Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00501

 

                                                          “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/02979 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2221 дүгээр магадлалтай,

“ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

В.Бт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 3,256,690.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч В.Бын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уранбилэг, хариуцагч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ХХБ” ХХК нь В.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 3,256,690.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/02979 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар хариуцагч В.Баас 3,256,690.52 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,057 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 67,057 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2221 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/02979 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч В.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 057 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч В.Б хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-ийг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. 1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэж байна. Д.Ганболдын шүүгчийн туслах М.Буяндэлгэр нь хариуцагч В.Б надад 2020.07.06-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, 2020.07.20-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулах ажиллагааг хийсэн байна. Шүүхэд хариуцагчаар татагдсан В.Б миний бие шүүхэд хариу тайлбараа 2020.07.21-ний өдөр бичгээр аваачиж өгсөн өдрөө л хавтаст хэрэгтэй танилцаж, гарын үсэг зурсан бөгөөд шүүхийн туслах хэлэхдээ “Манай шүүгч амарч байгаа, 8 сарын сүүлээр ажилдаа орно тэгэхээр хурлаа зарлана” гэж хэлсэн билээ. Өөрөөр хэлбэл шүүгчийн туслах 2020.07.21-ний өдрөөр огноолсон “Шүүх хуралдааны тов мэдэгдэх” тухай албан бланкыг хэвлэж гаргаад “Та гарын үсгээ л зурчих, би бусдыг нөхөөд бичнэ” гэж хэлээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж аваад дараа нь өөрөө он, сар, өдөр хүссэнээрээ тавьж шүүх хуралдааныг намайг эзгүйд хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заагдсан “...шүүх хуралдаанд оролцох” эрхийг хязгаарласан ба энэ талаар давж заалдах шатны шүүх анхаараагүй, хэргийг бүхэлд нь хянаж чадаагүй байна. Хэрэв Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77-д заагдсаны дагуу шүүхээс надад 2020.08.21-ний өдөр хурлын тов мэдэгдсэн юм бол яах гэж 2020.07.21-ний өдрөөр огноолсон мэдэгдэх хуудас хэвлэж гаргасан нь маргааны үндэс болоод байна. Мөн 2020.08.21-ний өдөр хурлын товыг мэдэгдэж, гарын үсэг зуруулахаар албан бланк хэвлэж байгаа юм бол шүүх хуралдаан болох он, сар, өдрийг ч компьютераар шивж оруулах ёстой байсан болно. Миний бие өмгөөлөгч, хуулийн хүмүүсээс зөвлөгөө авахад “Шүүгчийн туслахууд хоосон бланк дээр гарын үсэг зуруулж аваад дараа нь он, сар, өдрийг нь өөрсдөө нөхөж бичдэг. Нэхэмжлэгч хариуцагч нар туслахын хэлснээр он, сар, өдөргүй цаасан дээр гарын үсэг зурснаас болж хохирч үлдсэн тохиолдол их байдаг” гэж хэлж байсан. Тэгэхээр шүүгчийн туслах 2020.07.21-ний өдрөөр огноолсон “Шүүх хуралдааны тов мэдэгдэх” тухай албан бланк дээр 2020.08.31- ний өдрийн 13 цаг 30 минутын шүүх хурлын товыг мэдэгдэж гараар нөхөж бичээд 2020.07.21-ний өдрөөр хариуцагч В.Баар гарын үсэг зуруулсан байгаа нь ноцтой зөрчил гэж үзэж байна. /2020.07.21 гэсэн он сар эргэлзээтэй/. Өөрөөр хэлбэл “Шүүх хуралдааны тов мэдэгдэх” тухай албан бланк дээр 2020.07.21 гэсэн хэвлэмэл он сар өдөр байх ба 08.31... 13 30 гэсэн гараар нөхөж бичсэн сар өдөр, цаг минут гэсэн бичвэр бичигдэж, хариуцагч гэсний ард 2020.07.21, эсхүл 2020.08.21 гэсэн нь тодорхойгүй он, сар, өдөр бичигдэж гарын үсэг, утас бичигдсэн байгаа нь маргааны үндэс болж шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ эдэлж чадсангүй. Энэ ноцтой зөрчил нь миний буруутай үйлдэл болж хохирч үлдвэл Монгол улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг, Арван зургадугаар зүйл, 16.14-д заагдсан эрх болох “... хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох... эрхтэй” гэх суурь зарчим зөрчигдөж байна гэж энэхүү гомдлыг гаргаж байна. Хэрэв миний бие 2020.08.21-ний өдөр шүүхэд очсон гэх юм бол шүүгчийн туслах 2020.08.21-ний өдрөөр огноолсон гарын үсгийг зуруулж, хэргийн материал танилцуулж гарын үсэг аваагүй байгаа нь ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2221 тоот магадлалыг уншаад үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдолд ямар нэгэн үндэслэл заагаагүй байгаа нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна. 2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах 2020.08.31-ний өдөр шүүх хурал болохын өмнөхөн шүүх хуралд ирэхгүй юм уу гэж асуух үед “Би сая л хурлын товыг мэдэж байна, яагаад урьд нь хэлээгүй юм бэ, би хөдөө байна. өмгөөлөгч авмаар байна.” гэж хэлсэн боловч шүүх хурал миний эзгүйд болсон байна. Шүүх хуралд биечлэн оролцох боломж хангаагүй, өмгөөлөгч авах боломж олгоогүй, мэтгэлцэх ч боломж олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заагдсан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Миний бие 2020.07.21-ний өдрөөс хойш шүүхэд огт очоогүй, хэргийн материалтай танилцаагүй, шүүхээс надад ямар нэгэн байдлаар шүүх хурлын тов мэдэгдээгүй. Гэтэл шүүх үндэслэх хэсэгтээ “2020.08.21-ний өдөр буюу 10 хоногийн өмнө мэдэгдэж, 2020.07.21-ний өдрөөр огноолсон холбогдох баримтанд гарын үсэг зуруулжээ” гэсэн байгааг огт зөвшөөрөхгүй. 3. Шүүх гагцхүү хуульд захирагдана. Иргэний хуулийн 460 дугаар зүйлд Батлан даагчийн хариуцлага заагдсан байх ба 460.1 дэх заалтанд “...нөхөх хариуцлага хүлээнэ” , 460.2 дахь заалтаар “...үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар заасан бол... үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж заасан нь хамтран үүрэг гүйцэтгэхээр заагаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгэхийг эхний ээлжинд батлан даагчаас шаардах эрхгүй гэж ойлгогдоно. Энэ бол үүрэг гүйцэтгэгч амьд байх тохиолдол. Хэрэв үүрэг гүйцэтгэгч нас барвал Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2 дахь заалтанд заагдсанаар “Үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд өвлөгч нь өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бөгөөд батлан даагч нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээнэ.” гэсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч өвлөгч байгаа тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэхээр заадаг бол манай тохиолдолд хаа хамаагүй хөндлөнгийн хүнийг хамтран үүрэг гүйцэтгэх гэсэн заалт байхгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “ХХБ” нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй байх бөгөөд зээлдэгч нас барангуут түүний өвлөгч нараас өр төлбөрийг барагдуулаад, хэрэв өвөөр гүйцэтгэл хангагдахгүй, хүрэлцэхгүй байвал үлдэх хэсгийг батлан даагчаар төлүүлэх учиртай гэж үзэж байна. Мөн “ХХБ” нь өвлөгч нараар өв хөрөнгө барагдуулах ажиллагааг хийсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх надаар өрийг төлүүлж, өвлөгч нарыг хариуцлагаас чөлөөлж байгаа нь Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 4. Иргэний хуулийн 582.1 дэх заалтанд заагдсанаар өвлөгч 3 сарын дотор өвөөс татгалзаагүй бол өвлөгчид тооцогдож өр төлбөрийг барагдуулах үүрэгтэй байхад, өвлөгч нартай холбоотой баримт хавтаст хэрэгт байхгүй байхад хэргийг шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй болох нь харагдаж байна. Жич: Өвлөгч нартай холбоотой баримтыг Нотариатын танхимаас авсан байсан бөгөөд шүүх хурлын товыг хуульд нийцүүлэн мэдэгдсэн бол шүүх хуралдаан гарган өгч, мэтгэлцэх боломжтой байсан болно. Иймд шүүх хуралд биеэр оролцох, мэтгэлцэх, өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах эрхийг хязгаарласан шийдвэр, хэргийг бүхэлд нь хянаж чадаагүй магадлалыг тус, тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч В.Бт холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу 3,256,690 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгчийн өв залгамжлагч төлбөрийг төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж маргажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

8. “ХХБ” ХХК нь 2016.12.08-ны өдөр Д.Энхтуултай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Д.Энхтуул нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр В.Бтай батлан даалтын гэрээ байгуулжээ. Шүүх гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн үүргийн хэмжээ, батлан даагчийн хүлээх хариуцлага зэрэг эрх зүйн асуудлаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 460 дугаар зүйлийн 460.1-д заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж, хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

9. Зээлдэгч Д.Энхтуул нь 2018.08.28-ны өдөр нас барсан байна. Нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээг үндэслэл болгож, батлан даагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Талууд батлан даалтын гэрээг бичгээр байгуулсан, Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр байна.

10. Иргэний хуульд зааснаар батлан даагч нь нөхөх хариуцлагыг эсвэл гэрээнд үүргийг хамтран хариуцахаар заасан бол нөхөх хариуцлага бус үүргийг хамтран хариуцдаг 2 төрлийн хариуцлагыг хүлээдэг.

Талуудын байгуулсан батлан даалтын гэрээний 4.2.1-т “зээлдэгч нь зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд батлан даагч нь өөрийн хөрөнгөөс банкинд үл маргах журмаар төлөх үүрэгтэй” гэж зааснаас үзвэл В.Б нь нөхөх хариуцлагыг хүлээсэн, зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тул батлан даалтын гэрээний үүргийг хангуулсан хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д нийцжээ.

11. Банк зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, 5,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, Д.Энхтуул нь үндсэн зээлд 1,974,363,01 төгрөг, хүүнд 1,289,179.17 төгрөг, нийт 3,263,542.18 төгрөг төлж, 2018.05.16-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй, 2018.08.28-ны өдөр нас барсан, гэрээний үүрэг биелэгдээгүй тул нэхэмжлэгч батлан даагчаас зээлийн үүргийг шаардсан нь буруу биш юм.

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр   зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч  үүргээ биелүүлээгүй тул батлан даагч нөхөх хариуцлага хүлээнэ.

12. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “1. Анхан шатны шүүх шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн, нэхэмжлэл гардуулах өдрөө хоосон бланк дээр гарын үсэг зуруулсан, хурлын товыг мэдэгдээгүй, харин хурлын өмнөхөн хуралдаа ирэхгүй юм уу гэж асуусан, тэр үед хөдөө явж байсан, мэдэгдэх хуудсан дээр он сар өдрийг засварласан байгаа нь үүнийг нотолно, хуралдааныг боломжтой хугацаанд мэдэгдсэн бол өвлөгч нарт холбогдох баримтыг шүүхэд гаргаж, мэтгэлцэх боломжтой байсан. 2. Батлан даалтын гэрээний дагуу би хамтран хариуцлагыг бус нөхөх хариуцлага хүлээсэн, Шүүх Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй. Эхлээд өвлөгч нараас нэхэмжлэх ёстой байсан гээд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхийг хүссэн байна.

12.1. Шүүх 2020.08.21-ний өдөр хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байх ба энэ баримтыг 2020.07.21-ний өдөр үйлдсэн, хоосон маягт дээр гарын үсэг зуруулсан гэх нөхцөл байдлыг нотлох баримт байхгүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй юм.

Талууд шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан тул баримт гаргаж өгөх, мэтгэлцэх хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

12.2. Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2-т “Үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд өвлөгч нь өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бөгөөд батлан даагч нь нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээнэ.” гэж заажээ. Хэрэгт байгаа баримтаас үзвэл зээлдэгч нь 2018.05.16-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, үүргээ зөрчсөн, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч үүргийг биелүүлэх бөгөөд зээлдэгч Д.Энхтуул нь 2018.08.28-ны өдөр нас барсан үйл баримтаас өмнө батлан даалтын гэрээний дагуу үүрэг үүссэн байжээ. Нөгөө талаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хэнд холбогдуулан гаргахыг өөрөө сонгодог тул батлан даалтын гэрээний үүргийг шаардсан нь буруу биш юм. Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/02979 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2221 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 67,057 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД