| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/01295/И |
| Дугаар | 102/ШШ2020/01452 |
| Огноо | 2020-05-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2020/01452
| 2020 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2020/01452 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б овогт Х-ын Э-ын нэхэмжлэлтэй, .
Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Б овогт Б-ийн Ц-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б /үнэмлэх 2259/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Ц-тэй 2017 онд танилцсан. 2018 оны 03 дугаар сард бие давхар болсон тул 4 дүгээр сард бид хоёр гэрлэлтээ батлуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 7-нд охин Ц.М төрсөн. Жирэмсэн болсноос хойш бид манайд амьдарсан. Хамт амьдрах хугацаанд Б.Ц-гийн зан араншин ширүүн, уур уцаартай, найз нөхөдтэйгөө наргих нилээн дуртай, энэ хугацаанд надад хэд хэдэн удаа гар хүрсэн. 2 удаа цагдаад хандаж, арга хэмжээ авахуулсан. Ингээд 2019 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарсан. Иймд би Б.Ц-ээс гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөр дээрээ авч хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Э-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Охин М-ийг эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэмжийг шүүхийн шийдвэрт зааснаар төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Э нь Б.Ц-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдээ асрамжид авах, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Х.Э, Б.Ц нар нь 2018 оны 4-р сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2018 оны 11-р сарын 7-нд охин Ц.Мишээлийг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгч хамт амьдрах хугацаандаа нөхөр Б.Ц нь архи уух, агсам тавих, бие махбодид нь хүчирхийлэл үйлдэж зодох зэргээр хүчирхийлэл үйлддэг байсан нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10-р сарын 01-ний өдрийн 747 тоот шийтгэвэр, 2019 оны 12-р сарын 30-ны өдрийн 5 тоот шийтгэвэр зэрэг баримтаар, таарамжгүй харьцааны улмаас 2019 оны 8-р сараас тусдаа амьдарч байгаа нь тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэгч хамт амьдрах боломжгүй, энэ нь гэрлэгчийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөр байх ба хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Хариуцагч гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй, түүний хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Э, Б-ийн Ц нарын гэрлэлтийг цуцалж, 2018 оны 11-р сарын 07-ны өдөр төрсөн охин Ц.М-ийг эх Х.Э-ын асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.М-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Ц-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА