Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/01395

 

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/01395

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 16-р хороо,  Ч овогт Д.Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10 дугаар хороолол, О овогт Ж.Б холбогдох хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн, хариуцагч Ж.Б-гийн сөрөг нэхэмжлэлтэй хүүхдийн эцгээр тогтоолгохыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.М /үнэмлэх 0170/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Б-тэй 2013 оноос хойш хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд 2014 оны 9-р сарын 14-нд хүү Б төрсөн. 2020 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарсан. Ингээд хүүхдийн асрамжинд маргаан байсан тул шүүхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргасан. Би шинжээч томилох хүсэлтийг өөрөө гаргасан, шинжээчийн дүгнэлттэй маргахгүй байна гэв.

 

Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Т-той 2013 оноос хойш хамт амьдраад 2014 онд хүүтэй болсон. Т хамт амьдарч байхдаа надад гар хүрдэг байсан, таарамжгүй болоод 2019 оны 12-р сараас тусдаа амьдарч байна. Хүүгээ өөрийнхөө асрамжинд авна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Хүү Б-г эцэг Т-оор овоглосон боловч гэрлэлтээ батлуулаагүй учир түүнийг хүүхдийн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч С.Т сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 оны 9-р сарын 14-нд төрсөн Т-ын Б нь миний хүү мөн, эргэлзэх зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цуглрасан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т нь Ж.Б-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч Ж.Б нь хүүхдийн эцэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Д.Т, Ж.Б нар нь гэр бүл болох зорилгоор 2013 оноос хамт амьдарч, 2014 оны 9-р сарын 14-нд хүү Т.Б-г төрүүлж өсгөжээ.

 

Тэд хамт амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд хамт амьдрах хугацаандаа Д.Т нь архи уух, агсам тавих, бусадтай хардах, бие махбодид нь хүчирхийлэл үйлдэж зодох зэрэг таагүй байдлын улмаас хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2019 оны 12-р сараас тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хүүхдийн асрамжийн талаар шинжээч томилж, шинжээч Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс 2020 оны 04-р сарын 01-ний өдөр А/33 тоот дүгнэлтээ гаргажээ. Шинжээч хүү Т.Б-ийн асран хамгаалагчаар эх Ж.Б-г тогтоох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан, шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл, хүүхдийг эхийн асрамжинд үлдээхэд маргаагүй болно.

 

Иймд хүү Т.Б-г эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх болох С.Т, Ж.Б нар нь хүүхэд төрснөөр өргөдлөө гаргаснаар бүртгэлийн байгууллага хүү Б-ийн эцгээр С.Т-ыг бүртгэж, Т-ын Б-д төрсний гэрчилгээ олгосон, өөрөөр хэлбэл, захиргааны журмаар хүүхдийн эцгээр С.Т тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Т хүүхдийн эцэг биш гэж маргаагүй, захиргааны журмаар эцэг тогтоогдсон тул шүүхийн журмаар эцэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 9-р сарын 14-нд төрсөн хүү Т Б-г эх Ж.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Т-ийн хүү Т.Б-ийн эцгээр тогтоолгохыг хүссэн Ж.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА