Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0113

 

                                                                                                   

 

 

 

 

 

 

                                            

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0683 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

Хэргийн индекс: 128/2024/0324/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0683 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/0001 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “... Хариуцагч нь сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй байдаг. Захиргааны байгууллага буюу хариуцагчаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг баримтжуулах зэрэг дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг явуулаагүй, сонсох ажиллагаанд оролцогч нь тайлбар гаргах боломж огт олгоогүй байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол төлөөлөгчид шууд хүргүүлэх ... хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” хэмээн заасан буюу маргаан бүхий хийсэн гэх сонсох ажиллагааны жагсаалтын 9, 10, 11 дэх хэсэгт нэг байгууллагын нэр байх бөгөөд бодит байдал дээр 19 иргэн, аж ахуй нэгжид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын зүгээс фэйсбүүк пэйж хуудсаараа пост оруулсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт “хорь буюу түүнээс доош тооны этгээдэд сонсгохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх. Шаардлагатай тохиолдолд утас, факс, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдлээ баталгаажуулна” хэмээн заасныг шууд зөрчсөн байна.

Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар шийдвэр гаргах ажиллагааг явуулахад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоож, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулж, 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийн сонсох, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулах зэргээр нэг нь нөгөөгөөсөө нөхцөлдсөн үргэлжилсэн шинжтэй үйл ажиллааг дутуу хэрэгжүүлсэн атал анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Өөрөөр хэлбэл олон тооны этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан өдөр тутмын хэвлэлд нийтэлж мэдэгдэх аргыг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан ижил хүсэл зориг, нэг эрх, ашиг сонирхолтой, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд дундаасаа төлөөлөгчөө томилж оролцохоор ашиг сонирхлын хувьд нэгдсэн олон тооны этгээдүүдийн хувьд тэдгээрт сонсох, мэдэгдэх ажиллагааг хийхэд ашиглахаар хуульчилсан байна.

Тиймээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны болж чадаагүй, цаашлаад маргаанд хамаарах нөхцөл байдлын тайлбарыг нь сонсоогүйгээс үндэслэл бүхий болоогүй, улмаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

2.2. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолоор “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл. үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж. зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно” хэмээн тайлбарласан боловч хариуцагч нь маргаан бүхий тушаалыг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж ямар зориулалт гэж ойлгож үндэслэж байгаа, 2 жилийн хугацааг шууд газрыг олгосон өдрөөс эхлэн хууль зөрчин тоолсон атал анхан шатны шүүхээс хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанд зөв дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу хоёр жилийн хугацаанд огт ашиглаагүй хэмээн үзэж хүчингүй болгосон байдаг бол нэхэмжлэгчийн зүгээс тухайн газарт зориулан барилга байгууламжийн нэгэн бүрдэл хэсэг болох спорт цогцолбол барилгын эскиз зураг хийлгэн төлбөрийг төлсөн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан боловч анхан шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.3. Анхан шатны шүүхээс газар эзэмших гуравласан гэрээг байгуулах нь гагцхүү нэхэмжлэгчийн үүрэг мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж. байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож. улсын бүртгэлд бүртгэнэ” хэмээн заасан буюу газар ашиглах тухай гэрээ байгуулах нь хариуцагчийн үүрэг буюу нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулах нь гагцхүү нэхэмжлэгчээс хамаарах түүний хүлээх үүрэг биш болно. Гэвч анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

2.4. Анх газар ашиглах эрхийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авах үед болон түүнээс хойших хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Ковид-19 цар тахлын үеийн бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт Засгийн газрын тогтоолоор шилжсэн байх хугацаанд иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй, хязгаарлагдсан нийтэд илэрхий нөхцөл байдлыг нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглах боломж хязгаарлагдсан хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн атал түүнийг харгалзаагүй нь захиргааны шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. Цаашлаад энэ хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацааг тооцсон ч хуанлийн 2 жилийн хугацаа хүрэхгүй зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс зөв дүгнээгүй байна.

2.5. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 128/ШШ2025/0683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/0001 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/0001 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн,

“Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/111 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Дугуй бургастын хязгаарлалтын бүсэд “Х” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 2.0 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчээс жижиг хашаа барьсан нь хүмүүс түүгээд дууссан гэх болон төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан, эскиз зураг хийсэн гэх тайлбар гаргах боловч газрыг зориулалтын дагуу ашигласан гэх үйл баримт нотлогдохгүй ... байна. ... Цар тахлын улмаас хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж маргадаг боловч 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож 2022 оны 02 дугаар сараас цуцалсан, уг хугацаанаас хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч хуулийн этгээдийг тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нийтэд илэрхий үйл баримт болон хэрэгт авагдсан зарим баримтыг буруу үнэлсэн, энэ талаарх Улсын Дээд шүүхийн тогтоолуудаас хуулийг өөрөөр хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна.

5. Нэхэмжлэгч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ “... хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гуравласан гэрээ байгуулах үүргээ огт биелүүлээгүй, нэхэмжлэгч нь удаа дараа гэрээ байгуулах хүсэлт гаргасан, Ковид-19 цар тахлын үеийн нийтэд илэрхий нөхцөл байдлыг нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглах боломж хязгаарлагдсан хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох эсэхийг харгалзаагүй, ... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагаанд оролцогч нь тайлбар гаргах боломж огт олгоогүй” гэж маргажээ.

6. Нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн үйл баримттай адил төстэй захиргааны хэргүүдийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолуудаар[1] удаа дараа эцэслэн шийдвэрлэж, уг тогтоолуудад “... Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ... нийтэд илэрхий үйл баримт тохиолдсон. Уг хөл хорионы улмаас ихэнх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 23, 2023 оны 60, 72, 2024 оны 76, 93, 96 зэрэг тогтоолуудаар энэхүү нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна...” гэжээ.

6.1. Нэхэмжлэгч “Х” ХХК-д газар ашиглах эрх олгосны дараа /2020.01.21/ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс цуцалсан нийтэд илэрхий үйл баримт /факт/ болсон нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарч байна.

6.2. Энэ талаар ижил хэрэг маргааныг шийдвэрлэх замаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг хэрэглэхэд нэгдмэл байдлыг тогтоосон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолууд гарсан байхад анхан шатны шүүх уг хуулийг өөрөөр хэрэглэсэн, энэ талаар үндэслэлээ тайлбарлаагүйг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

7. Мөн анхан шатны шүүх “... Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийн хүрээнд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу сонсох ажиллагааг хариуцагч захиргааны байгууллагын болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан ёсны цахим хуудсанд байршуулан хийснийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

7.1. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах зохицуулалтын агуулга, зорилгыг тайлбарлах замаар түүнийг зөв хэрэгжүүлэх талаар хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоосон 2025 оны 001/ХТ2025/0023 дугаар тогтоолд[2] “... захиргааны байгууллагаас гаргах гэж буй тухайн шийдвэрийн агуулгад хамаарах нөхцөл байдлыг зөв тогтоох зорилгын хүрээнд нэг цаг хугацаанд ижил үйл баримтаар нэгэн зэрэг холбогдсон бөгөөд үндэслэл нь ижил нэг шийдвэрийн үр дагаварт өртөж буй олон этгээдүүдийн тоо 21 хүрсэн тохиолдолд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхдээ уг хуулийн 27.2.2-т заасан журмыг баримтална, энэ шалгуурыг хангаагүй, өөр өөр үйл баримттай, тус тусдаа үр дагавар үүсгэх, үндэслэл нь ялгаатай шийдвэрүүд гаргах тохиолдолд энэ журмыг хэрэглэхгүй...” гэжээ.

7.2. Маргаан бүхий тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг баримталж, Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг өөр өөр үндэслэлтэй, бодит нөхцөл байдал нь ялгаатай 22 иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг жагсааж, байгууллагын сайтад байршуулсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх зохицуулалтад нийцээгүй, хуулийн зохицуулалтыг буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

7.3. Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журмыг дээрх байдлаар буруу хэрэгжүүлсэн, сонсох ажиллагааны мэдэгдлийг зохих ёсоор хүргүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-ы талаар тайлбар, баримт өгөх боломж олгоогүй, энэ нь “захиргааны шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохирсон байх” шаардлага хангаагүйд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

8. Түүнчлэн анхан шатны шүүх “... нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглахын тулд эхлээд гэрээ байгуулах хүсэлтээ гаргаж байж дараа дараагийн газраа зориулалтын дагуу ашиглахад шаардагдах ажиллагаануудыг үе шаттайгаар хийх болон зориулалтын дагуу ашиглах нөхцөлөө бүрдүүлэх урьдач нөхцөл болохоор байхад ... нэхэмжлэгч нь гуравласан гэрээ байгуулах агуулгаар хүсэлт гаргаж байсан нь тогтоогдохгүй, хэрэгт авагдсан хүсэлтүүд нь түүнээс өөр агуулгатай байна” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй болжээ.

8.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д тухайн үед хүчин төгөлдөр байсан “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж,  37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж тус тус заасан.

8.2. Дээрх хуулиар эхлээд газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтийг аж ахуйн нэгж гаргасны дараа гэрээ байгуулах ёстой талаар зохицуулаагүй, дээрх заалтуудын агуулгаас үзвэл нэг талаас тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглуулах шийдвэрийг захиргаа /байгууллага, албан тушаалтан/ гаргаж, улмаар тусгай хамгаалалттай газар нутгийг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах /эдийн засгийн эргэлтэд оруулах/ зорилгоо хэрэгжүүлэх боломж бүрдүүлж гэрээ байгуулахыг шаардах, нөгөө талаас газар ашиглагч нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх талаар санаачилга гаргаж гэрээ байгуулах хүсэлт гаргах боломжтой байх боловч бодит байдалд хэн аль нь уг үйлдлийг хийгээгүй байхад гэрээ байгуулаагүйд зөвхөн газар ашиглагчийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулах нь гагцхүү нэхэмжлэгчээс хамаарах түүний үүрэг биш болно...” гэх гомдлыг буруутгахааргүй байна.

9. Эдгээр нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл газар ашиглуулах шийдвэр гарснаас хойш цар тахал гарч, 2 жилийн хугацаанд газар ашиглах боломжгүй байсан нь нийтэд илэрхий үйл баримт байх тул уг “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан хугацааг тооцолгүй, сонсох ажиллагааг зохих журмаар явуулахгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасанд нийцээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /2023.01.06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх заалт/ 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/0001 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                             Н.ДОЛГОРСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                             Д.ОЮУМАА

 

                         ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны  0001, 96, 2025 оны 19, 53, 22 дугаар тогтоол.

[2] Мөн оны 001/ХТ2025/0053 дугаар тогтоол