| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/00960/И |
| Дугаар | 102/ШШ2020/01511 |
| Огноо | 2019-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2020/01511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум 11-р баг, 13-р хороолол, Д овогт А-ийн Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, Л ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ж нь 2014 оны 6-р сарын 17-ны өдөр Л ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Дархан Уул аймгийн дүгээр баг, дугаар хорооллын нутаг дэвсгэрт Ласти таун 144 айлын орон сууцны А блокын 5 давхрын 19 тоот 2 өрөө орон сууцыг захиалан бариулсан. Гэрээний 2.1-т байрны үнийг нийт 59 840 000 төгрөгөөр тогтсон. Нэхэмжлэгч нь 2014 оны 6-р сарын 26-нд Л ХХК-ний ХХБ-ны 464004610 тоот дансанд 18 000 000 төгрөг, 2014 оны 7-р сарын 9-нд 11 840 000 төгрөг, 2014 оны 10-р сарын 4-нд 30 000 000 төгрөгийг тус тус төлж төлбөрийг бүрэн барагдуулсан. Тус гэрээний 2.5, 3.4-т зааснаар гүйцэтгэгч холбогдох бүхий л баримт бичгийг эрх бүхий байгууллагад бүрдүүлэн барилгын норм дүрэм стандартын дагуу барьж улсын комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй, түүнчлэн гэрээний 3.6-д барилгыг улсын комисс хүлээн авсны дараа захиалсан байрныхаа төлбөрийг 100 хувь төлсөн захиалагчид байрны түлхүүрийг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй өгөх үүргийг Л ХХК хүлээсэн. Байр ашиглалтад орсноор нэхэмжлэгч 2018 оны 2-р сард орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-ийг үндэслэсэн нь буруу, харин тухайн орон сууц ашиглалтад ороогүй байсан тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлыг хүлээн авч тохиролцсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг, мөн гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлдэг. Гэтэл тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Д-ий нэр дээр гарсан, Иргэний хуулийн 91-р зүйлийн 91.1-т Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж зааснаар Д-ий хувьд шударга эзэмшигч нь Ж болно. Иймд А.Ж-ийг тус байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч Л ХХК-аар гаргуулахаар даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: А.Ж Дархан-Уул аймаг Дархан сумын 1 1-р баг, 13-р хороолол Ласти таун 144-н айлын орон сууцнаас А- тоот, 59.84 м.кв талбайтай 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Иргэн А овогтой Ж 2014 оны 06 сарын 27-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах 009 тоот гэрээг тус Л ХХКомпанитай байгуулсан байна. Л ХХКомпанийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр иргэн Ц.Б гэрээ байгуулан шилжүүлэн авсан. Ц.Б нь 144 айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан төлбөр авагч юм. Миний бие нь иргэн Ц.Б-ийн компанийн нягтлангаар ажиллаж байсан. Л ХХКомпанийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Л 2017 оны 12 сарын 31-нд Ц.Б-д зээлсэн мөнгөө хятадуудаас авчирч өгөөд компаниа буцаан авна гэсэн болохоор бид хүлээж байсан. Ц.Б захирал гадаад томилолтоор явахаар болсон тул Л ХХКомпанийн ХХКомпанийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр Т.Ч миний нэр дээр шилжүүлсэн болно. Тус компани нь Дарханд 144 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан байсан. Компанийг шилжүүлэн авсаны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн. Иймд компанийн хувьцаа эзэмшигч байсан А.Л-тэй уулзаж Л ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусац өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 сарын 28-нд гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Л-д шилжүүлсэн. Гэтэл А.Л нь Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүй 2018 оны 03 сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш А.Л нэг ч удаа уулзаагүй, холбоо бариагүй бидэнд итгэл үзүүлэн алга болсон. Дарханд баригдсан 144 айлын орон сууц эд хөрөнгийг Шүүхийн захирамжаар битүүмжилсэн байгаа болно. Тус компани нь 2018 оны 02 сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй өр төлбөр, хөрөнгийн маргааны асуудлаар шалгагдаж байгаа, төлбөрийн чадваргүй. Санхүүгийн бичиг баримтыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй. Дансны хуулга, компанийн тамга, гэрчилгээнээс өөр компанитай холбоотой бичиг баримт одоогоор байхгүй байгаа. Компани нь шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 3 хөрөнгө оруулагчдад орон сууцнуудыг хувааж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хөрөнгө оруулагч тус компанийн хоорондох маргаантай асуудлууд хуулийн шатанд байгаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. А.Ж тус компанитай хийсэн гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, А.Ж-тэй байгуулсан Орон сууц захиалан бариулах 009 тоот гэрээ манай компанид байхгүй байгаа. Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 0 тоот 2 өрөө орон сууц нь шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хөрөнгө оруулагч Б.Д-ий нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 02 сарын 21 -ний өдөр гарсан. Дархан-Уул аймаг Дархан сумын 000-н айлын орон сууцнаас А-19 тоот, 59,84 м,кв талбайтай 2 өрөө байрыг компанийн өмнөх хувьцаа эзэмшигч давхардуулан хийснийг мэдээгүй. А.Ж нь А-19 тоот 59.84 м.кв байрны төлбөрийг 2014 оны 06 сарын 26-ны өдөр 18 000 000 төгрөгийг ХХБанкны 0 тоот, 2014 оны 07 сарын 09-ний өдөр 11 840 000 кассанд бэлнээр, 2014 оны 10 сарын 4-ний өдөр 30 000 000 төгрөгийг кассанд бэлнээр нийт 59 840 000 төгрөгийг тушаасан нь шүүхэд авагдсан материалаас харагдаж байна. Б.Д-ийг гуравдагчаар татан шүүх хуралд оролцуулж, шийдвэрлүүлэхээр тайлбар гаргаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ж нь Л ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
А.Ж нь Л ХХК-тай 2014 оны 6-р сарын 17-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Дархан Уул аймгийн 00 айлын орон сууцны А блокын давхрын 19 тоот 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг захиалж, 59 840 000 төгрөг төлөхөөр /хх 5-7/ тохирчээ.
А.Ж нь гэрээгээр тохирсон 59 840 000 төгрөгийг төлсөн нь кассын орлогын баримт, Хас банкны баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудаар /хх 8-10, 42-43/ тогтоогдсон байна.
Ажил гүйцэтгэгч нь орон сууцыг ашиглалтад оруулж, А.Ж-т сууцыг 2018 оны 2-р сарын 01-нд хүлээлгэн өгсөн, одоо хүртэл тус сууцанд амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Гэрээний 3.6-д зааснаар...өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй өгөх үүргийг Л ХХК хүлээсэн боловч улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай 0а байрны 1 тоот сууцны өмчлөгчөөр Б-ын Д бүртгэгджээ. /хх 18/
Л ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулснаар 19 тоот 2 өрөө сууцыг захиалагч А.Ж-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй, гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ.
Дээрх сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Б.Д-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийсэн, өмгөөлөгч авах эрхээр нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагч, гуравдагч этгээд шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэг, 109-р зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д овогт А-ийн Ж нь Дархан-Уул аймгийн Дархан сум, а байрны 19 тоот сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-иас 527 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА