Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/273

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0011/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Б.Гэршихбөртэ, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Иргэдийн төлөөлөгч ***,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *** овогт *** холбогдох эрүүгийн 2318000000307 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт *** /***/, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ****-д цахилгаанчин ажилтай, ам бүл ***, ****, хүүхдийн хамт **** аймгийн **** сумын *** дугаар баг, **** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа нь шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ***: Би талийгаачийг 2020 оноос хойш таньдаг болсон бөгөөд хуурай ах дүүсийн харилцаатай байсан. Тухайн үед би хоёр пиво уусан байсан. Талийгаачийг намайг байнга товших маягтай цохиод байхаар нь болиулах гэж түлхсэн. Миний буруу. Маш их харамсаж байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***: *** нь миний төрсөн аав. Сүүлийн үед тэтгэвэрт гарах гэж байна гээд хөөрөөд ойр ойрхон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа. Тухайн үед ээж *** над руу аав чинь ухаан алдаад уначихлаа, ерөөсөө хөдлөхгүй байна гэж ярихаар нь би Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт ирсэн. Ингээд аав ерөөсөө ухаан ороогүй байж байгаад Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний хүрээлэнгийн эрчимт эмчилгээний тасагт *** оны 06 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Энэ хугацаанд *** оны 05 дугаар сарын 17-нд, Гэмтлийн эмнэлэгт 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус тус 2 удаагийн хагалгаанд орсон ба хүчилтөрөгчийн аппаратаас огт салаагүй. Юу болсон талаар ээжээс асуухад би гал тогооны өрөөнд цай чанаад байж байхад том өрөөнөөс *** хүүе ээ чи чинь ямар балай амьтан бэ? гэж хэлхээр нь том өрөөнд гүйгээд ороход аав уначихсан байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /1хх-ийн 9 дэх тал/,

Гэрч ***: Манай ээж над руу 14 цагийн үед яриад аав чинь хөдлөхгүй байгаад байна, түргэн яаж дуудах вэ гэсэн. Дараа нь 103 авч яваагүй болохоор би ээж рүү яриад та ** эгчийг дуудаад үзүүлээдэх гэсэн. Тэгээд би *** эгчтэй ярьсан чинь аав чинь нүд нь зүгээр, гар хөл нь хөдлөөд байна. Унтаад л байх шиг байна гэсэн. Тэгэхээр нь би наад аавыг дахиж үзүүлсэн нь дээр гээд дахиж 103 дуудаад эмнэлэг рүү хүргүүлсэн. Эмнэлэг дээр очоод томограф хийлгэхэд эмч нь гэмтлийн шинжтэй цус хуралттай байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1хх-ийн 11-12 дахь тал/,

Гэрч*** 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 30 минутад яаралтай тусламжийн тасгийн эмч *** тархиндаа харвалттай хүн байна, үзүүлье гэж дуудсан. Ингээд үзлэг хийхэд ухаангүй, хурхирсан, орчны харьцаа байхгүй хүн байсан. Томографын бичлэгийг үзэхэд зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсэг хамарсан том хэмжээний хатуу хальсан дээрх цусан хураа, мөн зүүн зулай хэсгийн ясанд хугаралтай байсан. Цааш үзэхэд тархины зүүн талын хальсан доор цус хуралттай, эдэд цус хурсан байсан. Үүнийг зөвлөх эмч *** танилцуулахад яаралтай хагалгаанд ор гээд хагалгаанд бэлдээд 20 цаг 30 минутад эхлээд 23 цаг 40 миунтад дууссан гэх мэдүүлэг /1хх-ийн 14-16 дахь тал/,

Гэрч ***: ...*** манай нөхөр ** хамт гарчхаад ирье гээд гараад явсан ба орж ирэхдээ тортой юм бариад орж ирсэн. Торонд нь 1 шил 0,5 литрийн архи, мандарин, тараг, сүү байсан. Тэгээд манай нөхөр *** хамт авсан архиа ууж эхэлж байсан чинь гэрийн хаалга тогшсон. Хаалга онгойлгоход зүс таних *** гэх залуу халамцуу орж ирсэн. Би *** цай, хоол аягалж өгсөн. Ингээд *** өөрөө бөө учраас хүний судас барьдаг гэж хэлээд ***судсаа өг гээд үзэж хараад юм яриад байсан. Тэгж байгаад баахан ном уншсан. Би гал тогоонд байж байтал **8 чанга дуугаар чи чинь яасан тэнэг залуу вэ? яаж байгаа юм бэ? гээд орилоход би том өрөө рүү яваад очиход *** надтай зөрөөд гарсан. Харин манай нөхөр том өрөөний зурагтын  харалдаа таг мэдрэл байхгүй уначихсан байсан. Би *** юу болсон бэ? гэж асуусан чинь саваад уначихлаа гээд байсан. 2023 оны 05 дугаар сарын 18-нд *** залгаад юу болж байна, *** ахын бие яаж байна. Хагалгаанд орсон уу? гэж асуусан. Би *** эмчийн хэлснийг хэлсэн. Гэтэл тэр үед ** ах миний дал мөр лүү цохиод, хамт байсан *** гэх залуугийн ч дал мөр лүү цохиод байсан. Тэгээд *** босоод *** ахтай юм ярьж байгаад *** ахыг гэнэт хүчтэй түлхэж унагачихаад гараад явсан гэж хэлсэн.. гэх мэдүүлэг /1хх-ийн 21-22 дахь тал/,

Гэрч ***: 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт ирээд ажил хөөцөлдөж байгаад 00 цагийн үед *** ахын гэрт очиход *** ах бага зэрэг согтуу унтаж байсан. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өглөө босоод ирэхэд *** ах босчихсон сургууль руугаа яваад ирлээ. Өнөөдөр хичээлгүй юм байна гээд том савтай пиво бариад ороод ирсэн. * ах авсан пивоо задлаад уухаар нь би *** ахад хандаж дүү нь оройтоод хоосон ороод ирлээ, ахдаа ганц юм авч өгье, хамт гаръя гээд хамтдаа гадагш гараад дэлгүүр орсон. *** ах дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн архи авахаар нь би нэмээд жимс, чихэр аваад тооцоог нь хийгээд буцаад гэрт нь очоод том өрөөнд нь суусан. *** эгч хоол хийсэн байсан. Бид нар хоол идэнгээ пивоо ууж дуусгаад араас нь авсан архиа уугаад архи бараг дуусч байхад гаднаас миний танихгүй нэг эрэгтэй хүн орж ирсэн. Нэрийг нь *** гэж байсан. Тэр хүн гартаа нэг лааз пиво барьсан, мөн 1 ширхэг рашаан ус барьчихсан байсан. Тэгээд бид нартай хамт сууцгааж байхад *** ах*** нуруу руу гараараа 2-3 удаа цохисон. Энэ үед нөгөө залуу дургүйцээд байсан. Мөн *** ах миний нуруу руу 4-5 удаа цохихоор нь би *** ахад хандаж ахтай хүн сайхан байна. Хааяа ингэж барцадаа гаргаж байх зүгээр, баярлалаа ахаа гэж хэлсэн. Би энэ үед хот руу явах такси дуудчихсан байсан. Мөн утсаа оролдоод зурагт хараад сууж байхад ***  явах гэж байгаа юм шиг хувцсаа өмсөөд том өрөөний аркны гадна харин *** ах том өрөөний аркны дотор талд босоод зогссон. ** эгч том өрөөний сандал дээр сууж байсан. Тэгж байгаад ****** ахыг хоёр гараараа зэрэг маш хүчтэй түлхэхэд*** ах хойш дагзаараа саваад зурагтын доор хэсэг унасан. Унаж байгаа нь маш хүчтэй сонсогдсон. Тэгэхээр нь би ***д уурлаад чи хөгшин хүнийг яаж байгаа юм бэ? гэж хэлээд *** ах дээр очоод цээжин биеэс нь өргөх гэхэд *** хараад зогсож байсан. Би *** ахыг өргөхөд толгойны ар хэсгээс цус мэт зүйл шүүрч байсан. Тэгээд *** эгч нойтон алчуур авчрахаар нь толгойн доор нь тавиад нөгөө залууд харуулахад цус гарсан харагдахаар нь би тэр залууд хандаж чи энийг хар даа,  хүнийг ямар болгосон байна гэж хэлтэл нөгөө *** гэх залуу *** ах өөрөө намайг зодоод байсан шүү. Чи ч харсан, намайг хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь түлхчихлээ гэсэн... гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25 дахь тал/,

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 556 дугаартай ... *** биед зүүн тал бөмбөлгийн дух зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн дух чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархай, духны эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн цус харвалт, зүүн зулайн ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь амь насандаа аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 31-32 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 36-38 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 1558 дугаартай ... Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаас нас баржээ. Талийгаач нь тэлэгдэх хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил, элэгний өөхлөлт өвчтэй байсан ба дээрх өвчин үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй... гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 39-44 дэх тал/,

Талийгаач нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан тухай өвчний түүх, бусад баримтууд /1хх-ийн 124-199 дэх тал/,

Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 06 сарын 01-нд нас барсан тухай өвчний түүх, холбогдох баримтууд /1хх-ийн 202-2хх-ийн 02 дахь тал/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 27,584,040 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 20,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч *** айлд очиж агсан согтуу тавьсан зүйл байхгүй. Талийгаач тархинд учирсан гэмтлийн улмаас нас барсан. Субьектив шинжийн хувьд хүнийг гэмтээх санаа зорилго байгаагүй. Гэм буруугийн хувьд санаатай үйлдсэн гэж үзэхгүй байна. Болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас талийгаач нас барсан гэж үзэж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгч *** санамсар болгоомжгүй байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгч талийгаачийн амь насыг санаатай хохироогоогүй байна. Талийгаач өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 15 дугаар байрны 38 тоотод *** нь намайг цохилоо гэх шалтгаанаар түлхэж унаган эрүүл мэндэд нь зүүн тал бөмбөлгийн дух зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн дух чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархай, духны эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн цус харвалт, зүүн зулайн ясны хугарал бүхий хүнд хохирол учруулсан, улмаар хохирогч *** нь эмчилгээ хийлгэж байгаад 2023 оны 06 дугаар сарын 01-нд гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан гэх үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, 2.5 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилсан байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *** *** түлхэж унагасан үйлдэл нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, улмаар хохирогч эмчилгээ хийлгэж байгаад нас барсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа ба шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын “...шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн...” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *** эрүүл мэндэд хүнд хохирол учирч улмаар хохирогч нас барсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...амь нас, эрүүл мэнд...-д хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 27,584,040 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 20,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 7,584,040 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэж 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг бөгөөд шүүгдэгч *** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул дээрх журмыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР

ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР

 

                                     ШҮҮГЧ                                  Б.ГЭРШИХБӨРТЭ

 

                                     ШҮҮГЧ                                 Б.ЭРДЭНЭМӨНХ