Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 111/ШШ2017/0023

 

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэчмаа, нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/88 дугаартай “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* миний бие 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 7 сарын 01-ний өдөр Аймгийн Засаг даргын Б/434 дугаартай “*******ийг ажилд томилох тухай” захирамжаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын ажилд эгүүлэн томилогдсон юм. Ажилд томилогдсоноос 7 сарын дараа Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 1 сарын 30-ны өдрийн Б/88 дугаартай “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөөд байна.

Ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэл хэсэгт ******* нь аймгийн хэмжээний эзэмшил газрын төлбөрт орох ёстой 130 сая төгрөгөөс 100 сая төгрөг төвлөрүүлж 30 сая төгрөгийн хураамжийг оруулаагүй байх тул Монгол Улсын “Төрийн албаны тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам зэргийг үндэслэснээ дурдсан байна. Эдгээр хуулийн үндэслэлүүдийг би дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Үүнд: 1. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга болоод мэргэжилтнүүд нь татварын улсын байцаагчийн эрхгүй тул Газрын төлбөрийг хурааж авдаггүй, газрын төлбөр хураамжийн талаар миний үр дүнгийн гэрээнд тусгагдаагүй

2. Монгол Улсын “Төрийн албаны тухай” хуулийн 23.1.1-д заасан албан тушаал бууруулах, 25.1.1-д заасан төрийн апбанаас халах гэсэн зааптуудыг нэг дор хамт хэрэглэсэн,

3. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 заалтын удаа дараа гэсэн утга агуулгыг зөрчсөн, 

4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалтаар биш “Газрын тухай” хуулийн холбогдох заалтаар /20.2.8/ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргыг томилж чөлөөлдөг.

5. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь төсвийн шууд захирагч тул Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмаар ажлыг дүгнэх ёстой байтал дүгнээгүй бөгөөд 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ апбан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг үндэслэсэн гэж дурьдсан,

6. Захирамжийн 5-д *******тэй “Захиргааны ерөнхий хууль”-д заасан сонсох ажиллагаа хийсэн болохыг дурьдсугай гэж байгаа боловч аймгийн Засаг дарга энэ шийдвэрээ гаргахдаа надаас тайлбар аваагүй, хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, тайлбар авах гэх мэтчлэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй.

Иймд утга, агуулгын хувьд ойлгомжгүй, хууль буруу хэрэглэсэн, захиргааны илт алдаатай актыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх миний нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг дарга ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн *******ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын алын байрны тодорхойлолтын ажлын байрны 6 дугаар зорилтод “Газрын татвар, төлбөрийг ногдуулах, газрын төлбөрийн орлогыг хураах, тайлагнах ажлыг зохион байгуулах” гэж заасан байх бөгөөд ******* нь дээрх чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын мэдээлэл болон аймгийн татварын хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 222 дугаар албан бичгээр “Газрын төлбөрийн 2016 оны төлөвлөгөөнд 130.0 сая төгрөг оруулахаар төлөвлөснөөс 30058100 төгрөгийг тасалдуулсан” тухай мэдээллээр нотлогдож байна.

Мөн ажлаас чөлөөлөх тухай захиргааны шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу *******тэй утсаар ярьж сонсох ажиллагааг хийж урьдчилан мэдэгдсэн. Иймд *******ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн *******ийн нэхэмжлэлтэй танилцаад байгууллагатай хамааралтай хэсэгт дараах тайлбарыг гаргаж байна.

“Газрын тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8, 23.4 дүгээр заалтад аймгийн Газрын алба болон сумдын газрын даамал газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж, хураахаар тусгагдсан байдаг.

Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 6 дугаар зорилтод Газрын татвар, төлбөрийг ногдуулах, газрын төлбөрийн орлогыг хураах, тайлагнах ажлыг зохион байгуулах” гэж заасан байгаа нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь сумдын газрын даамлуудыг мэргэжил арга зүйгээр ханган газрын төлбөрийг төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй байна.

“Газрын төлбөрийн 2016 оны төлөвлөгөөнд 130.0 сая төгрөг оруулахаар төлөвлөснөөс 30058100 төгрөгийг тасалдуулсан” байна.” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/88 дугаартай “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулж, *******ийг ажилд нь эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргаж, уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэрэгттулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн“*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/88 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “*******ийг ажилд томилох тухай” Б/434 дүгээр захирамжаар *******ийг Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалд томилон ажиллуулж байжээ. Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/88 дугаар захирамжаар *******ийг аймгийн хэмжээний эзэмшил газрын төлбөрт орох ёстой 130.000.000 төгрөгөөс 100.000.000 сая төгрөгийг төвлөрүүлж, 30.000.000 төгрөгийг оруулаагүй гэж үзэн, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 3 дахь хавсралтыг үндэслэн төрийн албанаас халсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болохоор, 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол төрийн албанаас халахаар, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх”-өөр тус тус заасан.

Дээрх хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч *******ийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалаас чөлөөлснийг шүүх хууль бус гэж дүгнэлээ. Учир нь Төрийн жинхэнэ албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан төрийн албанаас чөлөөлөх эрхтэй боловч ингэхдээ төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-т “аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх” гэж заасны дагуу чөлөөлөхөөр хуульчилсан атал Баянхонгор аймгийн Засаг дарга ******* эдгээрийг харгалзалгүй 2017 оны Б/88 дугаар захирамжийг гаргасан байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8-т “Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах” эрх хэмжээг аймаг, нийслэлийн газрын албанд харъяалуулсан байх тул нэхэмжлэгч *******ийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга болон мэргэжилтнүүд татварын улсын байцаагчийн эрхгүй учир газрын төлбөрийг хурааж авдаггүй, газрын төлбөр хураамжийн талаар миний үр дүнгийн гэрээнд тусгагдаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Хуулиар уг асуудлыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх хэмжээ гэж зохицуулсан тул “Үр дүнгийн гэрээ” болон “Ажлын байрны тодорхойлолт”-д тусгасан эсэхээс үл хамааран хуулийн заалтыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй.

Харин тухайн тохиолдолд Баянхонгор аймгийн Засаг дарга асан *******, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга ******* нар 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “Үр дүнгийн гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээг үргэлжлүүлэн, *******ийн ажлыг дүгнэсэн гэх боловч “Илтгэх хуудас” үйлдэж баталгаажуулаагүй, *******д Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Журам батлах тухай” 134 дүгээр тогтоолын 1 дүгээр “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7-д заасан дутагдалтай эсхүл хангалтгүй үнэлгээний алинг өгсөн, улмаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан, албан тушаал бууруулсан эсэх нь тодорхойгүй байна. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Захиргааны актын үүднээс бодит шалтгааны үүднээс халах арга хэмжээ аваад, тухайн захиргааны актад ажлаас чөлөөлөх гэж тусгасан” гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч *******ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэн, халсан нь Төрийн албаны болон бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхэд шүүх дүгнэлт өгсөн болно.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг хамт хэрэглэх хууль зүйн боломжгүй, өөрөөр хэлбэл албан тушаал бууруулах, төрийн албанаас халах нь өөр өөр эрх зүйн үр дагавар бүхий зохицуулалтыг хамт хэрэглэсэн, 30.000.000 төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэнд хамаарах эсэхийг харгалзаагүйг хууль бус гэж дүгнэв.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Журам батлах тухай” 134 дүгээр тогтоолын 1 дүгээр “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам” хавсралтын 1.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч төрийн жинхэнэ албан хаагч-төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхэд энэхүү журмыг баримтална.”, 6.7-д “Гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-нд талууд тус тусын гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж баталгаажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно.”, 7-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болох”-оор заасан. *******ийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн тохиолдолд дээрх журмын дагуу үнэлгээ өгөх, баталгаажуулах ажиллагааг хийсний эцэст удаа дараа гэсэн шинж чанар, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд томилогдсон зэргийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлэх ёстой байжээ.

Үүнээс гадна Баянхонгор аймгийн Засаг дарга ******* 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/88 дугаар захирамжийг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагаа хийх гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг хийгээгүй зэрэг нь Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална.”, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Хоёр. “Урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч *******ийг төрийн албанаас хууль бусаар халсан нь дээрх байдлаар тогтоогдож, ажлаас халсан нь нэхэмжлэгчийн “хөдөлмөрлөх эрх”-ийг зөрчсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 5.922.395 /Таван сая есөн зуун хорин хоёр мянга гурван зуун ерэн таван/ төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч *******ийн үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдлийг тооцон түүнийг ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын дүнг гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/88 дугаар захирамжийг хүчингүй болгож, *******ийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 5.922.395 /Таван сая есөн зуун хорин хоёр мянга гурван зуун ерэн таван/ төгрөгийг нэхэмжлэгч *******д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН