-д заасан нөхцөл байдлуудыг үндэслэн сунгах боломжгүй гэх дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчим, 4.2.5-д заасан бодит нөхцөл байдалд тогтоох зарчимд бүрэн нийцсэн. Нэхэмжлэгч нарын "өв залгамжлал" болон "шүүхийн маргаан" нь тэднийг хуульд заасан цаг хугацааны хязгаарлалтаас гадуур эрх эдлэх давуу байдлыг олгохгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын субъектив тайлбарт хэт ач холбогдол өгч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлээгүй, хэргийн үйл баримтыг буруу тогтоосон гэж үзэхээр байна.

2.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0780 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ш.Ч, Т.Д нараас “Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ххххх дугаартай 700 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, сунгаж шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Уг нэхэмжлэлийн үндэслэлээ “... газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байсан ... Гэтэл Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлах 4542 м.кв орон сууцны орчны газар ашиглах эрхтэй гэх “Т” СӨХ нь 2012 онд ... бидэнд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргаж эхэлсэн бөгөөд ... бид газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. ... 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дээрх газрыг хамтран эзэмшигч С.Б нас барсан бөгөөд тухайн газрыг хэн өвлөх нь тодорхойгүй болсон тул ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагaar түдгэлзүүлсэн ... С.Бын хууль ёсны өв залгамжлагч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хоорондоо харилцан тохиролцож, уг газрын эзэмших эрхийг төрсөн хүү болох Б.Б-ийн төрсөн ээж, нэхэмжлэгч Ш.Чд эзэмших эрхийг шилжүүлэхээр болсон. Харин нэхэмжлэгч Т.Дгийн тухайд мөн л шүүхийн маргаантай байсны улмаас түүний гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэдэггүй, боломжгүй гэж татгалздаг байсны зэрэгцээ хүнд өвчний улмаас хүсэлтээ гаргах боломжгүй байсан болно... “ гэх зэргээр тайлбарлажээ.

4. Анхан шатны шүүх “ ... нэхэмжлэгч нар нь газрыг гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, арга журмаар эзэмших, ашиглах ямар ч боломж бололцоо байхгүй байжээ. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаа нь 1 жил 4 сар, түдгэлзсэн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс захиргааны хэрэг маргаан эцэслэсэн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанаас нэхэмжлэгч Т.Дгийн газрын албанд хүсэлт гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаа нь 2 жил 4 сарын хугацааг хооронд нь нэмбэл 3 жил 8 сарын хугацаа байх ба газрыг нэхэмжлэгч нарт 5 жилийн хугацаанд ашиглуулахаар олгосон тул нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна ... “ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ нь зөвхөн тухайн маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэлийг түр зогсоож байгаа хэрэг юм. Энэ нь газар эзэмшигч иргэний Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан "хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргах" гэсэн хуулиар хүлээсэн үндсэн үүргийг зогсоохгүй. Шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлсэн нь нэхэмжлэгч нарыг захиргааны байгууллагад хандаж "өргөдөл, хүсэлт гаргах" эрхийг нь хязгаарлаагүй...” гэснийг хангах үндэслэлгүй.

6. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:” гэж заасан нь газар эзэмшигч нь ямар нэгэн саадгүйгээр газар эзэмших эрхээ бодитой хэрэгжүүлэх боломжтой байсан тохиолдолд хэрэгжихээр байна.

7. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжаар[1] газрын зориулалтыг үйлчилгээтэй орон сууц, контор болгон өөрчилж, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгож, мөн оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжаар барилга барих зөвшөөрөл олгосон байх ба  2012 онд “Т” СӨХ-оос нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий актын биелэлтийг 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс түдгэлзүүлсэн[2] байх тул нэхэмжлэгч нар нь газраа зориулалтын дагуу  эзэмших, ашиглах боломжгүй болж, газар эзэмших эрхийн хугацаа зогссон байх тул анхан шатны шүүхээс уг  захиргааны хэрэг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн[3]-ний дараа буюу актын биелэлт түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилснаас хойш газар эзэмших хугацааг тооцсоныг буруутгах үндэслэлгүй.

Учир нь захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байх тул Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрхийн 5 жилийн хугацааг тухайн газрын маргааныг захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас  тоолохоор 3 жил 5 сарын хугацаа[4] өнгөрсөн байх бөгөөд газар эзэмших 1 жил 5 сарын хугацаа үлдсэн байна.

8. Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч  Т.Д захиргааны хэрэг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүсэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

9. Харин анхан шатны шүүх “... Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01-05/908 дугаар албан бичигт “... гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч судалж үзлээ гээд газар эзэмших эрх дуусгавар болсон талаар мэдэгдсэн байгааг үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч Т.Дгийн газрын эрхийн хугацаа сунгуулах хүсэлт, түүний бүрдлийг бүрэн гэж үзэж шалгаад хариу өгсөн гэж үзнэ. Хэрэв хүсэлтэд хавсаргах материалын бүрдэл дутуу байсан бол төрийн байгууллага, албан тушаалтан хүлээн авч шийдвэрлэхгүй, бүрдэл дутуу үндэслэлээр буцаах ёстой...” гэх мэтээр дүгнэж, шууд “... сунгаж шийдвэрлэх”-ийг даалгасан нь үндэслэл муутай байна.

Учир нь тухайн газрыг нэхэмжлэгч Т.Д дангаараа эзэмшдэггүй, дундаа хамтран эзэмшиж байсан Д.Б агсаны өв залгамжлагч нар нэхэмжлэгч Ш.Чд шилжүүлэхийг зөвшөөрсөн зэрэг баримт байгаа ч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу холбогдох баримт бичгийг хавсаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх  ажиллагаа хийгдсэний дараа хугацаа сунгах хүсэлтийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхээр байна.

10. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт “... хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0780 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 38 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 4.2.5 4.2.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ч, Т.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ххххх дугаартай 700 мкв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах хүсэлтийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА

 

                         ШҮҮГЧ                                             Д.ОЮУМАА

 

                         ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] 1 хавтас-113 дугаар хуудас

[2] 1 хавтас-189 дүгээр хуудас

[3] 1 хавтас-35 дугаар хуудас

[4] 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаа нь 1 жил 11 сар, түдгэлзсэн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс захиргааны хэрэг маргаан эцэслэсэн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанаас нэхэмжлэгч Т.Дгийн газрын албанд хүсэлт гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаа нь 2 жил 4 сарын хугацааг хооронд нь нэмбэл 3 жил 5 сарын хугацаа байна.