| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/01235/И |
| Дугаар | 102/ШШ2020/01463 |
| Огноо | 2020-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2020/01463
| 2020 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2020/01463 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо,Х овогт Б-ны Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 39 262 625 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц /үнэмлэх /, гэрч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 29-нд Б.Т-тай зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2.39 хувийн хүүтэйгээр, Ланд 100 маркийн автомашиныг барьцаалж, тэр өдрөө федуцийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Б.Т-ын ХААН банкны 5037182811 тоот дансанд 25 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэрээгээр зээлийг хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон. Б.Т нь 2018 оны 9-р сарын 27-нд эхний сарын хүү 537 750 төгрөг төлсөн, үүнээс хойш зээл, хүү огт төлөөгүй. Бид үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 1 175 084 төгрөг, алдангийн хэмжээг хуульд заасан хэмжээгээр бууруулж 13 087 541.97 төгрөг нийт 39 262 625 төгрөгийг Б.Т-аас нэхэмжилж байна. Бид нар федуцийн гэрээгээр машиныг нэр дээрээ шилжүүлсэн ч Б.Т бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй, машинаа олохгүй байгаа гэдэг. Б.Т нь уг автомашины эзэмшигчээр 1 хоног бүртгэлтэй байсан, өөрөө машинаа хаана хэнд байгааг мэдэхгүй, олдохгүй байгаа тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаагүй. Иймд Б.Т-аас 39 262 625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 08-р сарын 28-ны өдөр миний танил Б.Г надтай уулзаад Н.Т гэдэг хүн н.У гэдэг хүнээс 40 000 000 төгрөгт машин худалдаж авсан юм, эхлээд 20 сая төгрөг өгсөн, үлдэх 20 сая төгрөгөө өгөхгүй болохоор нь н.У машинаа буцаагаад авсан, Т машиныг чиний нэр дээр шилжүүлээд банк бусаас зээл авъя, хүү, зээлээ төлчихнө гэсэн. Тухайн үед өөрөө зээл авч болохгүй байгаа шалтгаанаа ...бид нар өр зээлтэй гэсэн. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар машин миний нэр дээр 1 хоног байсан. Ингээд би 25 000 000 төгрөг аваад н.У-т 20 000 000 төгрөгийг, 5 сая төгрөгийг н.Түмэнбаяр уурхайдаа ашиглана гээд н.Г-ын дансаар өөрөө авсан. Тэгээд Т нь машинаа унаад явсан, сарын дараа эхний сарын хүү болох мөнгийг над руу шилжүүлсэн. Түүнээс хойш машин ч байхгүй, Т ч алга болсон. Иймд би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хэлтэст н.Т-ыг шалгуулахаар өгсөн, өнөөдрийг хүртэл шалгаж байгаа. Энэ хугацаанд 2019 оны 7-р сарын 22-ны өдөр би н.Т-ыг олоод цагдаад аваачиж өгсөн, 1 удаа мэдүүлэг аваад явуулсан. Үүнээс хойш ямар ч сураг байхгүй. Хэрвээ би машинаа олоод авах юм бол нэхэмжлэгч талд өгөхөд бэлэн байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь Б.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 39 262 625 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Н ХХК нь 2018 оны 08-р сарын 29-нд Б.Т-тай зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2.39 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /федуци/-ээр 33-15 УБЕ дугаартай Land Criuser 100 маркийн машиныг өмчлөлд шилжүүлэхээр /хх 7-8/ тус тус тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон 25 000 000 төгрөгийг зээлдэгч Б.Т-ын ХААН банкны 5037182811 тоот дансанд шилжүүлсэн, зээлдэгч нь 2018 оны 9-р сарын 27-нд зээлийн хүүнд 537 750 төгрөг төлсөн, энэ талаар талууд маргаагүй байна. Харин зээлдэгч үндсэн зээл, бусад хүүг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарч, Н ХХК зээлийн гэрээний үүрэгт 39 262 625 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Зээлдэгч гэрээний хугацаа дуусахад зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 1 712 833 төгрөг нийт 26 712 833 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс төлсөн 537 750 төгрөгийг хасч үлдэх 26 175 083 төгрөгийг төлөөгүй байна.
Талууд гэрээний 4-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх ба гүйцэтгээгүй үүрэг 26 175 083 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 13 087 541 төгрөг, нийт 39 262 625 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /федуци/ нь Иргэний хуулийн 231-р зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээгээр хангуулахаар шаардаагүй байна.
Шаардлага гаргаагүй үндэслэлээ ...гэрээний 2.2, 2.3-т зааснаар өмчлөлд шилжүүлсэн хөрөнгө нь үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх, хөрөнгийг эзэмшигч хамгаалахаар тохирсон, харин Б.Т машиныг хаана байгаагаа мэдэхгүй, өөрийнх нь эзэмшилд байхгүй талаар тайлбарласан, хариуцагч тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд байхгүй талаар маргаагүй.
Түүчлэн гэрч Э.Г-ын ...би Т-тай хамтран уул уурхайд ажиллаж байсан, өнгөрсөн жил Заамар руу ажилд гарахдаа хүнээс машин авсан тал мөнгийг нь өгч чадахгүй байна, та энэ машиныг тавиад мөнгө гаргаад өгөөчээ гэсэн, би Б.Т-ыг гуйсан, би өөрөө зээлтэй болохоор зээл гарахгүй байна, ингээд Т нь У-ыг явуулсан, Т-ын зээлээс 20 сая төгрөгийг У-т, Т түлш хэрэгтэй гээд 5 сая төгрөгийг авсан, Т машинаа унаад Заамар руу явсан, түүнээс хойш олдохоо байсан... гэсэн мэдүүлгээр фидуцийн гэрээгээр шилжүүлсэн машин хариуцагч Б.Т-ын эзэмшилд байхгүй нь тогтоогдсон байна.
Нөгөө талаас, Б.Т цагдаагийн байгууллагат Т-ын талаар гомдол гаргаж, эрүүгийн журмаар шалгуулж байгаа нь энэ хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б-ын Т-аас 39 262 625 /гучин есөн сая хоёр зуун жаран хоёр мянга зургаан зуун хорин тав/ төгрөг гаргуулж Н ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас 354 233 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА