Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 789

 

МАГАДЛАЛ

 

2018.03.28                                                     Дугаар 789                                  Улаанбаатар хот

 

                                                     

 

 

“Ж Д А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02742 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ж Д А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч Ц.О холбогдох,   

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 111 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 0?-ны өдөр байгуулсан 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.Г-с зээлсэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт төлсөн 90 000 000 төгрөг, А.А болон Г.Б нараас орон сууцны урьдчилгаанд төлсөн 32 000 000 төгрөг, Ш.Э автомашиныг барьцаалж зээлсэн зээлийн төлбөрт төлсөн 10 800 000 төгрөг, нийт 132 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гомдлыг үндэслэн, 

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Хариуцагч: Ц.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ц.Отай хамтарч Д.Б эзэмшлийн Хан-Уул дүүргийн ? дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ? м.кв талбай бүхий газар дээр орон сууц барих зорилгоор гурван талт буюу 2013 оны 09 дүгээр сарын 0?-ны өдрийн №2013/02 дугаартай "Бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ? дугаар хороо, Туул гол гудамж, ? гэсэн албан ёсны хаягт байршилтай, ? давхар орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан. Бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах гэрээний 2.2-д Б тал буюу манай компанийн хүлээх эрх, үүрэг хэсэгт, 2.2.3-д Б тал нь орон сууцыг бүрэн ашиглалтанд оруулсаны дараа ашиг болох 35%-ийг авах эрхтэй, 2.2.?-д Барилга барьж олсон ашгаас хувь хүртэх, гэрээний 2.3. В тал буюу Ц.Оын хүлээх эрх, үүрэг хэсэгт, 2.3.8-д В тал нь Б талын оруулсан бодит хөрөнгийг тооцож үнэлэх үүрэгтэй, 2.9-д В тал нь Б талд 35%-ийн ашиг хүртээнэ гэж заасан байдаг. Гэвч Ц.О нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, манай компанийн ашиг болох орон сууцыг шилжүүлж өгөөгүй учир бид дахин ярилцсаны үндсэн дээр 201? оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2013 оны 09 дүгээр сарын 0?-ны өдөр байгуулсан 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцлийг байгуулж, хэлцлийн 1 дэх заалтад, Ц.О нь 201? оны 0? дугаар сарын 01-ний өдөр “Ж Д А” ХХК-д Хан-Уул дүүргийн ? дугаар хороо, Туул гол гудамж, ? байр, 01 тоот улсын бүртгэлийн №000411?55 тоот гэрчилгээтэй, ? м.кв 2 өрөө байрыг “Ж Д А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх", хэлцлийн 4-д "Хэлцлээр тохиролцсон үүргээ Ц.О нь биелүүлээгүй тохиолдолд “Ж Д А” ХХК нь тухайн байрыг 80 000 000 төгрөгөөр үнэлэн, санхүүгийн алдагдал хүлээж буйгаа мэдэгдэж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар тооцон нэхэмжлэх бөгөөд хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, эс биелүүлбэл харъяа дүүргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тохиролцсон. Гэтэл Ц.О нь гэрээнд заасан үүргээ, хугацаанд нь биелүүлж, тухайн орон сууцыг манай компанид шилжүүлээгүй, үүргээ биелүүлэхийг шаардахаар ямар нэг шалтаг хэлж хугацаа алдагдуулсан. Мөн Ц.О нь тус орон сууцыг бусдад зээлийн барьцаанд тавьсан болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдож байна. 2013 оны 9 дүгээр сарын 0?-ны өдөр байгуулсан 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцлийн 4 дэхь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн ? дугаар хороо, Туул гол гудамж ? байрны 01 тоот улсын бүртгэлийн №00411?55 тоот гэрчилгээтэй, ? м.кв 2 өрөө байрны үнэ 80 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувь буюу нэг хоногт 80 000 төгрөг 201? оны ? дугаар сарын 01-нийг хүртэл 390 хоногоор тооцоход 31 200 000 төгрөгийн алданги, нийт 111 200 000 төгрөгийг Ц.Оаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 09 дүгээр сарын 0?-ны өдөр Бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээтэй холбоотойгоор А тал болох Д.Б, Б тал болох “Ж Д А” XXК нар нь тус шүүхэд гомдол гаргасан байна. Гэхдээ энэхүү гэрээг байгуулахдаа А болон Б талууд нь В тал болох миний биеийг хууран мэхлэх замаар байгуулж, өөрсдийн хийж буй ажилдаа татан оролцуулснаар энэхүү гэрээнээс үүдсэн санхүүгийн цорын ганц хохирогч нь би болоод байна. 2013 оны хавар “Ж Д А” ХХК-ийн удирдлагууд нэгэн барилгын төсөл санал болгосон юм. Тэгэхэд би бүх зүйл нь хууль журмын дагуу бол хамтран ажиллана гэхэд алга болсон. Тэгээд 2013 оны 09 дүгээр сарын эхээр дахин ирж нөгөө ажлаа эхэлсэн, бүх юм хэвийн явж байгаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй байна, та оролцооч гэсэн утгатай зүйлс ярьсан. Тэгэхэд би бичиг баримт бүрэн биз, барилга эхлээд зогсчих биш биз гэхэд намайг барьж буй барилга дээр аваачиж үзүүлсэн. Тэр үед барилгын ажил зогсчихсон 1 дүгээр давхраа цутгасан байдалтай байж байсан. Тэгээд та харж байгаа биз дээ бүх юм хэвийн, хэрэв бичиг баримт дутуу бол барилгын ажил явагдахгүй, барилга эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй ш дээ бид найдвартай, та итгэж болно гэж хуурч, төөрөгдүүлж байсныг мэдэлгүй, би итгэн гэрээг тэдний хүссэнээр байгуулж 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 10 0?0 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 7 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1?0 000 000 төгрөгийг тус тус “Ж Д А” ХХК-дөгсөн. Энэхүү мөнгөнүүдийг өгсний дараа бичиг баримттай танилцаж бодит байдлыг мэдсэн бөгөөд тус барилга нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан, барилгын зургийн ажил хийгдсэн, цахилгааны техникийн нөхцлөө авсан мөн барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бусаар авснаас /барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг бүх техникийн нөхцөлийг авсан тохиолдолд өгдөг/ бусад бүх бичиг баримт байхгүй, маш их өртэй, газар нь нийтийн орон сууц барих зориулалттай биш харин амины орон сууц барих зориулалттай байсан.

Харин А тал нь 3 өрөө болон 2 өрөө байр тус бүр нэг ширхэгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан, Б тал нь өөрт учирч ирсэн гарцаагүй дампуурлаас зайлсхийж бүх өр төлбөрөө надад үүрүүлснээр энэхүү 2 тал гэрээнээс тодорхой ашиг хүртэцгээсэн. Харин барилгын ажил дуусч байрнууд зарагдсан боловч маш их хэмжээний өр төлбөртэй үлдэж одоог хүртэл дуусаагүй маш их дарамтанд байна. Дээрх нэхэмжилж буй 2 барилга нь ч банкны барьцаанд байгаа. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 0?-ны өдрийн 2013/2 дугаартай гэрээний шинжээс дүгнэвэл тус гэрээ нь талууд хамтран ажиллаж буюу хураамж төлж хувь нийлүүлэн Хан-Уул дүүргийн ? дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Д.Б эзэмшлийн ? м.кв хэмжээтэй газар дээр орон сууцны зориулалттай барилга барих зорилготой байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хураамж төлөх үүргээс нэхэмжлэгч чөлөөлөгдөөгүй бөгөөд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний оролцогчийн хувьд хураамж заавал төлөх үүрэгтэй. Гэрээний агуулгаас үзэхэд “Ж Д А” ХХК нь нэг давхрын барилгад оруулсан хөрөнгөөрөө хамтран ажиллана гэсэн тул Ц.О нь 2013 оны 09 дүгээр сарын 0?-ны өдрөөс өмнө тус барилгад оруулсан хөрөнгийг буцаан төлөх, нөхөн хөрөнгө оруулах боломжгүй бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 0?-ны өдрөөс өмнө тус барилгын ажилд хөрөнгө оруулсан болохыг нотлох үүрэгтэй. Тус үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барилгын ажилд “Ж Д А” ХХК-иас хөрөнгө оруулсныг нотлох боломжгүй тул тус компани хамтран ажиллах гэрээний хураамж төлөөгүйд тооцох үндэслэлтэй. Энэ нь хамтарсан ажлын ашгаас хувь хүртэх эрхийг хязгаарлах үр дагавартай. Учир нь хураамж төлөөгүй тохиолдолд хамтран ажиллах гэрээ бүрэн гүйцэд хэрэгжихгүй тул ашгаас хувь хүртэх боломжгүй бөгөөд хураамж төлөөгүй бол зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний хөлс шаардах боломжтой. Ингэснээр санхүүжүүлсэн үйл ажиллагаа цааш хэвийн үргэлжлэх боломжгүйд хүрсэн тул барилгын ажилд үл хамаарах техникийн нөхцөлийг нөхөж авахад хөрөнгө оруулагчаас их хэмжээний зардал гарсан. Мөн барилгын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд “Ж Д А” ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тус компанийн зээл болон хүүгийн төлбөр төлөх үүргээс гадна барилгын ажлыг цааш үргэлжлүүлэхэд шаардлагатай бараа, материалын захиалгын үнэд тооцууулж нийт 1?0 000 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 0?-ны өдөр иргэн Д.Г төлсөн бөгөөд тухайн мөнгийг бүхэлд нь зээл болон хүүгийн төлбөрт тооцохыг тайлбарлалгүйгээр 2013 оны 09 дүгээр сарын 0?-ны өдрөөс хойших барилгын ажилд ашиглах Д.Г-с авах барилгын бараа, материалын үнэ гэж ойлгуулсан. Д.Г-с зээлсэн хөрөнгөөр баригдсан нэг давхрын барилгын ажлын зардлыг Ц.Оаар тул түүнд зарцуулсан хөрөнгө оруулалтыг “Ж Д А” ХХК-ийн хураамжид тооцох үндэслэлгүй, харин Ц.Оаас төлсөн хураамжид тооцно. Д.Г зээлийн төлбөрт Ц.Оаас төлсөн 100 000 000 төгрөгөөс илүү хэмжээний зардлыг нэг давхрын барилгын ажилд зарцуулсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний зардлыг 100 000 000 төгрөгөөр тооцож, нэг давхрын барилгын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтыг бүхэлд нь Ц.Оын хураамжид тооцох үндэслэлтэй байна. Хамтран ажиллах гэрээний үүргийг “Ж Д А” ХХК зөрчсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу ашиг олсон тохиолдолд тухайн ашгийн 35 хувь “Ж Д А” ХХК-нд оногдоно. Гэтэл талуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны явцад ашиг олоогүй юм. Иймд бид “Ж Д А” ХХК-нд хувь хүртээх боломжгүй учраас гэрээний зорилгод нийцэхгүй байх тул 201? оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн. Мөн талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд барилгын ажилд л хөрөнгө оруулна гэж заасан. Гэвч барилгын ажилд хамааралгүй хэд хэдэн зардал гарсаныг бид сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна. Д.Г-с “Ж Д А” ХХК-ийн зээлийн зээлсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт Ц.Оаас төлсөн 90 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ц.Оаас төлсөн 90 000 000 төгрөг нь Д.Г-с зээлсэн “Ж Д А” ХХК-ийн зээл болон зээлийн хүүгийн төлбөр биш байсан тул талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын ?-ны өдөр байгуулагдсан 2013/2 дугаартай гэрээний үүрэгт хамааралгүй төлбөр төлөх үүргийг В талаар гүйцэтгүүлсэн бөгөөд тус үүргийг гүйцэтгэснийг нотлох баримт Д.Г болон “Ж Д А” ХХК-д хадгалагдаж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээнд “Ж Д А” ХХК өөрийн бусад хэрэгцээнд ашигласан төлбөрөө Ц.О буцаан төлөх үүрэг хүлээсэн. Хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш “Ж Д А” ХХК нь орон сууц захиалгаар гүйцэтгэх гэрээний төлбөрт А.Аээс 20 500 000 төгрөг, Г.Б 10 000 000 төгрөг тус тус авсан байдаг. Гэтэл хамтран ажиллах гэрээгээр иргэдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж, худалдан борлуулах үүргийг Ц.О оногдуулсан. Ийм эрхгүй атлаа энэ мөнгийг иргэдээс авч өөрсдөө захиран зарцуулсан. А.Аийн орон сууц захиалан бариулах гэрээнд 20 500 000 төгрөг авч буцааж төлөхдөө 22 000 000 төгрөг буюу нэмж 1 500 000 төгрөгийг нэмж төлсөн. Энэ мөнгийг авах эрхгүй байсан тул бид энэ мөнгийг нэхэмжилж байна. Мөн хамтран ажиллах гэрээ байгуулах үед “Ж Д А” ХХК нь Ш.Э автомашиныг ломбарданд тавьчихсан байсан. Уг автомашиныг барьцааны гэрээнээс чөлөөлөхийн тулд 10 800 000 төгрөг төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 10 800 000 төгрөгийг Ш.Э зээлийн төлбөрт төлж, автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлөх үүргийг хөрөнгө оруулагч Ц.О хүлээгээгүй. Гэтэл Ц.Оаас энэхүү төлбөрийг төлүүлсэн тул 10 800 000 төгрөгийг мөн шаардаж байна. Иймд 201? оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцож, нийт 132 800 000 төгрөгийг “Ж Д А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ж Д А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Талуудын хооронд хоёр удаа хэлцэл байгуулагдсан. 2013 оны 09 дүгээр сарын 0?-ны өдөр бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ, 201? оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг тус тус байгуулсан. Эдгээр гэрээнүүдийг байгуулахдаа ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж энэ хоёр жилийн хугацаанд Ц.О ямар нэгэн нэхэмжлэл гаргаж байгаагүй. Харин нэхэмжлэгч “Ж Д А” ХХК-ийн зүгээс Ц.О холбогдуулан нэхэмжлэл гаргасны үндсэн дээр 201? оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.? дахь хэсэгт заасан төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн орон сууцыг барьж дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгсөний дараа Д.О бидний хооронд ашгийн асуудал хөндөгдсөн. Гэтэл Ц.О нь ашгийн асуудал ярихаас зайлсхийх, барилгын хөрөнгө оруулалттай холбоотой баримтаа үзүүлэхгүй нуух, зугатах зэргээр зүй бус үйлдэл гаргах болсон. Ц.О учирлаж, гуйх нь халаг байж, 2 талаасаа хамт сууж, тооцоо нийлж, барилга барих явцад үүссэн өр төлбөрийн жагсаалтыг гаргаж, манай компани 21 ?? 400 төгрөгийн өрийг 4 иргэн, аж ахуйн нэгжид төлөхөөр, Ц.О нь 11 100 000 төгрөг, 4 ?2 еврог 2 аж ахуйн нэгжид төлж, барилга барихтай холбогдож гарсан бүх өр төлбөрийн асуудлыг тэглэж шийдсэн. ”Ж Д А” ХХК-д ирэх ёстой байсан 35%-ийн ашгийг Хан-Уул дүүрэг, ? дугаар хороо, ? байр, 01 тоот, ? м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар тооцохоор тохирч, Ц.О нь манай компаний өмчлөлд байрыг шилжүүлэхээр болсон. Ц.О ч үүнийг хүлээн зөвшөөрч, хэлцэлд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Гэтэл Ц.О нь одоо хүртэл ашиг болох байрыг компанийн өмчлөлд шилжүүлж өгөхгүй, зайлсхийх, зугатах аргаа хэрэглэж, бидэнд хэлэхгүйгээр тус байрыг банкны барьцаанд тавьж, шүүхээр орж, банкинд хураалгасан. Д.Г-с зээлсэн “Ж Д А” ХХК-ийн зээлийн үндсэн төлбөрт төлсөн 30 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд үүнийг мэдэхгүй байна. 30 000 000 төгрөгтэй холбоотой асуудал талуудын хооронд үүсээгүй тул энэ дээр тодорхой тайлбар байхгүй. Харин Д.Гэй холбогдох ?0 000 000 төгрөгийн асуудал байсныг хамтран ажиллах гэрээнд тусгаснаар шийдвэрлэсэн. Зээлсэн “Ж Д А” ХХК-ийн зээлийн хүүгийн төлбөрт төлсөн ?0 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд бол 2013 оны 09 дүгээр сарын 0?-ны өдрийн №2013/2 дугаартай Бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах гэрээний 2.3.?-д, В тал нь Д.Г-с “Ж Д А” ХХК-ийн өмнөөс зээл болон хүүгийн хамт төлж барагдуулна, ?0 000 000 төгрөгийн хүүг болон бусад өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулсан Б талын ашиг болох 35%-иас суутган авна гэж заасан байдаг. Ц.О хөрөнгө оруулагчаар орж ирэхийн өмнө ”Жей Ди Ай” ХХК нь Д.Г-с ?0 000 000 төгрөгийн зээл авч Д.Г-с авсан             ?0 000 000 төгрөгөөр тухайн байрны хундамыг тавьчихсан байсан. Ц.О нь барилгын хөрөнгө оруулагчийн хувьд Д.Г өрийг төлж барагдуулах, гарсан зардлаа манай компанид ирэх 35%-ийн ашгаас хасч тооцохоор тохирсоны дагуу Ц.О нь Д.Г өрийг төлж, гарсан зардлаа манай компанид ирэх ашгаас хассаны үндсэн дээр Хан-Уул дүүрэг, ? дугаар хороо, ? байр, 01 тоот, ? м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь ашиг болж, манай компанид ирэхээр болсон. Гэтэл нэг төлсөн өрийг 2 дахин төлж болохгүйтэй адил Ц.О нь өмнө нь шийдэгдэж дууссан асуудлыг дуусаагүй мэт дахин сөхөж гаргаж ирж байгаа нь утгагүй, ойлгомжгүй үйлдэл болжээ. А.А нарын 2 этгээдээс орон сууцны урьдчилгаанд төлсөн 32 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд 32 000 000 төгрөгийн асуудал яригдахгүй. Учир нь, А.А тухайн барилгаас байр захиалж, төлбөрийн урьдчилгаа болгож 20 000 000 төгрөгийг тушаасан байсан. Гэтэл Ц.О нь А.Атэй байрны м.кв-ыг үнийг хэтэрхий багаар үнэлж гэрээ хийсэн байна, гэрээгээ цуцал гэж шаардсан учир манайх А.Атэй хийсэн гэрээгээ дангаараа цуцалж, урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөг, гэрээ цуцалсаны хохирол гэж 2 000 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөгийг А.Аэд буцааж төлсөн. Г.Б нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу тухайн байрны урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Ш.Э автомашиныг барьцаалж, зээлсэн зээлийн төлбөрт төлсөн 10 800 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд бол Ц.О нь тус барилгын хөрөнгө оруулагчаар орж ирэхээс өмнө компанийн ерөнхий инженер Ш.Э ЛК-80 маркийн автомашиныг барьцаанд тавьж, автоломбарднаас 8 000 000 төгрөгийн зээл авч, мөнгийг барилгын карказ угсралтын ажлын төлбөрт төлсөн байсан. Иймд хариуцагч Ц.Оын гаргасан сөрөг нэхэмжэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 47? дугаар зүйлийн 47?.1, 232 дугаар зүйлийн 232.? дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Оаас 111 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж Д А” ХХК-нд олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул “Ж Д А” ХХК-нд холбогдох хамтран ажиллах гэрээг дүгнэсэн 201? оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2013 оны 09 дүгээр сарын 0?-ны өдрийн 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, иргэн Д.Г-с зээлсэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт төлсөн 90 000 000 төгрөг, иргэн А.А болон Г.Б нараас орон сууцны урьдчилгаанд төлсөн 32 000 000 төгрөг, иргэн Ш.Э автомашиныг барьцаалж зээлсэн зээлийн төлбөрт төлсөн 10 800 000 төгрөг, нийт 132 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Ц.Оын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5?.1, 5?.2, ?0.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 714 000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 379 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 714 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж Д А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 201? оны 04 дүгээр сарын 18-нд үүрэг биелүүлэх хэлцэл хийгдэх үед Д.Бд ногдох хувь болох 4 давхарын 175 м.кв талбайг В1 давхарын 2 ширхэг автозогсоолын хамт шилжүүлэн өгөөгүй байсан бөгөөд тус эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл Д.Бд шилжүүлэн өгөөгүй байгаа нь хамтран ажиллах гэрээний ашиг, алдагдалын тооцоо эцэслэн гараагүй байсныг илэрхийлж байна. Ийнхүү ашиг, алдагдалын тооцоо гараагүй байхад “Ж Д А” ХХК-ийн өр төлбөрийг түүний 35 хувийн ашгаас суутган тооцож үлдэх хэмжээ нь 80 000 000 төгрөгөөр үнэлэгдэх 2 өрөө орон сууц гэж тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд хамтран ажиллах гэрээ нь ашигтай байх болно гэсэн “Ж Д А” ХХК-ийн тайлбарын дагуу тухайн үед ашиг, алдагдалын хэмжээний хувьд төөрөгдөж 201? оны 4 дүгээр сарын 1?-ны өдөр хэлцэл байгуулсан үйл баримт тогтоогдож байна. Мөн гэрээний зүйл болсон орон сууцны барилгыг санхүүжүүлэхийн тулд Худалдаа хөгжлийн банк болон иргэдээс зээл авсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа гэж шүүх дүгнэсэн бөгөөд тус зээлийг бүрэн төлөгдөөгүй тул зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээс хангуулахаар үлдэх орон сууц нь ХХБ шилжсэнээр талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ ашиггүй болсон тул Ц.О тухайн гэрээний ашиг, алдагдалын хэмжээний талаар ноцтой төөрөгдсөнийг илэрхийлж байна. Учир нь хамтран ажиллах гэрээний ашгийг тооцохдоо нийт олсон орлогоос зардал, татварын болон бусад төлбөрийг хасч, үлдэх хөрөнгийг ашиг гэж үзэх бөгөөд байтал шаардлагатай тооцоог хийх боломжгүй, хийгээгүй байхад гэрээний ашгийн хэмжээний талаар төөрөгдөж урьдчилан дүгнэсэн байна. Энэ нь тус гэрээний 2.3.?-д заасны дагуу Д.Г төлсөн ?0 000 000 төгрөгийг ногдох 35 хувиас суутган тооцож үлдэх ашиг нь 80 000 000 төгрөгөөр үнэлэгдэх 2 өрөө орон сууц дүгнэж хэлцэл хийгдсэнээр нотлогдож байна. Ш.Э зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээгээгүй бөгөөд тус зээлийн хөрөнгийг барилгын ажилд зарцуулснаа нотолсон баримтыг талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.2-т зааснаар түүнийг барилгын ажилд зарцуулсан хөрөнгөд тооцох үндэслэлгүй. Хэрэв тус зээлийн хөрөнгийг барилгын ажилд зарцуулсан бол түүнийг төлсөн учир тус зээлийн хөрөнгө оруулалт нь Ц.Оын хураамжид тооцогдох ёстой. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3.?-д зааснаар аливаа өр төлбөрийг хариуцан төлж, тус өр төлбөрийг түүний 35 хувийн ногдол ашгаас суутган тооцох үүрэг хүлээсэн гэж үзвэл тус хэлцлийн гол нөхцөл нь тодорхой байх шаардлагатай тул төлбөр төлөх үүргийн хугацаа, үндэслэл, хэмжээг тодорхой заасан байхаас гадна тус үүрэг нь гэрээ байгуулагдахаас өмнөх цаг хугацаанд буюу 2013 оны 9 дүгээр сарын ?-ны өдрөөс өмнө үүссэн байх ёстой. Түүнээс бус ирээдүйд үүсч болзошгүй тодорхойгүй хэмжээний төлбөр төлөх үүргийг өмнөөс нь хариуцах талаар гэрээ байгуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Ж Д А” ХХК нь хариуцагч Ц.О холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 111 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2013 оны 09 дүгээр сарын 0?-ны өдөр байгуулсан 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, иргэн Д.Г-с зээлсэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт төлсөн 90 000 000 төгрөг, иргэн А.А болон Г.Б нараас орон сууцны урьдчилгаанд төлсөн 32 000 000 төгрөг, иргэн Ш.Э автомашиныг барьцаалж зээлсэн зээлийн төлбөрт төлсөн 10 800 000 төгрөг, нийт 132 800 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Д.Б болон зохигчдын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 0?-ны өдөр байгуулагдсан Бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах 3 талт гэрээгээр Д.Б нь Хан-Уул дүүргийн ? дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ? м.кв талбай бүхий өөрийн эзэмшлийн газартаа орон сууц бариулах, уг барилгаас өөрийн газрын үнэд тооцон 4 давхрын 175 м.кв талбай, В1 давхрын автомашины зогсоолоос 2-ыг өмчлөлдөө шилжүүлэн авах, “Ж Д А” ХХК нь уг газарт ? давхар орон сууцны барилга барьж, орон сууц ашиглалтад орсны дараа ашгийн 35 хувийг авах, хариуцагч Ц.О нь ашгийн ?5 хувийг авах, барилгын санхүүжилтийг 100 хувь хариуцахаар тохиролцсон байна.

Гэрээний 2.3.?-д Ц.О нь “Ж Д А” ХХК-ийн өмнөөс Д.Г зээл ?0 000 000 төгрөг, хүүгийн хамт төлж, тус компанийн ашиг болох 35 хувиас суутгахаар заасан. Д.Б нь гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч гэрээнээс гарсан, нэхэмжлэгч, хариуцагч нар 201? оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дээрх гэрээг дүгнэн, бусдад төлөх төлбөрийг хувиарласнаас гадна Ц.О нь нэхэмжлэгчийн өмчлөлд Хан-Уул дүүргийн ? дугаар хороо, Туул гол гудамж, ? дугаар байр, 1 тоот ? м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 201? оны ? дугаар сарын 01-ний дотор шилжүүлэн өгөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь тухайн байрыг 80 000 000 төгрөгөөр үнэлэн, санхүүгийн алдагдал хүлээж буйгаа мэдэгдэж хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувийн алданги тооцохоор тохиролцсон, хариуцагч нь уг байрыг банкны зээлд барьцаалуулснаас гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 47? дугаар зүйлийн 47?.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, 2013 онд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин 201? оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хариуцагч нь “гэрээнээс ашиг олоогүй тул нэхэмжлэгчид хувь хүртээх боломжгүй, гэрээний зорилгод нийцэхгүй байгаа, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах” гэж сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь уг хэлцлийг хийхдээ хууран мэхлэгдсэн гэх байдал тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Иймд хүчин төгөлдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд харилцан шаардах эрхтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь зохигчдын хооронд 201? оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан хэлцлээр талууд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт зааснаар хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг хамтран хариуцахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг хэлцэлд заасан орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул тухайн орон сууцны үнэ 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч алданги шаардах эрхгүй байна.

Дээрх хэлцэлд алданги шаардах нөхцлийг талууд хэлэлцэн тохиролцсон гэж үзэх бөгөөд “санхүүгийн алдагдал хүлээж буйгаа мэдэгдэж хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,1 хувийн алданги тооцох” гэж заасан, энэ байдлыг хариуцагчид мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасныг санхүүгийн алдагдалд орсноо хариуцагчид мэдэгдсэн мэдэгдэл гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны үнэ 80 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэлтэй.

Хариуцагч Ц.Оын гаргасан сөрөг нэхэмжлэлээс “Ж Д А” ХХК нь  А.Аээс авсан 20 500 000 төгрөг, Г.Бээс авсан 10 000 000 төгрөг Ш.Э автомашиныг барьцаанаас чөлөөлөхөд төлсөн 10 800 000 төгрөг, бүгд  42 800 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

2013 оны 9 дүгээр сарын 0?-ны өдөр байгуулагдсан № 2013/2 тоот гэрээний 2.3.5-д хариуцагч нь орон сууцыг борлуулах эрхтэй байхаар заасан байхад нэхэмжлэгч нь дээрх нэр бүхий хүмүүсээс орон сууц захиалгын урьдчилгаа мөнгийг авсан нь үндэслэлгүйгээс гадна А.А, Г.Б нар гэрээгээ цуцалсны 32 000 000 төгрөгийн төлбөр, Ш.Э автомашиныг барьцаанаас чөлөөлсөн 10 800 000 төгрөгийг хариуцагч төлсөн гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Харин нэхэмжлэгч нь Д.Г-с зээлсэн       ?0 000 000 төгрөг, түүний хүүг төлөх нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг тул сөрөг нэхэмжлэлээс энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулан, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1?7 дугаар зүйлийн 1?7.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02742 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 47? дугаар зүйлийн 47?.1, 232 дугаар зүйлийн 232.? дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Оаас 80 000 000 төгрөг гаргуулан, “Ж Д А” ХХК-долгож, үлдэх 31 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар “Ж Д А” ХХК-иас 42 800 000 төгрөгийг гаргуулан Ц.О олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 201? оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, нэхэмжлэгчээс 90 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...”Ж Д А” ХХК-иас 371 950 төгрөг гаргуулан Ц.О олгосугай.” гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 093 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                                               С.ЭНХТӨР

 

                                                           М.НАРАНЦЭЦЭГ