Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 64

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Цагаанцоож,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын туслах прокурор Д.Нэргүй,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

-шүүгдэгч С.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мөнхгэрэлд холбогдох эрүүгийн 201619000764 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын харьяат, 1973 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урайхад овгийн Сампилын Мөнхгэрэл. /Регистрийн дугаар: нф73021015/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Мөнхгэрэл нь давтан үйлдлээр, өөрийн морьтой Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг, “Бичигт” гэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 16-наас 20-ны хооронд иргэн Н.Отгонбаатарын өмчлөлийн 1 тооны гуна үхрийг хулгайлж, 1 000 000 төгрөгийн, Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, "Баянгол" гэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн А.Самбуужаргалын өмчлөлийн 1 тооны  хүрэн буурал нас гүйцсэн гүүг хулгайлж, 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь

Шүүгдэгч С.Мөнхгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Хохирогч А.Самбуужаргал мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Манай гэр Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутаг “Баянгол” гэдэг газраас цагаан бор азаргатай адуунаасаа холоортой хүрэн буурал нас гүйцсэн зөв талын гуян дээрээ дөлтэй загасан тамгатай гүүгээ 2016 оны 9 сарын 25-наас 2016 оны 10 сарын 01-ний өдрүүдэд хулгайд алдсан. Тухайн үед би тэр хавиар хүрэн буурал гүүгээ ирээд олоогүй. 2007 онд соёолон насны 5-н настай гүү манай эхнэр Долгормаагийн өмчинд Улаанбаатар хотын иргэн Мандалсүрэнгийн адуунаас ирсэн. 3 000 000 төгрөгөөр үнэлж байна. Ер нь гарсан унага нь хурдлах байх гэж бодож байна. 6-н удаа унагалсан. Одоо 7 дахиа унагалах хээлтэй байсан. Гарсан унага нь одоогоор уяж хурдлаж байгаагүй. Адуугаа би хариулдаг, тухайн үед би өөрөө хариулж байсан. Хоёр жил унагалаагүй тарган байсан. ... Надад хохирол төлөгдсөн бөгөөд С.Мөнхгэрэл надад 1 тооны адуу өгсөн одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-15/

Хохирогч Н.Отгонбаатар мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... 2016 оны 9 сарын 16-ны өдөр би Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Бичигт” гэх газар үхрээ тоолоход 50-н тооны үхэр бүрэн байсан. Тэгээд би Улаанбаатар хот яваад 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ирээд үхрээ бүртэхэд улаан халзан дөнжин гунжин үхэр алга болсон байсан. Тэгээд би тэр хавиар хайгаад олоогүй. Гэтэл манай сумын С.Мөнхгэрэл гэдэг залуу хулгай хийж хүнд малын хашааны өрөнд өгсөн байсан. 1 000 000 төгрөгөөр үнэлж байна. Зөв талын чих хулгар, буруу талын чих урдаасаа догол имтэй. Гэрийнхээ ойролцоо хээрээр байсан. ... Хохирлоо авсан.Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-19/

Гэрч Ч.Батзориг мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Би өөрийн 39-37 УНГ улсын дугаартай хөх өнгийн Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот, Эрдэнэсант сумын хооронд хүн тээвэрт явдаг ба 2016 оны 9 сарын 20-ны үеэр байсан байх би нарийн өдрийг нь санахгүй байна. Улаанбаатар хот руу явах гээд байж байхад С.Мөнхгэрэл Отгон, Батдорж нар хамт цагаан өнгийн Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй  1 тооны адууны мах ачсан. ... орой Улаанбаатар хот гарахад Отгон хамт явсан. ... замдаа Лүн сумын түүхий эд авдаг газар адууны арьсыг нь зараад... маргааш өглөө нь Дэнжийн 1000-н Нарантуул 2 махны захад махыг нь зарсан ба арьс, мах хэдэн төгрөг болсныг мэдэхгүй Отгон зарсан. Тэр өдөртөө Отгон буцаад Эрдэнэсант суманд хамт ирсэн. ...С.Мөнхгэрэл гэж хүн өөрөө хөдөөний малчин хүн бөгөөд адуу малтай тул өөрийнхөө адуунаас адуу махалж зарж байна гэж бодсон. ... С.Мөнхгэрэл тэр адууны махаа хулгайн адууны мах гэж надад огт хэлээгүй. ... С.Мөнхгэрэл тэр адууны махандаа Сарантуяа гэж малын эмчээс мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн бичиг авсан байсан. Надад хот хоорондын зардал, мах ачсан гээд эхнэр Отгон нь 50 000 төгрөг өгсөн өөр илүү мөнгө өгөөгүй ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21/

Гэрч А.Хишигсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... 2016 оны 9 сарын 16-ны өдөр нөхөр Отгонбаатар бид 2 Улаанбаатар хот руу явахдаа үхэр малаа бүртгээд явсан. 2, 3 хоноод ирсэн бөгөөд 9 сарын 20-ны үеэр байсан яг өдрийг нь нарийн санахгүй байна. Үхэрээ бүртгэж үзэхэд улаан халзан зүсмийн сувай үнээ байхгүй болсон байсан. Тэгээд ойр орчмоороо олон хоног хайгаад олоогүй сураг гараагүй. Манайх 25 тооны үхэр, 25 тооны адуу, 375 тооны хонь, 78 тооны ямаатай бөгөөд малаа Эрдэнэсант сумын 4 дүгээр багт тоолуулдаг. Тухайн үед сэжиглж байсан хүн байхгүй хулгайлаагүй байх гээд хайгаад олохгүй байсан. Тэгсэн С.Мөнхжаргал гэж хүн хулгайлсан байсан. ...С.Мөнхгэрэл нь хохиролд 1 000 000 төгрөг төлсөн тул хохирол барагдсан ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 2/

Гэрч Ц.Долгорсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... 2016 оны 9 сарын 28-ны өдрөөс 10 сарын 01-ний хооронд буюу 9 сарын 27, 28-ны үеэр би нарийн өдрийг нь санахгүй байна. Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Баянгол гэх газраар бэлчээрлэдэг бор азаргатай адуунаас хүрэн буурал зүсмийн гүүгээ хулгайд алдаж байхгүй болсон байсан. ...тухайн үед сэжиглэж байсан хүн байхгүй. ... саахалт нутаглаж байсан С.Мөнхгэрэл гэж айл гэрийн гаднаа 1 тооны мах махлаад эхнэр нь аваад Улаанбаатар хотруу авч явж зарсан талаар сураг гарсан. Цагдаад мэдэгдэж шалгуулахад С.Мөнхгэрэл гэж хүн манай буурал зүсмийн гүүг хулгай хийж гэрийнхээ гаднаа махлаад махыг нь авч явж зарсан байсан. С.Мөнхгэрэл манайд уг хүрэн зүсмийн гүүний оронд унагтай гүү өгөхөөр болсон тул хохирол барагдсан ... гэсэн мэдүүлэг./хх-ийн 23/

Гэрч М.Сарантуяа мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Би С.Мөнхгэрэлийг багаас нь таних ба С.Мөнхгэрэл, эхнэр Ж.Отгон нар манайхаас ирж малын эм, тариа аваад явдаг малчин хүмүүс бөгөөд нэг нутгийн гэдэг утгаар нь танина тэрнээс би ойр дотно ямар нэгэн харьцаа байхгүй. Би Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн малын эмч ажилтай ба 2016 оны 9 сарын 28-ны өдөр намайг гэртээ байхад Улаанбаатар хот, Эрдэнэсант сумын хооронд микро машинтай шугаманд явдаг Батзоригт гэж залуугийн машинтай С.Мөнхгэрэлийн эхнэр Ж.Отгон гэж хүн ирээд С.Мөнхгэрэл гэж хүний 1 тооны адууны мах болон өөр малын махнуудтай явж байна гээд айлын мах тус бүрт нь мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ бичүүлээд аваад явсан. ... мах, арьсыг нь хараагүй өөрсдийнх малын мах байх гэж бодоод бичээд өгсөн... С.Мөнхгэрэлийн эхнэр Ж.Отгон манай адууны мах бөгөөд зарж борлуулж мөнгө болгох хэрэгтэй байна гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25/

Гэрч Ш.Батдорж мөрдөн байцаалтад мэдүүлсэн:  ... Би С.Мөнхгэрэл, Ж.Отгон нарын хүмүүсийг таних бөгөөд саахал нутагладаг нэг нутгийн хүмүүс гэдэг утгаар нь танина, хамаатан садангийн холбоо байхгүй. Манайх 2016 оны 9 сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Баянгол гэх газар нутагладаг байсан. Би сумын төв явж сургуулийн хүүхдүүд авч ирэхээр өөрийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явах гэтэл С.Мөнхгэрэл ирээд ахад нь мөнгөний хэрэг гараад 1 адуу махалж зарах гэсэн юм сумын төв рүү хүргээд өгөөч гэхээр нь би угаасаа сумын төв орох байсан учир тэг тэг гэж зөвшөөрсөн. Тэгээд явахдаа гэрт нь очиж 1 тооны адууны мах, арьс машины тэвшин дээр ачсан ба би тухайн үед зүс, тамга зэргийг анзаараагүй. С.Мөнхгэрэл гэж хүн өөрөө адуу малтай тул өөрийнх нь адуу байх гэж бодсон. С.Мөнхгэрэл, Ж.Отгон нар суугаад сумын төв орсон. Ороод Улаанбаатар хот явдаг микро зогсоол дээр очиход Батзоригт гэж залуу микро машинтайгаа зогсож байсан. Тэр адууны махыг нь би буулгаж өгөөд явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй, хулгайн адуу гэж огт хэлээгүй. ... дундын таргатай адууны мах харагдсан ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27/

 

Яллагдагчаар С.Мөнхгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...  Манайх 2016 оны 08-р сард Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Баянгол гэх газар нутаглаж байхад хөдөөгүүр малын 1.50 метрийн урттай төмөр хашаа зарж байгаа хүн ирсэн тэгээд тухайн үед малын хашаа авах шаардпагатай байсан тул тэр хүнээс 10 ширхэг хашааг нийт 500.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь дараа өгъе гэхэд зөвшөөрч тэр танихгүй хүн надад 10 ширхэг төмөр хашааг 500.000 төгрөгөөр зээлээр зараад явсан. Тэгсэн 2016 оны 09-р сарын дунд үеэр байсан би нарийн өдрийг нь санахгүй байна 16, 17-ны үеэр байсан байх эхнэр Отгон Эрдэнэсант сумын төв рүү явсан би гэртээ гэр, малаа хараад ганцаараа байхад нөгөө малын төмөр хашаа зарсан хүн портер маркийн машинтайгаа мөнгөө авъя гээд хүрээд ирсэн. Би тэр үед ганцаараа байсан тул манай үхэрт нийлээд удаагүй байсан улаан халзан зүсмийн гунжин үхрийг амьдаар нь барьж өгөөд манай үхэр байгаа юм хашааны төлбөрт өгъе гэхэд зөвшөөрч тэр улаан халзан зүсмийн гунжин үхрийг амьдаар нь машиндаа ачаад аваад явсан ба энэ талаар эхнэр Отгон мэдээгүй Дараа нь надад ойр зуурын мөнгөний хэрэг гараад байсан тул Эрдэнэсант сумын нутаг Баянгол гэх газар нутаглаж, эхнэр Отгонтой хамт хоёулахнаа гэртээ байхдаа 2016 оны 09-р сарын 27-28-нд шилжих шөнө өөрийнхөө зөв талын гуян дээрэй саран дэвсгэртэй зүрхэн тамгатай зээрд зүсмийн хязаалан насны үрээтэйгээ явж Оргиоч гэх газраас 10 орчим тооны адуунаас хүрэн буурал зүсмийн 1 тооны гүүг уураглаж барьж авч, хөтөлж гэртээ авчирсан. Тэр хүрэн буурал зүсмийн гүүг эхнэр Отгонд хүнээс авлагатай байсан тэрэндээ уг хүрэн буурал зүсмийн гүүг авлаа махалж зарж мөнгө болгъё гэсэн. Тэгээд 09-р сарын 28-ны өдөр гэрийнхээ гадаа би тэр гүүг махалж, эхнэр Отгон гэдсийг нь арилгасан. Энэ өдөр манай саахалт айлын Ш.Батдорж гэж залуу өөрийнхөө портер машинтайгаа Эрдэнэсант сумын төв явна гэж байсан тул өөрийнхөө адуунаас мөнгөний хэрэг гараад адуу махалсан юм Эрдэнэсант сумын төв рүү ачаад оруулаад өгөөч Улаанбаатар хотруу авч явж зарах гэсэн юм гэсэн. Тэр зөвшөөрч Батдоржийн цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд адууны махаа ачаад Эрдэнэсант сумын төвд очоод Улаанбаатар хотруу шугаманд явдаг микро машинтай Батзоригт гэж залуу Улаанбаатар хот явах гэж байсан тул уулзаж хот руу адууны мах ачиж явж зарахаар болсон. Тэгээд малын эмч Сарантуяагаас мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн бичиг аваад, эхнэр Отгон зарахаар уг адууны мах, арьсыг аваад Батзоригтын микро машинд суугаад Улаанбаатар хотруу явж би Эрдэнэсант суманд үлдсэн. Эхнэр 460.000 төгрөгөөр зарсан гэж ирсэн юм. Үхрийн тухайд хашааны төлбөр мөнгө өгөх гэхээр бэлэн мөнгө байхгүй өөрийнхөө үхэрнээс өгөх гэхээр бүгд тугалтай үхэр байсан тул өгөх үхэргүй болчихоод хүний үхэр хулгайлаад тэр хүнд өгөөд явуулчихсан. Адууны тухайд надад ойр зуурын хэрэгцээнд болох гурил, будаа гэх мэт зүйл авахад мөнгө хэрэг болоод байсан тул хүний адуу хулгайлж махалж зараад мөнгө болгоё гэж ганцаараа шийдсэн юм. Улаан халзан зүсмийн гунж, хүрэн буурал зүсмийн гүү байсан ба гүүний тамгыг нь санахгүй байна. Дээрх үхэр адууг хулгайлахад өөр хүн оролцоогүй би ганцаараа хулгайлсан юм. Унаж байсан хязаалан үрээ миний өөрийн эзэмшилийн үрээ байгаа юм. Намайг дээрх үхэр адууг хулгайлсныг мэдэж байгаа хүн байхгүй, би хүнд хэлээгүй мөн хүн тааралдаж байгаагүй. Би цагдаад баригдаад бүх зүйлээ үнэнээр нь хүлээсэн юм. Хэнзээ гэж дууддаг тэгэхдээ тэр хүний жинхэнэ нэр нь Хэнзээ мөн юмуу мэдэхгүй байна би нэр, гэр, ажил нь хаана байдгыг мэдэхгүй бас танихгүй. Манайд хөдөө малын төмөр хашаа зарж байна гэж ирэхлээр нь манайх малын хашаа авах хэрэгтэй байсан тул 500.000 төгрөгт 10 ширхэг хашаа худалдаж авсан юм. Тэр хүн бол намайг үхэр хулгайлж зарсныг огт мэдээгүй намайг өөрийнхөө эзэмшлийн үхэр гэж өгч явуулалаа гэж байх. Би өөр малын хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, эхнэр Отгонд хэлж байгаагүй Отгон намайг цагдаад баригдах үед л мэдсэн юм. Би гурил, будаа авах зэрэг ахуйн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан юм. Манайх 10 гаран тооны адуу, 20 орчим тооны үхэр, 200 гаран тооны хонь, ямаатай. Би хулгайлсан үхрийн төлбөрт 1.000.000 төгрөг, хулгайлсан адууны оронд 1 тооны адуу төлж хохирогч нарыг хохирол гомдолгүй болгосон юм ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 54-55/

Гэрч Б.Элбэгманлай мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Миний хариуцаж байгаа Төв аймгийн Эрдэнэсант суманд Хэнзээ гэж хүн байдаггүй ба мөрдөн байцаагчийн даалгаврыг хүлээн авч ажиллагаа явуулан дээрх хүнийг эрэн сурвалжилж олж тогтоохоор Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутагт эрэн сурвалжлахад Хэнзээ гэж хүн тогтоогдоогүй. Надад нарийн мэдэх зүйл байхгүй миний мэдэх Хэнзээ гэж төмөр хашаа зардаг хүн Төв аймгийн Эрдэнэсант сумаар явж байгаагүй ба би С.Мөнхгэрэлийг Самбуужаргалын 1 тооны адуу, Отгонбаатарын 1 тооны үхэр зэргийг хулгайлсан хэрэг үйлдсэнийг тогтоож шалгахад С.Мөнхгэрэл Хэнзээ гэж хүнд хулгайн үхэрээ өгч явуулсан гэсэн юм ярьдаг ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26/

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/

- Эд зүйлийн үнэлгээ /хүрэн буурал зүсмийн нас гүйцсэн гүү/ /хх-ийн 29 хуудас/

- Эд зүйлийн үнэлгээ /улаан халзан үхэр/ /хх-ийн 33 хуудас/

-Төв аймгийн Эрдэнэсант сумын мал эмнэлэг- ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ олгосон цуваа /хх-ийн 86/

-Илтгэх хуудас /хх-ийн 90/

 

-Шүүгдэгч С.Мөнхгэрэлийг 2016 оны 10 сарын 27-ны өдөр сэжигтнээр /хх-ийн 52-53 тал/, 2016 оны 12 сарын 07-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 54-55/ байцаасан тэмдэглэлүүд,

 

-Шүүгдэгч С.Мөнхгэрэлийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад урьд нь “Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх лавлагаа /хх-56 тал/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Мөнхгэрэл нь давтан үйлдлээр, өөрийн өмчлөлийн морьтой Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг, “Бичигт” гэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 16-наас 20-ны хооронд иргэн Н.Отгонбаатарын өмчлөлийн 1 тооны гуна үхрийг хулгайлж 1 000 000 төгрөгийн, Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, "Баянгол" гэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн А.Самбуужаргалын өмчлөлийн 1 тооны  хүрэн буурал нас гүйцсэн гүүг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Самбуужаргалын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-15/, хохирогч Н.Отгонбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/, гэрч Ч.Батзоригт, А.Хишигсүрэн, Ц.Долгорсүрэн, М.Сарантуяа,  Б.Элбэгманлай, Ш.Батдорж мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 21-27/, 2016 оны 10 сарын 20-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хүрэн буурал зүсмийн нас гүйцсэн гүү/ /хх-ийн 28-29/, 2016 оны 10 сарын 28-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /улаан халзан үхэр/ /хх-ийн 33/, Төв аймгийн Эрдэнэсант сумын мал эмнэлэг-ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ олгосон цуваа /хх-ийн 86/, илтгэх хуудас /хх-ийн 90/, шүүгдэгч С.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Мөнхгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Мөнхгэрэлд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг давтан үйлдсэнийг хүндрүүлэх, Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Н.Отгонбаатар, А.Самбуужаргал нарт хохирол төлбөр төлөгдсөн болох нь хохирол хүлээн авсан баримтаар /хх-ийн 118-119/ нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч С.Мөнхгэрэлийн хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байх нь зүйтэй байна.

 

            Эд хөрөнгө битүүмжлэлийн талаар

            2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн хязаалан үрээг унаж С.Мөнхгэрэл нь хулгайн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн ... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уг хязаалан үрээ миний өөрийн эзэмшлийн үрээ ... гэсэн мэдүүлэгээр /хх-ийн 55/ бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэлдээ шүүгдэгч С.Мөнхгэрэл нь өөрийн өмчлөлийн хязаалан насны үрээг ашигласан болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг / гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан уналага, ачлагын зориулалттай морь болон морин  тэрэг гэх мэт /, бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур “заавал” хураана гэсний дагуу битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Мөнхгэрэлийн өмчлөийн хязаалан үрээг улсын орлого болгох,

 

Мөн 5 ханатай монгол гэр 1 ширхэг, цэнхэр өнгийн хятад мотоцикль 1 ширхэг зэргийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, эзэмшигч С.Мөнхгэрэлд буцаан олгох нь зүйтэй байна.

           

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, С.Мөнхгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Отгонбаатар, А.Самбуужаргал нарт хохирол төлбөргүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Урайхад овгийн Сампилын Мөнхгэрэлийг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Урайхад овгийн Сампилын Мөнхгэрэлийн эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Урайхад овгийн Сампилын Мөнхгэрэлд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 5 ханатай монгол гэр 1 ширхэг, цэнхэр өнгийн хятад мотоцикль 1 ширхэг зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн С.Мөнхгэрэлийн өмчлөлийн хязаалан насны үрээг улсын орлого болгосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Мөнхгэрэлд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Мөнхгэрэлийн тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан С.Мөнхгэрэл нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж С.Мөнхгэрэлд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ОРОЛМАА