Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/01510

 

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/01510

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14 дүгээр хороолол, А овогт Х-ийн У-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, Б овогт Д-ийн М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 242 200 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.У хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.М-д 2019 оны 11-р сарын 29-нд 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр өдөр бүр эргэн төлөх нөхцөлтэйгөөр, барьцаагүй, хамтран зээлдэгчгүйгээр зээлүүлсэн. Зээлийн эргэн төлөлт нь дандаа дансаар төлөгдөж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 1 дүгээр сарын 29-нд зээлийн гэрээний хугацаа дуусахад Д.М 1 сар дахин сунгаач гэж хүссэний дагуу амаар сунгасан. Үүнээс хойш Д.М нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Иймд Д.М-аас үндсэн зээл 1 638 000 төгрөг, хүү 182 000 төгрөг, алданги 422 200 төгрөг нийт 2 242 200 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 11-р сарын 29-нд Х.У-аас 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн. Тэрнээсээ төлж байгаад 2020 оны 1-р сарын 29-ний байдлаар 1 сая гаруй төгрөг үлдсэн. Ингээд коронавирусын улмаас би үлдсэн төлбөрөө төлж чадаагүй. Миний санаж байгаагаар 17 400 000 төгрөгийг төлсөн. Зээлийн хугацаа дуусахад нэг сараар сунгахыг хүссэн, ингээд миний төлөх ёстой зээл 2 242 200 төгрөг болсон гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.У нь Д.М холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 242 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Х.У нь Д.Мтай 2019 оны 11-р сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр /хх 3/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон 15 000 000 зээлдэгчид шилжүүлсэн, харин зээлдэгч зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 3 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Үүнээс зээлдэгч 16 180 000 төгрөг төлсөн нь дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаас зээл 1 820 000 төгрөг, алданги 422 200 төгрөг нийт 2 242 200 төгрөгийг гаргуулахаар хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д-ийн М-аас 2 242 200 /хоёр сая хоёр зуун дөчин хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Х-гийн У-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 826 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхтуяагаас 50 826 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА