| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/01343/И |
| Дугаар | 102/ШШ2020/01351 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2020/01351
| 2020 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2020/01351 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо,, С овогт Э.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, тоотод оршин суух Б овогт Т. С-пд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А хариуцагч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.С-тэй 2014 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарсан. Бидний охин С.М 2016 оны 09-р сарын 26-ны өдөр төрсөн. Бид 2018 оны 03-р сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний бүртгэл хэлтэст гэрлэлтээ бүртгүүлсэн. Сүүлийн 2 жилд бид зан харилцаа болон бусад таалажгүй байдал байнгын гэр бүлийн маргаантай амьдарч 2019 оны 05-р сарын 22-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. Ийм улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Т.С-тэй хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Хариуцагч Т.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.А-лын нэхэмжлэлийг дэмжиж байна. Би 30 хүрээд өөрийн гэсэн орох оронтой болчихоод хүнтэй сууя гэсэн бодолтой байсан. Тэгээд ипотекийн зээлэнд хамрагдаж байртай болсон. Э.А-тай маш хурдан хугацаанд гэр бүл болж, нэг жилийн хугацаанд хүүхэдтэй ч болсон. Би өөрөө цэрэг цагдаагийн байгууллагад ажилладаг хүн учраас би гэр бүлдээ ч тэр ажилдаа ч хариуцлагатай хандахыг хичээдэг. Би Э.А-д хэлдэг байсан, хоол хийгээд сурчих, ажилд явах хувцас, цагаан хэрэгслээ индүүдчих гэх мэтийн ойр зуурын зүйл хэлдэг байсан. Тэгэхээр л надаас чи өө хайлаа гэж жижиг зүйлээс болж маргаан эхэлдэг байсан. Сүүлийн үед гэр бүлийн хэрүүл маргаан ихсэхэд би Э.А-д чи надад ямар зан гаргаж харьцана, би бас тэгэж хандана гэж хэлтэл хүүхдээ аваад яваад өгсөн. Би охинтойгоо уулзмаар байна гэхээр чамтай уулзуулмааргүй байна гэдэг. Би бол айлын том, Э.А бол айлын бага. Э.А бол айлын 7 дахь хүүхэд, аав ээж нь олон ачтай. Гэтэл миний охин манай аав, ээжийн анхны ач. Гэтэл намайг хүүхэдтэй минь уулзуулахгүй байна. Э.А ажилтай гэж байгаа ч ажилгүй, шатрын дугуйлан ажиллуулдаг гэдэг. Гэтэл тэр нь зогссон, мөн түрээсийн байранд амьдардаг гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь Т.С-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
.А, Т.Сн нар нь 2014 онд танилцаж, 2018 оны 03-р сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ. Гэрлэгч амьдрах хугацаандаа 2016 оны 09-р сарын 26-нд охин С.М-ийг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2019 оны 05-р сарын 22-ны өдрөөс тусдаа амьдарч байгаа, одоо гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй. Хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийг эхийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй байна.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 03-р сарын 26-ны өдөр дуусгавар болгожээ
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан С овогт Э.А /регистр ФА92051341/, Б овогт Т.С // нарын гэрлэлтийг цуцалж, 2016 оны 09-р сарын 26-ны өдөр төрсөн охин С.М-ийг эхийнх нь асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 09-р сарын 26-ны өдөр төрсөн охин С.Мишээлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Т.Сэргэлэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Сэргэлэнгээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА