| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/01046/И |
| Дугаар | 102/ШШ2020/01454 |
| Огноо | 2020-05-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2020/01454
| 2020 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2020/01454 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, Б овогт М-ын Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, С төв төрийн өмчит ААТҮГ-д холбогдох ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь 2017 оны 4-р сарын 26-нд С төвд хүний нөөцийн мэргэжилтний ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажиллаж байхдаа ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл С төвийн захирлын 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн Б/06 тоот тушаалаар албан тушаал бууруулж удаан хугацаагаар өвчтэй байгаа хүний оронд түр хугацаагаар үйлчлэгчийн ажилд томилсон. Тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж маргаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23.1, 37 дүгээр зүйлийг баримталж тушаал гаргахдаа М.Б-ийг ажлаас нь чөлөөлөлгүйгээр өөр албан тушаалд томилсон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийг баримтлахдаа хэд дэх заалтыг баримталж байгаагаа бичээгүй, 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцсон гэсэн байна. Харин нэхэмжлэгч харилцан тохиролцож албан тушаал буруулсан зүйлгүй. Мөн хэрэгт нотлох баримт байхгүй тул захирлын тушаалыг хүчингүй болгож, М.Б-ийг С төвийн хүний нөөц, архивын мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин 1 752 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С төвийн хүний нөөц, архивын мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан М.Б-ийг 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн захирлын тушаалаар албан тушаалыг өөрчилж захиргааны үйлчлэгчийн албан тушаалд түр хугацаагаар томилсон. Уг тушаалыг гаргахдаа М.Б-ийн тухайн ажлын үр дүн, гүйцэтгэл, ажилтны мэдлэг чадвар, хувийн зан байдал, ажлын байран дээр ажилтнуудын дунд гаргаж байгаа ёс зүйн байдлыг үндэслээд 2020 оны 02-р сарын 14-ний өдөр хуралдсан захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд, сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд ажлын байрыг түр хугацаагаар өөрчилсөн. Энэ тушаалыг 2-р сарын 21-ний өдөр нийт ажилтнуудад танилцуулсан. Тухайн өдөр М.Б ажилдаа ирээгүй, захиргаа удирдлагын хэлтсийн дарга түүнтэй ганцаарчлан уулзаж танилцуулна гэсэн. Тухайн үед цагаан сар байсан, 02-р сарын 27-нд ажил цуглахад М.Б ажилдаа ирээгүй, 28-нд 10 цагийн үед ирээд 1 цаг орчим болоод хамаг юмаа аваад явсан нь цагийн бүртгэлд бүртгэгдсэн байна. М.Бтэр өдөр өргөдөл гаргасан, захиралд танилцуулахад өөрийн биеэр уулзаж өргөдлөө өг гэдэг хариу өгсөн. Түүнээс хойш нэг ч ирээгүй. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ тушаал холбогдох хууль тогтоомжид зааснаар хурлаар хэлэлцсэний үндсэн дээр гарсан. Түүний ажлын байрыг түр хугацаагаар өөрчилсөн нь ажлын идэвхийг сайжруулах, өөртөө дүгнэлт хийх, хамт олонч ёс зүйдээ анхаарах үүднээс энэ тушаал гаргасан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь С ТӨААТҮГ-ын захирлын 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
М.Б нь Сэргээгдэх эрчим хүчний төвийн хүний нөөц, архивын мэргэжилтнээр ажиллаж байгаад тус төвийн захирлын 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн Б/06 тоот тушаалаар 2020 оны 1-р сарын 30-ны өдрийн Албан хаагчдын ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд авах арга хэмжээний тухай А/01 тоот тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд түүнийг ажлаас нь чөлөөлж, удаан хугацаагаар өвчтэй байгаа ажилтны оронд түр хугацаагаар ажиллуулахаар /хх 5-8/ томилжээ.
Тус төвийн захирал 2020 оны 01-р сарын 30-ны өдрийн Албан хаагчдын ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд авах арга хэмжээний тухай А/01 тоот тушаал гаргаж, тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталж, нийт ажилчдад танилцуулсан /хх 33-36/ байна.
Арга хэмжээний хэрэгжилтийг захирлын зөвлөлийн 2020 оны 02-р сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцсэн байх ба хуралд М.Б-ийг оролцуулан ...байгууллагын дотоод сүлжээнд бичсэн мэдэгдэл, өвчтэй гэх шалтгаанаар өөртөө дур мэдэн 5 өдрийн чөлөө өгсөн, ирэхдээ Ачтан эмнэлгийн магадлагаа, өрхийн эмнэлгийн магадлагаа авчирсан үйлдэл, хариуцсан ажлын үр дүн, ажлын ачаалал, хувь хүний зан байдал, хамт олондоо хандах хандлага, удирдах, удирдуулах ёсны зарчим, өөрийн нь ёс зүйг харгалзан холбогдох хууль журмын хүрээнд шийдвэрлэхээр /хх 37-42/ тогтоосон байна.
Энэ тушаал нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд ажил олгогч хурлын шийдвэрээ хууль тогтоомжид зааснаар гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд тохиролцон дуусгавар болгох заалтыг үндэслэжээ.
Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Г-ийн 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн М.Б нь 2020 оны 1-р сарын 28-ны өдөр байгууллагын дотоод сүлжээнд архив, хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллахад хүндрэлтэй байна, шаардлагатай бол шилжин ажиллах өргөдөл хүсэлтээ бичгээр өгч болно гэж бичсэн байна.Иймд М.Б-ийг шилжүүлэн ажиллуулах захирлын тушаал шийдвэр гарахад татгалзах зүйлгүй гэсэн санал нь /хх 27/ ажилтан М.Б Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар өргөдөл гаргасан гаргасан, өргөдлийг энэ хуульд зааснаар шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй.
Иймд ажил олгогч болон ажилтан тохиролцож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэх үндэслэл тогтоогдоогүй, харин ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж дүгнэлээ.
Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан заалтын тохирох заалтыг баримтлах шаардлагатай. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6-р зүйлийн 6.2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заасан зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тохирсон байх ба харин 6.2.3.1-6.2.3.12-д заасан зөрчлийг ажилтан гаргасан нь тогтоогдоогүй /хх 6-8/ байна.
Тус төвийн захирлын 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, М.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар М.Б-ийн дундаж цалинг 2020 оны 2-р сарын 20-наас 2020 оны 05-р сарын 01-нийг хүртэлх хугацааны олгоогүй цалинг 1 600 000 төгрөгөөр тооцлоо.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул түүнд олгох цалин хөлснөөс тооцож шимтгэл төлж, бичилт хийх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан С ТӨААТҮГ-ын захирлын 2020 оны 2-р сарын 20-ны өдрийн М.Батцэцэгийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, М.Б-ийг С төвийн хүний нөөц, архивын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1 дэх хэсэг, 69-р зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан С ТӨААТҮГ-аас 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж М.Б т олгож, олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С-ээс 40 550 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА